Эрдэнэт Булганыг суурьшлын бүсээр холбоё
Хөгжилд нэмэрлэх санаа
Эрдэнэт гэж нэг өвөрмөц соёл иргэншилтэй хот Монголд байх. Учир нь Монголын дөрвөн зүг, найман зовхисоос хуран цугларсан ард иргэд энд амьдардаг. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хот Монголын олон ястны өлгий нутаг болжээ. Түүн дээр Оросын олон хотоос ирж ажиллаж амьдарч байгаа олон үндэстэнг оролцуулаад бид Эрдэнэтээ интернационал хот ч гэж нэрлэнэ. Ийм хот суурин газар Монголын хаана ч байхгүй. “Эрдэнэтийн овоо” хэмээх эртний хур баялагтай уулын зэс, молибдений ордыг уудлан ашиглахтай зэрэгцэн Монгол, Оросын барилгачдын гараар сүндэрлэн боссон энэ хот хөгжлийнхөө 40-өөдхөн жилийн хугацаанд 91 мянга гаруй хүн амтай болчихов. Эрдэнэт 2013 оны эцсийн байдлаар 91135 хүн амтай гэсэн статистик тооцоо гарчээ. Харин эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн газрын тандалт мэдээгээр Эрдэнэтэд 110 мянга гаруй хүн ам элбэг байна гэж ярих юм билээ.
Эрдэнэт хотын анхны архитектур төлөвлөгөөгөөр 40-өөд мянган хүн амтай суурин газар байгуулна гэж төсөөлж байсан бол хөгжлийн явцад тус бүртээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, орон сууцны цогцолбор бүхий 12 бичил хороолол бүхий хот болгоно гэж төлөвлөгөөгөө өөрчлөн шинэчилсэн байдаг. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн бүтээн байгуулалтаа өрнүүлж байтал 1990 онд Орос, Монгол улсад нийгмийн өөрчлөлтийн том давалгаа өрнөж, хүний хөгжил, нийгмийн өөрчлөлтийг “хөшөөж” байсан хуучин нийгмийг халж, зах зээлийн шинэ нийгэмд шилжих өөрчлөлт хийгдэв. Эх толгойгоо мэдэхээ байн нэг хэсэг бужигнасан энэ цаг дор Оросын цэргийн ангийг Монголоос гаргахтай зэрэгцээд энэ хотын их бүтээн байгуулалтыг өдөр шөнөгүй өрнүүлэн байсан Орос барилгачдаа бид бас “хөөгөөд” явуулчихсан. Тэд гомдсон л байх хөөрхийс. Тэр цагаас хойш Эрдэнэтэд орон сууцны хороолол битгий хэл олигтой орон сууц ч баригдахгүй байсаар өдий хүрлээ. Хоёр, гурван жилийн өмнөөс л барилгын хувийн компаниуд орон сууцны ганц хоёр барилга барьж ард иргэдийг орон сууцжуулахад хувь нэмрээ оруулж эхэллээ. Орон сууцыг байраар биш, хорооллоор нь барьж байгуулахгүй бол Эрдэнэтийн иргэдийн өнөөгийн хэрэгцээг хангахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой асуудал болсон. Орон сууцаа нэмэхийн зэрэгцээ гэр хорооллын айлуудын заримыг шинэ суурьшлын бүс рүү нүүлгэх, үлдсэнийг нь хямд өртөгтэй цахилгааны эх үүсвэрээр халаах зэрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол орон сууцны оршин суугчид гэр хорооллын яндангийн утаанд багтраад байж суухад бэрх болсныг бүгдээрээ мэдэж байгаа.
Шинэ нийгэм зөв чиг голдирлоо олох гэж лавтай 25 жил болдгийг та бид харж байна. Энэ урт хугацаанд шинэ нийгмийн шинэ орон зайд байр сууриа олох гэсэн олон мянган иргэн, айл өрх Эрдэнэтийг зүглэн нүүж ирсээр Эрдэнэт хотод багтахааргүй болсныг гэр хорооллын өнөөгийн дүр төрхөөс та бид бас харж байна. 1992 оны шинэ Үндсэн хууль батлах тэр агшинд тус хуулиас “хот” гэдэг ганц үг хасагдсаны уршгаар Эрдэнэт хот маань хожим Орхон аймаг болж хувирсан. Нэр өөрчлөгдлөө ч нэдэр дээрээ Эрдэнэтийг Монголчууд хот гэж үзсээр, хожим хөгжлийн манлайд хүрч болох энэ сайхан нутагт ард иргэд байн байн, бөөн бөөнөөр нүүж ирсээр өнөөдөр энд багширч орхилоо.
Монгол хүн амьдран суух газар нутгаа өөрөө сонгох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлал байгаа хойно яах билээ. Энэ газар нутагт багтдаг л юм бол багшран байхаас аргагүй болсон. Үнэндээ бол өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Булган аймгийн Бугат, Хангал, Орхон, Сэлэнгэ /Хялганат/ сумын ард иргэд Эрдэнэтийн зах зээл түшиглэн амьдарч, эрүүл мэндийн үйлчилгээг Эрдэнэтээс л авч байгаа. Гагцхүү урьдчилж тооцоогүй хүн амын энэ их төвлөрлийг хэрхэн сааруулах вэ? Булган хангайн энэ сайхан ээлтэй нутагт хэрхэн эв найртайгаар зохицон амьдрах вэ? гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна. Чухам энэ талаар өөрийн саналыг нэмэрлэе гэж бодлоо.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 3-р сарын 14-нд Монголын их, дээд сургуулийн удирдлагуудтай хийсэн уулзалт дээр “Дэлхийн аль ч оронд байхгүй ганц юм манай Монголд бий. Тэр бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн агуу уужим газар нутаг. Бид яагаад энэ сайхан газар нутгаа ашиглахгүй байгаа юм бэ? Нэг хүнд ногдох газар нутгаараа бид дэлхийд нэгдүгээрт жагсдаг шүү дээ” гэж ирээд уулга алдана билээ. “Нээрээ тийм ш дээ” гэж бид бүгдээрээ хүлээн хүлээн зөвшөөрч тэр бахархлаар цээж дүүрэн амьсгалдаг. Тэгсэн мөртлөө яагаад бид энүүхэн жижиг жалган дотор эргэлдээд миний, чиний газар энэ тэр гээд мэтгэлцээд, өөр хоорондоо жийлцээд байгаа юм бэ? Энэ талаар л бүгдээрээ яримаар, Эрдэнэтийн төр, захиргаа хэтийг харсан том өөрчлөлтийг даруйхан хиймээр санагдаж байна. Ер нь Эрдэнэтийн газар нутгийг хэрхэн тэлэх, иргэд хаана очиж яаж суурьшиж амьдрах талаар иргэдийн дунд эхлээд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналаар бодлого боловсруулан төр, засагт уламжилж шийдвэрлүүлэх цаг нь болсон санагдана.
Харин иргэн миний бодол...
Орхон аймгийн 90 гаруй мянган хүн амын 20 гаруй мянга нь Булган аймгийн харъяат гэдгийг Рашаанд сумын Орхон аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга саяхан “Эрдэнэт” ТВ-д өгсөн ярилцлагадаа дурьдана билээ. 1938 онд Ерөнхий сайд А.Амарын тушаалаар байгуулагдсан Булган аймгийн бүх сумын ард иргэд өнөөдөр Эрдэнэт хотноо ажиллаж, амьдардаг, энэ аймгийн бүх сумын Нутгийн зөвлөл Эрдэнэт хотод байгуулагдан ажилладаг гэнэ. Ингээд бодохоор Булган аймгийнхан Эрдэнэт хотод бараг тэр чигээрээ нүүгээд ирсэн байгаа биз. Төрсөн нутаг нь юм чинь тэдэнтэй маргах, бас тэдэнд атаархах юу билээ. Гагцхүү энэ бүх нөхцөл байдлыг харгалзан одоо Эрдэнэт хотыг Булган аймгийн чиглэлд өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Нутгийнх нь ард иргэд ийм олноороо амьдран суугаа Эрдэнэт хотоос Булганыхан газар нутгаа харамлавал хэтийн хөгжилд гацаа л болно. Харин хоёр аймгийн төр, захиргаа хамтарсан шийдвэр гаргаж ирээдүйн хөгжлийн анхны алхамыг өнөөдөр хийх цаг нь болсон байна. Эрдэнэт хот хэт нь хөгжөөд Булган аймагтай хил хязгаараараа тулчихвал Булган аймгийн ард иргэд л хожно биз дээ. Зах зээл, зам харилцаа, дэд бүтэц сайтай Эрдэнэт хоттой айлсаж, хөгжлөө хурдасгаж сайхан амьдрах боломж ганцхан Булганыханд л байна шүү дээ. Үүний тулд юун түрүүн Эрдэнэтийг нэн даруй хотын статустай болгож, дэлхийн хотуудын жишгээр хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг ч одоо гаргамаар байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх уулзалт дээр “Монголчууд бид дэлхийн цараатай холыг харж хөгжмөөр байна” гэж бас хэлнэ билээ. Дэлхийн хараа байг гэхэд хойд, урд хоёр хөршийнхөө жишгээр бид яагаад хөгжиж болохгүй гэж. Ерөнхийлөгч маань өөрөөр хэлбэл, нутаг жалгын үзэл бодлоосоо гарцгаая л гэж уриалаад байна гэж би ойлгосон.
Эрдэнэт-Булганы хар зам тавигдсаны дараахан энэ хоёр аймгийн хооронд суурьшлын бүс байгуулах архитектур төлөвлөгөө гаргаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар оруулж байсныг санаж байна. Эрдэнэт-Булганы хооронд ус, цахилгаан, халаалтын асуудлыг нь төгс шийдсэн хоёр сайхан суурьшлын бүс байгуулахад Орхон аймгийн утаанаас зайлсхийх хүсэлтэй олон айл тийшээ нүүнэ. Цаанаас Булганыхан ч нүүж ирэх биз. Мэдээж, эхний ээлжинд Булган, Орхон аймгийн харъяат айл өрхүүдэд тэнд газар олгоно. Сургууль, цэцэрлэг, орон сууц барих асуудлыг хувийн хэвшлийн хөрөнгөлөн байгууллагуудад даатгаж, гадна, дотны хөрөнгө оруулалт татахад сайхан шинэ суурин сүндэрлээд босоод ирэх вий. Ингэсэн тохиолдолд Эрдэнэт хот, Булган аймгийн ард иргэд аль аль нь хожно. Хар замаар давхиж ирж ажлаа хийчихээд эргээд эрүүл агаартаа амьдраад байх дургүй, эрүүл мэндээ бодохгүй хэн байхав. Булган аймгийн зарим иргэн өнөөдөр Булганаас өдөр бүр ирж Эрдэнэтэд ажилладаг болсон нь нууц биш. Ийнхүү суурьшлын бүсээр Булган, Орхон аймгийг холбочихвол одоо энэ хоёр аймгийн хооронд ашиглагдахгүй байгаа өргөн уудам газар нутаг чухам монгол хүний амьдарлыг тэтгэсэн ашигтай эргэлтэнд орно. Айл бүхэн хашаандаа ногоогоо тарьж зоорилоод, хэрэглээнээс илүү гарсан эрүүл ногоогоор Эрдэнэтийн суурин ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангаад байх наад захын ашигтай нөхцөл боломж бүрдэнэ. Бид ингэж л хэтийг харж хожим үр хүүхдийнхээ ая тухтай ажиллаж, амьдрах нийгмийн хөгжлийн чиг баримжааг тогтоомоор байна. Эрдэнэт-Булганыхан газар нутгаа нэгтгээд хамтдаа хурдацтай хөгжих л хэрэгтэй байна.
Зам дагаад хөгжил ирнэ гэдэг дээ. Монгол улсын Засгийн газар хөгжлийн шинэ гарц хайх явцад зарим аймгийг Нийслэлтэй хар замаар холбох ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн дагуу Эрдэнэт-Булганы хар замыг үргэлжлүүлээд Хөвсгөл аймгийн Хатгал хоттой холбох ажил эрчимтэй үргэлжилж байна. Хүн болгон очиж үзэх, амрахын хүслэн болсон Хөвсгөл аймагт Эрдэнэт, Булганыхан ийнхүү ямар ч бэрхшээлгүйгээр давхиад хүрэхээр болж байна. Хөвсгөл далайн онгон байгаль, үзэсгэлэнт төрхийг харах гэсэн гадна, дотны аялагчид мөнөөх л Эрдэнэт-Булганы хар замаар давхилдана. Ингээд бодохоор Эрдэнэт-Булган хоорондын шинэ тосгон суурин тэр чигтээ бизнес хөгжих таатай орчин болж хувирах бус уу? Зам харилцаа дагаад зах зээл тэлэх нэгэн боломж энд дүүрэн бүрдэнэ гэж өөдрөгөөр хараад хоёр аймаг хоорондын суурьшлын бүсийг даруйхан байгуулмаар байна.
Баян-Өндөр, Бүрэнбүст уулын хоорондох нарийхан хөндийд багтахаа байсан Эрдэнэт хотын 91135 иргэнийг орчин үеийн шинэ иргэншлийн замд хөтлөе гэвэл энэ мэт хийх ажил их байна. Хот өөрийн зүй тогтлоор хөгжиж чадахгүй, бүтээн байгуулалт нь 20 гаруй жил зогсохоор гэр хороолол нь хэрхэн өргөжин тэлж газар нутагтаа багтахаа байдгийг Эрдэнэтийн өнөөгийн өнгө төрх бэлхнээ харуулж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар Эрдэнэтийн гэр хороололд 14808 өрх айл амьдарч байна гэсэн статистик судалгаа гарчээ. Эрдэнэт өөрийн газар нутаггүй болсон учраас цаашид шинээр газар хүссэн иргэддээ хуваарилж өгөх газар байхгүй, одоогоос 5 жилийн өмнө Бүрэнбүстийн овооны ар бэлд иргэддээ олгосон газрыг Булган аймгийнхан булаалдан “Манай аймгийн нутагт Орхон аймгийнхан иргэддээ газар олгосон байна” гэж хэл ам хийж, Эрдэнэтийн тэдгээр иргэдэд аль аймаг газрын зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байсаар өдий хүрч байгаа. Эрдэнэтийн иргэд Монголын аль ч нутаг дэвсгэрээс хашааны газар өмчилж авах эрхийг хуулиар олгосон. Энэ мэт олон учир шалтгаанаар Эрдэнэт, Булганы хооронд суурьшлын бүс байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Танай манай, чиний миний гэхгүйгээр тал хөндий уудам газар нутгаа хамтдаа эзэмшин тааваараа хөгжиж, таатай сайхан амьдарцгаая. Та бид нэг л нутгийнхан.
Сэтгүүлч Ж.ОЮУН