БААСАН
2025.01.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Энхтайван: Талцдаггүй Монголын төлөө төдийгөөс өдий хүртэл тэмцсэн
Д.Энхтайван: Талцдаггүй Монголын төлөө төдийгөөс өдий хүртэл тэмцсэн
Манай сайтын “Эрдэнэтийн ардчиллын партизанууд” буланд УИХ-ын гишүүн асан, “Тээвэр хөгжлийн банк”-ны захирал Данзанбалжирын Энхтайван оролцож байна. -Та бид хоёрын яриа “Энх” клубээс эхлэх нь зөв байх. Та бол тухайн үедээ энэ клубын эрхлэгчээр ажиллаж байсан. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Манай Эрдэнэт хотын тухайн үеийн залуу уран бүтээлчид болох зураач, яруу найрагч, зохиолч нөхдүүд нэгдэж  “Энх” клубыг байгуулсан түүхтэй. Зорилго нь бол тун энгийн, үг хэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх уран бүтээлийн тухай ярилцах, шүлгээ унших гээд л. Тэр үед Эрдэнэт хотын утга зохиолын нэгдлийн ахлагчаар нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдорж ажиллаж байсан юм. Би 1984 онд Репиний уран зургийн дээд сургуулийг төгссөн. Эрдэнэт хотод 1985 онд ирээд “Уурхайчин” соёлын ордны Гоо зүйн секторын ахлах зураачаар ажилласан. Тэгсэн нэг их удаагүй байтал Н.Нямдорж гуай өөрөө морилон ирсэн. Ирэнгүүтээ л “За би Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн, зохиолч, яруу найрагч Н.Нямдорж гэдэг хүн байна. Хүнээс сонсох нь ээ, чи чинь Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн гэнэ. Тиймээс надтай ойр байх ёстой. Чамтай уран бүтээлийн талаар, сүүлийн үеийн чиг хандлагын талаар ярилцана даа, хө” гэж ирээд танилцсан түүхтэй. Улмаар намайг зохиолч, яруу найрагчдын бүлгэм дээрээ дагуулж очоод тэдэнтэй танилцуулж, сонгодог урлагийн тухай, түүний төрөл жанрын талаар надаар яриулж билээ. Ингэж л миний хувьд Эрдэнэтийн залуу уран бүтээлчидтэй ойр дотно танилцаж, сүүлдээ үзэл бодол, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн “Энх” клубыг байгуулж явлаа, нөхдийнхөө хамт.  Тэгээд ч урлаг бол амьдралын тусгал байдаг болохоор бидний нөхдүүд тухайн үеийн өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярина. Өөрчлөн байгуулалтын талаар бол авч өгнө шүү. Миний өрөө “Уурхайчин” соёлын ордны 108 тоотод байх. Энэ өрөөнд хоорондоо санал бодлоо солилцдог, түүгээр үл барам маргаан өрнүүлнэ. ”ЭНХ” буюу Эв нэгтний холбоог байгуулъя. Нэг үзэл бодолтой нэгдмэл байхыг чухалчилна. Холбоогоо байгууллаа, нөгөө талаасаа бид чинь төрийн эсрэг шахуу юм ярьдаг боллоо. Тиймээс нөхөддөө үнэнч байх буруу зөрүү юм тохиолдвол бие биенээ худалдахгүй байх талаар чухалчилна. Лоохууз, Нямбуу, Сурмаажав гээд манай нэртэй сэхээтнүүд үзэл бодлоосоо болоод хэлмэгдэж байсан. Бидэнд тийм зүйл тохиолдож ч болох эрсдэлтэй алхам хийсэн. Нэгдмэл нэг санаатай залуусаа тодорхой шалгуураар клубтээ элсүүлнэ. Тухайн үед миний энэ арга барилыг талийгаач, сэтгүүлч Амаржаргал эсэргүүцэж л байсан. “ЭНХ” клубт залуусыг өргөнөөр хамруулахгүй байна гэнэ. Би “Үгүй ээ, Амараа энэ чинь их учиртай” гээд л ярина даа. Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байхыг их чухалчилна. -Энэ үед энд тэнд үзэл бодлоороо залуус мэр сэр нэгдэж байсан гэдэг. Та бүхэн тэр талаар сонсч тэдэнтэй холбоо барих гэж оролдож байв уу? -Яг энэ үед Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод дээр До.Ганболд тэргүүтэй залуус нэлээн идэвхтэй ажиллаж байсан. Тэд Монголоос ЗХУ-д төлөх их өрийн талаар санаа бодлоо илэрхийлнэ. Тэр бүү хэл залуусыг хамарсан хөдөлгөөн маягийн зүйл рүү орж байсан гэж би үздэг. Тухайлбал, тэд их өрийг дарах, төлөхийн тулд залуусын хөдөлгөөн өрнүүлэх ажлыг санаачилсан. Залуус хаягдал төмөр цуглуулж үйлдвэртээ тушаагаад олсон мөнгөөрөө их өрийг дарах Хөдөлгөөний эхний ажлыг санаачилж байсан. Бид тэднийг дэмжинэ, тэд бидэнтэй уулзана. -1989 оны арванхоёрдугаар сарын 3-ны тайван жагсаалын зорилго нь юу байв. Тийм хатуу, хяналттай төрийн доор ийм ажил хийнэ гэдэг нэг талаар амь дүйсэн хэрэг гэж зарим хүн хэлж байсан..... -Тэр үнэн. 12 дугаар сарын 3-нд тайван жагсаал хийх тухайгаа хотынхоо иргэдэд мэдэгдэх гэж нууцаар зарлал гаргана. Манай зураачид зурж бичээд шөнийн цагаар энд, тэнд наана даа. Хотын намын хорооныхон маргааш нь түүнийг үзээд бужигнаж эхэлнэ. Шинэ соргог юм болох гэж байгаа, нөгөөтэйгүүр намын эсрэг юм өрнөх нь гээд л тэвдэнэ. Ингээд 3-ны өдөр хэсэг залуус тайван жагсаал хийлээ. Их түгшүүртэй, хэн нь ч юм ярихгүй. Соёлын ордны өмнөх талбайн дэргэд ирээд нэлээн удаан зогслоо. Тухайн үеийн намын хорооны идэвтхтэн, сонгуультан нөхөд бинийгээ ажиглаад л. НАХЯ-ны Эрдэнэт дэх хэлтсийн ажилтнууд энгийн хувцастай эргэлдэнэ. Ингээд л тэр жагсаал тарсан. Үүний дараа бид “За нөхөд өө, жагсвал жагсчих юм байна. Биднийг шууд бариад авчихгүй юм байна. Тиймээс одоо арай өөрөөр ажиллая. Ажилдаа идэвхтэй оролцъё” гэж ярилцсан. Үүний дараахан байх аа. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийн уулзалт зохион байгууллаа. Би тэр үед Соёлын ордны Гоо зүйн секторын ерөнхий зураач учраас надад тамга, тэмдэггүй нэлээн хэдэн урилга байдаг. Горнякын хоёр давхрын жижиг зааланд дээрх уулзалтыг зохиосон. Тэгэхдээ эхлээд бид аливаа нэг албан байгууллагын хурал дээр үнэнийг хэлчихдэг нөхдийн судалгааг гаргаад нэрийг нь аваад. Нөгөө урилган дээрээ нэрийг нь бичиж, өгсөн. Урилгагүй хүн оруулахгүй байх шийдвэр гаргасан. Хотын дарга Д.Тогооч, Хотын намын хорооны нэгдүгээр дарга Д.Мянганбаяр нарыг урилаа. Манай Соёлын ордонд ажилладаг бокс тоглодог Чинзориг мэтийн хэдэн биерхүү залуусыг үүдэн дээрээ харуулд зогсоосон. Уулзалт эхэллээ, Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний талаар ярилцлаа. Сүүлдээ сонгодог урлагийн талаар ярив. Би тэнд сонгодог урлаг гэдэг бол манайх шиг оронд хөгжихгүй. Түүнийг чинь идэх хоолныхоо асуудлыг шийдчихсэн оронд хөрөнгөтэй чинээлэг хүмүүс таашааж, тамшаалж хэрэглэдэг гээд л авсан. Өөр олон зүйл ярилцсан. Тэндээс бид хүний эрхийн өдрөөр буюу 12 дугаар сарын 10-нд Эрдэнэтэд жагсаал хийх зөвшөөрлийг Ц.Тогооч, Д.Мянганбаяр дарга нараас авсан. Жагсаалын үеэр МАХН-ын 7 дугаар бүгд хуралд шаардлага хүргүүлэхээр боллоо. Энд их инээдтэй зүйл болж байгаа юм, одоо бодох нь ээ. Уулзалтын микрофоны утаснаас салгаад хажуу талын өрөөнд Ц.Хүрэлбаатар магнитофон дээр хүмүүсийн яриаг бичиж байгаа юм. Хамгийн гол нь хоёр дарга зөвшөөрөл өгсөн тухай яриаг буулгаж авч дараа нь амиа хамгаалах гэж байгаа хэрэг л дээ. -Кассетаа яаж хадгалах вэ. Орон гэртээ нууж хэрэгтэй үед гаргаж ирэх үү? -Тэр бичлэгээ аваад Монголын радиогийн З.Доржид өгөх гэж байлаа. Гэтэл нэг хүн З.Доржид өгч болохгүй гээд. Тэгээд яруу найрагч Ч.Болд-Эрдэнэд өгч хадгалуулсан. -Энэ удаагийн жагсаал өмнөхийг бодвол туршлага суусан байх. Сайн ч бэлдсэн болов уу. Жагсаалд хэрхэн бэлтгэв? -Соёлын ордон, 3, 4 дүгээр микр, Спортын ордны байрны дээгүүр том том чанга яригч байдаг байсан. Үүнийг ашиглахаар шийдлээ. Чанга яригчаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг уншихаар болов. Жүжигчин Ууганбаярыг бэлдүүллээ. Манай “Ку Мо” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд Ууганбаярыг хоёр өдөр бэлдүүлсэн. Та бүхэн Оросын кинон дээр нэвтрүүлэгч Леватиний их гоё хүнгэнэсэн хоолойгоор “Анхаараарай, анхаараарай, Эх болсон эх орон дуудаж байна. Эх оронд аюул тулгарлаа” гэж уншдаг. Яг түүн шиг  унш гэж Ууганбаярт зөвлөсөн. Ингээд 12 сарын 10-ны өдөр боллоо. Тэр үед Эрдэнэтийн зах Зээлийн хороололд байсан. Бүтэн сайн өдөр, иргэд зах руу явна. Жагсаал болохыг нэгэнт зарласан учраас Эрдэнэтийн намын байгууллагын идэвхтэн дарга нар манайхаас хэн хэн жагсаалд оролцох нь вэ гэж харахын тулд ирсэн байлаа. 11 цаг өнгөрлөө. Иргэд цугласан юм алга. Манай Батлүндэн, Лхагва тэргүүтэй хүмүүс чанга яригчуудаа шалгаад л. Үйлдвэрийн намын хорооны дарга Дэмчигсүрэн “Энхтайван, танай цуглаанд чинь хүн ирэхгүй нь шив дээ” гэж даапаалж байна. Би ч “Цаг нь арай болоогүй байна” гэлээ. Ингээд яг 12.00 цаг болоход, би нөгөө Ууганбаярынхаа уншсан бичлэгтэй кассетаа өглөө. Манайхан энэ кассетан дээр ийм юм байгаа гэж мэдээгүй. -Жинхэнэ тэсрэлт болсон уу? -Хүний эрхийн түгээмэл тунхаглал гээд нөгөө чанга яригчуудаар чинь хүнгэнэж гарлаа. Талбай дээр байсан цөөн хэдэн хүн төдийгүй Эрдэнэтийнхэн маш их цочсон, цочролд орсон. Төр, засаг эргэчихэв үү гэсэн байдлаар хандсан. Тун удалгүй талбай хүмүүсээр дүүрсэн. Тэр үед чинь бид  хүн гэдэг ийм эрхтэй байдаг тухай уншиж гарлаа. Дараа нь манай яруу найрагчид шүлгээ уншлаа. Батлүндэн, Болдсайхан нарын загатнасан газар нь маажих шиг л болсон. Лхүндэв гэдэг нэг найрагч байсан. Тэр  ...Өөрчлөн байгуулалт гэж Өөхөнд боосон чулуу байх вий... гээд л авч өгсөн дөө. Дараа нь нөгөө шаардлагаа хүргүүлэхээр боллоо. Манай буурал Зоригоо уншсан байх. Бид улс төрийн туршлагаар дутмаг учраас Соёлын ордны улс төрийн ажилтан Даш гэдэг хүнээр шаардлагаа янзлуулсан. Нэгдүгээрт, Намын төв хорооны улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, 2-д Эрдэнэт, Заамар, Мардай зэрэг үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох гээд л хөвөрч өгсөн. Нөгөө шаардлагаа гурав хувилаад нэгийг нь Эрдэнэт хот дахь “Үнэн” сонины сурвалжлагч Цэрэнчүлтэмд, нөгөөг нь намын хорооны хоёрдугаар дарга Чимэдцэрэнд, гурав дахийг нь МАХН-ын 7 дугаар бүгд хуралд илгээсэн. -Нөгөө шаардлага Улаанбаатарт очоод бараг “алга болсон” гэгддэг байх аа? -Намын хорооны дарга Д.Мянганбаяр “Би та бүхний шаардлагыг Төв хороонд хүргэж өгнө” гэж байсан хүн чинь нөгөө хурлынхаа индэр дээрээс “Манай Эрдэнэтэд хэдэн нөхдүүд төрийн эсрэг хэрэг өдүүлж байна. Тэдний эсрэг арга хэмжээ аваад өгөөч”  гээд авч байна. Зурагтаар  тэр хурлыг шууд дамжуулсан юм. Д.Мянганбаяр даргын тэрхүү увайгүй үйлдэл Эрдэнэт хотод ардчилал шатлан өргөжих, хүрээгээ тэлэх, асан дүрэлзэх нөхцөл болсон юм. -Дараа дараагийн ажил араасаа ундарсан байдаг. МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулах, гишүүн элсүүлэх, салбар зөвлөл байгуулах гээд л? -Тийм ээ, ажил эхэлсэн дээ. “Энх”, “Ил тод” бүлгэм, До.Ганболд нарын нөхдүүтэйгээ нэгдлээ. Удалгүй Э.Бат-Үүл, Д.Энхбаатар нар Эрдэнэтэд ирлээ. Бид хамтарч хуралдлаа, намайг Эрдэнэтийн МоАХ-ны тэргүүнээр сонгов оо хө. Дараа нь Сургалтын төв дээр Э.Бат-Үүл, Д.Энхбаатар хоёр иргэдтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалт дээр тэд Эрдэнэтэд МоАХ байгуулагдсаныг албан ёсоор зарлаж, гишүүдээ элсүүлсэн. -Гишүүн элсүүлэх, салбар зөвлөл байгуулахад хүндрэл учирч байв уу. Тухайн үеийн МАХН-ын том дарга нар үг дуугүй л хараад суухгүй байх ? -Яаж зүгээр байхав, адаглаад л байгууллагынхаа дарга нарыг дарамтална, заал танхимаар хангахгүй, хаалгаа түгжинэ, их инээдтэй. Тэгэхлээр нь бид яг үдийн цайны цагийг нь тааруулаад яваад очно. Ажилчидтай нь уулзана, биднийг дэмжиж байвал элсээрэй гэж хэлнэ. Асар богино хугацаанд бид 22 байгууллага дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулсан. Ингээд эхлэнгүүт МАХН-ынхан чинь арга барилаа өөрчлөх гэж оролдож байгаа юм. Тухайн үеийн шилдэг тэргүүний залуус МАХН-д элсэхэд эхлээд орлогч гишүүн гэж 2-3 жил харна. Түүний дараа жинхэнэ гишүүнээр элсүүлнэ. Зарим шударга гишүүд нь үүнийг нь шүүмжилж эхлэхэд аргагүйн эрхэнд Хотын намын хорооноос орлогч гишүүдээ бөөн бөөнөөр нь жинхэлж байсан. -Нөгөө ах намын талаарх мэдээлэл, хотын захиргаанаас гаргах ямар нэгэн шийдвэр ч юм уу та нарын тухай сөрөг мэдээллийг хэрхэн олж авч байв? -Тухайн үед Хотын намын хороонд Мангын Дэмбэрэл гэж МАХН-ын шилдэг залуу боловсон хүчин байсан. Д.Мянганбаяр даргатай нэг нутаг ус ч билүү дээ. Тэр бид хоёр гэр бүлийн найзууд, гэр орноороо орж гарна. Өөрсдийн үйл хэрэг, эх орны ирээдүйн хөгжлийн талаар бид их ярина. Сүүлдээ тэр маань биднийг хүлээн зөвшөөрч дэмжихээр болсон. Би түүнээс Хотын намын хороон дээр юу болох гэж байгаа төвөөс ямар бичиг тоот ирж байгаа талаар дуулгахыг хүссэн. Гэхдээ энэ нь бид хоёрын хувьд их нууц байдлаар хийгдэнэ. М.Дэмбэрэл маань Д.Мянганбаяр даргатай их ойр байдаг, түүний итгэлт хүн. МАХН-ын Төв хорооноос ирсэн бичиг, гарын авлага10-15 минутын дараа миний гар дээр ирдэг байлаа. Нөгөөхийнх нь эсрэг бид ажиллана даа. Тухайлбал, төвөөс ирсэн бичигт нь биднийг үл бүтэх хүмүүс, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд доголдолтой арай л гэмт хэрэгтэн гэж бичихгүй. Тэгэхлээр нь бид цаасан дээр “Ардчилал, Шинэчлэл, Шударга ёс Хүний эрх” гээд том том цоолбор хийгээд түүнийгээ шөнийн цагаар хашаа, самбар, байшингийн буланд хурдан хатдаг нетр будгаар цохино. Өглөө болоход хотоор дүүрэн дээрх үгнүүд. Ингэж л хариугаа авч байсан удаатай. -Бүх зүйлийг өөрсдөө гараар хийдэг байж. Цаас будаг хэр олдох вэ. Дайснуудаа материаллаг баазаар хангаад байхгүй л болов уу, дарга нар? -Соёл олон түмний секторын эрхлэгч Д.Энхтайван чинь бас хөөрхөн эрх мэдэлтэй, нөөцтэй. Түүнийгээ хэрэглэнэ. Хангамжийн бааз дээр салбар зөвлөл байгуулах гээд М.Баттүвшин бид хоёр давхиад очлоо. Дарга нь манай Ивгээл, хотын дарга нараас айгаад. Ивгээл эхлээд биднийг оруулах дургүй байсан. Аргагүй халуун нүүр тулаад арай өөр болов. МоАХ өөрсдийн итгэл үнэмшлийн талаар ярьж гарлаа. Тэгсэн чинь гэргий Тунгалаг нь ажилчдынхаа дундаас гараа өргөөд “Ивгээл ээ, Энхтайван зөв ярьж байна. Бүгдээрээ МоАХ-д элсье. Салбар зөвлөлөө байгуулъя” гээд дуугарч байна. Ингээд тэднийхэн 100 хувь элссэн түүхтэй. Тэгээд зогсоогүй ээ, хангамжийн нөхдүүд маань биднийг бичгийн болон ватум цаасаар бүрэн хангаж эхэлсэн. Бүр хангамж дээр л байсан Английн хэвлэгч, хувилагч 560 төгрөгийн үнэтэй нэг машиныг  бидэнд өгсөн. Ийм машинтай болсон улс хувилаад, хэвлээд эхэлсэн Манай Л.Лувсан-Очирыг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Лууяа тухайн үедээ биднээсээ толгой хол илүү. Их ч юм уншсан, сайн сэтгэдэг. Түүнийхээ хэрээр “Зах зээлийн эдийн засаг, Хувийн өмч, Хувийн өмчийн давуу тал” гээд л олон сэвдээр бичнэ. Бид түүнийг нь олшруулаад тараана. Бүр зарим тохиолдолд бид Завхан, Завханы Тосонцэнгэл, Булган аймгийг хүртэл тараах материалаар хангаж байлаа. Тэр үед “Хонх”-ын Д.Цогтсайхан манайд ирээд бидний ажилтай танилцаад “Эрдэнэт чинь юу вэ. Юун Улаанбаатараас ирэх гэж. Эрдэнэтийнхэн биднээс үнэхээр хол тасарчихжээ. Бид Эрдэнэтийн журмын нөхдөөсөө хэдэн алхмын хойно явна” гэж дуу алдаж байсан удаатай. -Хотоос ер нь байнга хүмүүс ирэх үү. Заавар зөвлөгөө өгнө биз? -Ирнэ ээ. Ихэнхдээ Булган, Хөвсгөл явах замаараа дайрч байгаа нь тэр л дээ. Ингээд нэг их удаатгүй байтал Улаанбаатарт МоАХ-ны анхдугаар их хурал болох тухай шийдвэр гарлаа. Бэлтгэл ажилдаа оржээ, манай хотын нөхөд. Гэтэл нэг өдөр С.Зориг утсаар ярьж байна. “Анхдугаар их хурлаа МҮЭ-ийн Төв Зөвлөлийн ордны их танхимд хийхээр болсон. Гэтэл гурав хоногийн түрээсийн төлбөр 40 мянгөн төгрөг гэж байна. Бидэнд тийм мөнгө байхгүй. Тайваан, чи Эрдэнэтийн Ш.Отгонбилэгтэй нэг уулзаадхаач” гэж байна. Ингээд Ш.Отгонбилэг захиралтай уулзахаар цаг авлаа. Мэдээж зураач Энхтайван уулзах хүсэлтэй байна гэж хэлээгүй. Эрдэнтийн МоАХ-ны тэргүүн Энхтайван уулзах цаг авах гэсэн юм гэж байгаам. Зөвшөөрөл ирлээ, Л.Лувсан-Очир, До.Ганболд, Г.Баттогтох, бид хэд орлоо. Наашаа сууцгаа гэж байна. Тэгснээ Ш.Отгонбилэг захирал “Тайвнаа, чи энэ хэдэн зургийг хар даа” гэлээ. Харлаа, цагаан сараар Ш.Отгонбилэг захирлын монгол дээл өмсөөд малчдаараа орж байгаа зураг байна. Мөн орос захирал пиджактай зураг байна. “Захирал аа, та ч Хатанбаатар Магсаржав шиг л харагдаж байна” гээд авлаа. Тэгсэн чинь Ш.Отгонбилэг захирал “Хатанбаатар Магсаржав шиг 2-3 хүн байвал Монгол улсад хэрэгтэй л байна шүү, Тайвнаа” гэж байна. Шо захирал үнэхээр их ухаантай хүн. МоАХ-ны энэ нөхдүүдтэй яаж харьцах вэ гэж тактикаа дотроо боловсруулж байсан нь тэр юм билээ, одоо бодоход. Шо захирал тэгсэнээ “За ямар ажлаар явж байна” гэдэг байгаа. “Улс орны хувь заяаг шийдэх МоАХ-ны анхдугаар их хурал болох гэж байна. Манай орны хамгийн том үйлдвэрийн захирал таныг бидний ажилд тусална гэдэгт итгэж байна. Их хурал хуралдах байрны түрээсийн төлбөр 40 мянган төгрөг хэрэгтэй байна” гээд туучихав. “За, өөр ямар асуудал байна, хэдэн хүн явах юм бэ” гэж Шо захирал асуусан. “Өөр нэг их асуудал байхгүй ээ. Нийтдээ 25 хүн явна” гэлээ. “Үйлдвэрээс хэдэн хүн багтсан юм бэ” гэж байна. Нэг ч их юм бодолгүй “20 хүн явна аа” л гэсэн. Тэгсэн Шо захирал “Тэр 20 хүний томилолтыг өгье. Доторхыг нь чи бичээрэй” гэж байна. Үнэхээр сийрэг, мундаг ухаантай хүн. Эндээс харвал нэгдүгээрт, Шо дарга биднийг дэмжиж байгаа нь мэдрэгдсэн. Хоёрдугаарт, “Доторхыг нь чи бичээрэй” гэдэг нь гарах эрсдэлээ хоёулаа хариуцна шүү гэсэн үг л дээ. МоАХ-ны хуралд Эрдэнэтийн захирал томилолт өглөө гэвэл бөөн асуудал үүснэ. Тэгээд “Тайвнаа та бүхэн зөв ойлгоорой. Манай намын дээд дарга нар үйлдвэр дээр нам улс төрийн бүлгэм байгууллаа гэж манай намын хорооны даргыг зэмлэж байгаа дуулдсан. Миний хувьд үйлдвэрийг тасралтгүй, хэвийн  ажиллуулах ёстой гэж үздэг. Нөгөө 40 мянган төгрөгийн асуудлыг би нөхдүүтэйгээ яриад маргааш хариу өгье” гэснээр уулзалт өндөрлөсөн. Маргааш нь намайг дуудлаа, яваад очсон “Тайвнаа энэ бол хоёр орны хамтарсан үйлдвэр. Би шууд 40 мянган төгрөг гаргаж болохгүй. Гэхдээ би асуудлыг зохицууллаа шүү” гэснээр 40 мянган төгрөгийн асуудлыг шийдэж билээ. Би худлаа магтаж байгаа ч юм биш. Ш.Отгонбилэг захирал бол үнэхээр мундаг удирдагч, зохион байгуулагч гайхамшигтай сэтгэгч гэж би хувьдаа боддог. Энэ бол миний л бодол. Би энэ хүний тухай дахиад нэг түүх ярьчих уу. -Тэг л дээ? -Бидний ажил улам өргөжиж түүний хэрээр Эрдэнэт хот, үйлдвэрийн мундаг сэхээтнүүд ардчилал, шинэчлэлийг дэмжиж бидэнтэй хамтарч эхэлсэн. Санал бодлоо солилцоно, маргаан өрнүүлнэ. Бүр зарим нь үнэхээр гоё санал, санаачлага гаргана. Нэг удаа Ш.Отгонбилэг захирал тэргүүтэй үйлдвэрийн удирдлагуудтай бид уулзаж Эрдэнэт үйлдвэрийн талаар ярилцаж байлаа. Тэр үед Шо захирал үйлдвэрийн Орос, Монголын хувь эзэмшлийн тал дээр тэс хөндлөн ярьж эхэлсэн. Тэгээд ойлголцож чадалгүй тарсан шиг санагдана. Тэгсэнээ төд удалгүй уулзалдаад “Тайвнаа  ты прав” гээд мөрөн дээр алгадаад. “Чиний зөв юм байна. Та нар улс төрийн аргаараа хий, би аж ахуйн аргаар хийнэ ээ” гээд л яваад өгсөн. Нэг их удалгүй үйлдвэрийн 51 хувь нь Монголынх, 49 хувь нь Оросынх болсны дараа “Би аж ахуйн аргаар хийдгээ хийчихлээ шүү” гээд инээж байсан даа. -Анхдугаар их хурал сайхан болсон биз дээ? -Сайхан болсон. Манай нөхдүүд илтгэл тавиад заал дүүрэн алга ташаад л сүйд. Хурлын дундуур надаас Болгарын телевиз ярилцлага авч байсан. Дараа нь түүнийгээ Орбитоор цацсан юм билээ. Зураач найз нар сүүлд хойно тааралдаад чиний  улс төрд орсныг зурагтаар хараад л гэж байсан. Тэр үед би хоёр давхарт Ц.Элбэгдоржтой уулзаж байлаа. Тэгэхэд Элбэгээ “Тайваа, танай Эрдэнэтийнхэнд л гол найдлага тавьж байгаа шүү бид. МоАХ-ны зүгээс гуравдугаар сард том арга хэмжээ зохион байгуулна. Тэр үед л бидний ялах ялагдах хувь заяа шийдэгдэнэ. Эрдэнэтийн та бүхэндээ л их итгэж байгаа шүү” хэмээн ярьж байсан. -Та бүхэн Монголын түүхэнд гэж болохоор анх удаа нийтэд “Хийморийн сан” тавиулж байсан гэдэг. Энэ талаараа дурсвал сонин байна? - Бид “Уурхайчин” соёлын ордны өмнөх талбайд Монголын түүхэнд анх удаа нийтийн өмнө “Хийморийн сан” тавиуллаа. Н.Баянтэс тэргүүтэй манай нөхөд нууцаар сан тавьдаг хүмүүсийг судалж олсон байсан. Ингэж анх удаа цагаан хоолойгоор “Хийморийн сан” тавиулсан. Иргэд бүчээд эхэллээ. Зарим нь хандив өргөөд сүйд. Ингэж анх сан тавиулж хандив цугларч эхэлсэн. Түүнээс хойш хандив цугларч эхэлсэн дээ. Арга ч үгүй дээ. Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь нээж өгч байхад баярласан сүсэгтэн олны магнай нь тэнийсэн. Сүүлдээ бид Д.Тогооч даргаас Зээл орчимд маш том газар авлаа. Хялганатаас банз оруулж ирэн хашаа барьсан. Хандиваар гэр хүртэл өгч байсан. Гэрүүдээ барьлаа, үйлдвэрээс өгсөн өргөн ременээр гэрүүдийнхээ хооронд зам тавьдаг юм. Хивсний үйлдвэрийн өгсөн хандивын хивсээр гэрээ гоёод. Засвар механикын заводын ажилчид шашны эд зүйлсийг хийж өглөө. Хангамжаас ЮМЗ-6 гэдэг улаан трактор өгсөн. Ингэж бид анх Эрдэнэтэд буян номын өргөө цаашлаад хийдийн шавыг тавьж байсан түүхтэй. Түүнийгээ Поодгор гэдэг МоАХ-ны гишүүн эмэгтэйгээр удирдуулсан. Энэ үеэс бид шашны ажилд хэтэрхий оролцох боломжгүй юм байна гэж ойлгосон. Бүтээсэн зүйлээ Төв Ганданд хандан хүлээлгэн өгсөн. Сүүлдээ би зарга шүүдэг хүн ч болж байх шиг. Эндээс л бид шашин нь тусдаа төр тусдаа байх ёстой гэж үзсэн. Удалгүй Эрдэнэтийн АН-ыг байгуулж даргаар нь Л.Лувсан-Очирыг сонгосон юм. Ардын их хурлын сонгууль болж До.Ганболд, Д.Тогооч, Д.Рэнцэннацаг хурандаа, Ц.Элбэгдорж нарыг шинэ Үндсэн хууль батлуулахаар илгээж билээ. -Тантай уулзсаных асуухгүй өнгөрч боломгүй санагдана. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан та хоёрын “Би Монгол эр хүн” гэдэг сайхан уран бүтээл бий. Түүнд нэг бадаг байх. “... Талцдаггүй Монголын төлөө тэмцсэн Өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн дээ” гэх мөр таны өнгөрсөн 25 жилийн амьдралын утга учир, мөн чанарыг харуулсан болов уу гэж би боддог. Таныхаар? -Яг үнэн. Чи голыг нь олоод хэлчихлээ. Миний амьдралын утга учир энэ дуунд нэвт шингэсэн. Бид 1989 оноос эхлэн тэмцсэн. Тухайн үедээ Эрдэнэтэд МоАХ-ны 22 салбар зөвлөл, 2500 гаруй гишүүнтэй болтлоо өргөжсөн. Тэднийг “Ардчилал” гэдэг зүйл нэгтгэж, нэг эрх ашигт зангидаж чадаж байсан юм. Нэг их удалгүй Улаанбаатарт олон нам байгуулагдаж эхэлсэн. МҮДН, МСДН, Ногоон нам, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Нэгдмэл нам гээд л байгуулагдсан. Үүнийг би эхнээс нь л шүүмжилсэн. “ Энэ утгагүй тэмцлээ зогсоогооч. Д.Бямбасүрэн гуай та Сэргэн мандлын нам байгуулж яах гэсэн юм бэ. С.Зоригоо чи Нэгдсэн нам байгуулж яах гэсэн юм бэ. Бид хоорондоо талцаад юу хожих вэ. Элбэгээ чи наад Ардчилсан холбооныхоо туган дор бүгдийг нэгтгэ” хэмээн тухайн үед нь шүүмжилж байсан. Тухайн үед С.Зориг маань ха ха гэж инээгээд “Энхтайваан чи микрофон идчих гээд байх юм” гээд халааснаасаа валидол гаргаж өгч билээ. Тэр үед талийгаач биедээ дандаа валидол авч явдаг байлаа. Энэ бүхнийг бодсоны үндсэн дээр миний дээрх уран бүтээл төрсөн. Эхлээд Завханы гавьяат С.Батсүх дуулсан. Дараа нь “Сонор” студийн Алтанхуяг эд нар жаахан найруулаад Г.Батболдоор дуулуулсан. Олон түмэнд хүрсэн сайхан уран бүтээл болж гээд найз нөхөд минь урам өгөхөд сайхан л санагддаг юм даа. Н.ТӨР
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
С.ГАНЦОГТ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ОНЦГОЙ АНХААРЪЯ
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/