Д.Батбилэг: Ардчилал надад эрх чөлөөг мэдрүүлсэн, Англид 10 жил амьдруулсан
3D зураг - Үзэсгэлэн дээрээ
Манай сонины “Эрдэнэтийн партизанууд” булангийн энэ удаагийн зочноор нэгэн эрхмийг урьсан юм. Түүнийг Даржаагийн Батбилэг гэдэг, зураач уран бүтээлч хүн. Тэрбээр 1989 оны 12 дугаар сарын 3-нд Эрдэнэт хотод өрнөсөн ардчиллын төлөө анхны жагсаал, цуглаанд оролцож явсан өнөө цагийн “Эрдэнэтийн партизанууд”-ын нэг нь. 1980, 90-ээд оныхон бол түүнийг зураач, барималч гэдгээр нь сайн мэднэ. Эрдэнэтийн гудамжнаа түүний урласан бүтээл олон бий. Тухайлбал, “Үйлчилгээний төв”-ийн зүүн талд Их эзэн Чингис хааны хөрөг байдаг. Түүнийг Д.Батбилэг нөхдийнхөө хамт бүтээсэн. Мөн түүний яг баруун хойхно нэгэн өндөр цамхаг бий. Орой дээр нь шинэ Монголын түүхэнд анх удаа Чингис хааны хар сүлдийг бүтээж залсан түүхтэй. Энэ бүхнийг Монголын нууц товчооны 750 жилийн ойг тохиолдуулан урласан аж. Даанч цамхгийн дээр байх хар сүлдийг хэн, хэзээ буулгаад хаячихсаныг мэдэхгүй. Ядаж хар сүлд нь хийсч байсан тэр цамхгийн зургийг олж авах юмсан гэж боддогоо Д.Батбилэг ах маань нуусангүй. Би түүнийг ярилцлагадаа урихад “Би юу ярих вэ. Манай олон хүн чамтай тэр үеийн түүхийн талаар ярилцсан юм билээ. Би ч уншсан. Нөхдийн ярьсанаас би илүү юу гарах вэ” хэмээн даруухан загнаснаар бид хоёрын ярилцлага золтой л дуусчихаагүй.
Түүний талаар журмын нөхөд нь “Ардчиллын буянаар жинхэнэ эрх чөлөө гэдгийг чинь бие сэтгэлээрээ мэдэрсэн хүн дээ” гэж хэлэхийг нь сонсож байсан учраас “... Билэгээ ах аа, та чинь ардчиллын буянаар Англид олон жил амьдарч, мөрөөдлөө биелүүлсэн гэдэг биз дээ. Тэр тухайгаа хоёулаа хуучилбал яасан юм бэ” гэхэд, нэг том харсанаа “Хоёулаа ийшээ сууя даа” гэснээр бид хөөрөлдсөн юм.
Лондон - "CAVERN" Club-т Битлз хамтлагийн анхны тайз
-“Уурхайчин” соёлын ордноос зохион байгуулсан нэгэн үзэсгэлэнд таны цуглуулга нэлээн хүндтэй байр суурь эзэлж байсан. Үзэгчид ч маш их сонирхож байлаа. Тэдний нэг нь би. Тэндээс харахад та бол мэргэжлийн цуглуулагч юм байна гэж надад санагдсан. Таны хувьд цуглуулгынхаа талаар юу гэх вэ?
-“Уурхайчин” соёлын ордноос нэгэн сонирхолтой үзэсгэлэнг зохион байгуулсан. Түүнд оролцсон тухайд минь хэлж байна л даа. Би үнэхээр хүүхэд байхаасаа барууны хөгжил гэж тухайн үеийн нэршлээр нь хэлье л дээ. Дуу хөгжимд үнэхээр сонирхолтой байлаа. Түүндээ хөтлөгдөн пянз цуглуулж эхэлсэн дээ. Тэр үед бид хэн нэгэндээ шинэ пянз ирсэнийг дуулаад нойргүй хонодог, маргааш нь түүнийг авч сонсох гэж бөөн юм болно. Ялангуяа Их Британийн домогт “Ливерпүүлийн дөрвөл” болох “Битлз”-ийн пянз бол, за ярих юм байхгүй шүү дээ. Тэр үед л би Жонн Леннон, Пол Маккартни нарын амьдарч байсан тэр хот, байшинд нь орж үзэх юм сан гэж өөрийн эрхгүй мөрөөдөж, хүсдэг байсан гэвэл одоо хүн итгэхэд бэрх л дээ. Тэгээд ч залуу насны тэрхүү хүсэл, мөрөөдлөө биелүүлсэн гэхэд одоо үнэхээр сэтгэл хангалуун байдаг.
-“Битлз”-ийг сонсох нь таны хар багын хүсэл, мөрөөдөл байж гэж ойлгож болох нь ээ?
-Ойлгохоор барахгүй л дээ. Би хүүхэд байхдаа барууны тэр дуу хөгжмийг чинь сонсох, мэдрэх гэж үнэхээр мөрөөддөг байсан. Радио хүлээн авагчгүй айл гэж тэр бүед бараг байхгүй. Хүлээн авагчийнхаа долгионыг нь тааруулахад шөнийн 02.00 цагаас Америкийн эрх чөлөөний дуу хоолой радиогийн үелзэл манай гэрийн радио дээр баригддаг байлаа. Энэ үед Америкийн эрх чөлөөний дуу хоолойгоор хөгжмийн цаг нь таардаг. Тэр цагт л эгшиглэх тэрхүү аялгууг сонсох, мэдрэх гэж нойроо умартан сууж сонсдог байлаа. Сүүлдээ сонссон дуугаа найз нөхөддөө хэлнэ. Нийлээд сонсоно. Америкийн дуу хоолой англи хэл дээр явдаг, бид англи хэл мэдэхгүй ч дуу хөгжим, хөг аялгуу гэдэг заавал англи хэл дээр ойлголцох шаардлага байдаггүй. Хөгжмийн аялгуугаар, хөгжмийн хэлээр тэр дуунд юуны тухай дуулж байгаа гэдгийг хүртэл мэдэрч болдог.
-Одоогийн хүүхдүүд нэг зүйлээс кайф авна гэж ярьдаг. Түүн шиг л болох нь ээ?
-Тийм шүү. Үнэхээр хүсч мөрөөддөг зүйлдээ хүрч дуртай аялгуугаар сонссон хүнд үнэхээр сайхан мэдрэмж, сэтгэлийн баяр хөөр төрнө. Одоогийн залуусын кайф гэдэгтэй адил, бараг түүнээс илүү дээ.
-Багш сурган хүмүүжүүлэгчид, нийгэм та бүхний энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Нэг их том үзэл суртлын хана байсан биз дээ?
-Яаж хүлээн зөвшөөрөх вэ дээ. Бүр хориотой байсан.
Бид ч бас эрх чөлөөтэй байх гэж үсээ ургуулж, жийнсэн өмд, цамц хүртэл өмсөнө. Түүнийг хурааж авна, хөрөнгөтний хувцас гэж ухуулна. Нэг талаас харахад хэцүү. Харин М.С.Горбачёвын өөрчлөн байгуулалт Орос оронд өрнөхөд байдал арай өөр болж эхэлсэн. Гэхдээ манай дарга нар тэрхүү өөрчлөлтийг нийгэмд газар авахуулахгүйг хичээдэг, тэр тухай нэг их ярихгүй. Ийм хаалттай, хяналттай байсан ч бидний үеийнхэн оросоос мэдээлэл авдаг байлаа. Тэр үед л том болоод Англид очоод “Битлз”-ийн Жон Леннон, Ринго Стар, Пол Маккартни, Жорж Харисон нарын амьдарч байсан байшинг үзэх юмсан гэж мөрөөдөж байлаа.
-Ийм сайхан гэгээн мөрөөдлийг чинь биелэхэд нийгмийн өөрчлөлт үнэхээр тус болсон байх. Өөрөөр хэлбэл Монгол оронд ардчилсан хувьсгал ялсаны буянаар бид гурав дахь ертөнц буюу хөрөнгөтний нийгэмтэй танилцсан. Гэхдээ таны хувьд бусдаас арай өөр гэж боддог. Яагаад гэвэл та чинь 1989 оны 12 дугаар сарын 3-нд болсон ардчиллын анхны цуглаанаас эхлээд л эрх чөлөөний төлөө тэмцсэн. Нөгөөтэйгүүр уран бүтээлч хүн бусдаас арай өөрөөр хардаг байсан юм болов уу?
-Энэ их учиртай зүйл л дээ. Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөн гэж 1989 онд болсон. Түүнд уран бүтээлчид оролцсон. Үүнээс өмнө манай Эрдэнэтэд өөрийн үзэл бодлоо бусадтайгаа хуваалцдаг, улс төрийн хэллэгээр бол бүлгэмүүд аль эрт байгуулагдсан байсан юм. Үйлдвэрийн авто тээврийн байгууллагад анхны жагсаал болж орос монгол жолооч нарын цалингийн зөрүүг арилгах тухай шаардлага тавьж жагсаж байсан. Үүний дараа Хүдрийн ил уурхай дээр н.Баатар нарын “Ил тод” бүлгэм, РМЗ-д До.Ганболд, Ц.Балдорж нарын бүлгэм, “Уурхайчин” соёлын ордонд “Энх” бүлгэм гээд л олон бүлгэм байгуулагдаж байлаа.
Лондон - "АRENA" концертын танхим Битлзийн Пол Маккартиний тоглолт дээр
-Та тэр үед яг юу хийдэг байсан бэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн “Уурхайчин” соёлын ордны Гоо зүйн сектор гэж байсан. Тэнд зураачаар ажилладаг байлаа. Манай Д.Энхтайван секторын дарга. Бас нэг орос даргатай. Тэр хүн уг нь зураач л даа. Дээрх зөвлөгөөнд оролцсон уран бүтээлчид социалист нийгмийн хөгжил зогсонги байдалд орсон, байгаль ихээр сүйдэж байгаа талаар ярилцсанаас гадна “Монголд байрлаж байгаа Зөвлөлтийн цэргийн ангийг гарга” гэдэг шаардлагыг тэр үеэс л эхэлж тавьсан. Дараа нь уран бүтээлчид өөр хоорондоо оршин буй нийгмийнхээ хөгжлийн талаар санал бодлоо солилцоно. Дэлхий ертөнцийн талаар мэдээлэл авна, олно. Эндээс л эхлэн бидний журмын нөхөд Эрдэнэтийн ардчиллын цуглаанд оролцож эхэлсэн. Оролцохдоо зүгээр нэг ажиглагч, хөндлөнгийн байр сууринаас биш гар бие, сэтгэл зүрхээрээ оролцсон юм. Магадгүй тэр үеийн залуусын өмнө ирээдүйнхээ төлөө, өнөөгийн амьдарч байгаа энэ сайхан нийгмийн төлөө өвлийн хүйтнийг ажралгүй сөрөн зогсохыг амьдрал шаардсан байх.
-Эхний жагсаал, дараагийн цуглаан гээд л ажил ундарсан байдаг. Хотоос Ардчилсан холбооныхон ирж та бүхэнтэй Эрдэнэтэд салбар холбоо байгуулаад л...?
- 1989 оны 12 дугаар сарын 3-нд анхны жагсаал Эрдэнэт хотод болсон нь түүхэн үнэн. Жагсаал болох тухай зараа гэрлийн шон дээр харанхуйд нааж явлаа. Хүний хөлийн чимээ сонсож байгаад тап гээд л алган дээрх цаасаа наана. Өглөө зарим зарлал маань буруу харуулаад наасан байх тохиолдол гарч л байлаа. Ингээд жагсаал боллоо. Хүмүүс их сонирхсон, жагсаалд “Энх” клубын н.Баттөр бид хоёр нэг нэг жижиг лоозон барьчихсан. Н.Баатар ах, н.Цагаан-Эрдэнэ, н.Хүрэлцоож гээд 10-аад хүн жагссаар “Горняк”-ын гадна ирсэн. “Горняк”-ын хоёр давхрын цонхоор н.Цагаач дарга камераар бичлэг хийж байсан. Бид үгээ хэлээд шаардлага хүргүүлсэн. Гарч ирж авах хүн дарга нараас олдохгүй их хүлээлгэсэн. Ийм л түүхтэй жагсаал. Түүний дараа МоАХ-ноос Э.Бат-Үүл, Д.Энхбаатар хоёр ирж бидэнтэй уулзаад олон бүлгэмийг нэгтгэн Ардчилсан холбооны салбар зөвлөлийг Эрдэнэтэд байгуулсан. Энэ үйл явц 1989 оны 12 дугаар сарын 19-нд болсон. Тэр өдөр бид хуралдаад Салбар зөвлөлийн даргаар Д.Энхтайваныг сонгоод МоАХ-ны салбар зөвлөлийн гишүүнд элсэх өргөдлөө өгч байсан. Эхлээд Д.Энхтайван, одоогийн аймгийн Засаг дарга Г.Зоригт /тухайн үед бид түүнийг Гүр.Зоригт гэж дууддаг байлаа/ миний бие, Л.Болдсайхан гээд хэдэн хүн өргөдлөө өгч МоАХ-ны гишүүн болсон. Дараагийн хүмүүс тэр сарын 22-нд өргөдлөө өгч МоАХ-ны гишүүнээр элссэн. Энэ бол одоо түүх болжээ.
-1989 оны 12 дугаар сарын 3-нд Эрдэнэтийн гудамжинд ардчиллын төлөө залуус жагсаж байсан тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ. Энэ цаг хугацааны үнэлэмжийг та юу гэж бодож явдаг вэ?
-Хүсэл мөрөөдөл мниь биелэсэн түүхэн цаг хугацаа гэж нэг талаас нь хэлмээр байна. Нөгөө талаас нь харвал 25 жил гэдэг үнэхээр богино. Энэ богино хугацаанд ардчиллын төлөө тэмцэж явсан залуус Монголын ард түмэнд үнэхээр их зүйлийг өгчээ. Энэ 25 жилийн хугацаанд бид хүний сэтгэхүй, сэтгэлгээг үндсээр нь өөрчилж чадсан гавьяатай улс. 1989 оны 12 сарын 3-наас өмнө гудамжинд ном зарвал түүнийг дамын наймаа гэж нийгэм хүлээн авдаг байсан. Одоо гудамжинд наймаа хийгээд сууж байгаа иргэнийг та дамын наймаа хийлээ гэвэл “Би ажил хийж байна” гэж хэлнэ дээ. Эндээс харвал өнгөрсөн 25 жилийн дотор ардчиллынхан бид нийгмийн сэтгэлгээг үндсээр нь өөрчилсөн. Гайхамшигтай ололт гэж хэлнэ дээ, би. Хүний эрх, эрх чөлөө гэдэг ойлголтыг бид 25 жилийн турш иргэдийнхээ тархинд хэзээ ч арилахгүй болтол нь суулгаж чадсан. Энэхүү ололтыг алтаар ч үнэлэх боломжгүй.
–Гоо зүйн секторын зураач, дараа нь ямар ажил эрхлэв. Манай аймгийн хувьд 1996 онд ардчилсан хүчнийхэн ялж засгийн эрхийг гартаа авсан. Тэр үед юу хийв. Багагүй хугацаанд гадаадад амьдарсан байх аа. Ардчиллын төлөө тэмцсэн залуу баруунд хөл тавихад ямар байв?
-1989 оны 12 сарын 3-ны Эрдэнэтийн тэр цуглаанаас хойш манайд л гэхэд гурван ч удаа жагсаал, цуглаан болсон. Улаанбаатар, Ховд, Хөвсгөл гээд маш олон газар ардчилал, хүний эрхийн төлөө монголчууд үгээ хэлж эхэлсэн. 1990 он гараад жагсаал, цуглаанд оролцсон биднийг ажлаас орон тооны цомхотгол нэрээр халж эхэлсэн дээ. Тухайн үеийн МАХН-ын Эрдэнэтийн удирдлагууд биднээс хариугаа авч байгаа нь тэр л дээ. Эрдэнэтийнхэн мэднэ дээ, “Энэрэл төв”-ийн Ц.Хүрэлбаатар чинь ардчиллын анхдагчдын нэг. Ц.Хүрэлбаатар ах байдал бишдэнгүүт Хүүхэлдэйн театр байгуулаад тусдаа гарлаа. Ажилгүй болсон би Хүрлээ ахыг дагаад зураачаар явсан даа. Сүүлдээ чөлөөт уран бүтээлч нэртэй болсон. 1996-2000 онд нам энэ тэр гээд гүйвэл болох л доо. Гэвч тэр үед нэг хэсэг хүн ардчиллын буянаар дарга болоод биднээсээ тасарсан. Ингээд 2002 онд баруунд хөл тавихаар шийдэж мөрөөдлийн орон Англи, Лондон хотод амьдарсан. Энэ үед л би ардчиллын үр шимийг бие, сэтгэлээрээ мэдэрч хүртсэн юм. Миний хүүхэд насны мөрөөдөл алдарт “Битлз”, “Күйн” хамтлаг, Ливерпүүл хот гээд үнэхээр сайхан. Үнэнхүү дурлаж, мөрөөдөж байсан бүхэн нь биелэхээр сайхан байдаг юм билээ. Ливерпүүлийн дөрвөлийн амьдарч, ажиллаж байсан газар т нь очлоо. Пол Маккартнийн тоглолтыг ёстой нөгөө оригоор нь үзлээ. Лондон, Англи маягийн амьдралыг биеэрээ мэдэрч, амьсгалсан даа. Энэ бүхэн маань миний хувьд үнэ цэнэтэй зүйл юм шүү. Пянзыг төрөл бүрээр нь цуглуулсан. Одоо надад 3000 гаруй пянз, 500 гаруй дуу хөгжмийн холбогдолтой ном бий. Эдгээрийг одоо үнэлбэл ямар ч байсан хоёр, гурван “Лексус-470” хүрнэ шүү. Гэхдээ би үүнийгээ мөнгөөр үнэлэхгүй. Мөнгөөр үнэлж болдоггүй юм гэж байдаг.
-Та Лонддонгоос ирэнгүүтээ цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан байх аа?
-Тийм. Тэр чинь 2012 он. Одоогийн Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл миний цуглуулгыг үзээд “Билгээ чи үнэхээр үнэт зүйлтэй хүн байна. Одоо үүнийгээ хүүхэд багачуудад үзүүлж хүсэл мөрөөдөл, үнэт зүйлтэй болоход нь тусла. Би чамтай хамтран ажиллая. Чи үзэсгэлэнгээ гарга” гэлээ. Ингээд 2012 оны 12 сарын 12-ны 12.00 цагт Улаанбаатарт цуглуулгын үзэсгэлэнгээ гаргасан. Хойч үеийнхэндээ пянзны тухай ойлголт өгөх, пянзны цуглуулгын үнэ цэнийг мэдрүүлэх зорилго агуулсан. Нөгөө талаар тухайн үед чинь 2012 оны 12 сарын 21-нд дэлхий сөнөнө гээд л шуугисан. Тэрхүү хар мэдээллийг дарах зорилгыг ч агуулж байлаа. Дараа нь тэр үзэсгэлэнгээ Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордны “Арт” галлерейд гаргасан даа.
Лондон - "Queen" хамтлагийн дуу бичлэгийн студи
-Тэр үед таньд ямар мэдрэмж төрөв?
-Гайхамшигтай, үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. “Битлз”-ийн Жон Леннон, Ринго Стар, Пол Маккартни, Жорж Харрисон нар энд амьдарч энэ л агаараар амьсгалж байжээ гэж бодохоор л сэтгэл огшоод ирнэ. Үнэхээр гайхамшиг гэж түүнийг л хэлнэ дээ.
Зураач Д.Батбилэг 2013 оны хавар Эрдэнэтэд ирсэн цагаасаа хойш нүүдлийн шувуудыг даган дахин ниссэнгүй. Залуу насны эрч хүч, ааг омгоор ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж, оргилж явсан Эрдэнэт хотоосоо явах бодол түүнд төрөөгүй аж. Ирсэн цагаасаа хойш А.Амар сайдын хөшөөг Нутгийн удирдлагын ордны өмнө байрлуулах ажлыг гардан гүйцэтгэсэн. Хөшөөний хуучин суурин дээр сүндэрлэх Анхдагч, илгээлтийн эздийн хөшөөг барьж бүтээлээ. Ардчиллын ордонд Ардчиллын музейг гардан байгуулж, хотын музейд Хэлмэгдэгсэдийн булан хийсэн гээд тоочоод байвал олон ажил амжуулжээ. Одоо тэрбээр, Хүүхэд залуучуудын паркын ашиглалтын өмнөх захиргааны даргаар ажиллаж байна. Үргэлж л хийж бүтээе гэж явдаг түүний хувьд Хүүхэд залуучуудын паркыг юм үзсэн хүний нүд, оюунаар харж өөрөөр сэтгэж бүтээн байгуулахын төлөө цэнхэр цүнхээ үүрээд та бидний дунд алхаж явна.
Н.ТӨР