БААСАН
2024.12.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Ганбаатар: Олуулаа өссөн хүн олон хүнийг мэдэрдэг болчихдог юм билээ
О.Ганбаатар: Олуулаа өссөн хүн олон хүнийг мэдэрдэг болчихдог юм билээ
Сэтгүүлч М.Мөнхцэцэг Осорын Ганбаатар гэж эрхэм дунд сургуулийн сурагч ахуйдаа Эрдэнэт хотод ирж байсан бол өнөөдөр 30 гаруй жил төрсөн нутаг шигээ энд ээнэгшин дасжээ. Мөн түүнийг Эрдэнэтийн ДЦС-гүйгээр  төсөөлөхийн аргагүй. “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн захирал О.Ганбаатартай ярилцсанаа хүргэж байна. -Эрдэнэтийн нэгдүгээр дунд сургуулийн төгсөгч, Эрдэнэтийн ДЦС-д засварчнаас инженер, захирал хүртэл таны намтар Эрдэнэттэй холбоотой он жилүүдийг өнгөрөөжээ. Анх хэдэн онд энд ирж байв? -Миний унасан газар Архангай аймгийн Булган сум. Би 1979 онд долдугаар ангиа төгсөөд Эрдэнэтэд ирсэн. Нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг Цэвэлмаа багшийн ангид аравдугаар анги төгссөн. Өнгөрсөн онд манай 1 дүгээр сургуулийн 40 жилийн ой болж, ангийн багш, ангийхантайгаа уулзсан. Манай ангийнхнаас Эрдэнэтэд ажиллаж, амьдарч байгаа олон хүн байгаа. Тухайн үеийн дарга нарын (Доржпалам, Цаян, Батжаргал) хүүхдүүд манай ангид байсан. Миний хувьд 1979 оноос хойш Эрдэнэттэй холбогдож, одоо 36 дахь жилтэйгээ золголоо. Эрдэнэтэд данстай хүн дээ. Эрдэнэтийн ДЦС-д 1987 онд засварчин, машинист, ээлжийн дарга, инженер, ерөнхий инженер, захирал зэрэг албыг хашсаар яваад  26 жил гаруй болоод байна. -Дарга нарын хүүхдүүдтэй хамт сурч байсан гэснээс, таны аав, ээж ямар ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байсан бэ? -Миний аав ээж хоёр эгэл жирийн малчин айлын хүүхдүүд. Аав маань тухайн үед боловсролтойд ордог. Техникум төгссөн хүн. Дараа нь Намын дээд сургууль төгсөөд, Архангай аймгийн Нийтийн аж ахуй, Материал хангамжийн газарт Намын хорооны дарга хийж явсан. Ээж маань эмнэлгийн байгууллага, хүүхдийн цэцэрлэгт насаараа тогооч хийсэн хүн. Би эцэг эхээс арван хоёруулаа. Айлын ес дэх хүүхэд. Миний дээр дөрвөн ах, дөрвөн эгч, доороо гурван дүүтэй. Манай хамгийн том эгчийн нөхөр Чойжил ах маань Архангай аймгийн 6 дугаар баазын ерөнхий инженер хийж байгаад, Эрдэнэт хотын 35 дугаар баазад Үйлдвэр техникийн хэлтсийн даргаар МХЗЭ-ийн илгээлтээр ирсэн. Сүүлд нь ГОК-ын ЦГТ-д ажиллаж байсан. Эвлэлийн байгууллагын илгээлтээр хүргэн ах, эгч хоёр Эрдэнэтэд 1978 онд ирсэн. Аав маань хүний газар эгчийг ганцааранг нь явуулахгүй гээд намайг долдугаар анги төгсгөөд эгчийн араас нэг жилийн дараа явуулсан. Эрдэнэтэд анх ирж байхад дөрөвдүгээр микрийн тал хэсэг баригдсан, есөн давхарын байрнууд байхгүй Нэг, хоёр, гуравдугаар микр бүтэн баригдсан, Спорт комплекс, Горняк соёлын ордны барилга дөнгөж эхэлж байлаа. Намайг аравдугаар анги төгсөхөд 1982 онд Үйлчилгээний төвийг тойруулсан хашаатай, ашиглалтанд ороогүй. Харин “Сэлэнгэ” реосторан зургаадугаар сард нээгдэж байсан юм. Тэр үед хоёр Орос арван жилийн сургууль, нэг Монгол сургууль байлаа. Манай хүргэн ахынх дөрвийн 5 дугаар байранд амьдардаг. Хичээл тараад, орос хүүхдүүдтэй нийлж гитар тоглоод, Гендрекцийн урд талын хашаан дотор, өвөл нь мөсөн каток дээр өнждөг сөн. Тэр үед гудамжинд дөрвөн хүн өнгөрөхөд, гурав нь Орос хүн байдаг байсан. Хойд, урд Орос дэлгүүр гэж байлаа. Зун нь амралтаараа Архангай руу явчихна. -Олон ахтай хүн, ах нараараа түрий барих үе байсан уу? Хэр сахилгагүй хүүхэд байв? -Аав маань нэлээд зарчимч хүн байсан юм. Би багадаа сахилгагүй хүүхэд байсан гэдэг. Дөрвөн ахтай хүн айлын хүүхдүүдийг хааяа шоглоно, жаахан түрүү барина. Аав ээж нь аавд намайг хэлнэ. Би ааваасаа айдаг гэж жигтэйхэн, аавдаа зодуулна. Сүүлдээ хүүхэд зодсоноо ааваасаа нууна. Аав маань олон жил намын дарга хийсэн, хүнээ сайн судалдаг, ойлгож дэмждэг дарга явсан даа. Намайг оюутан байхад, 1980-1982 онд өндөр настны тэтгэвэрт гарсан хойноо Архангай амгийн Хашаат сумын сум нэгдлийн орлогч даргаар намын илгээлтээр ажлыг нь сайжуулахаар томилогдон ажилласан. Манайх олон хүүхэдтэй айл байсан болохоор тухайн үедээ хүүхдийнхээ мөнгөөр Оросын том зурагт авч байсан. Нөгөө зурагт нь гарна гэж байхгүй. Орой Монгол Телевизийн суваг мэдээний үеэр гарна. Бусад үед нь Орбитын суваг муухан дүрстэй юм гарна. Ямар сайндаа, тэр үед “Үнэн” сонины сурвалжлагч манай аймагт ирээд, Архангайд олон хүүхэдтэй Осор гэдэг айл зурагт аваад тавьчихсан байна гэж сонирхуулж бичсэн гэдэг. Улаанбаатар хотоос Цэдэнбал дарга юм уу, өөр нэг том дарга би сайн мэддэггүй юм олон хүүхэдтэй айл гэж манайхаар оруулж. Тэр үед би гадуур машин унаа харж гүйж яваад, бэлэгнээс хоцорчихоод баахан уйлаан болсон гэдэг. Би аав, ээжийнхээ зарчимч, цаг ашигладаг зан чанарыг нь өвлөсөн юм болов уу гэж боддог. Манайх зургаан эмэгтэй, зургаан хүүтэй айл. Аав ээж минь биднийг эрхлүүлэх үедээ эрхлүүлж, зандрах үедээ зандарч өсгөсөн. Би аавын хүүхэд байлаа. Тэр үеийн сургуулийн багш нар урт үзүүртэй заагуур мод хэрэглэдэг. Заагуур модоор шалбалуулсан сорви миний толгойгоор байж л байдаг байсан. Аав ээжийг асуухаар нь, унаад ойччихсон юм гэж худлаа хэлчихдэг. Их сахилгагүй хүүхэд байсан. Дээр үед одоотой адил 10, 20 кг-ийн гурил гэж байх биш. Далан кг-ийн гурил манайд арай гэж долоо хонодог. Том таван ханатай гэрт  доороосоо эхлээд жижиг орнууд үргэлжилсээр, хамгийн дээр аав ээжийн ор байдаг. Осор даргынд орой ороход хүүхдүүдийнхээ орон дээр сонин юмуу цэвэр даавуу тавиад дээгүүр нь зуурсан гурилаа элдээд тавьчихдаг. Орж ирсэн хүнд орон дээр суух боломжгүй сандал хүрэлцээ муутай айл байсан гэж нутгийнхан ярьдаг сан. -Олон ах нарын дунд өссөн та насаараа эрчүүдтэй зууралдсаар явах шиг. Станцын олон эрчүүдийг яаж удирдаж байна вэ. Ширүүн гараар үзнэ биз? -Манай эрчим хүчний салбарыг хагас цэргийн зохион байгуулалттай гэж ярьдаг. Манайхан цэрэг, цагдаа шиг нөхөр даргад ёсолъё гэж рапорт өгөхгүй ч өглөө хувцасаа өмсөөд ороход, захын машинист, ээлжийн дарга мэдээгээ өгнө. Би өөрөө шударга талдаа хүн. Эрчүүдтэй хатуу шаардлага тавьдаг. Манай салбарынхан доороосоо дээш явдаг тогтолцоотой болохоор удирдах, удирдуулах зарчим үйлчилдэг. Гэхдээ би хүнийг загнасан ч буцаад хайрладаг хүн. Манай станц одоо 108 эмэгтэй ажиллагсадтай. Нийт 440 ажилчдын 108 нь эмэгтэй. Дөрвөн жилийн өмнө эмэгтэйчүүдийн баяраар би эмэгтэйчүүдээсээ албан ёсоор уучлалт гуйсан. Эмэгтэйчүүд маань гараад ярьж байна гэсэн. “Манай захирал үнэхээр соёлтой юм” гэж. Би тэр үед захирлаар зургаан жил орчим ажиллаж байсан.  Хүүхнүүдийг эрчүүдтэй адил үзэж, шаардлага тавьдаг хүн. Тэгсэн тэднийгээ өрөвдөөд, уучлалт гуйгаад, хоёр хүүхнийг гадаадад аялах эрхээр шагнасан юм. Тэрнээс хойш би ахин уучлалт гуйгаагүй. Харин би 20 жил энэ станцын ерөнхий инженер захирал хийж удирдахдаа эрчүүдээсээ нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эр хүн амьдралд эмэгтэй хүнээс илүү ачаа үүрч, хариуцлагатай байх ёстой гэж боддог. Тиймээс ажил дээрээ ч алдах эрхгүй гэж үздэг. Би олуулаа өссөн болохоор олон хүний зовлон, жаргалыг мэдэрдэг болчихдог юм байна лээ. Намайг ерөнхий инженер болсон 1995 онд эрчим хүчний салбар бүхэлдээ уналтанд орсон үе үе цахилгаан эрчим хүч тасалддаг байлаа. Техникийн бодлого тааруу явуулсан, бэлтгэл зуух байхгүй. Станцын зарим цехийн дарга нар дээр өрөөндөө бусад станцуудаас ирсэн найз нөхөддөө 100гр татчихсан ажлын байранд хэвийн бус сууж байдаг байх жишээтэй. Ерөнхий инженерийн ажил аваад хамгийн түрүүнд ажлын байранд архи уухыг зогсоож чангахан гараар үзсэн. Хамт олон  маань ч дэмжсэн. -Энэ том газрын захирлаар та хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? -Арав дахь жилдээ ажиллаж байна. Би жил гаруй хугацаанд яаманд ажилласнаас бусад бүх хугацаанд энэ байгууллагадаа ажилласан. Энэ хугацаанд 440 хүний ажил амьдрал, цалин урамшуулал, нийгмийн асуудал надтай нягт холбоотой эдгээр хүмүүсийн аав шиг нь л ажиллаж байна даа -Арай овог нэртэй нь мэдэх юм биш биз дээ? -Олон жил удирдаад ирэхээр аяндаа овог нэрээр нь бүтэн дуудах тохиолдол байдаг. Ер нь нийт хүмүүсийнхээ 80 аад хувийг овог нэрээр нь хэлж чадна. Ахуй амьдралыг нь ч нэгд нэгэнгүй сайн мэднэ. 2012 оны арванхоёрдугаар сард би  станцдаа буцаад ирэхэд манай хамт олон их сайхан хүлээж авсан. Аянд яваад буцаж ирж байгаа аавыгаа баярлаж хөөрөн угтдаг хүүхэд шиг сэтгэгдлийг төрүүлсэн. Үнэхээр энэ хамт олон миний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг яаманд ажилласан тэр хугацаандаа мэдэрсэн. Яамнаас ажил хүлээлцэхээр ирсэн албаны хүмүүс “Танай хуучин даргыг буцаагаад тавьж байна” гэхэд “эцэг минь, аав минь ирлээ” гэсэн үгийг зарим хүмүүс хэлсэн. Ийм хүндлэлийг би өөр хаанаас ч сонсоогүй, хамт олноос минь надад хүлээлгэсэн том итгэл гэж хэлэхээс өөр аргагүй. Нас ахиад ч тэр үү, хүмүүсийг юуны түрүүнд тушаалаар арга хэмжээ авах, цалинг хасах гээд зарим дарга нарыг ярихаар, би наад хүн чинь яасан юм бэ, бүр болохгүй байна уу гээд “лавлаа Даш” шиг лавладаг болсон шүү дээ. Тэгэхдээ олон хүнтэй ажиллахад хэцүү, 440 өөр араншин байгаа шүү дээ. Амьдрал мэднэ, амьдрал мэдэхгүй, зарим нь үргэлж сайхнаар бодож явна, арга хэмжээнд орно, ажлаа таслана, хулгай хийнэ, архи ууна эрчүүд хэцүү. Манай станц анхнаасаа дэгтэй, журамтай явж ирсэн. Хамт олны дунд бүх ажил нээлттэй, нуугаад, хаагаад байх юмгүй явуулахыг л боддог. -Хүн бүрийн санаанд нийцтэл ажиллана гэж хаа байхав дээ. Таныг анх станцад ирж байхад ямар хүмүүс хүлээж авч байв? Хавдлашим даргыг гаднаас нь харахад, хурц ширүүн санагддаг байсан. Хатуу шаардлагатай хүн байсан уу? -Манай станц 1984 онд баригдсан. Ашиглалтын өмнөх захиргааны даргаар Цэрэннадмид гээд өндөр нуруутай, сайхан бие хаатай Архангай аймгийн Тариат сумын хүн байсан. Сүүлд нь ТЭЦ-2-ийн даргаар ажиллаж байгаад, тэтгэвэртээ гарсан. Тэр үед Намнан гэж нягтлан бодогч байлаа. Хавдлашим дарга 1986 онд ерөнхий инженерээр томилогдон ирээд, зургаан жил ерөнхий инженерээр ажиллаад  Цэрэннадмид даргыг Улаанбаатар руу явахад, Хавдлашим дарга станцын даргын ажилд томилогдсон. Хавдлашим дарга станцын дарга, захиралаар нийт 14 жил ажиллахад, би ерөнхий инженерээр 10 жил хамтарч ажилласан, харин ч томоотой, зарчимч, цаг ашиглалт маш сайн барьдаг хүн байсан. Би 1987 онд сургууль төгсөөд ирэхэд, залуухан турбин зуухаа ч ялгахгүй шахам байхдаа засварчин, машинист, ээлжийн дарга хийж станцын шат дамжлагыг дамжиж явлаа. Ээлжийн дарга болох гэж би Хавдлашим ерөнхий инженер дээр нэлээд хэдэн удаа буцаж байж арай хийж шалгалт өгч ээлжийн дарга болж байлаа. Би гурван сар шахам явсан шүү, нэг юм нь дутуу гээд буцдаг. Надаас шалтгаалж байсан юм. ПВД-ийн орох, гарах хаалт хэд вэ, Ру хэдтэй вэ, хэдийн диамертэй хаалт вэ гэж асуухаар, би мэддэггүй. Том, том насосны ажлын дугуйны диаметр хэд вэ гэхэд, би мэддэггүй. Гэтэл энэ бүгд техникийн паспорт дээрээ л бичээстэй байдаг. Манай Хавдлашим дарга орос хэлэнд мундаг сайн. Би 1995 онд 31 насандаа ерөнхий инженер болсон. Тэр үед дарга, ерөнхий инженер, ерөнхий нягтлан гурвыг Эрчим хүчний удирдах газраас томилдог. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чимэд агсан, одоогийн Улаанбаатар хотын менежер Бадрал тухайн үеийн Эрчим хүчний газрын ерөнхий инженер байсан. Бадрал манай Хавдлашим дарга руу утасдаад “Наана чинь турбин цехийн засварын инженер Ганбаатар гэж залуу байгаа. Түүнийг маргааш өглөө  Эрчин хүчний удирдах газар бэлэн байлга, нааш нь томилолт өгөөд явуул” гэж хэлсэн. Би анх удаа Улаанбаатар руу томилолт авч явсан. Тэр үед инженерийг томилолтоор явуулдаггүй байсан үе. Хавдлашим дарга “Бадрал гэж залуу чиний үеийн залуу байна. Уралын Политехникийн дээд сургууль төгссөн. Чиний найз уу” гэсэн. Би танихгүй юм чинь, мэдэхгүй гэсэн. Намайг очиход Бадрал дуудаж уулзаад, “Чамайг станцын ерөнхий инженерээр тавина. Чи хийж чадах уу” гэж асуусан. Би яах бол гэхэд, “ Зүгээрээ чи чадна, залуу хүн шуурхай ажиллах хэрэгтэй. Одоо Чимэд дарга дээр хоёулаа орно. Чиний хувьд эргэлзэх зүйлгүй, би хийнэ” гэж хэлээрэй гэсэн. Чимэд дарга дээр ороход, “Өнгөрсөн жил Герман яваад ирсэн нөхрийн нэг байна. Бадрал аа чи, Герман явсан нөхдийг дарга, ерөнхий инженерээр тавиад байгаа юм уу” гэж байсан. Би тэр үед туранхай, өндөр бор залуу байлаа. Чимэд дарга надаас “Чамайг ерөнхий инженерээр тавьтал удахгүй хасаг даргатайгаа таарахгүй байна, энэ даргыг халаад өгөөч гээд явах вий, чи ер нь чадах уу” гэж асуусан. Хавдлашим даргыг солих юм бол би ажиллахгүй. Хавдлашим дарга намайг өдий зэрэгтэй сургасан хүн. Миний багш гэж хэлсэн. Хавдлашим дарга бид хоёр адил мэргэжилтэй хүмүүс, турбин буюу тог үйлдвэрлэдэг машины инженер. Тэгээд Чимэд дарга “Энэ чинь их эд юм, овоо ш дээ. Ганбаатарын тушаалыг гарга” гэсэн. Тэр үеийн Цэрэннадмид, Хавдлашим дарга, турбин цехийн дарга Баттөмөр, зуухан цехийн дарга Буян, цахилгаан цехийн дарга Цогтсайхан, ДХХА цехийн дарга Пүрэвдорж, түлш дамжуулах цехийн дарга Эхнтайван, Дулааны шугам сүлжээний цехийн дарга Хүрлээ, Орлогч дарга Сангидорж,  хими цехийн дарга Мандалбаяр, цахилгаан цехийн лабораторийн эрхлэгч Пүрэвсүрэн, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга Цэндсүрэн гээд манай ахмадууд үнэхээр мундаг ажиллаж байсан. Манай станцын 10 жилийн ой 1997 онд болсон юм. Цэрэннадмид дарга, Хавдлашим дарга бид хэд сууж байгаад, тоолоход, манай станцаас бараг арав гаруй дарга төрсөн байсан. Тухайлбал ТЭЦ-4-ийн ерөнхий нягтлан Энхтуяа, уулын үйлдвэрийн ДЦС-ын дарга Пүрэвсүрэн, Эрчим хүчний удирдах газрын дэд дарга Алтанхуяг, Дарханы ДЦС-ын ерөнхий инженер Мандалбаяр зэрэг хүмүүс манайд ажиллаж байсан. Энэ хамт олныг зөв хамт олон болж бүрэлдэхэд ахмад үе, сайхан дарга нарын маань ач буян их гэж би боддог. Зах зээлийн ороо бусгаа үед өдий зэрэгтэй явж, улсаас татаас авах гэж хараад суудаггүй, хэдий алдагдалтай ч 28 дахь жилдээ Эрдэнэт хотыг хөлдөөчихгүй авч явж байна. Муухан дарга, ерөнхий инженертэй байсан бол онцгой байдал зарлаад, аймгийн дарга нараас нь эхлээд станц дээр ирээд суучихсан ажил нь хэцүү муугаар хэлүүлдэг байгууллага байх байсан болов уу. Тэгэхэд манай станц нэг ч удаа муугаар хэлүүлж байгаагүй, харин ч салбартаа дөрвөн удаа тэргүүний байгууллага болсон, аймагтаа гурван удаа хэв журмын зөрчилгүй хамт олон, нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа топ 100 аж ахуй нэгжээр 12 удаа шалгарсан эвсэг хамт олон болон ажиллаж байна. -Эрдэнэтийн ДЦС байгуулагдаад 28 жил болж. Энэ хугацаанд шинэчлэл, өөрчлөлт хийж байгаагүй. Станцын өргөтгөлийг хийх гэж байгаа тухай яригдаж, удахгүй хэрэгжих гэж байна. Өргөтгөх болсон зайлшгүй шаардлага юу вэ? -Станцыг өргөтгөх талаар би ганцаараа яриагүй. Ялангуяа 1995 оноос хойш Станцыг удирдаж байсан үе үеийн дарга, ерөнхий инженерүүд ярьж, асуудал болгон тавьж ирсэн. Эрдэнэтийн ДЦС ашиглалтанд орохоос өмнө Эрдэнэт үйлдвэрийн дулааны станц хотыг дулаанаар хангадаг байлаа. Манай станц 1987 оноос  одоог хүртэл 28 дахь жилдээ дулаанаар хангаж байна. Станцыг зайлшгүй өргөтгөх болсон шалтгаан нь тог үйлдвэрлэдэг машин нэгдүгээр турбин генераторын ажиллах хугацаа нь дууссан. Тухайн үеийн үйлдвэрлэсэн турбины заводоос 150 мянган цаг ажиллах ёстой гэж заасан байдаг бол манай нэгдүгээр машин 210 гаруй мянган цаг ажилласан. Хоёрдугаарт, эсрэг даралтын хоёр турбинтэй. Тэрний үр ашиг муу, өөрөөр хэлбэл алдагдал ихтэй. Манай станцыг социализмын үед барьсан учраас эсгий, эсгий гутлын үйлдвэр, мод боловсруулах үйлдвэр, хивсний үйлдвэр зэрэг том газрууд нийлээд цагт 80 тонн уур авдаг байсан. Гэтэл одоо цагт наймхан тонн уур авдаг болж, эрс буурсан. Мод боловсруулах, эсгий, эсгий гутлын үйлдвэр байхгүй болсон. Үүнтэй холбоотой дулаанжуултын тоноглол тавьсан нь ашиглалт бага, үр ашиг муутай болсон. Манай станц сүүлийн дөрөв, таван жил алдагдалтай ажиллаж байгаа. Ашигтай ажиллаж байсан үе ч бий.  Станцын 28 жилийн түүхэнд нэг ч гадаадын зээл тусламж, ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжээгүй. Энэ бүгд нөлөөлж, өргөтгөл хийх зайлшгүй шаардлага гарсан гэж үздэг. Өргөтгөлийн техник эдийн засгийн үндэслэлийг БНЧех улсын буцалтгүй тусламжаар “Грандера” компани боловсруулж өгсөн.  Манай яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэр гарсан. Аймаг орон нутгийн Иргэдийн хурлын байгууллага, Засаг дарга дэмжсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос 35 Мвт-аар өргөтгөх зөвшөөрлөө авсан. Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэтийн ДЦС-ыг 35 Мвт-аар өргөтгөх ажлыг 55 сая ам.долларт багтааж хийх нь зөв юм гэсэн шийдвэр гаргаж, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Хөгжлийн банкны захиралд үүрэг болгосон. Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтээр санхүүжигдээд явах ажил байгаа юм. Манайх өргөтгөлд зарцуулах өртөгөө зургаан жилийн дотор төлөх боломжтой. Улсаас ямар ч зээл авахгүй. Гадаадын компани манайд хэрэгжүүлээд өгнө. Монгол улсын Засгийн газар баталгаа гаргасан. Авсан зээлээ манай станцын хамт олон эргүүлж төлөх юм. Улс эх орон санхүүгийн хүндрэлтэй үед улсын нуруун дээр их хэмжээний өр тавьчихдаг, эргээд төлөх гэж татвар төлөгчдийн халааснаас авна гэсэн буруу ойлголт байна. Ийм зүйл болохгүй. Сая долдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд хоёр сарын хугацаанд олон улсын нээлттэй тендер зарласан. Нийт 15 компани тендерийн материал авч, эцсийн шалгаруулалтанд Оросын нэг, Хятадын дөрвөн компани тендерийн материалаа өгсөн. Үнэлгээний хороо ажиллаж байгаа. Тендерийн шалгаруулалт дуусахаар энэ ондоо багтаагаад, барилгын ажил нь эхэлнэ. Энэ өргөтгөлийн ажил бол манай 440 ажилтан, ажиллагсадын хүсэл мөрөөдөл юм. Өргөтгөл хийснээр станц ашигтай ажиллана, тэр хэрээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдэх юм. -Хоёулаа яриагаа өөр сэдэв рүү оруулъя. Таны гэр бүлийн хүн Отгонсүрэн багшийг би таних юм байна. МСҮТ-ийн багшаар ажиллаж байгаад хувийн хэвшилд олон жил ажилласан. Эрдэнэтийн эмэгтэйчүүдийн нийгмийн үйлсэд идэвхтэй байр суурьтай явдаг гэж би боддог. Эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болсон түүхээ хуучлахгүй юу? -Манай гэр бүлийн хүнийг Отгонсүрэн гэдэг. Политехникийн дээд сургуулийн Нийтийн хоолны инженер технологичийн мэргэжлээр төгссөн. 1988 оноос хойш Эрдэнэтэд ажиллаж байгаа. Хуучнаар ТМС-д нийтийн хоолны багшаар ажиллаж байсан. Дараа нь Ш.Отгонбилэг захирлын үед ГОК-ын Ази, Европ хоолны газар гэж байсан, тэнд инженер технологичиор дөрөв, таван жил ажилласан. Түүнээс хойш хувийн хэвшилд орж аж ахуй нэгж байгуулан 20 гаруй хүнийг ажлын байраар хангаад явж байна. Манайх хоёр хүүтэй. Том хүү “MCS” компанид ахлах инженер хийдэг, электроникийн инженер мэргэжилтэй. Электроникийн инженер манай турбинтай адил мэргэжил нэг гэж үзэх юм даа. Нэг хүүхэдтэй. Манай бага хүү Японы хувийн компанид хуулийн зөвлөх хийж байна. Японд сургууль төгссөн, дараа нь Их засаг их сургуулийг төгссөн. Эхнэр нь ТЭЦ-3-т ажиллаж байна. Мөн нэг хүүхэдтэй. Миний олуулаа өссөн, одоогийн хүүхдийн өссөн орчноос тэс өөр. Энэ бүхнийг хүүхдүүддээ ярьж, амьдралдаа сургамж аваасай гэж хүсдэг. Хоёр хүү маань өөр өөрийнхөө ажил төрлийг эрхлээд, гэр бүлээ тэжээгээд явж байна. Аав, ээжийнхээ суурь хүмүүжлийг өвлөсөн гэж боддог. -Таныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэд хэдэн удаа сонгогдож байсныг мэднэ. МАН-ын гишүүн байсан, яагаад МАХН-д орох болов? Үзэл бодлын ялгаа байв уу? -Намайг улс төрд оруулсан хүн бол аймгийн Иргэдийн хурлын дарга байсан Ш.Ганбат гуай байгаа юм. Манай эхнэрийн ах нь Гүнчин гэж тухайн үед Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын даргаар12 жил ажилласан хүн байсан. Тэр үед Ш.Ганбат дарга Орхон аймгийн МАХН-ын дарга, аймгийн Иргэдийн хурлын дарга байлаа. Гүнчин ах маань намайг Ганбат даргатай танилцуулсан. Аймгийн намын хорооны дэд дарга Д.Эрдэнэцэцэг гэж манай станцын химийн лаборантаар ажиллаж байсан эмэгтэй тааралдаад, “Дарга тантай уулзъя гэж байна” гэж хэлсэн. 2003 оны хавар Ш.Ганбат дарга намайг дуудаад, “Чи залуу хүн байна. ГОК-ын дараа орох том байгууллагын ерөнхий инженер. Манай намд элсээч” гэсэн. Намын баяр гуравдугаар сарын 1-н болох гэж байсан. Ганбат дарга намын боловсон хүчнээ бэлтгэж, надаар дамжуулж, станцын инженер ажилтан ажиллагсадаас гишүүн элсүүлэх бодлого барьсан. Би хэдэн инженерээ дагуулаад, намын баяраар тэр үеийн МАХН-д гишүүнээр элсэж байлаа. Аймгийн Иргэдийн хуралд 2004 онд МАХН-аас Уртбулаг багаас сонгогдоод, 2008 онд дахин сонгогдон ажилласан. 2005 аас 2008 онд олонхийн бүлгийн дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, намын хорооны тэргүүлэгч гишүүн, 2008 онд намын хорооны дэд дарга, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр дахин сонгогдон ажилласан. 2011 оны арванхоёрдугаар сард аймгийн Иргэдийн хурлаар Архангай аймгийн гаралтай хүмүүс тухайн үеийн засаг дарга Оюунбатыг огцруулах асуудлыг оруулж ирсэн. Би тэр үед төрийн албан хаагч болоод Эрчим хүчний удирдах газрын Төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэнд намайг ажиллаж байх хойгуур Эрдэнэтэд Архангайнхан Оюунбатыг унагаачихсан. Харин огцруулах бичигт миний гарын үсгийг орлуулаад, зурчихсан байсан. Тухайн үед Оюунбат дарга ч намайг буруугаар ойлгосон байх. Арванхоёрдугаар сарын 24-ний хурлаар Оюунбат даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед би хэлсэн юм. “Оюунбат дарга аа, та надаас болж огцрох гэж байгаа бол би Иргэдийн хурлаас гарлаа” гэж хэлээд, өргөдлөө өгөөд явсан. Энд нэг зүйлийг хэлэхэд, намайг төрийн албанд Улаанбаатарт ажиллаж байхад, Уртбулаг багийн намын анхан шатны байгууллагын дэд дарга Долцон гуай намайг намын 26 дугаар Их хуралд төлөөлөгчөөр сонгосонд нь баярлаж явдаг. Би Уртбулаг багийн Намын анхан шатны байгууллагын дарга, Долцон гуай дэд дарга байсан юм. Намын 26 дугаар Их хурлаар МАХН-ын нэрийг өөрчлөх талаар хэлэлцсэн. Намын нэр солих асуудлыг тухайн үеийн үг хэлсэн хүмүүсээс дөрвөн хүн л эсэргүүцсэн юм. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Удвал гуай, хөдөөний аймгийн нэг төлөөлөгч гээд дөрөвхөн хүн МАХН-ын нэрийг солихгүй гэж үзэж байсан. Эрдэнэтийн төлөөлөгчдөөс үг хэлэх гэхээр, хайрцаглачихсан, хэлүүлэхгүй. Намын нэрийг сольсон 26 дугаар Их хуралд би оролцоод, ямархуу хуйвалдаанаар МАХН-ыг МАН болгож өөрчилсөн гэдгийг нүдээрээ хараад, үзэл бодлын хувьд хуучин намдаа үнэнч үлдье гэж шийдсэн. Иймд би намаасаа гараагүй гэж боддог. МАХН 2000 онд Социнтернд элсэж, зүүний үзэлтэй болсон. Үзэл баримтлалаа албан ёсоор зарлаж байсан. Намайг анх МАХН-д элсэж байхад, Ш.Ганбат дарга “Хүн үзэл бодолдоо үнэнч байгаарай” хэлж байсан. Өөрийнхөө үзэл бодолдоо одоог хүртэл үнэнч яваа гэж боддог.
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ