Б.НАМХАЙНЯМБУУ: Эрдэнэт үйлдвэрийг тасралтгүй шинжлэх ухаан, үйлдвэрлэл хослуулан хөгжүүлэх нь илүү үр дүнтэй
Хөгжил гэдэг нөгөө талаасаа ирээдүй гэсэн утгыг илэрхийлдэг. Эрдэнэт үйлдвэр ирээдүйгээ хэрхэн төлөвлөж, хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуутай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
-Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн бодлогын нэг чухал зүйл нь Бүтээмж инновацийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх хөтөлбөр болж байгаа. Хэдийгээр хаана хөдөлмөрийн хүмүүс байна, тэнд бүтээмж, үр ашиг байдаг ч энэ бодлогыг тодорхой, цэгцтэй болгосноор илүү үр дүн харагдана. Тиймээс үйлдвэрийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж буй энэ бодлого оновчтой, зөв байгааг ажиллагсад ч үнэлэх болсон. Харин таны хувьд давуу талуудыг хэрхэн харж байгаа вэ?
-Ер нь үйлдвэрийн газар байгуулж эхэлсэн үеэс л бүтээмж гэдэг хөдөлгөөн өрнөдөг. 1990-ээд оноос өмнө бол шинэ бүтээл оновчтой санал гэж нэрлэдэг байлаа. Харин 2000-аад оны эхээр манай баяжуулах фабрикт бүтээмжийн хөдөлгөөн үүссэн байдаг. Монгол улсын хэмжээнд 1996 онд Бүтээмжийн төв байгуулагдаж, түүнээс хойш үйл ажиллагаа нь идэвхжсэн. Манай үйлдвэр ч энэ төвтэй хамтран ажиллаж ирлээ. Энэ ч үүднээс гадны болон дотоодын энэ чиглэлийн байгууллагын мэргэжилтнүүд манай дээр ирж, судалгаа, дүн шинжилгээ хийдэг болсон юм. Олон улсын чанартай хурал, зөвлөгөөнд манай ажилтнууд оролцдог боллоо. Энэ жилээс захиргааны ажилтнуудын дунд Бүтээмж-Инновацийн хороо байгуулагдаад ажиллаж байна. Ингэснээр зөвхөн үйлдвэрийн ажиллагсад төдийгүй албан хаагч, ажилтнуудын дунд бүтээмжийн хөдөлгөөн идэвхитэй өрнөх болсон юм. Энэ чиглэлээрээ ч ажлын байрны бүтэц, зохион байгуулалт, бүтээмж, цаг ашиглалт дээшилж байгаа нь биднийг ажил байдалтай нь танилцаж, уралдааныг дүгнэх явцад харагдсан. Энэ хөдөлгөөнийг өрнүүлснээр ямар сайн тал гарч байна вэ гэхээр ажлын байрны эмх цэгц, дэг журам сайжирч хүмүүсийн ажиллах урам зориг нэмэгдэхээс гадна мөнгөн хэлбэрийн урамшуулал эдийн засгийн байдалд нь эерэгээр нөлөөлж байна. Эрдэнэт үйлдвэрийн одоогийн удирдлагын баг санаачлан 2013 онд бүтээмж, 2014 онд инноваци, 2015 онд оюуны өмчийн сэдвээр тус тус 1000 инженерийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ оны чуулганы үйл ажиллагааны үеэр 2014 онд хэрэгжүүлсэн Эрчим хүчний чиглэлийн төслүүдээс сонгон шалгаруулж нэг багт 30 сая төгрөгийн “Инноватор” гэсэн цол бүхий шагнал гардуулсан. Тухайн шагналыг гардуулахдаа үйлдвэрийн ерөнхий захирал ирэх жилийн хамгийн сайн “Инноватор” төсөлд 100 сая төгрөгийн урамшуулал хүртээнэ гэж зарласан. Энэ нь инженер техникийн ажилтнуудын сэтгэлгээг өөрчилж, улам идэвхитэй ажиллах шинэ хүч болсон гэж бодож байна. Цаашдаа бид Бүтээмж-Инновацийг хөгжүүлэх, оюуны хөдөлмөрийг үнэлэх замаар шилдэг аж ахуйн нэгж болох, эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрлэлийг бий болгох шинэ техник технологийг нэвтрүүлэх гээд олон үр дүнтэй ажлуудыг хийнэ. Ингэснээр олон улсын хэмжээнд танигдсан орчин цагийн үйлдвэр болж өсч, дэвжихэд чухал алхам болно гэж бодож байна. Тиймээс бид энэ чиглэлээр хэд хэдэн том зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна.
-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2015-2025он хүртэл хөгжүүлэх концепциболовсруулагдаж байна. Энэ ажил ямар түвшинд байна вэ? 10 жилийн дараах дүр төрхийг хэрхэн төлөвлөж байна вэ?
Уул уурхайн үйлдвэр байгуулагдах үеэс эхлээд хаагдах хүртлээ уурхай тогтвортой ажиллах “Хаалтын менежмент”-ийн хөтөлбөр дэлхийн улс орнуудад хэрэгждэг. Тухайлбал: АНУ, Канад, Австрали гээд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа томоохон орнуудадэхнээс нь энэ асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж нээж, хаадаг тогтолцоо бий болоод олон жил болж байна. Манай улсын хувьд энэ бодлого хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт баригдах үед орхигдсон гэж хэлж болно. Энэ нь тухайн үеийн нийгмийн байгуулалт өөр, хөгжлийн хоцрогдлыг илэрхийлж байгаа юм. Харин 2000-аад оноос энэ тухай яригдаж “Хаалт хөгжлийн менежмент”-ийг хэрэгжүүлэх ёстойг Монголчууд ойлгох болсон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд хаалт хөгжлийн менежментийн асуудлыг 2012 оноос хүчтэй тавьж байна. Манай геологичдын тооцоолж байгаагаар, Эрдэнэтийн уурхай цаашид 37-42 жилийн нөөцтэй, ирээдүйд нэмэгдэх бүрэн боломжтой. Энэ тооцоог харахад, бид наад зах нь 40-өөд жилийн төлөвлөгөө боловсруулж, хөгжлийн концепцоо нарийн тодорхойлох ёстой. Одоо бид үйлдвэрийн 2015-2025 он хүртэлх хөгжлийн концепцийг боловсруулж байна. Зарчмын хувьд энэ удаагийн концепци ихээхэн онцлог ялгаатай. Өмнө нь зөвхөн үйлдвэрлэлийн үндсэн 4 цехийн асуудлууд тусгагддаг байв. Харин одоогийн боловсруулж буй хөгжлийн конценцид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гадна нийгмийн цехүүдийг тойрсон хаалт хөгжлийн бодлоготой холбоотой орон сууц, соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн тухай асуудлууд багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар хөгжлийн концепцийн эхний боть бэлэн болсон. Өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежмент,орчин үеийн чиг хандлага зэргийг Монгол улсын хууль тогтоомжтой уялдуулж, нэлээд далайцтай хөгжлийн конценци боловсруулж байгаа гэж хэлж болно. Мэдээж, энд шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөө тодорхой тусгагдаж байгаа. Тухайлбал, баяжуулах фабрикийн өргөтгөл, оношлогоо эмчилгээний цогцолбор төв “Эрдэнэт медикал”-ын асуудлууд орсон. Мөн Орхон болон Булган аймгийн дунд шинээр барих нисэх онгоцны буудлын тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Зам тээврийн яаман дээр ажлын хэсэг байгуулагдаж, хоёр аймгийн засаг дарга нар болон Эрдэнэт үйлдвэрийн холбогдох албан тушаалтнууд бүрэлдэхүүнд нь ажиллаж байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд судалгаа хийж, иргэний нисэхийн ерөнхий газарт танилцуулсан. Одоо техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл дээр нь ажиллаж байна. Орчин үеийн стандарт бүхий Их залуугийн нисэх онгоцны буудал барих нь орчин үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтэд нийцсэн том ажил болно гэж итгэж байна.
Нисэх онгоцны буудал яагаад барих болсон тухайд гэвэл, манай аймагт онгоцны буудал байдаг хэдий ч үйлдвэрийн районд буюу овоолгын үүсмэл ордын дэргэд байрлалтай. Үүнийг мэргэжлийн талаасаа тохиромжгүй үздэг. Нөгөө талаар, Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэр нь ерөнхийдөө үйлдвэрийн район болсон гэж хэлж болно. Эрдэнэтэд шинээр “Бэрэн металл”, Хивсний үйлдвэр,Эрдэнэт Медикал, Ачит-Их зэрэг үйлдвэрүүд ажиллаж байгаа бол, Булган аймагт төмрийн хүдрийн уурхай нээгдээд,үйл ажиллагаа нь эхэлсэн. Цаашид Эгийн голын усан цахилгаан станц, коксжсон нүүрсний уурхайн үйлдвэрүүд ажиллаж эхэлнэ. Мөн Засгийн газрын концепцид тусгагдсаны дагуу 250 км төмөр зам баригдах ажил эхэлнэ. Эдгээр төслүүд дээр гадны мэргэжилтнүүд эхний ээлжинд ажиллана. Шинээр хэрэгжих төслүүдийг хариуцаж байгаа удирдлагууд нь нийслэл хоттой байнгын холбоо уялдаатай ажиллах шаардлагатай болно. Тиймээс замд олон цаг зарцуулах, цаашилбал хүний эрүүл мэнд, болзошгүй осол аваарь гэх мэт эрсдлийг багасгах үүднээс энэхүү нисэх онгоцны буудлыг барих нь зүйтэй гэсэн саналыг олон аж ахуйн нэгж гаргасан. Засгийн газрын концепци хэлбэрээр энэ асуудал шийдэгдэх байх. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу Эрдэнэтэд “Эко-400” ажилчдын амины орон сууц барих төсөл эхэлж байна. Оросын талын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдийн аюулгүй байдал, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн “Москва-300” нэртэй евро стандартын хорооллын бүтээн байгуулалт бас эхлэнэ. Зураг төслийн ажил нь үндсэндээ хийгдээд дуусаж байна. Дараагийн нэг хөгжлийн концепцид тусгагдах асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн Засвар Механикийн заводыг уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэгийн үйлдвэрлэлийн чиглэлээр өргөтгөх тухай байгаа. Бид энэ талаар Чех болон Герман улсын мэргэжилтнүүдтэй хэлэлцээ хийж байна. Энэ бүх төслийг бодитой хэрэгжүүлэх нь бидний ойрын зорилт болж байна. Энэ бүгдийг эцэст нь дүгнэж хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн өнөөдөр, маргаашийн төлөв маш тодорхой болж байна гэж ойлгож болно. Ер нь Эрдэнэт үйлдвэрийг шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон хөтөлбөр төлөвлөгөөгөөр цааш нь хөгжүүлж, боловсронгуй болгох нь үйлдвэрийн удирдлага болоод ажиллагсдын ажиллах урам зориг, итгэлийг улам өндөр болгоно гэж би ойлгож байна. Манай үйлдвэрийн ажиллагсдын дундаж цалин 2013 онд 1.9 сая төгрөг байсан бол 2014 онд 2.1 сая болж өссөн үзүүлэлт байгаа. Энэ үзүүлэлт ч Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжлийг тодотгож байгаа нэг жишээ гэж хэлмээр байна.
–Уул уурхайн салбарын хөгжлийг урагшлуулая гэвэл зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах ёстой гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Монгол улсын Засгийн газраас зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барих шийдвэрийг өнгөрсөн 6-р сард гаргасан. Яагаад Эрдэнэтийн уурхайн дэргэд байгуулж болоогүй юм бол?
-Энэ бол Монгол уурхайчдын эртний мөрөөдөл. Эрдэнэт үйлдвэрийн хувьд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл зэсийн баяжмалаа хагас боловсруулсан байдлаар гадагш нь гаргаж ирлээ. Харин одоо эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлохыг зорьж байна. Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд яагаад байгуулж болохгүй гэж, дэргэдээ байх нь тээврийн зардал хэмнэхээс эхлээд үр ашиг илүү, ажиллах боловсон хүчин хангалттай байна гэж их ярьж байна. Энэ талаас нь авч үзэхээр үнэхээр тийм ч байгаль экологийн хувьд зохимжтой биш гэдгийг мэргэжлийн хүмүүс тодорхойлсон. Эрдэнэтийн энэ газар нутаг нь байгалийн тогтолцооны хувьд ховор байдаг хагалбар газар. Өвөл дулаан, зун сэрүүн уур амьсгалтай, ой, ургамал, усны хагалбар газарт зэс хайлах үйлдвэр барих нь тохиромжгүй гэж эрдэмтэд баталж байгаа.
Нөгөө талаасаа, Монгол улсын аж үйлдвэрийн цаашдын хөгжлийн явцад нөлөөлөх Цагаан суварга,Оюу толгой зэрэг уурхайн дэд бүтцийн тохиромжтой нөхцөлийг тооцож үзсэн. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого шийдвэрийн дагуу олон талын мэргэжилтэн, экспертүүдийг оролцуулсан урт хугацааны хэлэлцүүлэг, зөвлөлгөөн хийсэн. Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барьснаар жоншны баяжмалтай хамтад нь хими металлургийн цогцолбор үйлдвэрийн район болох боломжтой гэж харж байгаа. Зэсийн үйлдвэрийг Дорноговь, Сайншанд, Чойр, Дархан хотод байгуулж болох эсэх талаар бас судалсан. Эдгээр газруудад усны асуудал хүндрэлтэй юм билээ. Тиймээс Бор-Өндөрт байгуулж, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт оршдог Хэрлэн голын усны нөөцийг түшиглэх нь зүйтэй гэж шийдсэн. Бас нэг зүйлийг тодруулахад, цэвэр зэсийн үйлдвэрлэл эрхлэхэд ашигласан хүхрийн хүчлийг хаана агуулах, ашиглах тухай асуудал их хүндрэлтэй байдаг. Цаашид Дорноговийн ураны эрэл хайгуул үйлдвэр хөгжих ирээдүйтэй тул бид хүхрийн хүчлээ тус үйлдвэрт борлуулах, зах зээлээ тэлэх боломжтой гэж үзээд Бор-Өндөрт зэсийн хайлуулах үйлдвэр барьж байгуулах сонголт хийсэн юм. Холбогдох техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан Аж үйлдвэрийн яамны шинжлэх ухааны технологийн зөвлөл дэмжсэн.
-Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөөнд Эрдэнэт Медикал оношлогооны төвийн бүтээн байгуулалт тусгагдсан гэж та түрүүн ярилаа. Энэ төв хэзээ ажиллаж эхлэх вэ? Эрдэнэтчүүдийн хувьд маш их хүлээлттэй байгаа?
Тиймээ. Эрдэнэт Медикалыг барьж байгуулах шийдвэр үйлдвэрийн өмнөх удирдлагын үед хоёр талын зөвлөлийн хурлаар дэмжигдэж гарсан байдаг. Монгол улсын ЭМШУИС, Эрдэнэт үйлдвэр, Япон улсын Мерикс консалтинг компани хамтран, Хангайн бүсийн хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр эмчилгээ оношлогооны иж бүрэн цогцолбор төв байгуулья гэсэн шийдэлд хүрсэн юм билээ. Анх тус төвийн барилга байгууламжийн зураг төсөл, судалгааг Япон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн гаргасан дүн шинжилгээг үндэслэж, тус улсын дэмжлэгтэйгээр хийсэн. Япон улсыг сонгох болсон шалтгааныг энгийн үгээр тайлбарлахад, аль ч үед дэлхий дахинд чанарын үзүүлэлтээрээ Герман, Япон улсын техник технологийн хөгжил дэвшил тэргүүлж байгаа. Тэгэхээр Ази тивд оршдог, нөгөө талаасаа хүний биеийн бүтцийн хувьд ч гарал үүсэл нэг гэсэн утгаар нь Япон улсын эрүүл мэндийн менежментийг сонгож нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Мөн бас нэг хүчин зүйл бол Японы иргэд урт насалдаг. Тэнд эрэгтэй хүний дундаж нас 80, эмэгтэй хүнийх 86 байна. Тиймээс энэ нь Япон улсыг сонгоход нөлөөлсөн маш чухал үзүүлэлт юм.
Ер нь хүнээс дээд эрдэнэ гэж хаана ч байхгүй. Тиймээс ч хүн төвтэй төрийг бид байгуулж байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвтэй зөвлөлгөөн зохион байгуулж, илтгэлдээ 2050 он гэхэд монгол хүний насыг 80-85 хүргэж уртасгах зорилт тавьсан. Тэгэхээр энэ зорилт, Япон улсын одоогийн дундаж наслалт хоёр үндсэндээ давхцаж байгаа нь бидний сонголт зөв, оновчтой болсныг харуулж байна. Эрдэнэт үйлдвэр энэ бүтээн байгуулалтыг санаачлан бий болгосноороо ард иргэдийг эрүүл энх байлгахад том алхам хийсэн гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт Медикалын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, гадна талбайн тохижилт, инженерийн шугам сүлжээ бүгдийг шийдэж бэлэн болгосон. Оношлогооны төв учраас дүрс оношлогоо, лабораторийн үйл ажиллагааг түлхүү тавина. Мөн манайд аж үйлдвэр хөгжиж байгаатай холбогдуулан мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх зорилтыг жэж төвийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Бид Японы талтай эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл гэсэн чиглэлээр нягт хамтран ажиллаж байгааг дурьдах ёстой. Эрдэнэт үйлдвэрийн баримталж байгаа бодлого ч ийм юм. Түрүүн асуултандаа дурьдсан, оношлогооны төв хэзээ иргэдэд үйлчилж эхлэх вэ гэсэн хүлээлт их байна гэж. Үнэхээр хүлээлт их байгаа. Тэгэхээр бид одоогийн байдлаар Японы эрүүл мэндийн үйлчилгээний “Медипас” гэдэг байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Энэ 9 сард багтааж, бүх гэрээ хэлэлцээрийг хийж дуусна. Японы эрүүл мэндийн менежментийг иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулахад багагүй хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Бид үүнийг алхам алхмаар хийнэ гэж төлөвлөж байна.
Оношлогооны төвийг цаашид “Эрдэнэт медикал” төв эмнэлэг гэж нэрлэхээр болсон. Тодруулж хэлбэл, саяхан бид Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авч, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт медикал” төв эмнэлэг гэсэн статустай болгосон. Энэ нь Эрдэнэтчүүд төдийгүй ойролцоох аймаг сумын иргэд ирж үйлчлүүлэх өргөн боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөө талаас “Эрдэнэт Медикал” төв эмнэлэг өрсөлдөх чадвартай байх ёстой. Учир нь манайд Солонгос, Энэтхэг, Тайланд, Япон, Хятад улсын эмнэлгүүд нээгдэн, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд том хөрөнгө оруулалт орж ирж байна. Тэгэхээр манай төв эмнэлэг орон нутагт нээгдэж буй хамгийн том цогцолборын хувьд эдгээртэй өрсөлдөж чадахуйц чанартай, шуурхай, соёлтой үйлчилгээг явуулах шаардлага гарч байгаа юм. Бид эмнэлгийнхээ үйл ажиллагааг ирэх 11 сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Японы талтайгаа ч хэлэлцэж тохирсон. “Эрдэнэт Медикал” төв эмнэлгийн төсөл 3 үе шаттай. 2 дахь үе шат нь буюу 180-200 ортой эмнэлгийг барих ёстой. Гэвч улс орны эдийн засаг сайн биш байгаа нөхцөлд үүнийг өөрийн хөрөнгөөр барина гэдэг хүндрэлтэй асуудал. Тиймээс бид улсын болон Эрдэнэт үйлдвэрийн төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэхийн тулд Японы талтайгаа эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлнэ. Ингэж шийдэх юм бол 200 ортой эмнэлгийг Япон улсын хөрөнгө оруулалттайгаар барих юм. Энд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад хөнгөлөлттэй үнэлгээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоог хүртэнэ. Эргэн төлөгдөх нөхцөлийг бид судалж байна. Урьдчилсан техник, эдийн засгийн үзүүлэлтээр хөрөнгө оруулалтаа 8.1 жилийн хугацаанд нөхнө гэсэн тооцоо гаргасан. Санал солилцох явцад зарим хүн ярьдаг л даа. Хувь эзэмших хэлбэрээр ажиллаж болно гэж. Хувь эзэмшинэ гэдэг эерэг, сөрөг олон талтай. Жишээлбэл: Манай улс Оюутолгойн уурхайн 34%-ыг эзэмших нөхцөлтэй хийсэн. Гэтэл нөгөө тал хөрөнгө оруулалтаа нэмэхээр манайх бас эзэмшиж буй хувь хэмжээгээрээ хөрөнгө оруулах шаардлагатай болдог. Ингэхээр улсын төсөвт хүндрэл учруулдаг гээд олон сөрөг талтай. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хэд хэдэн нөхцөл байдаг. Улс орны тогтвортой байдал, аюулгүй орчин, гэрээ хэлэлцээрээ чанд мөрдөх гээд олон зүйл шаардана. Монголын улс төрийн тогтвортой байдал баталгаатай биш, гэрээ хэлэлцээрээ гэнэт өөрчилдөг учраас энэ хэлбэр тийм ч оновчтой биш юм.Тиймээс бид цаашдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй менежментийг нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлнэ. ЭМЯ болон ЭМШУИС-иас хийсэн 2013 оны судалгаанаас харахад, 1 жилд 250 сая гаруй доллар иргэдийн эмчилгээний зардал болон гадагшаа гарч байна гэсэн тооцоо байдаг. Энэ үзүүлэлтийг багасгахад бид анхаарч, эмнэлгийн үйл ажиллагааг чанаржуулах, эх орондоо оношлуулж эмчлүүлэх,алсын зайн оношлогоог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах ёстой.
-Эрдэнэт медикал төв эмнэлгийн үйл ажиллагааны чанар болоод ард иргэдийг өөртөө татах нэг гол хөшүүрэг бол тэнд ажиллах боловсон хүчний мэдлэг чадвар байх нь гарцаагүй. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ?
Боловсон хүчний асуудал үнэхээр хурцаар тавигдаж байна. Тэр тусмаа хөдөө орон нутагт мэргэжлийн эмч, эрүүл мэндийн ажилтнууд хүрэлцээ муутай байгааг үгүйсгэхгүй. Мэргэжлийн хүмүүс нийгмийн хөгжил дэвшил, сурч боловсрох таатай орчин, амьдралын баталгаагаа дагаад төвлөрсөн хот суурин газрыг сонгох болсон. Тиймээс боловсон хүчний хангамж тааруу байгаа гэж хэлж болно. Орхон аймгийн БОЭТ-д зохих мэргэжлийн хүмүүс бий. Гэвч бид тэднийг урьж ажиллуулна гэхээр БОЭТ-д боловсон хүчин нь хэрэгтэй. Тийм учраас нарийн мэргэжлийн орон тоон дээр Японы мэргэжилтнүүд ажиллана. Мэдээж, нийт ажиллагсдын ихэнх хувь нь Монголчууд байна. Хамгийн гол нь гадаадын мэргэжилтний мэдлэг, ажлын арга барил туршлагаас суралцаж, залуу боловсон хүчнүүдээ бэлтгэж дадлагажуулах, тэднийг нутаг орондоо суурьшуулах бодлого баримтлана. Цаашдаа оношлогоо эмчилгээний орчин үеийн боловсронгуй менежмент, боловсон хүчний өндөр мэдлэг, чадварыг энд бүрдүүлж, орон нутгийн ард иргэд түүнчлэн Орос, Хятад руу зорьдог хилийн ойролцоох нутгийн иргэд наашаа ирдэг болох үүдийг нээж өгөх том зорилт бидний өмнө байгаа гэж хэлье. Эрдэнэт Медикал төв эмнэлэг хэрэв сайн ажиллах юм бол уурхайгаас ч илүү ашигтай ажиллах ирээдүй харагдаж байна. Ер нь бол ашиг гэхээсээ илүүтэй маш том буянтай ажил шүү.
-Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үйлдвэрээ хөгжүүлэх талаар ямар чиглэлд хамтран ажиллах вэ?
-Уул уурхайн салбарын жишиг болохуйц хоёр том компани хамтран ажиллах болж байгаа нь улс орны хөгжилд сайны дохио өгч байна гэж хэлж болно. Бусад уурхай болон уурхайчид хоорондоо холбоотой байх, зах зээлийг хамтарч бодитой тодорхойлох, худалдаа борлуулалтаа зөв зохистой хийх, бие биенээ дэмжих, туршлага солилцох гээд олон эерэг зүйлийг авчрах хэлэлцээрийг манай үйлдвэр Оюутолгойтой хийсэн. Бид тус хэлэлцээрт хэд хэдэн чиглэлээр харилцан хамтран ажиллах чиглэлийг оруулж, эхнийх нь болох хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нягт хамтарч ажиллаж байна. Мөн худалдаа борлуулалт, импортын чиглэлээр Оюутолгойд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн эд ангийг Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводад үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, Оюутолгойд ажиллаж байгаа залуучуудыг манай Технологийн сургуульд сургаж бэлтгэх, энэ үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгож өргөжүүлэх оновчтой шийдэл гээд олон талаар санал, туршлагаа солилцож байна. Ер нь том компаниудын түвшинд бие биенээсээ харилцан суралцаж, хамтарч ажиллах нь бусад жижиг уурхай, аж ахуйн нэгжид үлгэр жишээ болно гэж харж байгаа.
-Эрдэнэт үйлдвэрийн хаалт хөгжлийн бодлогын нэгд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль багтдаг. МУ-ын уул уурхайн салбарын нарийн мэргэжилтнийг бэлтгэж ирсэн тус сургууль өдгөө 40 дэх жилтэйгээ золгож байна. Тус сургуулийн ирээдүйг та хэрхэн тодорхойлох вэ?
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг уул уурхайн нарийн болон хос мэргэжилтнийг бэлтгэх сургалтаар дагнасан анхны их сургууль гэж хэлж болно. Уурхайн мэргэжлийн ажилчдыг бэлдэх түр сургалтаас эхлээд дээд мэргэжилтэй инженерүүд сургаж, төгсгөж ирсэн замнал нь тус сургуулийг сургалтын бааз суурь сайтай, туршлагатай болгосон байна. Технологийн сургуулийн ирээдүй гэрэлтэй байна. Өнөөдөр манай улсад уул уурхай эрчимтэй хөгжихийн хирээр энэ салбарт ажиллах мэргэжилтнийг сайн бэлтгэх хэрэгцээ нэмэгдэж байна. Нөгөө талаар уул уурхайн компаниуд эрдэс түүхий эдийн дээжээ шинжлүүлэх техник технологио тодорхойлох зорилгоор гадаад оронд явуулж байгаа. Үүнд зарцуулагдаж байгаа валютын зардлыг хэмнэж, өндөр мэдлэг чадвартай мэргэжилтнүүдийнхээ хүчээр дотооддоо хийдэг болох шаардлага тавигдаж байна. Энэхүү судалгаа шинжилгээний ажлыг Технологийн сургууль дэргэдээ хийж эхэлбэл Монгол улсын уул уурхайн эрдэм шинжилгээний цогцолбор төв болох дүр зураг тод байна. Ингээд төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойг тэмдэглэж байгаа эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагсад, нийт оюутнууддаа баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөр сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрдэнэт хөгжил сэтгүүлд ярилцлага өгч байгаагийн хувьд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Технологийн сургуулиас эрхлэн гаргаж байгаа Эрдэнэт хөгжил сэтгүүл анхны дугаараа хэвлүүлснээс хойш 10 жил боллоо. Бид уурхайгаа хөгжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээл туурвих, оюуны хөрөнгө оруулалт хийх ажлаа орхигдуулж болохгүй. Тийм учраас энэ сэтгүүлд уул уурхайн мэргэжлийн онол болон практик судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг нийтэлж, тэрхүү шинэ соргог мэдээллээр манай ажиллагсдын тархи цэнэглэгдэж байх учиртай. Энэ үүднээс тус сэтгүүлийн ач холбогдлыг үнэлж баршгүй юм. Эрдэнэт үйлдвэрээс өөр дэргэдээ шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чиглэлээр сэтгүүл гаргадаг уурхай ховорхон байх. Харин цаашид бид сэтгүүлийн нийтлэлийн хүрээг тэлж, үндэсний хэмжээний болгох, улмаар олон улсад мэргэжлийн байгууллагуудад нь хүрдэг бренд сэтгүүл гаргахыг зорьж, ажиллах ёстой. Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаас цаашид Эрдэнэт хөгжил сэтгүүлийн нэрэмжит олон улсын бага хурлыг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Иймд энэхүү шийдвэрийг Эрдэнэт үйлдвэрийн туслалцаа, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх нь зүйтэй. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа
М.Балжинням