Хүн байхуй
Өнөөгийн хүмүүстэй үзэл бодол нийцдэггүй мөртлөө бидэнтэй нэгэн цаг үед амьдарч Монгол дарханы философиор өөрийгөө тэжээгч эрхэмтэй таныг уулзуулах гэж байна. Яагаад оршин буй нийгэмтэйгээ, хүмүүсийн үг яриа, үзэл санааг таашаадаггүй вэ. Бусдаар адайр ааштай гэж хэлүүлээд ч хамаагүй Монгол дарханы түүхийг авч үлдэхийг яагаад хүсдэг юм бол. Энэ хүнд “би” гэсэн үзэл байдаггүй. Түүний дарханы бүтээлдээ шингээхийг хүссэн бодол, зорилго, хорвоо ертөнцийн зохицол, философи, Монгол дарханы талаар судалсан, уншсан оюуны хүрээ, бүтээлийнх нь тухай хүргэх гэж байна.
Ид залуу байхдаа урласан гэр бүлийн есөн ширхэг алт, мөнгөн аяганы хос бүтээлээр улсын уралдаанд дэд байрын шагнал хүртэж. Дархчуулын Гранпри шагналыг мөнгөн цөгц урлаад авч байсан ч тэрээр алдар хүндийн оргил руу дээрх давуу талаараа бамбай хийгээд явахыг хүсдэггүй. Баянхонгор аймгийн уугуул Лэгцэгийн Сурияагийн дотоод ертөнцийг сонсоё.
ГАНЦ УДАА ХҮН БОЛЖ ТӨРЧИХӨӨД ЭД МАТЕРИАЛ, АЛДАР ХҮНД, ЦОЛ ГУНШИНД ЗОРИУЛЖ ӨНГӨРӨӨХ ЮУТАЙ ГУТАМШИГТАЙ
Би бол уран бүтээлч биш, уран дархан биш, биет бус өв тээгч бүр биш гээд байгаа. Тэгэхээр энэ хүн өөрийгөө дархан гэх ойлголт руу дөхөх болов уу гэж боддог. Дархан буюу бүтээгч гэдэг ойлголт. Бүх төрлийн хэрэгдэгдэхүүнээр бүтээл хийнэ. Төмөр, зэс, алт, мөнгө, модоор гэх мэт. Жишээ нь, энэ авдар, ширээ, ажлын ширээ, ор, сандал гээд бүгдийг модоор хийсэн. Дээл оёно, арьс шир юу байна, бүгдийг хийнэ.
1993 онд анх хөдөөний залуу Эрдэнэтэд ирээд, хүмүүс ганзагын наймаанд явж байхад, дарханы ширээний ард суугаад үлдсэн. Гарын ураар бүтээх сонирхол хүүхэд байхаас байв уу, эсвэл зорьж сурсан уу гэвэл, Л.Сурияа: “Би хорин тавныхаа жил дээр айхтар өвдөөд, хоёр жил орчим. Тэр үеийн ойлголтоор тахир дутуугийн хоёрдугаар групт шилжээд найман жил болсон. Өвдсөн үе амьдралд минь эргэлт авчирсан. Би эндээс хариулт хайсан. Өнөөдрийн Сурияаг бүтээсэн зам, алдаа оноо бүх зүйлийг 27 настай байхдаа олж авсан. Сүүлд элдэв юм уншаад, настнуудын үг сонсоод явж байхад Хутагтын үг үнэн санагдсан. Хураангуйлвал зовлон гуниг, зовлонгийн шалтгаан, түүнээс хагацахын үнэн, арга замын үнэн гэдэг ч юм уу. Ингээд бодохоор би мэдлэгийн хүрээгээ тэлээгүй учир өөрийгөө зовоогоод байсан. Ганзагын наймааны үед би энд сууж үлдсэн гэдэг нь амьдралынхаа турш өөрийгөө сонссон. Миний сэтгэл зүрх юу хүсч байгаа юм бэ. Би хэн нэг хүнээс ийм юм хийх гэж байна, зөв үү, буруу юу, энийг яаж хийвэл сайн болох вэ гэж асууж байгаагүй. Өөрийгөө л сонсдог. Дотор хүн маань, чи наймааны хүн биш гэдэг. Өөрөөр хэлбэл, ганц удаа хүн болж төрчихөөд эд материал, алдар хүнд, цол гуншинд зориулж өнгөрөөнө гэдэг юутай гутамшигтай. Анх би дарханы салбарыг мэддэггүй байсан. Эхний арваад жил тэнд хийсэн юм гоё харагдаад, тэр дархан шиг гоё юм хийчих юмсан гэж бодож явсан. Арав гаруй жил явсаны дараа эргэлзэж эхэлсэн. Яг миний бодож байсан шиг биш юм. Хосгүй гээд байгаа монгол дархчуул, ойгүй цол гуншинтай хүмүүст эргэлзэх сэтгэл төрж эхэлсэн. Дараагийн гурав дахь үе дээр нь энэ бүхэн худлаа юм байна. Хүмүүс өнгөн дээр амьдардаг. Дархчуул нь ч сэтгэл зүрхээ өгч, судалж явдаггүй. Монгол хүн ийм байдаг юм уу, хүн гэж ер нь хөвөөд, сургаар явдаг юм байна гэсэн бодол надад үлдсэн.
ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АВЧ ЯВАХЫН ТУЛД ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ БОЛСОН
Дараа нь би унших ном хайсан. Сономцэрэн гуай Монгол дарханы урлаг номын нэгдүгээр ботийг 1989 онд гаргаад, тэр жилдээ нас барсан байсан. Батчулуун гуай Монгол дарханы урлаг гэж хоёр боть ном зохиол хийсэн. Өөр эх сурвалж байдаггүй. Ардын яриа, дархчуулын үзсэн, сонссон яриа байна. Дээрхээс харьцуулж дүгнэлт хийгээд, миний хамгийн хүссэн зүйл мэргэжлийн түвшний шүүмжлэл, судлаач байхгүй. Яаманд нь ч байдаггүй, бодлогод нь ч байхгүй. Энэ байтугай салбараа хаячихсан энэ улс орон. Тиймээс би оршиж байхын тулд, урагшаа явахын тулд өөрийн гэсэн дүгнэлтийг гаргах ёстой болсон. Гэсэн ч дарханы салбар сүйрчихсэн гэж хэлэхгүй, тасарчихсан юм байна гэж дүгнэсэн. Эргэж сэргээд 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хооронд дарханы ажлаа ашиглаж, нэр төр, мөнгө төгрөг олдог юм руу явчихсан. Зорилго нь өөр учраас ихэнхдээ ийм хүмүүсийн хийц нь хуулбар болчихсон. Ноён, Батноров, Дарьганга, Боржигон гээд хийцүүдээ хуулдаг юм уу. Өнөө үед технологи хөгжөөд бүр айхтар болчихсон. Би нарийн юм руу ороод ярьж чадна. Тэгэхээр цаг үеэ дагаад ахуйтайгаа зууралдаад эдний араас явах ёстой юу. Цол гуншин, алдар хүндийн араас явах ёстой юу. Захиалагч итгэл өвөрлөөд над дээр ирж байна. Сурияа дархан намайг хуурахгүй, бүтээсэн зүйлийг нь үр удамдаа өвлүүлээд, өвөө, эмээгийн маань гэж дээдэлж явна гэж хүмүүс бодож байна. Тиймдээ ч дархан хүний хамгийн гол баримтлах зүйл бол итгэл юм. Хүний итгэлийг авч явахын тулд би өөрийгөө боловсруулах ёстой болсон. Бодож эхэлдэг. Намайг олигархуудын дархан ч гэж хэлдэг. Тэгэхээс аргагүй, олигархууд монгол дарханыг бүтээлтэй үлдээж байна. Тэд миний бүтээснийг үр хүүхэддээ өвлүүлнэ. Үүнийг өв соёл гээд байгаа юм болов уу.
ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ГЭЖ ҮЗДЭГ УЧРААС БИ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДАГ
Би 27 наснаасаа энэ салбарт орсон. Өөрийгөө олсон гэж үздэг учраас би жаргалтай амьдарч байна. Би залуучууд, хүүхдүүддээ хэлдэг. Одоо надад бусдыг дооглохоос өөр ямар ч зүйл байхгүй. Гуниглахгүйн тулд кофе ууна, тоглоом тоглоно.
Эргээд харахад, түүхээс хүн сургамж авах нь чухал. Монгол дархан дээр яг ийм. Жишээлбэл, мөнгөн аяганы доторх энэ металын шинж чанарыг өндөр түвшинд танин мэдээд битүү хэрэглэж байгаа. Тэр бол гайхамшиг. Одоо бид давтаж хийх нь гайхамшиг биш. Манай эзэнт гүрний 13-р зууны үеэс өмнөх тодорхой бус байсан. Одоо хүрлийн үеийн олдворууд бага зэрэг олдож байгаа. Археологиос монгол язгуур амь харагддаг. Бусад нь бол олдмол. Эсвэл согдууд, уйгарууд, оросууд, энэтхэг, төвд, хятад гээд азийн орнуудын соёлоос харилцан шүтэлцсэн зүйлүүд харагддаг. Эдэн дундаас монгол дархчууд яг юу хийж бүтээсэн бэ. Хархорины малтлагын Германы экспидецийг харж байхад төмөр боловсруулж байсан юм байна. Бид Эргүнэ хунгийн домгийг юу гэж ойлгох ёстой вэ. Хэнтийгээс туурь нь олдож байсан, тэнд ширэм хайлж байсан. Өөрөөр хэлбэл, эзэнт гүрний мандал бадралын үеийн монголчуудын зэвсгийг одоо гайхаж байна. Есөн давхар болд сэлэм, бусад зэр зэвсгээ монголчууд хийсэн гэж баталдаг. Би бол эргэлздэг, эцсийн байдлаар бүх юманд эргэлзэх ёстой. Тийм учраас би гараараа барьж, нүдээрээ үзэж, сэтгэлээрээ итгэж байж монголчууд хийж байсан гэдэгт итгэнэ. Тэр түвшинд нь уншиж судалж чадаагүй байна. Жишээлбэл, археологич Эрдэнэбаатар докторын бүх номыг худалдаж авах гээд чадахгүй байна. Тэнд монголын гэсэн биет олдворуудыг бичсэн байгаа. Өчүүхэн жижиг сумны зэвээс ганц эвэрт гөрөөс хүртэл.
ДАРХЧУУЛЫН ДУНД ЦАГААН АТААРХАЛ БУЮУ УРАН БҮТЭЭЛИЙН ЦЭВЭР ӨРСӨЛДӨӨН БАЙДАГ
Түүхийн нугачаануудад монгол дарханы хөгжил гольдролоороо яваад ирсэн. Бөөгийн онго шүтээнийг харахаар бүдүүлэг дүрстэй, бараг гурван настай хүүхэд хийчихнэ гэж хэлмээр. Гэтэл үгүй. Тэрний цаана асар их хөдөлмөр бий. Тэгэхээр хөгжлийн зүй тогтлоор яваад байтал манжийн үеэс 1577 он Түмэдийн Алтан хаанаас хойш Өндөр гэгээнээс арай өмнө үед монгол дархан дээр өөрчлөлт ороод эхэлсэн. Тэр нь бурханы шашны нөлөө орж ирж байгаа. Бурханы шашны сургааль хүрээгээ тэлж, эд өглөгийн зүйлс дагаад ороод ирж байгаа. Хонх дамарнаас эхлээд. Гэсэн ч монгол дарханы ардын чиглэл нь жам ёсны хөгжлөөрөө яваад байсан. Энэ дундаас хэд хэдэн онцлог үнэт зүйлүүд бий болсон. Эдний нэг нь удам дамжсан дархан гэдэг ойлголт маш үнэт зүйл. Би гурав дахь үеийн, дөрөв дэх үеийн дархан гэж яриад байгаагийн цаана юу байна вэ гэхээр, энэ хүрд хийхийг хазгай муруй сурчихаад, амьдралдаа магадгүй нэг удаа л хийнэ. Нэг юм хийгээд, оролдоод орхичихно. Тэр бол Доржийн ертөнцийг үзэх үзэл бүтээлээр дамжиж гарч ирж байгаа. Хүүхэд нь аавын генийг аваад төрж байгаа. Ясан талыг дагуулаад, амин сүнс нь гарч ирж байна. Хүүхэд нь аавын нүдээр харж байгаа. Гэхдээ сайжруулдаг. Дараа нь дөрөв, тав дахь үедээ энэ бүтээлийг Самбуу дарханы хийц гэсэн амин сүнс яваад байдаг. Эхлэл нь ингэж тавигддаг. Алдартай хийцүүд үүсэж бий болохын суурь нөхцлийн нэг ийм. Мэдээж ганц хүчин зүйл алдартай борижигон хийцийг бий болгосон юм биш. Алдартай хийц үүсэх суурь нь зүй тогтлоор яваад байсаны нэг нь удам дамжсан дархан юм. Нөгөө талдаа, голын урд талын Шагдар дархан энэ хүрдийг ингээд хийсэн байвал, голын хойд талын Самбуу дархан “Шагдар ингэж хийсэн үү, би ингэж хийнэ, давна” гэсэн цагаан атаархал буюу уран бүтээлийн цэвэр өрсөлдөөн байдаг. Энд тэдэн төгрөгөөр хийгээд зарсан гэдэг асуудал байхгүй. Хүрдийг хоёр жил архидаж яваад хийж болно. Харин одоогийн бидэнд тийм урт цаг хугацаа байхгүй.
Монголд өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн хийцүүдийн үүсэх шалтгааны хоёрыг ярилаа. Зөндөө олон нөхцөл бий. Бүх газар нутагт уран хүмүүс төрж байна. Тодорхой шалгуураар аваад сургаад дархан болгоод явж байна. Сүм хийдүүд өөрийн уран дархчуулаа бэлдэж ирсэн уламжлалтай. Маш олон түүхэн нөхцөлөөр монгол дарханы хөгжил үргэлжилж байна.
БАРДАМ БАЙСАН МААНЬ БАЙХГҮЙ БОЛЧИХСОН
Монгол дарханы хөгжил тасраад алга болчоогүй 1990 онтой залгасан. Үндэсний ухамсар сэргэсэн, хоригдож хаагдаж байсан зүйл зад тавиад, том цунами эхэлсэн. Яг тэр цунами миний амьдралын ид залуу үетэй таарч байгаа юм. Надад ганзагын наймаанд явах уу, юмаа хийгээд явах уу гэдэг сонголт гарч ирсэн. Би нэлээд хэдэн жил мод хийсэн. Сийлбэр, зүмбэр, цоохор гээд гэр ахуйн тавилга хэрэглэл гээд залуу хүний сонирхол байдаг, түүнийхээ дагуу сурчих юм сан гээд. Өсч хүмүүжсэн нийгэм маань мөнгөнийх биш байсан болохоор тэмүүлэл байлаа. Ямар ч юманд бууж өгдөггүй болгох гээд зүтгэдэг чанар бидэнд байсан. Яг түүгээрээ л явсан. Модон дээр сурах ёстой бүгдийг би сурсан. Нутагтаа хэдэн шавь нартай, модны хаан гээд жижигхэн хүрээндээ жаахан нэртэй. Дараа нь Эрдэнэтэд ирээд, дарханы салбар руу орж байсан. Хувь зохиолоор аяга хийх боломж таараад хийсэн. Тухайн хүний мөнгөн аяга хийж байгааг хараад, дарааллыг нь нүдээрээ тогтоогоод “За, ингээд хийчих юм, юу нь хэцүү байгаа юм бэ” гэж бодсон. Би ч найман жил зарцуулаад сурчихна гэж байсан. Амьдралынхаа бусад жилүүдийг утга учиртай өнгөрөөнө. Дараа нь шинэ зүйл сурна гэж. Эхний аяган дээрээ хэд хоносон бэ, болохгүй тусам миний сонирхлыг татаж эхэлсэн. Бардам байсан маань байхгүй болчихсон. Нухсаар байгаад эхний аягаа гаргаад би онцгой баярласан. Багш маань Улаанбаатарт, би Эрдэнэтэд. Гар утас гэж байхгүй, утсаар ярихаар холбоон дээр очно. Хэдэн цаг болно, шугам нь сонсогдохгүй, юм асуумаар байдаг.
ДАРХАНЫ АМЬДРАЛЫГ ТУУЛСАН УЧИР БИ ХЭНД Ч БҮГДИЙГ ЗААЖ ӨГӨХӨД БЭЛЭН БАЙДАГ
Урчуул, дархчуулд нэг муухай юм бий. Мэдэж байгаа жаахан юмаа хүнд хэлж өгдөггүй. Одоо би эргээд харахад нэг хүн өндөр технологи ч юм уу, нарийн нандин нууц мэддэг байсан юм уу, тэрнийгээ надад зааж өгөөгүй юү. Магадгүй удмынхандаа хэлдэг нууц, технологи байж болно. Одоо бол би амьдралынхаа туршлагаас харахад, тийм нууц зүйл юу ч байхгүй гэж хэлнэ. Ийм сэтгэлгээ бол тухайн бүтээгч жалган дотроо л байгаа юм байна. Жижигхэн юм мэддэг, энийгээ алдвал хоолоо алдана. Тийм учраас хэлж өгдөггүй. Дарханы амьдралыг туулсан учир би хэнд ч бүгдийг зааж өгөхөд бэлэн байдаг. Хэрвээ надаас хэрэгтэй зүйл байгаа бол надаас асуу, нөгөө талаас би бол монгол хүн. Хэрвээ надад мэдэж байгаа, чаддаг зүйл байгаа бол энэ ард түмний бүтээсэн өв юм. Би сансараас юм уу, японоос ирсэн хүн биш. Тэгэхээр надад сурсан мэдсэн юм бусдаас илүү байгаа бол би үлдээх ёстой. Миний төрлийн хүн байна уу, хар элгийн хүн байна уу падлийгүй. Би асуудалд ингэж ханддаг. Ингэж хандаад 20 гаруй жил явж байна.
ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ ДОТОРХЫГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ
“Харсанаа авах гэдэг нь хүний зан, хажуудахаа эзлэх гэдэг нь хааны зан”. Хүний түүх тэр чигээрээ тийм. Гагцхүү монголчуудыг буруутгаад байгаа юм. Бид өөртөө итгэх итгэлгүй, тэжээгдэгч колони сэтгэлгээтэй. Одоо хар, хэдэн арван зуун мянгаараа гадагшаа гараад байгаа. Тэгэхээр дархан бол энэ бүгдийн эсрэг байдаг. Би бүх дархчуулыг төлөөлж чадахгүй ч гэсэн миний үзэл бодол ийм. Энэ оронд дарханы ажил хөдөлмөрийн бүтээмж багатай боловч тухайн хүнд сэтгэл, итгэл, тууштай чанар, авьяас дээр суурилсан хөдөлмөр байвал монгол шиг баян тансаг орон олоход хэцүү. Архичин нь хүртэл турж үхдэггүй, шартаж үхдэг орон, Монгол. Хэзээ ч олныг хамарсан өлсгөлөн болж байгаагүй, боломжгүй. Тэгэхээр хүмүүсийн толгой доторхыг өөрчлөх ёстой. Тэгвэл бүтээгч, хийх гэсэн хүмүүс зөндөө байгаа.
МИНИЙ ХИЙСЭН ҮЙЛДЭХҮҮН ДЭЭР ХУВИЙН ТЭМДЭГ МИНЬ БИЙ
Би монгол дарханыг хөгжүүлэх, судлах гэж амьдралаа зориулаагүй. Дархан болох гэж явсан. Миний өнөөдрийн хүрсэн түвшин хүмүүст яаж уншигддагийг би мэдэхгүй. Хүмүүс ойгүй магтацгаадаг. Энэ бол надад хамаагүй. Өөрөөр хэлбэл, би сэтгэл дундуур түвшин буюу миний түвшин хүрэхгүйгээс цааш нь хөгжүүлэх, ахиад хийх юм зөндөө байсан. Монгол дархан дээр хийсэн өөрчлөлт буюу баримтуудаар би нотлоод харуулж чадна. Хэд хэдэн юм бий. Ганцхан юм хэлэхэд, хийсэн үйлдэхүүн дээр миний хувийн тэмдэг буюу криллээр бичсэн нэр минь бий. Үйлдвэрлэгчийн тэмдэг гэх юм уу. Манай нутгийн Мягмарсүрэн гэж ээмэг, бөгж хийдэг мөнгөний дархан хүн байдаг. Хийж байгааг нь хараад сонирхол нэг их төрдөггүй. Дараа нь оньсон тоглоомын Түмэн-Өлзий гэж хүнтэй таарсан. Түмэн-Өлзий гуай анх барууны орнуудаар явж ирээд үзэсгэлэн гаргаж, тэндээс ашиг олж болох юм гээд бөгжнүүд хийж өгөхийг хүссэн. Оньсон бөгж, задлахаар өлзий хээ, буцаагаад эвлүүлэхээр бөгж болчихдог, 200 ширхэгийг захиалсан. Ингэж алт, мөнгөөр 200 ширхэг бөгж хийж, нөгөө сонирхолгүй байсан зүйл рүүгээ орчихсон. Ийм болохоор багшийн хувьд Мягмарсүрэн гэж дал гарсан хөгшин одоо бий. Одоо байнга харьцаатай, багшаа гэж хүндэлдэг.
ЭНЭ БАГАЖИЙГ АВЧ ЯВЖ БАЙГААД ДАРААГИЙН СУРИЯАД ӨГӨӨРЭЙ ГЭЖ ЗАХИНА
Миний удамд дархан, гарын уртай хүн байсан уу гэхээс, би хаанаас ирсэн. Би хэн бэ, одоо хаачихав, яах гэж үүнийг хийгээд байгаа вэ гэсэн учрыг олохын тулд өөрийнхөө удмыг дээш нь хөөсөн. Эцгийнхээ талыг, эхийнхээ талыг. Одоогоос арав гаруй жилийн өмнө. Хөгшчүүлийг амьд байхад. Ямар овгийн хүмүүс вэ, бидний удамд ямар хүмүүс байсан бэ гэх мэт бүгдийг хөөж үзсэн. Зөвхөн дархан дээр тулгуурлаж хараагүй, цаашдаа олон юман дээр шийдвэр гаргахын тулд өнгөрсөнд юу болсон бэ гэдгийг маш сайн мэдэх ёстой. Удмын ген, алдаа оноо юу байдаг юм бэ гээд бүх юм явж байгаа. Байгаль эхийн гайхамшиг юу байв гэдгийг би гаргах ёстой. Судлаад үзэхэд манай удамд уран, дархан хүн байдаггүй юм. Юмс ерөөсөө алга болдоггүй. Би 400 жилийн өмнө, 280 жилийн өмнө байсан юм байна. Генийн спираль хэлбэрээр явсаар энэ үе дээрээ илэрч гарч ирдэг. Миний үе дээр гарч ирсэн байна. Түүнээс би ухаантай учраас, уран учраас, би эргэцүүлж боддог учраас өнөөдрийн Сурияаг бүтээгээд байгаа гэсэн үг биш. Надаас хамаарсан юм байхгүй. Би золиос байж магад. Миний удам тасрахгүй байвал долоо, найм дахь үе дээрээ дараагийн Сурияа гарч ирнэ гэж боддог. Тийм учраас би ном, багаж хоёр цуглуулдаг. Багажаа өдөр тутам сайжруулдаг. Хүүхдүүддээ захисан, аав нь ном, багаж хоёроо үлдээнэ. Энэ багажийг авч явж байгаад дараагийн Сурияа ирэхэд өгөөрэй гэж захина. Би анх дархан хийж эхлэхдээ ганцхан алхтай байсан. Ёстой махаа идсэн. Би саяхан энэ дуранг аваад байна. Монгол мөнгөөр 12 сая гаруй төгрөгийн мэргэжлийн дуран. Жинхэнэ чимхлүүрт зориулсан. Одоо өөрийгөө 64 нас хүрч, хэнд ч хэрэггүй боллоо гэж бодохгүй байна. Багаж хэрэгслээ сайжруулаад дахиад бүтээе гэж боддог. Аяга, хэт хутга, ээмэг бөгж гээд эдлэл хэрэглэлийн хийцээ улам сайжруулахыг хүсч байна. Монгол хүн өөрийн аягатай, гэр бүлийн бүх гишүүн мөнгөн аяга, эцэг эх, хүндэт хүмүүстээ алтан аяга бариулвал энэ яваа насны гайхамшиг юм.
БИ МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ, ДАРХАНЫ УДАМ ДАМЖИЖ ӨВЛӨӨГҮЙ
Би монгол дарханаар 30 гаруй жил явж байна. Эндээс 10 орчим жилийг нь далийгаад өөр юм хийсэн. Ер нь хорь орчим жил зарцуулсан. Энэ хорин жилийн хугацаанд мэргэжлийн сургууль ном төгсөөгүй, дарханы удам дамжиж өвлөөгүй. Ид оргилуун хорин насандаа өөр ажил эрхэлж байгаад 30 гарсан хойноо дархан руу орсон. Яг энэ үедээ улсын уралдаанаас тусгай байрын шагналыг нь аваад, хорин жилийн дараа Гранпри шагнал хүртсэн. Энэ юу харуулж байна вэ гэхээр мундаг авьяастай, чадвартай хүн байна гэхээсээ өмнө монгол дарханы байж байгаа царай, хүрсэн түвшин ийм байна. Яг хийцийн хувьд Сурияа хийц ч гэнэ үү, юу гэнэ. Өөрийн замыг гаргах гэж оролдсон. Эмээлийн хийц, аяганы хээн дээр өөрийн хийцийг гаргасан. Тэр маань наслаагүй, хоёр жил орчим болсон.
Ганзагын наймааны цунами дуусаагүй байсан. Эрдэнэт цагаачдын нутаг болохоор газар газрын эд хэрэглэл над дээр авчирдаг байлаа. Асар их юм хөдөлсөн тэр үед. Тэр хөдөлгөөн дунд Өвөрхангайгаас нэг хуучны эд ирсэн. Тэрэн дээр миний загвар явж байдаг байгаа. Зовж байж гаргасан загвараа өөр хэрэглэл дээр хараад би дуу алдсан. Олон хийц судалж байж бүтээсэн. Тэр хүнээс асуусан, энэ хийц хэнийх вэ гэж. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Шинэдэг дарханы хийц гэж аав ээж минь хэлсэн гэсэн. Тэрнээс хойш би шинэ юм хийх тухай, шинэ зам гаргах тухай бодохоо байсан. Хүмүүс ирээд “Та хэдэн төгрөгөөр яаж хийх вэ гэж асуугаад байдаг. Түүнээс биш хутга, ээмэг бөгж, аяга, шанага юм бүхнийг захиалдаг. Гэхдээ та хийж чадах уу гэж асуудаггүй. Энэ хандлага дархан хүн бүхнийг чадна гэсэн ойлголт яваад байгаа юм.
Дархан хүн бурхан ухаантай гэдэг дээд эрэмбэ. Энэ утгаараа монгол дарханы тухай домог, аман яриа их байдаг. Ухааны ур, нүдний ур, гарын ур гэж үндсэн гурван үзүүлэлт бий. Эдгээрээс бурхан ухаан гэдэг нь ухааны дархан нь илүү юм гэсэн үг. Нүд, гар хоёр гүйцэтгэх чанар. Мөн дархан хүнийг бурхан ухаантай төрүүлж, бурхан өөрийгөө бүтээлгэнэ ч гэж ярьдаг. Монгол үндэстний нүүдэлчдийн оршин тогтнох нь чухал болохоос байгалийг ялах нь чухал биш. Урлаг талаас, амьжиргаа талаас нөлөө үзүүлэгч нь дархан байсан учраас ард түмэн хүндэлдэг. Тиймээс ч дархан хүмүүс ёс заншлаа чанга хатуу дагаж мөрдөж ирсэн. Багаж хэрэглэлээ ноён багаж гэж дээдэлнэ. Алх дөшөө бөөлүүлж болохгүй. Дархан хүнд олон салбарын мэдлэг хэрэгтэй. Тиймээс би амьдралынхаа туршид уншиж, дотор хүнээ сонсож, олон янзын бүтээл хийхийн тулд салбар бүрийн ном зохиол уншиж, бодож бясалгаж явдаг хүн.
СУРИЯА ГЭЖ НАРНЫ БУРХАН ГЭСЭН САНСКРИТ ҮГ
Би бол Алтайн нурууны ар, Хангайн нурууны өврийн хүн. Эцэг эх минь малчин хүмүүс байсан, ах дүү арван нэгүүлээ. Би ч малчин хүн, малчин хүн байгалийн шалгарлыг даван туулахын тулд сөрж амьдардаг. Ийм л зарчмаар төр засгаас халамж, анхаарал нэхэх дургүй. Өөрөө бүгдийг бүтээх үүрэгтэй гэж бодож өнөөдрийн амьдралаа бүтээж явна. Өвөг дээдэс минь алдартай долоон шар лам нар байсан. Долоон ламын дөрөв нь буудуулсан, гурав нь эхнэр авч, зугтаж, өвчтэй хүн болж байж амьд гарсан. Би долоон ламын отгон дүүгийнх нь удам байгаа юм.
Сурияа гэж нэр их сонин, содон юм. Ямар утга учиртай вэ гэхэд, Айлын ууган хүү намайг төрөхөд аав өвөө дээр очиход, номондоо үзээд энэ хүүд би нэр өгч чадахгүй, Жаахан Гэлхаа дээр оч гэж. Тэгээд аав минь Жаахан Гэлхаа судартаа үзээд Сурияа гэж нэр өгсөн. Сурияа гэдэг нарны бурхан гэсэн санскрит үг. Энэтхэгт олон зуун шүтдэг бурханы нэг нь Нарны бурхан гээд их гоё хар арьстай эмэгтэй бурхан цагаан морь хөлөглөсөн бурхан бий. Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар наймдугаар Богдыг эзэн хаанд өргөмжлөөд ёслолын хүрэм хийлгэсэн байдаг. Хоёр мөрөн дээр нь нар, сар мандсан. Зүүн мөрөн дээрх наран дотор Сурияа гэж бичсэн байдаг. Ном сурахын суръяа гэж бичихдээ хатуугийн тэмдгийг нь зөөлрүүлж и-гээр бичсэн. Одоо Зүүн өмнөд Азийн орнуудад миний нэр түгээмэл бий.
ГРАНПРИ ШАГНАЛЫН ЭЗЭН СУРИЯА ГЭЖ ЗАРЛАХАД, БАЙДАГГҮЙ
1996 онд улсын уралдаанд хэн ч танихгүй залуу дархан Эрдэнэтээс ирэхдээ гэр бүлийн гишүүн бүрт зориулсан хэдэн мөнгөн аяга цүнхлээд ирж. Үзэсгэлэнгийн хойморт айхтар мундаг том эмээл данхайж, алдарт Батноров хийцийнх гэж эзэн нь аархаж байж. Миний байх газар энэ биш юм байна гэж хэдэн аягаа цүнхэндээ хийгээд бараг л зугтаах гэтэл үзэсгэлэнгийн зохион байгуулагч, оюуны өмчийн мэргэжилтэн гэх эрхэм түүнийг зогсоожээ. Ингэж л данагар эмээлийн эзнийг “Таны алдартай гээд байгаа хийц Монгол даяар хаа сайгүй байна. Энэ бүтээл ч нэг хуулбар нь. Харин миний хэдэн аягатай адилхан загвар аваад ирсэн хүнд би эднийгээ бэлэглэчихье” гээд амыг нь тагласан аж. Үнэхээр уншиж судалж, бодож бясалгаж урласан түүний бүтээл уралдаанаас дэд байрын шагнал авсан ч Монголын дархчуулын дунд Сурияа гэж ямар философитой дархан бэ гэдгийг таниулсан, олон дайсантай ч болжээ. 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит уралдаанд мөнгөн цөгцөө аваачаад тавьчихлаа. Таяг тулсан настай, туранхай хүн цөгцнийх нь өмнө эргэлдэж “энэ хэний бүтээл вэ” гэж асууж. Бүгдийн анхаарал өөрийн эрхгүй мөнгөн цөгцөн дээр тусаад эхэлсэн. Дархчуулын яриа, бүлэглэлүүдийн байдлаас “тэргүүн шагнал авах” юм байна гэж өөрөө мэдэрч. Ерөнхийлөгч ирж шагнал гардуулах сургаар зугтаад, жижүүр өвгөнтэй буу халаад, Гранпри шагналын эзэн Сурияа гэж зарлахад, байдаггүй.
Ийм л хүн энэ Сурияа. Хов жив, нэр төр, тэнэг хогийн юмнуудын ярианд өртөхгүйн тулд би нийгмийн амьдралд оролцдоггүй гэлээ.
Мэргэжлийн их, дээд сургуулиуд залууст техниктэй харьцахыг заадаг болохоос хүн байхыг сургадаггүй. Дархан болохын тулд хүн байх ёстой. Хүний үнэртэй, ёс зүйг дээдэлдэг, мөнгөөр бүхнийг хэмждэггүй байхыг залуустаа захидаг гэлээ. Сурияа дархан мэддэг чаддагаа, дархан хүний оршин байхуйн тухай сурахыг хүссэн, гарын уртай залууст зааж сургахаар төсөл бичээд, хорь гаруй хүнтэй багш шавийн сургалт хийсэн нь саяхан аж. Хүмүүс шантраад, ахуйгаа хөөхөөр явсаар өнөөдөр дөрвөн залуу түүний дэргэд үлджээ. Нэг нь шагайн харвааны хэрэглэл урлаж байна, нийлээд сүм дуганы бүтээл зураг хийж байна. Энэ дөрвийгөө гэр орон, эхнэр хүүхдийг нь тэжээхийн тулд нийлээд дарханы ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэв.
Ярилцсан: М.МӨНХЦЭЦЭГ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.