Л.Цог: Гишүүн байх эрхийг Орхон аймгийнхан, Эрдэнэт хотынхон надад өгсөн
УИХ-ын дэд дарга, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Цогтой улс төрийн сэдвээр ярилцлаа.
-Алтанхуяг огцорч, та бас намаасаа хөөгдөж байгаа юм биш үү. МАХН-ын Гүйцэтгэх товчоо засагт хамтарсан намын даргаа огцруулсан гээд таныг хөөх талаар ярьсан гэсэн мэдээлэл байна?
-Хөөчихсөн гэсэн мэдээг би уншсан л даа. Уг нь нэг юм ялгамаар байгаа юм. Би хэдийгээр МАХН-аас нэр дэвшсэн ч УИХ-д тойргоос сонгогдсон. Гишүүн байх мандатыг Орхон аймгийнхан, Эрдэнэт хотынхон надад өгсөн. Хоёрт, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгаа бий. Тэр нь УИХ дээр өөрийн гэсэн байр суурь, үзэл бодолтой байх. Хүн гүтгэх, доромжлохоос бусад дээр хариуцлага хүлээхгүй гэсэн ганц баталгаа бий. Дээр нь би тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хүн. Аливаа асуудал дээр нам, бүлэглэлийнх ард түмний язгуур эрх ашигтай зөрөх юм бол би хууль ёсоо, дээр байгаа язгуур эрхээ сахих үүрэгтэй. Ийм хүнийг намын жирийн гишүүнтэй адилтгаж “Намын үг сонссонгүй” гэж байгаа бол би хүлээж авахгүй. Ядаж намын шийдвэр нь хууль ёсны байсан бол хамаа алга. Нам төрийн зааг ялгааг ойлгохгүй явж болохгүй ээ. Өмнө нь бол МАХН нийгмийг удирдан чиглүүлэгч байсан. Харин 1990 оны гуравдугаар сараас хойш энэ лоозонг аваад хаячихсан. Гэвч тэр үеийн арга барил, ухамсар хэвээр байж болохгүй. Төрийн дээр нам гардаг, төртэй нам зэрэгцдэг, төрийг нам удирддаг гэсэн Үндсэн хуулиас өмнөх юм одоог хүртэл салж өгөхгүй байгаа нь харамсалтай.
-Солонгосоос МАХН-ын дарга Н.Энхбаяр ирээд АН-тай гэрээ байгуулж гарын үсэг зурчихаад явлаа. Гэтэл та зэрэгцээд гэрээ байгуулсан хүнийг нь огцруулах тогтоол санаачилсан шүү дээ. Улс төр багийн тоглолт гэдэг утгаар харвал та намынхаа бодлогоос зөрсөн юм биш үү?
-Н.Энхбаяр дарга ирээд АН-тай биш, Н.Алтанхуягтай л гэрээ байгуулаад явсан. Сая үүнийг нь АН-ын ҮЗХ хүчингүй болголоо л доо. Ер нь бол энэ гэрээний агуулга олон сарын өмнөөс яригдсан юм. Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж болохгүй, нам нь төрийн дээр гарч болохгүй гэдэг санаагаа би тэр үед хэлж л байсан хүн. Харин сая Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд гарын үсгээ зурчихсаны маргааш нь тэр гэрээ хийгдэж, нөгөөдөр нь надтай ярьсан. Өөрөөр хэлбэл, би өмнө нь гарын үсэг зурсан. Дараа нь зурсан ч би тэр гэрээг дэмжихгүй. Яагаад гэвэл тэр нэгдүгээрт Үндсэн хууль зөрчсөн гэрээ. Хоёрт, миний УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах эрх хэнд ч байхгүй. Үүнийгээ хатуу хэлчихье. Ер нь бол нам миний асуудлыг ярьж шуугиад байгаад их гайхаж л байна. Энэ намыг байгуулахаас нь эхэлж тэмцэж, зүтгэж явсныг Монголын нийт сонгогчид мэднэ гэж боддог.
-Та тойргоос сонгогдсон гишүүн ч намын квотоор УИХ-ын дэд дарга болсон. Энэ албан тушаалтай чинь уяж танай намынхан асуудал тавиад байгаа юм уу?
-Намын квот бас л биш. Нам саналаа оруулж УИХ намайг сонгосон. Буцаана гэвэл УИХ-аас хуулийн дагуу асуудлыг ярих ёстой. Нам өөрөө өргөн барих субъект биш. Энэ албанаас чөлөөлөгдөх гурван л үндэслэл бий.
Нэгд, би өөрөө хүсэлт гаргавал, хоёрт, шүүхийн шийдвэрийн дагуу ял авсан бол, гуравт эрүүл мэндийн байдал.
Ийм л гурван үндэслэлтэй. УИХ-ын дэд дарга гэдэг дөрвөн жилийн хугацаатай томилогддог ийм л алба.
-Дахиад эхний асуулт руугаа оръё. Ерөнхий сайд огцорсон болохор одоо АН засагт хамтран намуудтай хэлэлцээ хийнэ. Магадгүй буцаад МАНАН татвал яана. “Шударга ёс” эвслийн бодлогоос энэ зөрөхгүй юу. Хяналтгүй засаглаж эхэлбэл яах вэ?
-УИХ-ын олонхи, цөөнх гэж ярих ёстой. УИХ-д нэг суудал авсан намыг ч төрийн эрх барьж байгаа намд тооцдог. 2012 оны сонгуулиар АН олонхи болж чадаагүй, харин олон суудал л авсан. Иймээс манай намтай нэгдэж засаг байгуулсан. Одоо бол асуудал яаж ч ярьж болохоор нээлттэй болсон. Магадгүй аль ч намууд хамтарч болно. МАНАН гэдгийн тухайд энэ агуулгыг анх бид гаргасан. Гэхдээ хоёр нам хамтарч байгааг хэлээгүй юм. Нийлээд идэж уугаад, байгааг нь хэлсэн. Төсвийн мөнгө иднэ, зээлийн мөнгө иднэ. Үүнийг нь МАНАН гэж ярьсан. Сая огцордог Засгийн газарт ч ийм зүйл байгаагүй гэж хэлэх үү. Үгүй ш дээ. Хууль дээдэлдэггүй, бондын мөнгө хаагуур явав, Монголбанкны хэвлэж тараасан олон их наяд төгрөг хаачив гээд үзвэл янз бүрийн юм гарах шинжтэй. Хоёрт, Ерөнхий сайд өөрийнхөө ойр тойрны хүмүүсийг энд, тэнд байрлуулж зоогоод, тэд нь янз бүрийн юманд холбогдлоо. Үүнийг гаргуулахгүйн тулд бид МАНАН-гийн эсрэг ярьсан. Өөрөөр хэлбэл, МАНАН-гийн дүрс нь өөр болсон ч агуулга нь байсаар байна гэж би хэлнэ. Түүнээс зүгээр л хоёр нам хамтарвал гэдэг бол агуулга нь биш, зүгээр л хар зах дээр ярьдаг шиг яриа болно. Би хууль зүйн утгаар нь харж яриад байна л даа.
-Хамтарч барьсан өөрийнхөө гэрийг нураасан гээд МАХН-ыг Засгийн гадна талд үлдээвэл улс төрийн хожоо нь хэнд ирэх бол?
-Олон суудалтай нам нь тэгж шийдвэл засгийн гадна үлдэнэ л дээ. Өөрийн засаг ч гэж дээ. Ер нь бол би хууль зөрчсөн ямар ч Засгийн газартай эвлэрэхгүй гэж аминдаа бодож асуудалд хандсан. Анх 1990 онд Улсын Бага хурлын гишүүн болсон. Өмч тойрсон сонирхол гэж тэр үед байгаагүй. Тийм парламентад явсан учраас өнөөдөр хууль мөрдөх учиртай гэж би хэлээд байгаа юм. Хууль үл тоодог байдал өөрөө Монгол төрийг алж байна. Хорт хавдар шиг нийгмийг идэж байна. Иймээс би олон жил энэ талаар ярьж явна. Өөрсдөө хүмүүсийг олон арваар нь халахдаа хууль дүрэм хамаагүй юм шиг ярьдаг. Өөрсдийг нь шалгаад эхлэхээр 1937 оны хэлмэгдүүлэлт яриад явж болох уу.
-Н.Энхбаяртай ойлголцохгүй байна гээд Д.Тэрбишдагвыг хөөх асуудал яригдаж байсан. Сая Ч.Улааныг Сангийн сайдаас огцрууллаа. Одоо таныг намаас хөөх талаар ярьж байна шүү дээ?
-Тохиолдол болгонд л бид хууль барих ёстой. Бүрэн эрх гэдэг юм байна даа. Үүнийг хөндөх, хөндөхгүйн тухай ойлголт бий. Хуучин нам лаахайддаг үеийнхэн арга барилаа өөрчлөхгүй бол болохгүй нь. Энэ бол өнгөрсөн цаг. 1992 онд бид Шинэ Үндсэн хуулиараа намын дээр төр нь байдаг гээд цэг тавьсан. Үнэхээр нам нь дээр байх ёстой юм бол УИХ байгаад яах юм. Намууд нь гэрээ хийгээд л шийдчих л дээ. Ийм биш учраас, ийм юманд цэг тавьсан учраас л УИХ-ын гишүүнд чинь хараат бус эрх байгаа юм. Намын гишүүн УИХ-ын гишүүн боллоо гэж бодъё. Ямар хүн болсноо цэрэг эх орондоо харуулдаг биз дээ.
-Огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурснаас хойш хувь улстөрч рүү хандсан дайралтууд явсан байх. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч асуултад хариулахдаа таныг хууль зүйн сайд байх үед гурван гишүүн хэлмэгдэж байсан тухай хэлсэн. Иймэрхүү зүйлс үргэлжилсээр байна уу?
-Ер нь бол үнэнийг үнэнээр нь байлгах ёстой. Үнэнийг ярихгүй болохоор заримдаа худал болгох гээд байх юм. 1999 онд намайг Хууль зүйн сайд байхад хахууль авчихсан гурван гишүүний асуудал сөхөгдсөн. Уг нь 4-5 гишүүн байсан юм. Ингээд гурвынх нь асуудлыг хөндөж ярихад тэр үеийн УИХ-ын бүрэлдэхүүн шалгуулъя гэж гараа өргөсөн. Тэгээд шүүх ял өгсөн. Тэр гурван гишүүн гурвуулаа аж ахуйн нэгжгүй байсан л даа. Тийм байхад л өнөөг хүртэл татварын хэрэгтэй гэж худлаа ярьдаг юм. Тийм юмаар айлгаж, дахиад хэлмэгдүүлэх нь гэж өөрийгөө авч үлдэх гэсэн ачраагүй арга юм уу гэж би тэр үед бодож байсан. Намайг бас янз бүрээр одоо ч гүтгэж байна. Ю.Цэдэнбал даргыг оршуулах үед ар гэрийнхэнийг нь цаг байцаасан гэж бичсэн байна. Үнэндээ тэр үед прокуорын удирдлагууд байцаасан. Харин би тэр үед прокурорын байгууллагаас гарчихсан байсан. Ийм байхад л одоог хүртэл гүтгэж бичсээр байдаг юм. Сая ч бас бичлээ. Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдаас огцруулахдаа эд их овжин арга олсон байдаг юм. Хамтран ажиллаж байсан бүх сайдаар нь Ерөнхий сайдтайгаа ажиллахгүй гэж гарын үсэг зуруулсан. Тэгэхэд Байгаль орчны сайд Мэндсайхан томилолттой эзгүй байсан. Тэгээд зураагүй. Харин би байсан ч зураагүй. Ганцаараа эсрэг санал өгсөн. Гэтэл би өнөөдөр ганцаараа Ерөнхий сайдыгаа огцруулж байсан юм шиг бичиж байгаа юм. Үнэн ингэж л гуйвж байна даа.
Ярилцсан: Н.Төр