ЛХАГВА
2024.11.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын дарга Д.МӨНХБАТ манай сонины “Шинэ дугаарын хоймор” буланд уригдаж, бидний сонирхсон асуултад хариуллаа.

-Та бүхэн бүрэн эрхийн сүүлийн жилийн ажлыг эхлүүлээд байна. 2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхэд Орхон аймагт ямар тулгамдсан асуудлууд байв?. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж эхэлсэн бэ?- 2020 оны 10 сарын 28-ны өдөр Орхон  аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар би Орхон аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Энэ ажлыг хүлээн аваад 7 дахь хоногт нь “улс орон даяар короновирусын цар тахал тархаж эхэллээ” гэсэн түгшүүрт мэдээ хүлээн авсан. Энэ нь Монгол улс төдийгүй дэлхий дахинд хүн төрлөхтнийг цочроож айдаст автуулсан аймшигт өвчин байсан. Ингээд бид Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хатуу хөл хорио тогтоох, хүнсний хэрэглээг хүргэлтээр хангах, халдвар хамгааллын дэглэм сахих, нэгэнт халдвар авсан иргэдээ тусгай хяналтад авч эмчлэх зэрэг тун амаргүй ажилтай нүүр тулсан. Бидний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохын өмнөх 1000 гаруй хоногийг эргээд харахад 720 орчим хоног нь цар тахлын хөл хорионд, үүнээс 200 гаруй хоног нь хатуу хөл хорионд байсан.

Бид бүрэн эрхийн хугацаандаа хөрөнгө оруулалт болон хөгжлийн төлөвлөгөө, төсөв тооцоо хийхийн зэрэгцээ цар тахлын үед хэрхэн ажиллах төлөвлөгөө гаргах, тактик боловсруулах онцгой нөхцөл байдалтай тулгарсан. Энэ үед аймгийн ИТХ бодлогын байгууллага гээд хойш суугаад байх биш бусадтай адил “ханцуй шамлаад” хөл хорионы үеийн хүнд ажилд орцгоосон. Цар тахлыг даван туулахад ард иргэд, эрүүл мэндийн байгууллага бэлэн байна уу, ялангуяа эх орны эдийн засгийн ачааг үүрэлцэж яваа “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдыг цар тахалд өртүүлэхгүй байх юмсан гэх мэт олон хүнд асуудалтай тулгарсан ч төрийн байгууллагын зөв бодлого, хамтын зөв хандлага, ард иргэдийнхээ хүчин зүтгэлээр Орхон аймаг цар тахлыг хохирол багатай даван туулсан.

-Шийдэл хүлээсэн дараагийн асуудал юу байв?

-Бид өнгөрсөн 3 жилд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд нэлээн анхаарсан.  Тухайлбал, Эрдэнэт хот байгуулагдсан цагаас хойш ашиглагдсан хотын инженерийн шугам сүлжээ монголчуудын ярьдагаар “хүүхдийн зулай” шиг болж нимгэрсэн, хэзээ мөдгүй ослын зогсолт болох хэмжээнд хүрсэн байв. Аймгийн Засаг даргаар дулааны инженер мэргэжилтэй хүн ажиллаж эхэлсэн учраас хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд анхаарлаа хандуулж чадсан.  Газар доорх шугам сүлжээний шинэчлэл бол орон нутгийн төсөв даахааргүй, олон тэрбум төгрөг шаардагдах ажил. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд нэг, хоёр, дөрөвдүгээр бичил хорооллын инженерийн шугам сүлжээний гол тэжээлийн шугамыг бүрэн шинэчилсэн. Мөн шинэ суурьшлын бүс “Уурхайчин-1”, ”Уурхайчин-2”, “Уурхайчин-3” хорооллын инженерийн шугам сүлжээг бүрэн тавьсан. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн маш том хөрөнгө оруулалт. Эдгээрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ ажлыг Орхон аймаг жил бүр төсөвлөдөг хөрөнгө оруулалтаараа хийнэ гэвэл 60 жил үргэлжлэх байсан юм билээ. Мөн Орхон аймгийн Засаг дарга асан С.Батжаргал Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарч ажилласны үр дүнд 6 тэрбум төгрөгийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг энэ онд хийх гэж байна. Өнгөрсөн 3 жилд инженерийн шугам сүлжээний ажилд Орхон аймгийн төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Хамгийн гол нь манай аймаг газар доорх инженерийн шугам сүлжээндээ мэргэжлийн байгууллагаар гидравлик тооцоо хийлгэсэн. Үүнийг үндэслэн цаашид хотын аль хэсэгт инженерийн шугам сүлжээг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг харах боломжтой болж байна.

Цаашлаад хот төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай болсон. Орхон аймагт гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээвэр, сургууль цэцэрлэг, агаарын бохирдол, өвлийн улиралд иргэдийг түлээ түлшээр хангах гээд олон асуудал шийдэл хүлээсэн хэвээр байсан. Утаанаас ангижрахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хийж иргэдийг орон сууцжуулах гэх мэт  олон ажлыг төлөвлөж, хийж эхлүүлсэн. 

-Орхон аймагт “Цахим Эрдэнэт” хөтөлбөр хэр амжилттай хэрэгжсэн бэ?

-Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийсэн. Жишээ нь, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэрэглэгчид ухаалаг тоолууртай болж байна. Ингэснээр хэрэглэгч ашигласан цахилгааны тооцоогоо хийсэн л бол тэр даруйд автоматаар цахилгаан нь шууд залгагддаг болсон. Улмаар иргэд хэрэглээгээ хянах, цахилгааныхаа мөнгийг шууд гар утаснаасаа төлөх боломжтой болсон гээд цахим хөтөлбөр үнэхээр үр дүнгээ өгч эхэлсэн. Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд төрийн 215 үйлчилгээг иргэд E-Mongolia системээс авч байна.  Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийн бэлэн байдлыг үнэлсэн үнэлгээгээр 21 аймгаас Орхон аймаг тэргүүлж яваа.

-Иргэд цахим хэрэглээнд хэрхэн суралцаж байгаа бол?

-Орхон аймгийн Насан туршийн боловсролын төв цахим хэрэглээнд иргэдийг сургах, мэдээллээр хангах ажил хийж байна. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК мөн хэрэглэгч нарт байнга сургалт хийж байна.

“Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг “Стандарттай хот” болох зорилт тавиад ажиллаж байна. Одоогоор төрийн 13 байгууллага дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Манай аймгийн ИТХ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын дундаас хамгийн түрүүнд “Мэдээллийн аюулгүй байдлын стандарт ISO 27001:2015-ыг нэвтрүүлсэн. Энэ нь цахим шилжилттэй шууд холбоотой бөгөөд хэрэглэгчийн, төрийн байгууллагын цахим хэрэглээг аюулгүй байлгах гол зорилготой юм. Стандартыг нэвтрүүлэхийн тулд зөвлөх байгууллагуудтай 3 жилийн турш хамтран ажилласан. Түүнчлэн төрийн байгууллагын ажилтнуудаас стандартын олон аудитор, ахлах аудитор сургаж бэлдлээ. Энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд бид энэ мэт олон шинэ ажлын эхлэлийг тавьж чадлаа.

-Орхон аймагт Үйлдвэр, технологийн парк байгуулах ажил нэлээн дэвшилттэй үргэлжилж байгааг анзаарлаа. Энэ талаар тодруулна уу?

- “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэр, технологийн паркад зориулж 1200 га газар олгох асуудлыг манай ИТХ хэлэлцэж, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ нь магадгүй Эрдэнэтийн хоёр дахь их бүтээн байгуулалтын эхлэл байж мэднэ. Газрын байршил “Эрдэнэт” үйлдвэрийн цаана, “Ачит Ихт” ХХК-ийн орчимд бий. Одоо тэнд инженерийн шугам сүлжээ татах, дэд бүтцийн ажил хийгдэж байна.  Үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын хүрээнд 10 мянган хүний ажлын байр бий болно. Мөн Эрдэнэт хотод нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зэсийн үйлдвэр” гэх мэт шинэ үйлдвэрүүд барьж байгуулна. Ингэснээр Орхон аймгийн эдийн засгийн чадавх дээшилнэ. Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаандаа энэ мэт олон түүхэн шийдвэрүүд гаргасан.

- “Эрдэнэт” үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нүүлгэх асуудлыг шийдвэрлэхэд аймгийн ИТХ ямар оролцоотой байв?

-Сүүлийн 20 жилд “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоосны асуудал нэлээн эрчимтэй яригдсан. Тиймээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, хаягдлын аж ахуйг суурьшлын бүс нутгаас холдуулах зайлшгүй шаардлага тулгарсан.  Хаягдлын аж ахуйг суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд нүүлгэхийн тулд нийт 7048.39 га газар нутгийн асуудлыг Булган аймагтай хамтран шийдвэрлэсэн. Тодруулбал, 3948.21 га газрыг Орхон аймгийн ИТХ, 3097.18 га газрыг Булган аймгийн ИТХ улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжиж, “Хаягдлын аж ахуйг нүүлгэх” асуудлыг Засгийн газар эцэслэн шийдсэн.  Саяхан бид шинэ хаягдлын сангийн шавыг тавьлаа. Хаягдлын аж ахуйг нүүлгэх ажил 2028 онд дуусна. “Эрдэнэт” үйлдвэр хаягдал өтгөрүүлэх дэвшилтэт технологи ашиглан цаашид цагаан тоосны дэгдэлтийг бүрмөсөн шийдвэрлэх юм.  Энэ нь манай аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд гаргасан бас нэг түүхэн шийдвэр байлаа. Энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд хүргэж шийдвэрлүүлэхэд УИХ-ын гишүүн Д.Батлут, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар их туслалцаа үзүүлсэн.

-Орхон аймаг бүтээн байгуулалтаар нийслэлийн дараа орж байна гэх мэдээллийг Орхон аймгийн удирдлагууд саяхан хийлээ. Үнэндээ сүүлийн үед Эрдэнэтэд шинэ орон сууц нэлээн баригдаж байна. Энэ цагийн бүтээн байгуулалт та бүхний хараа хяналт дор явагдаж байгаа. Цаашид орон сууцны хорооллууд хэр эрчимтэй баригдах бол...

-Энэ бүрэн эрхийн хугацаанд бид Эрдэнэт хотын төвд огт газар олгоогүй. Харин өмнө нь газар авсан компаниудыг бүтээн байгуулалтаа хий, хэрэв барилгаа барихгүй бол авсан газрынх нь эрхийг цуцлана гэдэг шаардлага хүргүүлсэн. Жишээ нь, 1а хорооллын 3 барилга хагас дутуу баригдаад бараг 5 жил зогсонги байдалтай байсан. 2а хороололд ганцхан орон сууц баригдаад 6 жил гаруй болсон. Компаниуд орон сууцуудаа цаг хугацаандаа бариагүйгээс шалтгаалаад алдагдсан боломжийн өртөг нь өндөр гардаг гэдгийг би эдийн засагч хүний хувьд үргэлж хэлдэг. Магадгүй 15 жилийн өмнө газар авсан даруйдаа төслөө хэрэгжүүлээд, ашиглалтад оруулсан бол нөхцөл байдал өөр байх байсан. Тэр үед байрны 1м2-ын үнэ 1.100.000 төгрөг байсан бол өнөөдөр тэнд баригдаж байгаа байрны 1м2-ын үнэ хамгийн бага нь 3.000.000 төгрөг байна. Энэ нь иргэдийн хувьд алдагдсан боломжийн өртөг шүү дээ. Цаг алсрах тусам иргэд эдийн засгийн ийм их хохирол амсдаг. Тийм учраас Орхон аймгийн ИТХ Эрдэнэтийн бүтээн байгуулалтын талаар нэг л зарчим барьсан. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу газраа авсан бол орон сууны төслүүдээ хугацаанд нь эхлээд, хугацаанд нь дуусгаад ашиглалтад оруул гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэж шахалт, шаардлага тавьсан учраас барилгын компаниуд авсан газартаа орон сууцуудаа барих ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд, 2а хороололд өмнө нь орон сууцны зориулалтаар газар олгохдоо сургууль, цэцэрлэгийн газрыг ч тооцолгүйгээр газар олголт хийсэн байсан.

-Саяхан аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр 2а хороололд сургууль барих газар чөлөөлүүлэх асуудал тавихад “Номин констракшн” ХХК зөвшөөрсөн, харин “Рапит харш” ХХК зөвшөөрөөгүй гэсэн асуудал яригдаж байна лээ...

-Тухайн орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлж өгөхгүй бол бид хуулийн шаардлага биелүүлээгүй компаниудтай нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг шаардана. Дөнгөж сая аймгийн Засаг даргын орлогч, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны ажилтнуудтай энэ асуудлаар ярилцлаа. Төр иргэдийнхээ төлөө ажилладаг. Тиймээс нийгмийн дэд бүтцийг бий болгох, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэх нь орон нутгийн төрийн байгууллагын үүрэг шүү дээ. Хичнээн олон шинэ орон сууц, үйлчилгээний төв барилаа гээд тэнд сургууль, цэцэрлэг барихгүй бол иргэдийн хэрэгцээ бүрэн хангагдахгүй. Энэ асуудлын шийдэл удаашралтай мэт харагддаг ч төрийн байгууллага ажилласаар, анхаарлаа хандуулсаар байна. 

-Орхон аймгийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, гэр хороолол улам тэлсээр байна. Та бүхэн бүрэн эрхийн хугацаандаа Орхон аймагт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 260 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжлэх үү?

-Хамгийн эхэнд бид орон нутгийн өмчит Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дүрэмд өөрчлөлт оруулж, дахин төлөвлөлтийн нэгжийг байгуулсан. Тийм учраас энэ бүрэн эрхийн хугацаанд дахин төлөвлөлтийг эхлүүлсэн гэж хэлж болно. Өмнө нь бид гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татсан. Тиймээс гэр хороололд орон сууц барьж болдог, түүнийг иргэд авдаг, тэнд амьдарч болдог гэдгийг үлгэрлэн харуулахын тулд 260 айлын орлогод нийцсэн орон сууц барих төслийг эхлүүлж эхний байр ашиглалтад орсон. Одоо Цагаанчулуут, Наран, Булаг багт дахин төлөвлөлт хийх боломж бий. Энэ багуудад 72 айлын 3 орон сууц барина. Орхон аймагт ингэж л орон сууцжуулахгүй бол орон сууц барих өөр газар байхгүй. Тийм учраас дахин төлөвлөлтийн хэд хэдэн хэсэгчилсэн төлөвлөлт хийсэн. Одоо Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд 11,9 га газарт дахин төлөвлөлт хийх гэж байна. Сонгон шалгаруулалт удахгүй зарлагдана. Энд 100-аад нэгж талбар буюу 100 орчим айл байгаа. Энэ 11,9 га газарт сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний байгууламж, зочид буудал бүхий орон сууцны хороолол байх хэсэгчилсэн төлөвлөгөө хийж байна. Энд газраа чөлөөлж өгсөн 100 айл орон сууц баригдахаар эхний ээлжинд шинэ орон сууцанд орно. Ингэж л бид гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэддээ ойлгуулна, өөрсдийнх нь амьдрах орчин нөхцөлийг сайжруулна. Орхон аймаг агаар болон хөрсний бохирдолгүй амьдрах нөхцөл ч бий болно. Мөн Европын Сэргээн босголтын хөгжлийн банктай 13 сая долларын хөнгөлөлттэй зээлийн санамж гэрээ байгуулсан. Тэр нь Их залуу багийн 40,8 га газарт дахин төлөвлөлт хийх хөрөнгө оруулалт юм. Тэр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө одоо 90 хувьтай хийгдээд байна. Магадгүй 2024 оны 6 сард энэ төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар хэлэлцэх байх.  Гэр хорооллыг багасгах, утаанаас ангижрах цорын ганц арга бол ердөө дахин төлөвлөлт юм.

-Эрдэнэ багт эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барина гэсэн мэдээлэл бас дуулдаад байгаа. Энэ талаар тодруулна уу?

-Эрдэнэ багийн 3,4 га газарт “Хабрид хаус” ХХК-тай хамтран эрчим хүчний хэмнэлттэй амины ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэх эхлэл бас тавигдсан.  Энэ амины орон сууцны 1м2-ын үнэ өндөр гарна. Гэхдээ нэг айл 400м2 газартай, 80м2, 120м2 гэсэн хоёр төрлийн орон сууц энд баригдана. Энэ орон сууцны эрчим хүчний жилийн хэрэглээ нь 120 мянган төгрөг байна. Тус орон сууцанд цахилгаан тени, галладаг зуух, төвийн эрчим хүчний систем холбогдохгүй, зөвхөн нарны эрчим хүчээр халдаг, дулааны алдагдалгүй орон сууц байх юм. Төрийн байгууллага яагаад эдгээрт анхаарал тавиад, дэмжээд байгаа вэ гэхээр утаагүй, эрчим хүчний алдагдалгүй орон сууц барьж ашиглаж болно гэдгийг иргэдэд харуулах ганц зорилго тавьж байгаа юм. Манай аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны ажилтнууд Улаанбаатарт очиж ийм “Хабрид хаус”-т амьдарч байгаа айл өрхтэй уулзаж, ажиглалт хийгээд тэр оршин суугчид 100 хувь сэтгэл ханамжтай байгааг олж харсан. “Хабрид хаус”-ын бас нэг онцлог нь 50 жилийн баталгаа өгдөг. Мөн олон улсын байгууллагууд манай улсын банктай хамтраад амины ногоон орон сууцанд зориулсан зээл гаргадаг болсон. “Хабрид хаус”-ын төсөл энэ жил эхлээд ирэх намар түлхүүр гардуулах нөхцөлөөр баригдана. Орон нутаг тэнд хүүхдийн тоглоомын талбай, зам талбай тохижуулах зэрэг ажилд анхаарал хандуулна.

-Орхон аймагт та бүхэн олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Яг хэдэн хөтөлбөр хэрэгжиж байна? Үр дүн нь ямар байгаа вэ?

-Аймгийн ИТХ-ын баталсан 22 хөтөлбөр одоо хэрэгжиж байна. Төрийн байгууллага онцгойлон анхаарах, төсөв хөрөнгө зарцуулж хийх ажлыг хөтөлбөрөөр хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлсэн ажлыг гүйцэтгэлийн үнэлгээгээр хянах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Өмнө нь боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхдээ сургууль барих, ширээ сандал зэрэг биет зүйл, тоног төхөөрөмж рүү түлхүү анхаардаг байсан. Гэтэл одоо “Багш” хөтөлбөрөөр хүний нөөц буюу багшийн хөгжилд анхаарал хандуулдаг болсон. Эрүүл мэндийн салбар мөн адил. Хөгжлийн төв нь хүн шүү дээ. Тиймээс хүнийг эрүүл, боловсролтой байлгахын тулд ард иргэдэд чанартай боловсрол олгох багш, эрүүл мэндийн сайн үйлчилгээ үзүүлдэг гол хүч болох эмч нарт чиглэсэн үйл ажиллагаа явуулахад дээрх хөтөлбөрүүд маш их ач холбогдолтой. Энэ хөтөлбөрүүд цаашид ч үргэлжлээсэй гэж би боддог. Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд босоо удирдлагатай, тус тусын яамны харьяанд ажилладаг. Тэр утгаар нь тэд яамны харьяаны хүмүүс гээд анхаарал хандуулахгүй орхиж болохгүй шүү дээ. Тэд Эрдэнэтийн ард иргэдэд л төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. Тийм учраас бид “Эмч”, “Багш” хөтөлбөрт онцгой анхаарсаар ирсэн. Үр дүн нь ч сайн байгаа.

-Эрдэнэт хот 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Орхон аймаг хэмээн нэрлэгдээд 32 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийг хотын статустай болгох асуудлаар та бүхэн санаачилгатай ажиллаж чадсан уу?

-Орхон аймгийн үе үеийн ИТХ анхаарал хандуулсаар ирсэн асуудлуудын нэг нь энэ юм. Хот болох асуудал мэдээж өөр хуулиар зохицуулагдана. Манай аймаг Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн хүрээнд ажиллаж байна. Энэ хууль Монголын 21 аймаг, 330 сумын нийтлэг зарчимд тулгуурлан батлагдсан. Нийтлэг зарчмаас онцгой нь юу юм бэ? Эрдэнэт, Дархан хот. Энэ хоёр хотоос бусад нь бүгд дээрх нийтлэг зарчимд зохицоно. Тиймээс эрх зүйн хувьд Эрдэнэт, Дархан хотын эрх зүйн зарчимд тулгуурлах нь хамгийн чухал. Одоогийн “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулиар зохицуулагдахаар хот нь өөрийн эдэлбэр газар нутагтай байна гэдэг учраас манай хотын газар нутаг томрох ач холбогдолтой. Эдийн засгийн чадавх ч нэмэгдэнэ. Энэ утгаар нь манай аймгийн үе үеийн ИТХ Эрдэнэтийг хот болгохын төлөө ажилласаар ирсэн.  Тиймээс “Эрдэнэт, Дарханы эрх зүйн байдлын тухай” хууль тусад нь баталж, манай хоёр хотод онцгойлсон эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй байна. Гэхдээ энэ миний, хувь хүний бодол шүү.

-Аймгийн ИТХ нь орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллага.

Та бүхэн Эрдэнэтийн иргэдэд хэр нээлттэй байгаа вэ?

-Аймгийн ИТХ иргэдэд ил тод нээлттэй байх хоёр зарчим баримтлан ажиллаж байна. Нэгдүгээрт, ИТХ-ын хуралдаан нээлттэй байдлаар иргэдэд хүрэх. Энэ ажил маш сайн хийгддэг. Учир нь, Монголын 21 аймаг, нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааг ажиглахад манай Орхон аймгийн ИТХ ганцаараа хуралдаанаа телевизээр шууд дамжуулдаг. Хуралдааны үеэр нээлттэй утас ажиллуулж иргэдийнхээ санал бодлыг сонсдог. Энэ нь Хурлын байгууллага иргэдэд нээлттэй байгаагийн хамгийн том хэлбэр юм. Хоёрдугаарт, сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсож байна. Төлөөлөгч иргэдийг төлөөлөн сонгогдсон учраас тэр үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс манай ИТХ-ын байгууллага төлөөлөгчдийг тойрогт нь ажиллуулах, хөрөнгө оруулалтын ажилтай танилцуулах, “ИТХ-ын төлөөлөгч тойрогтоо” гэсэн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Мөн баг бүрт “Иргэний танхим” ажиллаж байна. Орчин үед иргэд мэдээлэл хүлээн авах олон сувагтай болсон учраас маш их мэдээлэлтэй болсон байна. Бас нэг шинэчлэл гэвэл манай аймгийн ИТХ цахим болсон. Хурлын хуралдааны бүх дата мэдээлэл цахимаар хадгалагддаг. Мэдээллийн аюулгүй байдлын стандартаар баталгаажсан “Цахим иргэдийн хурал” буюу MLSP программ дээр бүх мэдээлэл бий. Төлөөлөгчдийн санал авах дараалал, санал хэлэх хугацаа, үг хэлэх, протоколууд гээд хуралдааны үйл явц бүгд цахим болсон. Энэ нь бидний бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн нэг том дэвшил юм.

-Аймгийн ИТХ-ын Хуралдааны танхимыг сайхан өргөтгөж шинэчлээд А.Амарын нэрэмжит болгожээ. Энэ шинэчлэл хэдий хэмжээний хөрөнгөөр хийгдсэн бол?

-Бид бүрэн эрхийн хугацаандаа хийсэн бас нэг том шинэчлэл энэ байсан. Зоорийн давхартаа архивын өрөө, сургалтын танхим, нэгдүгээр давхартаа төрийн 215 үйлчилгээг нэг дор авах боломжтой “Цахим төв”, хоёр давхартаа нутгийн удирдлагын ордны их танхимын өргөтгөл гээд цогц бүтээн байгуулалтын ажил нийлээд 3.4 тэрбум.  Энд тоног төхөөрөмж, хуралдааны ширээ сандал, дэлгэц, программ хангамж гээд бүгд багтсан. А.Амарын танхим 2023 оны 1 сарын 26-нд ашиглалтад орсон. Аймгийн захиргааны өмнө А.Амарын талбай, хөшөө бий. Тиймээс хуралдааны шинэ танхимыг А.Амарын нэрэмжит болгосон. А.Амар Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Булган аймгийг байгуулах шийдвэр гаргасан. Өөрийнх нь төрсөн нутаг Булган аймгийн Бугат сумын нутагт өнөөдөр бидний оршин суугаа Эрдэнэт хот байгуулагдсан. Тийм учраас бид билгэшээж аймгийн төр, захиргааны шинэ хуралдааны танхимыг А.Амар сайдын нэрэмжит болгосон юм. Саяхан ИТХ-ын 15 дахь удаагийн ээлжит бус хурлаар А.Амарын хөрөг зургийг хуралдааны танхимын хойморт залсан.

             Ярилцсан Ж.ОЮУН

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
“АЧИТ ИХТ” КОМПАНИ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД ХӨРӨНГӨ ӨРУУЛАЛТ ХИЙСЭЭР БАЙНА
Орон сууцны 6-р хорооллын 16,17-р байрны дунд тоглоомын талбай байгуулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/