Сүүлийн үед яригдаж байгаа нийтийн тээвэртэй холбоотой сэдвээр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргалтай ярилцаж, байр суурийг нь сонслоо.
-Орхон аймаг 3,2 тэрбум төгрөгөөр зөвхөн автобус авах тендер зарласан уу? Хэдэн автобус авах вэ?
-Өнгөрсөн жил аймгийн ИТХ-аар оруулж 3,2 тэрбум төгрөгөөр 10 автобус авна гэж баталсан. Одоо 3,2 тэрбум төгрөгийг 10 автобусанд хуваахаар 320 саяар автобус авах гээд байна уу гээд аймгийн Иргэдийн хурал дээр асууж байсан. Гэхдээ 3,2 тэрбумаар зарлаж байгаа ч хэн хэдээр аваад нийлүүлэх гэж байгаа юм бэ, бүү мэд. Бид хоёр жилийн өмнө 10 автобус авсан. “Монгол Хьюндай” компани нийлүүлж байсан. Үнэ нь нэмэгдээд ноднингийн автобус худалдан авалт хийж болоогүй. Зургаан автобус авах гээд 1,5 тэрбум төгрөг тавьж байсан. Тэгээд зургаан автобус авах гээд мөнгө нь хүрдэггүй, нийлүүлэгч компаниас автобусны үнэ нэмэгдсэн бид нийлүүлэх боломжгүй гэдэг. Үүний дараагаар аймгийн ИТХ-ын тодотголоор оруулж автобусныхаа тоог тав болгож бууруулж байсан. Тэр асуудал он дамжсан учраас энэ жил дахиад таван автобус зарлагдана гэсэн үг.
-Гэхдээ одоо Улаанбаатарт том оврын автобусыг нэгийг нь 270 гаруй сая төгрөгөөр аваад байгаа шүү дээ?
-Улаанбаатар хотод 600 ширхэгийг авч байгаа. Олныг авах тусам хямдхан болдог биз дээ. Манайх аравхан ширхэг автобус авах гэж байна.
-Орхон аймаг том биш жижиг автобус авах гэж байгаа биз дээ?
-Үгүй. Техникийн даалгавраар энэ удаад өмнөх автобуснуудыг бодвол арай томыг авна. Сити бааз гэж нэрлэдэг юм билээ. Хотын нийтийн тээврийн зориулалтын автобус гэж арай өөр стандарттай. Тиймээс хотын нийтийн тээврийн зориулалтын автобус худалдаж авна гэсэн техникийн даалгавартай байгаа.
-Том автобус авчихаар хүн дүүрэх үү? Одоо нийтийн тээвэрт явж байгаа жижиг автобуснуудыг харахад хоосон шахуу л явж байгаа харагддаг шүү дээ?
-Та нар нэг юмыг ойлго. Харж ярих нэг өөр, бодит байдал дээр ажиллах бас өөр. Автобуснууд хоосон явж байгаа зүйл бараг байхгүй. Одоо зарим нь яаж яваад байна гэхээр манай мэргэжлийн байгууллагуудын надад өгч байгаа мэдээллээр эцсийн буудал дээрээ бөөгнөрчихдөг. Учир нь хүнээ дүүргэж байж явахгүй бол жолооч орлогоороо цалинждаг юм байна. Цалин нь тогтмол биш учраас жолооч аль болох хүнээ дүүргэхийг бодно. Жолооч хүн түүгээд явах ёстой орлогоо бодоод. Гэхдээ жолооч нарт нэг асуудал байна. Цаг муу барьж байна. Би ч өөрөө зогсож үзсэн. Гуч, дөчин минут хүлээлгэдэг. Цагаасаа хоцорч очдог гэсэн үг. Тэгэхээр төр яах гээд байгаа юм бэ гэхээр, тэр жолоочид тогтмол цалин өгөх гэж байна. Тогтмол цалинтай болчихоор хүн дүүргэх шаардлагагүй, яг цагтаа буудал дээрээ очдог болно. Мөнгө төлөх, төлөхгүй нь хамаа байхгүй. Орлогоороо цалинжихаар магадгүй мөнгөө өгөхгүй хүмүүс байна. Төрөөс нөхөн олговор өгч байгаа. Ахмадууд хүүхдүүд, цагдаа хүчнийхэн гээд. Тэр хүмүүсээ аваад явдаг байх гэж ойлгож байгаа. Иргэдийн уулзалтад дээр та бүхэн очиж байсан. Иргэдээс автобуснууд хүмүүсийг хаяад явдаг. Биднийг авахгүй байна гэсэн гомдлыг яриад байгаа. Хүүхэд, хөгшчүүлийг ерөөсөө авахгүй байна. Энэ асуудал цэгцэрнэ гэж ойлгож байгаа. Цагийн юм цагаараа яваад ирэхээр олон сайн үр дүн гарна гэж бодож байгаа. Машин тэрэг унахаа болих байх, ажлынхаа гадаа машинаа өдөржин тавьдаг ажилчид байна. Нийтийн тээвэр сайжрах тусам эдгээр асуудал багасна гэж бодож байна.
-Нийтийн тээврийн компаниудын зүгээс нийтийн тээвэр хүрэлцэхгүй байна яваад өгье гэхээр бидэнтэй 2-3 автобус явах гэрээ байгуулчихсан. Нэмэлтээр гаръя гэхээр бинзен шатахууны зардал хэцүү байна гэсэн байр суурийг хэлж байсан?
-Тэгж ярьсан байна лээ, би бүгдийг уншсан. Тийм учраас би сая ЗДТГ-ын шуурхай дээр үүрэг өгсөн. Гэрээн дээр яагаад автобусны тоог буулгав. Би буулгачихсан юм биш. Ямар захирамжаар та нар хэзээ ингээд буулгачихсан юм бэ. Энэ асуудлаа шийд. Дөчин хэдэн автобус явах ёстой гэсэн байгаа. Одоо 25 автобус явж байгаа. Гэхдээ хорин таваараа гарахгүй байгаа гэдгийг Тамгын газрын гадаа байгаа дэлгэцнээс харж болно. Хувийн хэвшлийнхэн 25 автобусаа бүгдийг нь явуулсан тохиолдолд 1,2 тэрбум төгрөгөө бүрэн 100 хувь авах ёстой. Харин бүгд явахгүй 20 эсвэл 13 автобус явсан үед мөнгө хасагдах ёстой. Энэ бол шударга зарчим. Нийтийн тээврийг сайжруулъя гээд байгаа зорилго маань энэ. Үнэхээр хувийн хэвшлийнхэн маань супер байвал надад хэлэх үг алга байна. Яваад бай.
-Гэхдээ хувийн хэвшлийнхэн явъя гэхээр гэрээн дээр 2-3 автобус гээд заачихсан байгаа шүү дээ?
-Үгүй ээ. Тэр бас өөр юм байна лээ. Сайн тодруулаарай
-Бас 50 жолоочийн асуудал яригдаад эхэлсэн?
-Бид юмыг 100 хувийн төсөөллөөр хийж байгаа. Тавин жолооч гэдэг бол нийтийн тээврийн 25 автобусны жолооч гэсэн үг. Бид эхлэх гэж байгаа зүйлээ 100 хувь тооцоолсон. Бид эхлэхдээ хувийн хэвшлийн маршрутын дагуу явна. Явахгүй, ашиггүй гээд байгаа хоёр гурван чиглэл байгаа. Яагаад Эрдэнэт хотын алслагдсан багуудад амьдарч байгаа иргэд нийтийн тээврийн эрхээ хязгаарлуулах ёстой гэж. Төр иргэдийнхээ төлөө алдагдалтай зүйл дээр ч явах ёстой. Яагаад гэвэл энд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байна. Татвар төлсөн иргэддээ төр үйлчлэх ёстой. Нийтийн тээвэр хөгжингүй оронд алдагдалтай л байдаг. Ашигтай явах хувилбар ховор. Улаанбаатар хотод “Тэнүүн Огоо” ХХК гэхэд автобус тээврийн таван баазтайгаа нэгдчихлээ. Дарга нарыгаа энийг яваад судла гэсэн үүрэг өгсөн. Яагаад бид ч гэсэн ингэж болохгүй гэж. Бид эхний ээлжинд Хабитат, Говил, Вокзалын чиглэлд нийтийн тээвэр явуулна. Учир нь Говилын иргэдээс “бид байнга яагаад хуучин автобусанд суух ёстой юм бэ” гэсэн гомдол ирдэг. Мөн Вокзалын хувьд суудлын галт тэрэгний ирэх буцах үед нийтийн тээврийг явуулж өгөөч гэсэн санал ирдэг. Иймэрхүү автобусны чиглэлүүд байна. Нийтийн тээврийн “Тод Од транс” компанийн захирал Ж.Амараа ярилцлага өгсөн байсан. Тэдний компанийг хойгуур тойр гээд тойрохгүй байгаа.
-“Тод Од транс” компани тойроод явахад нь стандарт батлагдаагүй замаар явсан гээд торгуулсан байна лээ?
-Ингээд хувийн хэвшил яваад дийлэхгүй байгаа газруудад төр явъя л гэж байгаа. Алдагдалтай ч байсан. Би нэг юмыг шууд хэлье. Арван хэдэн жил энэ хэд маань дандаа алдагдалтай ажилласан гэдэг. Би өөрөө хувийн бизнес хийж байсан хүн. Хувь алдагдалтай юман дээр явдаггүй. Тэгвэл өдийг хүртэл яагаад яваад байдаг юм гээд асуумаар санагддаг. Шат шатны Засаг дарга дээр ороод нөхөн олговороо нэмэхгүй бол бид зогслоо, ямар ч ашиггүй хаялаа гээд айлгаж явдаг. Энэ бол нууц биш. Тэгвэл яагаад одоо болтол больчихгүй байгаа юм бэ гэдэг сонин байгаа юм.
-Компаниуд нөхөн олговороо авах гээд хүлээгээд байгаа юм биш үү? Нийтийн тээвэр долдугаар сараас Хот тохижуулах газарт очих уу?
-Та нар Хот тохижуулах газар гээд тодотгоод байх юм. Иргэд ч тэр, та нар ч тэр. Монгол улсад мөрдөж байгаа Хэмнэлтийн тухай хуулиар төрийн өмчит компани байгуулахыг хориглочихсон. Тийм учраас бид Хот тохижуулах газрынхаа дэргэд хэсэг байгуулах гэж байгаа нь тусдаа ажил юм. Хотын тохижуулах газрын дарга нийтийн тээврийг удирдахгүй. Тэнд инженертэй, механиктай. Одоохондоо Хот тохижуулах газрын дэргэд байгуулах өөр гарцгүй учраас бид ийм шийдэл хайж байна. Гарц нь тэр л байна. Яваандаа хэмнэлтийн хууль сулраад ирэхээр Орхон эсвэл Эрдэнэт нийтийн тээвэр гэдэг юмуу орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болгох байх.
-Өмнө нь Хот тохижуулах газарт нийтийн тээвэр ажиллаж байсан. Ажиллуулж дийлэхээ болилоо гээд хувьд өгсөн гэсэн?
-Өмнө нь байгаагүй. Одоо бол Хот тохижуулах газарт ахмадын автобус, хүүхдийн автобус явж байгаа. Энэ үйлчилгээ маань тодорхой үйлчилгээний туршлагатай болсон.
-Жолооч нараас гадна дахиад техник, автобус бааз байгуулна, маш том бүтэцтэй болоод ирэхээр 1,2 тэрбумаа өгөх гээд чардайлгаж байсан төр өөр дээрээ авахаар 12 тэрбум болчихдог. Яагаад ингэж данхайлгах гээд байгаа юм бэ. Бас алдагдалтай ажиллана гээд 2 тэрбумыг нэмж байгаа гэж харсан. Өмнө нэг төсөл өгсөн юм билээ. Тэрэн дээр чинь 3,2 тэрбумаар гараж барина, 50 жолоочийн цалин гээд олон зүйл байсан биз дээ?
-12 тэрбум гэж хэн ярьж байгаа юм бэ. Үгүй, 3,2 тэрбум хувийн хэвшил явж байсан бол хувийн хэвшилдээ л өгнө. Тэрэн дээр нэмэх асуудал байхгүй. Компанийн үйл ажиллагааны зардал 2,4 тэрбум төгрөгийн алдагдалтай явах юм, 100 хувь төрд ажиллаж байгаа үед шүү. Том тоо хараад том тоо яриад байх юм. 3,1 тэрбум нь 50 автомашины хоёр хэсэг гараж болно. Гараж байхгүй шинээр авсан хог тээвэрлэдэг машинууд өвөлжин гадаа байлаа. Одоо хот тохижуулахын хашаанд байгаа гаражийг өргөтгөсөөр байгаад хашаа руугаа тулчихсан.
-Энэ төсвийг 2024 оны аймгийн төсөвт суулгаагүй юм билээ. Тэгэхээр хаанаас гаргах вэ?
-Суулгаагүй. Тодотгол хийх гээд хүлээгээд байгаа. Тэгээд одоо энэ чигээрээ зарлаад хувийн хэвшлийнхэн маань орохгүй юм. Хувийнхан бол ерөөсөө нөхөн олговороо нэм гэж байгаа.
-Харин тийм, нөхөн олговорыг нь энэ зардлаасаа нэмээд өгчихөж болохгүй юу?
-Нэгхэн зарчим бий. Хувийнхан орлогоороо цалинждаг байдлыг болиулах хэрэгтэй. Тэгвэл ийм асуудал үүсэхгүй. Тэгэхгүй байгаа юм. “Та орлогоосоо тэдийг компанидаа тушаагаад үлдсэн нь таны цалин шүү” гээд хэлчихээр жолооч мөнгө хөөж давхиад байна. Хөгшчүүлийг маань янз бүрээр нэрлэдэг, эвгүй ярианууд сонсогдох юм. Нийтийн тээврийг цахим системд шилжүүлнэ. Бид тооцоололтой байх ёстой. Өнөөдөр 6-1-р байрны үүднээс 8 цагт хичнээн хичнээн хүн сууж байна. Тэгвэл 9 цагт хэдэн хүн сууж байна. Цахимд шилжээд ирэхээр үнэгүй зорчиж байгаа хэдэн хүн байна, мөнгөө төлсөн хэдэн хүн байна гээд харж болно. Мөн аль цагт хаана илүү ачаалалтай байна гээд сэлгэн хуваарилалтуудыг хийх ёстой. Эдгээрт хяналт тавьж, мониторинг хийдэг болох хэрэгтэй. Тухайлбал хяналт тавьж байгаа хүн нь таван номерын автобусыг Говил чиглэл рүү явуулах гэх мэт шинжлэх ухаантай тооцооллуудыг хийгээд явна. Ингэхээр хувийнханд маань ч амар болно. Одоо тэгээд хувь нь яваг, төр нь яваг, хувь төр хоёрын аль нь илүү вэ гэдэгт иргэд өөрсдөө дүгнэлт хийнэ.
-Гэхдээ төр нь 10 автобус явах газар гурван автобус яв гээд гэрээ хийчихээр хувийн байгууллага төрөөс илүү гарч чадахгүй шүү дээ?
-Үгүй. Одоо цахимд шилжчихээр энэ тодорхой болно. Өглөө 9 цагийн үед 10 автобус явуулаад, 10 цагийн үед тав ч явж болно. Хэдүүлээ шинжлэх ухаанч тооцооллоор ярихгүй бол дандаа багцаагаар ярьдагаа болих хэрэгтэй. Та нар Эрдэнэт.мн руу ороод хар л даа, 23 автобус явж байна уу, 25 явж байна уу. Тэгэхээр 13-14 автобус явуулчихаад 100 хувь мөнгөө авна гэдэг бол шударга бус. Асуудал ийм л зөрчилдөөнтэй байна.
-Үнэгүй явах эрхийг нь хэн өгдөг юм бэ? Багийн дарга нь найз нөхөд хамаатан садандаа гээд дуртай нэгэндээ өгч байна. Залуу хүмүүс хөнгөлөлт эдлээд яваад байгаа тохиолдлууд байна. Үүнд хяналт тавьдаг уу?
-Энэ ажлыг мэргэжлийн хүмүүсээс тодруулаарай.
-Автобусанд ихэвчлэн хөнгөлөлттэй зорчигчид суудаг. Хувь хүмүүс нь машинаараа явдаг. Ийм болохоор автобус ашиггүй байгаа шүү дээ?
-Мөнгө төлдөг хүмүүсээ автобусаар явуулдаг болгох гэж зорьж байна. Автобус нь цагаараа явдаг, дулаахан тохитой байхыг иргэд хүсч байгаа. Өнөөдөр харин Эрдэнэтийн хэдэн пэйж хуудсуудаар нийтийн тээврийн гомдол их байгаа биз дээ. Автобус нь бохир заваан, жолооч нь тамхи татдаг, цагаараа явахгүй, хүүхэд, хөгшчүүлийг авахгүй хаяад давхичихдаг, цагаасаа эрт буудаг гээд асуудлууд байнга гардаг. Бид нийтийн тээврийн жолоочоо хоёр ээлжээр ажиллуулахаар төлөвлөчихсөн байгаа. Нийтийн тээвэрт дурын жолооч ажилладаггүй. Мэргэшсэн, шалгуур өндөр байдаг. Үүнийг манай ажлын хэсгийн дарга сайн судалсан байгаа.
-Одоо төсвийн тодотголоор нийтийн тээврийн зардлуудаа нэмж оруулсаны дараа хүлээгдэж байгаа газруудаар автобуснуудаа явуулж эхлэхэд бэлэн үү? Автобусны тендерээ шалгаруулаагүй байгаа гэж ойлгох уу?
-Эхлээд автобуснууд маань ирнэ. Тендэр нь зарлагдсан. Үүнийг худалдан авахаас асуугаарай.
-Тэгээд долдугаар сараас эхлээд нийтийн тээврийг төр хариуцаад ажиллуулах юм байна. Зөв үү?
-Ш.Ганболд даргаас сайн тодруулаарай. Ажлын хэсэгт гардан ажиллаж байгаа хүмүүс удахгүй хэвлэлийн хурал хийнэ. Тэ үеэр мэдээллээ тодруулж аваарай. Надад иргэдээсээ санал асуулга авахаас өөр арга алга. Иргэдээсээ асуугаад шийдье гэж бодож байгаа.
-Иргэдийн санал асуулгын явцын мэдээллээс харвал 86 хувь нь Хот тохижуулах газарт өгөх нь зөв гэж хариулсан гэсэн үү?
-Санал асуулга арай дуусаагүй байна. Гэхдээ явцын мэдээллийг харвал, Хот тохижуулах газарт өгөх нь зөв гэж байна. Улаанбаатарын нийтийн тээврийг харахад зөв шийдэл болоод байна. Нийтийн тээвэр маань үнэхээр супер ажилладаг болчихвол бид машин унах шаардлага байхгүй болно. Тийм биз дээ.
-Одоо тэгэхээр тендэрт ямар компани шалгарсан, ямар автобус байгаа гэдгийг л харах үлдэж байгаа юм байна?
-Шалгарсан тендэрийг ороод үзэж болно. Одоо тендэрийн ажиллагаа нээлттэй болсон. Өрсөлдөгч компаниуд юун дээр алдсан, юугаараа илүү гэдгээ шууд харж байгаа. Зарим хурлын төлөөлөгч нар “та 320 саяар автобус авах гээд байна” гэж яриад байгаа. Тэгвэл 320 саяар автобус авах гээд байгааг яаж мэдэж байгаа юм бэ..
-Сая аймгийн Иргэдийн хурлаар нийтийн тээврийн асуудал буцаагдсан. Юунаас болоод буцаагдсан юм бол. Иргэдийн саналыг нэгтгэж байгаад ИТХ-аар дахиад оруулах уу?
-Яагаад буцаагдсаныг Худалдан авах ажиллагааны газраас асуу. Иргэдийн саналыг нэгтгээд буцаад хурлаар оруулна. Ажлын хэсгийнхнийг Улаанбаатар руу явж судла гэсэн үүрэг өгсөн. Ер аливаа асуудлыг сайн судлах хэрэгтэй. Ямар ч шийдлийг гаргахын тулд судалгаа маш чухал. Одоогийн байдлаараа байвал манай нийтийн тээвэр сөхөрлөө шүү. Надад тийм мэдрэмж шууд төрж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.