Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай ярилцлаа. Орхон аймгийн өнөөгийн удирдлагууд эрдэнэт хүний эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг буулгах, Эрдэнэтчүүдийг элэгний өвчлөлийг эмчлэх, улмаар бүс нутагтаа төдийгүй улсдаа ямар ч өвчлөлгүй аймаг болгох зорилт тавьсан байна. Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй, “Элэгний өвчлөлгүй Эрдэнэт”, “Эмч”, “Багш” дэд хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.
-Орхон аймагт өнгө нэмсэн, ард иргэдийн ахуй амьдралд тус нэмэр болохуйц олон шинэлэг ажлыг хийжээ. Гэвч бүтээн байгуулалтаас илүү Эрдэнэтчүүдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарсан байгаа бахархмаар зүйл юм. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
-2016 оны улс төрийн сонгууль болдгоороо болсон. Аль нэг нам, аль дүүрэгт ялалт байгуулах нь тухайн иргэдийн сонголт шүү дээ. Энэ жишгийн дагуу Орхон аймагт МАН олонхийн ялалт байгуулж улмаар миний бие 2016-2020 он хүртэл Эрдэнэтчүүдийн ахуй амьдралд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, улмаар хүн рүү чиглэсэн гол бодлогыг мөрдлөг болгох ёстой гэж зорьсон. Хаа газар бүтээн байгуулалтууд өдөр бүр өрнөж, цэцэглэн хөгжиж, өнгө нэмж байна. Гэвч хүн рүү, иргэд рүү чиглэсэн бодлого дутмаг санагддаг. Миний гол зорилго, үндсэн зорилт бол ямар ч бүтээн байгуулалтаас хүний хөгжил хоцрох ёсгүй гэсэн зарчмын дагуу явдаг. Барилга байшин бол хөгжил биш. Хүнээ хөгжүүлж байж, улс орон урагш нэг шат ахидаг. Хүн бол хамгийн үнэт капитал. Нэгдүгээрт хүн эрүүл байх, хоёрдугаарт, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гуравдугаарт ажилтай орлоготой байх ёстой. Дөрөвдүгээрт, Мэдлэг чадвартай, оюунлаг байх ёстой. Энэ дөрвөн суурь үзүүлэлт нийлж байж аз жаргалтай амьдрал, сайхан улс орон бий болдог байх гэж би хувьдаа боддог.
-Энэ бол маш чухал үзүүлэлт. Таны энэ зорилт хэр үр дүнтэй хэрэгжиж байна даа. Эрдэнэтчүүд эрүүл байж, аюулгүй орчинд амьдарч, ажилтай орлоготой, мэдлэгтэй чадвартай болж чадаж байна уу?
-Хүнийг хөгжүүлэхийн тулд тодорхой чиглэл боловсруулж, дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Мэдээж өргөс авсан юм шиг бүх зүйл гоё, сайхан болчихгүй ч үр дүн нь сайн байна. Би сэтгэл хангалуун байгаа. Тухайлбал, 2017 онд бид, манай хамт олон эрүүл мэндийн салбарт олон хөтөлбөр хэрэгжүүлж, мөн хэмжээний санхүүжилт олгосон. Үүний үр дүнд Эрдэнэтчүүд эрүүл болох үндэс суурь хангагдаж байна. Онцолж хэлэх ёстой нэг зүйл байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” аян зарлагдахаас даруй хагас жилийн өмнө “Элэгний вирусгүй Эрдэнэт” хот болъё гэсэн зорилт тавьж, төрийн болон хувийн хэвшлийн бүхий л эрүүл мэндийн байгууллагууд, “Эрдэнэтийн эрүү иргэн” ТББ-тай хамтарч эрүүл мэндийн нэгдсэн аяныг зохион байгуулсан. Энэ хүрээнд элэгний хавдрын вирусийн шинжилгээг 20 гаруй мянган иргэнд хийсэн. Тэднээс 5600 гаруй хүнд хэрхэн хамгаалах талаар сургалт зохион байгуулж, анхдагч хавдартай 300 шахам хүнийг 100 хувь эмчилсэн. Энэ бол хамгийн том үр дүн. Эдгээр хүмүүс ахиж өвдөх боломжгүй.
-Элэгний вирустай ээжээс төрж буй нярайг, хүүхдийг хамгаалах төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Тэдгээр хүүхдүүд насанд хүрсэн ч элэгний ямар нэг вирус тусахгүй, өвчлөхгүй гэлээ. Урд өмнө нь сонсож байгаагүй, шинэ зүйл, сайхан мэдээ байна.?
-Энэ бас л анх удаа Орхон аймаг санаачлан хийсэн эрүүл мэндийн, насан туршийн хөрөнгө оруулалт. Элэгний өвчлөлтэй ээжээс төрж байгаа ургийг эрүүл болгох зорилгоор вакцинжуулсан. Урагт халдварлах нөхцөлийг бууруулсан. Энэ вакцинд хамрагдсан хүүхдүүд 98 хувь хамгаалагдана. Бид энэ төсөлд зориулж орон нутгийн төсвөөс 45 сая төгрөг зарцуулсан.
-Орхон аймаг 2017 онд нярайн эндэгдлийг улсын дунджаас гурав дахин бууруулсан түүхэн үзүүлэлт гаргасан. Сураг сонсох нээ орон нутгийн удирдлагын зүгээс нэхээд анхаарч, чухал эм, тариаг хангалттай хэмжээнд худалдан авч өгсөн гэх юм. Тэр нь ямар тариа юм бэ?
-Энэ бол зайлшгүй анхаарах ёстой чухал хэсэг. Би аав хүн. Үр хүүхэдтэй хүн. Эрдэнэтчүүдийн ирээдүйн төлөө ийм шийдвэр гаргасан. Манай аймагт жилд дунджаар 50 орчим амьгүй төрөлт буюу нярайн эндэгдэл гардаг юм билээ. Бид эхэндээ мэдэхгүй өнгөрөөдөг байсан. Харин одоо бол тийм биш. Ямар боломж байна бүх зүйлээр нь дэмжих ёстой гэсэн бодлого барьдаг. Тэдгээр эндэж байгаа дутуу төрсөн нярайд хамгийн чухал зүйл нь уушгины багтаамжийг нэмэгдүүлэх эмчилгээ хийх арга юм. Сурфактант эмчилгээ гэж. Энэ төрлийн эмчилгээг манай аймгийн эмнэлгийн байгууллага, хүүхдийн, нярайн эмч нар гурван жил гаруй хэрэглэж байгаа. Эмч нар маань ч овоо дадлагажиж байна. Сурфактант гэх өндөр үнэтэй энэ тариаг дутуу төрсөн нярайд тарьдаг. Тарьснаас хойш 20 минутын дотор хүүхдийн уушги амьсгалж, амьдрах чадвар олдог юм байна. Энэ тариа нэг ширхэг нь нэг сая гаруй төгрөгийн үнэтэй. Жирийн нэг аав ээж энэ мөнгийг гаргаж чадахгүй. Зөвхөн энэ эмчилгээнд зориулж жилд 35 сая төгрөг орон нутгийн төсвөөс зарцуулдаг. Ер нь бол эрүүл монгол хүний төлөө Эрдэнэтчүүд, Засаг захиргааныхан мөнгө харамлахгүй. Ингэсний хүчинд 2014 онд 24 байсан нярайн эндэгдэл 2017 онд зургаа болж буурсан. Мөн Орхон аймаг сүүлийн гурван жил эхийн эндэгдэл гараагүй. Энэ бол бодит үр дүн. Манай улс, төр засгаас жоохон сэтгэл гаргаад хөрөнгө зарцуулчихвал эх, нярайн эндэгдлийг бүрэн зогсоох боломж байна.
-Монгол улс даяар, улмаар ДЭМБ-аас яг энэ хоёр үзүүлэлтэд нэлээд өндөр ач холбогдол өгч байгаа. Гэтэл энэ асуудлыг шийдэх арга замыг олчихсон байгаа нь бас нэг давуу тал юм. Ийм хэмжээний амжилттай яваа эрүүл мэндийн салбарын эмч нарын мэдлэг, чадвар бусад орон нутгаас өндөр байгаа байх даа...?
Эмч эрүүл байж Эрдэнэтчүүд эрүүл байна гэсэн ойлголт байна. Эмч нарынхаа эрүүл мэнд, амьдрал ахуйд анхаарсан “ЭМЧ” дэд хөтөлбөрийн талаар ярилцъя.
-Орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагын зүгээс дэмжиж байгаа. Эрүүл мэндийн салбарт эм тариа, эмч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, шинэ техник хэрэгсэл олгох, эмч нарыг мэргэшүүлэх гээд олон зүйл, нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Үр дүн ч гарч байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн нэг гол үзүүлэлт нь мэргэшсэн эмч нар. Аймаг орон нутгийн зүгээс эмч нараа сургах, мэргэшүүлэх, гадны өндөр хөгжилтэй орнуудад туршлага судлуулах, чадваржуулах зэргээр эмч нартаа анхаарал хандуулах “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч нарынхаа нийгмийн салбарт анхаарч байгаа. Амьдрал баян. Эмч болгон хангалуун амьдралтай биш шүү дээ. Хүүхдийн сургалтын төлбөр, орон байрны засвар, өөрийн эрүүл мэндийн асуудал гээд шийдэх зүйл олон байдаг. Энэ бүхэнд нь дэмжлэг болох үүднээс дэмжлэгийн сан байгуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт ажиллаж амьдардаг эмч, багш нарыг бүгдийг нь эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулсан. 2017 онд эмч нарын дундаас хавдрын оноштой хүн илэрсэн. Нөхцөл байдал ийм л хүнд байна. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт их ажлыг, зөв цаг үед, зоригтойгоор хийж, шаардлагатай хөрөнгө мөнгийг хангалттай суулгаж өгсөн.
-Эрүүл Эрдэнэтчүүдийг ингэж дэмжжээ. Тэгвэл Эрдэнэтчүүд эрүүл аюулгүй орчинд, ажиллаж, амьдарч чадаж байна уу?
-Анхаарах ёстой асуудал. Мэдээж тодорхой, төлөвлөсөн ажлууд хийгдэж байна. Ямартай ч гэр хорооллын алслагдсан гудамж, талбайг инженерийн шугам сүлжээнд найдвартай холбох, гэрэлтүүлэгтэй, зам харгуйтай, цэвэрхэн тохилог орчинд аюулгүй аж төрөх бүх л боломжийг бүрдүүлэхийг төлөө зүтгэж байгаа. 2018 онд нэлээд зүйл хийсэн. 2019 онд бас тэр хэмжээний бүтээн байгуулалт хийгдэнэ. Мэдээж агаар, хөрсний бохирдолтой холбоотой, далд аюулууд яригдана. Баянцагаан багийг 3,4 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээгээр гудамж бүр лүү татаж байна гэсэн үг. Иргэдийг аюулгүй орчинд амьдрахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх нэг зүйл бол камержуулалт. Урьд өмнө суурилуулсан камерууд бий. Гэхдээ хангалтгүй байна. 2019 онд бид аюулгүй ажиллагааны нэгдсэн төв нээнэ. Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр байдаг шиг тийм нэгдсэн удирдлагын камерыг Орхон аймаг байгуулсан. Цагдаа, Онцгой, түргэн, нийтийн тээвэр гэсэн бүх чиглэлийг хянах, дуудлагын нэгдсэн төв болно. 300 сая төгрөгөөр кабелын шилжилт хийж байна. Камержуулалтын нэгдсэн төслөө хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн. Нийт төсөв 8,5 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл. Үүнийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар шийдүүлчихгээд зүтгэсэн.Мөн дэлхийн банкны санхүүжилтээр цахилгаан, эрчим хүчний эрс шинэчлэлт хийгдэнэ. Тулгуур шонгууд, холбогч утас гээд бүгдийг нь шинэчлэх төсөл юм. Иймэрхүү байдлаар иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж байна. Цаашдаа хэрэгжүүлэх олон төсөл бий...
-Эрүүл иргэд, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь бүрдчихжээ...Харин энэ иргэд ингээд зүгээр суугаад байдаг юм биш биз дээ. Ядуурлын гол эх үүсвэр бол ажилгүйдэл шүү дээ. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Иргэд ажилтай, ажлын байр нь хангалттай байх ёстой. Гэхдээ үүнийг төр дангаараа гүйцэтгэж чадахгүй. Орхон аймагт өнөөдрийн байдлаар 40 орчим мянган хүн л орлоготой буюу, ажилтай байна гэсэн үг. Гэтэл цаана нь 80 гаруй мянган хүнийг хэн тэжээж тэтгэх вэ гэдэг асуулт үлдэж байна. Бид 2016 онд ажил авсныхаа дараахан бүх багийнхаа хэмжээнд судалгаа хийхэд 2882 өрх бүртгэгдсэн. Тухайлбал миний сонгогдсон Баянцагаан багт 62 айл орлогогүй, иргэд ажилгүй байх жишээний. Өнгөрсөн 2017 онд бид 4000 гаруй ажлын байр бий болгосон. 2237 нь үндсэн ажлын байр бол үлдсэн нь түр ажлын байр. Төрийн зүгээс ажилтай иргэн бий болгоход анхаараад ийм хэмжээний иргэдийг ажилтай болгочхож. Тэгвэл иргэд өөрсдөө нэгнийгээ ажилтай болгоход анхаарч, сэтгэл гаргаж байна. Бид үүнийг нь бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Ямар бодлогоор дэмжих вэ?
-Яаж дэмжих вэ гэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Итгэлийн зээлийн менежментийг нэвтрүүлэхээр болсон. Итгэлийн зээл гэдэг чинь өрхийн үйлдвэрийг дэмжих, хүүгүй, хугацаагүй зээл. Төслөө бичээд тооцоогоо гаргаад ирвэл бид санхүүжүүлж болно. Санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхой болсон. Ямар эх үүсвэр вэ гэхээр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийг байгуулсан. Энэ паркаас электродын үйлдвэр байгуулж, орон нутгийн иргэдээ ажлын байраар хангаж байна. 2017 онд тус үйлдвэрээс май, манай үйлдвэрийн цэвэр ашиг шүү гээд бидэнд 140 сая төгрөг өгсөн. Одоо энэ 140 сая төгрөгөөр нөгөө өрхийн үйлдвэрлэлээ дэмжих санхүүгийн эх үүсвэр болгож байгаа юм. Электродын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр шууд худалдан аваад гагнуураа хийж байна. Хамгийн сайн гээд магтаж байна. Ингээд л бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг иргэдээр ажилтай болгох боломж байна.Энэ мэтээр хувийн хэвшилтэй хамтарсан маш олон үйлдвэрүүдийг бий болгож, 30 жилийн дараах Эрдэнэт үйлдвэртэй дүйцэхүйц, эдийн засаг, хүний нөөцийн потинцалийг бий болгох алсын хараатай бодлого юм. Гэхдээ энэ дөрвөн жилийн хугацаанд яг цав хийгдчих ажил биш... Цаг ороо бусгаа шүү дээ. Бид бол аль болох тогтвортой байлгах үндсэн бодлого баримталж байгаа.
-Хүний хөгжил бүтээн байгуулалтаас хоцрох ёсгүй гэж таны үздэг зөв. Харин өмнөх удирдлагууд чинь ямар бүтээн байгуулалтыг сайн өрнүүлээд, та бүхэн хүнээ хөгжүүлээд байна уу даа гэж ойлгохоор байна.
-Хүний хийснийг үгүйсгэж, харлуулж болохгүй. Сайн хэрэгжсэн хөтөлбөрүүд бий. Тухайлбал Ипотекийн зээл, ТОСК гэх мэт үр дүнгээ өгсөн зүйлүүд нүдэнд ил байна. Орон сууцны барилгууд олноороо баригдсан. Зам харгуй ч сайн тавигдсан. Гэхдээ тэдэнд хангалттай мөнгө байсан ч бүтээн байгуулалтаа тийм ч сайн хийгээгүй шүү. Алдаатай буруу бодлогыг нь одоо бид засаж залруулах гээд гүрийгээд, маш бага төсвөөр ажиллаж байна. Гэхдээ сэтгэл байвал болно. Би өмнөх дөрвөн жил сөрөг хүчний бүлгийн дарга, ИТХ-ын төлөөлөгч байсан. Сайн ч шахдаг байсан. Одоо тэднийг тэгж шахдаг байсан шигээ өөрөө сайн ажиллахгүй бол болохгүй.
-Өрөөний тань үүдэнд олон иргэд уулзахаар дараалан зогссон байна. Таны ширээн дээр бас бичиг цаас нэлээд байна... Ажлын ачаалал нэлээд ихтэй байна уу?
-Би иргэдийнхээ үгийг сонсож, тэднээс сургамж, заавар зөвлөгөө авах, тэдэнд үйлчлэх ёстой хүн. Би дарга биш, иргэд миний дарга. Зарим иргэд тийм ч мөнгөний тусламж, ийм ч зүйлийн цохолт гээд орж ирдэг. Боломжтой, шийдэж болох ямар арга байна тэр бүхнийг хэрэглэнэ шүү дээ. Гэхдээ хуулийн дагуу. Надаас хууль зөрчсөн зүйл шаардвал биелүүлэх шаардлага байхгүй. Бичиг цаасны тухайд бол тамга тэмдэг даруулах гэсэн, ажлын хэсэг байгуулах, хот руу илгээх гээд янз бүр байна. Хэд хоног эзгүй, хөдөөгөөр өвөлжилтийн бэлтгэл ажил шалгаад явах хойгуур овоорчихож. Хотоос ч бичиг иржээ.
-Орхон аймгийн 120 мянган хүний аж амьдралыг нуруундаа үүрч, толгойдоо бодож явна гэдэг хэр хүнд ачаа байна вэ?
Хүн амын тоо их байна гэдэг бол цаанаа төдий хэмжээний асуудал ар араасаа нуугдаж, хуримтлагдаж байна л гэсэн үг шүү дээ. Тэглээ гээд асуудал руй ханцуй шамлаад орохоос өөр арга байхгүй. Би одоо зутгах эрхгүй, бултах газаргүй болсон. Нэгэнт л даана гээд л энэ албанд ирсэн юм чинь эцсээ хүртэл, эцэж сульдталаа зүтгэхээс өөр зам үлдсэн гэж үү... Анхандаа жаахан эвгүй байсан. Дасаагүй дээ тэр биз одоо бол ер нь хат сууж байна. Одоо дахиад асуудал байдал шүүрч аваад шийдэх боломжийг хайна даа... Асуудлаас айх юм бол аймаг удирдсаны хэрэг юу байна вэ.
Эх сурвалж: Ulsturch.mn