Амарын талбай ард түмний хөлд дарагдлаа
Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 9, дашнямтай билэгт сайн өдөр. Сайн өдөр болоод ч тэр үү, аль эсвэл тохиолдол байв уу Амарын талбайд амьдрал буцалж, ард түмний хөлд дарагдах шиг л боллоо. Манай аймгийн Баян-Өндөр сум болоод зарим төрийн байгууллагууд “өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж байгаад” иргэддээ үүдээ нээж “Нээлттэй хаалганы өдөр” хийх нь тэр. Төрийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөр”-тэй зэрэгцээд аймгийн хэмжээнд “2018 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаа” энэ өдөр давхар тохиож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, зуны эхэн сарын энэ сайн өдөр эрдэнэтчүүд 2018 онд хийх бүтээн байгуулалтынхаа нээлтийг ийнхүү албан ёсоор эхлүүлж байгаа аж. Үүний зэрэгцээ дулааны улиралд Эрдэнэт хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөтэй иргэд танилцах боломжийг илүү олгожээ. Энэ ажлынхаа талаар иргэдэд илүү дэлгэрэнгүй, бодитой мэдээлэл өгөхөөр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийнхэн талбайн голд аль хэдийн буйраа засч төвхнөсөн байна. Иргэд ч эндээс боломжийн мэдээлэл авч байгаа харагдана.
Баян-Өндөр сумын 20 гаруй баг, сумын ЗДТГ иргэдийнхээ асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэхийн зэрэгцээ санал хүсэлтийг нь ч сонсч байв. Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Цаг уур, орчны шинжилгээний төвийнхөн нэг цагаан шовгорт эвтэйхэн гэгч нь багтчихсан үүдэндээ үүл бууддаг “их буу”-гаа байрлуулчихсан “халууцаад, халаад байвал үүлэнд нөлөөлөөд бороо оруулаад өгч чадна шүү” гээд ажиллаж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийнхан үүд хаалгаа нээжээ. Тэдэнтэй айлсаад Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ӨНӨҮГ, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрынхан чиг үүрэг нэг гээд нэгдсэн үү ямар ч байсан нэг шовгорт багтсан харагдана. Олны дундаас нуруу туруугаараа илүү гэсэндээ Б.Мөнхдалай, Д.Цолмон дарга нар онцгойрч иргэдэд бүчүүлсэн шигээ зогсох нь тэр. Талбайн хамгийн зүүн захад Г.Ядмаа даргатай Авто тээврийн төвийнхөн төвхнөчихсөн иргэдэд үйлчилж байлаа. Ийнхүү Баян-Өндөр сум хийгээд зарим төрийн байгууллагынхан Амарын талбайн хоймрыг эзэгнэсэн шигээ төвхөж иргэддээ нээллтэй ажиллаж байлаа. Талбайн голд зассан индэрийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан иргэдийн дунд “АХА” тэмцээн явуулж түүнд хөгшин залуугүй оролцож мэдлэгээ сорихоор тэмүүлж байв. Түрүүлсэнд нь шагнал, урамшуулал өглөө.
Талбайн баруун урд жигүүрт М.Батцоож тэргүүнтэй аймгийн Үйлдвэрчний эвлэлийнхэн эмч, багш нартайгаа нэгдээд суулт хийж байлаа. Тэдний тэмцлийн арга хэмжээг дэмжиж аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү суга таягтай ч гэсэн тэдэнтэй уулзаж инээдэм, ханиадам болж сэтгэлийн дэм өгч байгаа харагдана. М.Батцоож дарга хэвлэлийнхэнийг тойруулчихсан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан чухал шийдвэр гаргах ёстой. Түүнийг хүлээж байна. Хэрвээ эмч, багш нарын цалин нэмүүлэх тэмцлийг дэмжсэн тэдний хүсэлтийг хангасан шийдвэр гаргахгүй бол эр эмгүй үсээ хусч, зүсээ гундааж байгаад ч хамаагүй тэмцэнэ. Цаашлаад тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд Орхон аймгаас нийслэл рүү томоохон бүрэлдэхүүн бүхий тэмцлийн баг бусадтайгаа нэгдэх хэмжээний зохион байгуулалтад орж ч болохыг үгүйсгэхгүй шүү” гэж ирээд л мэдэгдлээ. Үүнийхээ дараа суулт хийж байгаа нөхөддөө хандан “Нийслэлд тэмцэж байгаа нөхөд маань 8 дахь өдрөө сууж байна. Гэтэл манайхан надаас суух сандал нэхээд байх юм. Суулт хийхэд сандал хэрэгтэй юм уу. Жаахан тэвчээртэй, бодолтой байя л даа” гэж ирээд өнөөдүүлээ аргадах нь тэр.
Энэ бүхнээс харвал үнэхээр Амарын талбайд амьдрал буцалж байлаа. Төрийн байгууллагын хааяа нэг болдог “Нээлттэй хаалганы өдөр” иргэдэд үгүйлэгддэг. Нэрнээс харвал нэг их зохиогүй ч гэлээ Амарын талбайд хүрч ирээд иргэдэд үйлчилбэл ард түмэн ч тодорхой хэмжээнд бүчээд л авдаг. Нэг өдрийн дотор аймгийн хэмжээний төрийн байгууллагаар нэг бүрчлэн орж амьждаг иргэн гэж өнөөдөртөө л лав Эрдэнэтэд байхгүй. Тиймээс энэ арга хэмжээ байх ёстой. Өнөөдрийн Амарын талбайн арга хэмжээнд иргэдийн хамгийн их хүсэн хүлээдэг, үйлчилгээ авахыг зорьдог БОЭТ, Эрүүл мэндийн газрынхан байсангүй. Даралтаа үзүүлэх гэсэн иргэн, суулт хийж байгаа эмч, багш нарын нэгэнд эмч хэрэг болвол өрхийн эмнэлэг рүүгээ, эсвэл БОЭТ руу алхахаас өөр арга байсангүй. Иргэдэд хамгийн их хэрэгтэй, хүлээлт үүсгэдэг байгууллага болох Х.Эрдэнэбат даргатай Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийнхэн энэ удаад ирэгдэд “Хаалттай” байлаа. Хэзээ нээгдэхийг бүү мэд. Нэг телевизээр ажлын байрны зараа гүйлгэдгийг эс тооцвол тэд нээлттэй биш л дээ. Дээр нь Б.Анар даргатай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийнхэнийг иргэд асууж сураглаж байв. Тэд саяхан өөрийн байран дээрээ аймгийн дарга нар, төрийн байгууллагын удирдлагуудыг цуглуулж “мэдээлэл амсуулсан” учраас энэ удаад иргэдийг хойш тавьсан юм болов уу даа, янз нь. Иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаар дарга нарын амнаас л дам мэдээлэл сонсох юм гэнэ. Б.Өлзийсайхан даргатай Татварын хэлтсийнхэний бараа нь ч харагдсангүй. Е баримт өгдөггүй үйлчилгээний байгууллагын талаар дуулгах зарим нэг мэдээлэл иргэдэд байсан даа. Даан ч тэд дашнямтай сайн өдөр байрнаасаа цухуйдаггүй бололтой. Хот тохижуулах газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтсийнхэн гээд нэрлээд байвал олон байгууллага энэ удаад “Хаалттай хаалганы өдөр” хийсэн бололтой. Яагаад гэвэл тэд Амарын талбайд ирж “Нээлттэй хаалганы өдөр”-т өдөрт нэгдээгүй юм чинь. Боловсролынхон энэ өдөр ирээд төгсөгчдөд гэлтгүй эцэг, эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн бол хэрэгтэй л байлаа. Ж.Бат-Амгалан даргын “Төгсөгчдөөс мөнгө татахгүй шүү” гэдэг үг энд буй иргэдэд хэрэг болох л байсан.
Зуны тэргүүн сарын шинийн 9-ний дашнямтай билэгт сайн өдөр Амарын талбай олны хөлд даруулж иргэд ч Баян-Өндөр сумтайгаа, төрийн захиргааны зарим байгууллагатайгаа хамт нэгэн өдрийг өнгөрөөлөө. Амарын талбай иргэдийн хөл хөдөлгөөнд даруулж, төр түмэн хоёр ойр байвал эрдэнэтчүүдийн амьдрал, ажил үйлс сайн сайхан байгааг илтгэх бус уу. [sgmb id="1"]