ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхлэхээр байгаа. Энэ үеэр цэцэрлэгийг амраах тухай холбогдох албаныхан мэдэгдсэн ч нийгэмд талцал маргаан, хүлээлт, бухимдал үүсгээд байгаа. Энэ бүх асуудалд эцсийн цэгийг тавьж Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар тэргүүтэй албаны хүмүүс олон нийтэд мэдээлэл өглөө. Мэдээллээс харвал Шадар сайд, БШУ, Эрүүл мэнд, ХНХ-ын дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Уг хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, амралтыг зохицуулах юм байна. Тушаалд цэцэрлэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 13, орон нутагт 18-аас нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан тухай албан ёсоор мэдээлэв. Гэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зоссон үед гэртээ харах хүнгүй хүүхдүүдээ тодорхой хэмжээнд авах зохицуулалтыг хийж өгч байгаа ажээ. Сурагчдын амралт эхлэхээр цэцэрлэгийн ирц маш их буурдаг. Хамгийн багадаа 60-70 хувь ирц буурдаг учраас зайлшгүй тохиолдолд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг авна. Хүүхдээ амраахгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн багшид хүсэлтээ өгөх хэрэгтэй. Харин цэцэрлэгт явах хүүхдүүд нэг өдөр ирээд хэдэн өдөр таслаад байж болохгүй гэсэн шаардалга тавих юм байна.
Салбарын яамнаас цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авчээ. Гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулахаар болсон. Ингэхдээ цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөх гэнэ.
Харин тус яамнаас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт танхимын сургалтад хамруулах талаар эрсдэлийн үнэлгээ хийжээ. Цар тахлаас шалтгаалан одоохондоо хамруулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Засгийн газраас 2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 1-нээс танхимын сургалтад хамруулах асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Цэцэрлэгийн багш нар ажлын найман цаг ажиллана. Хичээл сургуулийн бэлтгэл ажлаа хийгээд явна. Багш нар амрахгүй, үндсэн ажлаа хийнэ.