Орхон аймгийн Орон нутгийн Өмчийн газраас ашиггүй ажилладаг, төсвөөс татаас авдаг орон нутгийн өмчит таван байгууллагыг менежментийн хувьчлалд оруулахаар бэлтгэж байна. Тухайлбал, Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн буюу Наадмын талбай, Ёс заншлын өргөө, Жаргалант Ус, дулаан түгээх станц, “Их шүтээн цогцолбор” буюу Бурхан багшийн сэрэг дүр, “Эрдэнэтэд үйлдвэрлэв” байр гэсэн байгууллагуудын мэдээллийг Засаг даргын Зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүллээ.
“Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ-ыг менежментийн гэрээгээр ашиглуулах талаар Орон нутгийн Өмчийн газраас судалж байна. Тус газрын өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, урсгал засвар, харуул хамгаалалтыг гэрээлэгч байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр хариуцна. Мөн хөрөнгө оруулалт, зорилтот түвшин, гүйцэтгэлийн хүрэх үр дүнг гэрээнд тусгасан. Шашин соёлын зориулалт ба иргэдийн нийтийн хүртээмжийг гэрээгээр хамгаална гэсэн нөхцөлтэй байхаар судалж байна. Бурхан багшийн сэрэг дүр байгууламжийн нийт хөрөнгө 3 тэрбум төгрөг гэж 2025 оны жилийн эцсийн тайланд тусгагджээ.

Жаргалант сумын 15 байрны 234 өрх, 11 аж ахуйн нэгж, таван төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг, 445 өрхийн 1506 өрхийн худгийн цэвэр усны хэрэгцээг өгдөг Жаргалант Ус, дулаан түгээх станц ОНӨХК-ийн үйл ажиллагааг менежментийн гэрээгээр эзэмшүүлнэ. Энэ байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг Орон нутгийн Өмчийн газраас сонирхсон газрууд авах боломжтой. Орон нутгийн татаас, хэрэглэгчдийн хэрэглээний төлбөр зэрэг болон бусад орлогоос бүрдэх санхүүгийн байдал нь ашиггүй ажиллаж буй учир тодорхой нөхцлөөр хувьд шилжүүлэхээр судалж байна.
Баян-Өндөр сумын өмчид бүртгэлтэй Ёс зашлын өргөө байгууламжийг 2018 онд бүтээн байгуулсан. Газар нь нийтийн эзэмшлийн зориулалттай 252441 м.кв хэмжээтэй, 7,543,0 сая төгрөгийн үнэлгээтэй, төв өргөөний барилга 57,5 сая төгрөгийн өртөгтэй бүртгэгдсэн, нийтийн эзэмшил 111,5 сая төгрөгийн үнэлгээтэй зэргээр 7,739,7 сая төгрөгийн хөрөнгөтэй байгууламж юм.

Наадмын талбай буюу Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнг 2012 онд бүтээн босгосон. Барилгын балансын үнэ нь 5,8 тэрбум төгрөг, үлдэх өртөг нь 4,7 тэрбум төгрөг. Олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээг жилийн турш зохион байгуулах мэргэжлийн багийг нээлттэй сонгон шалгаруулна. Талбайн ашиглалт, үйлчилгээ, зохион байгуулалт, засвар арчлалтыг гүйцэтгэлийн шалгууртай гэрээгээр хариуцуулна. Энэ жил 50 жилийн ойд зориулан Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнд томоохон хөрөнгө оруулалт хийсэн учир шинэхэн дээр нь эзэнтэй болгохоор хувийн хэвшлийг ажиллуулах менежментийн гэрээ хийх гэж байгаагаа аймгийн удирдлагууд ярьлаа.

Дараагийн байгууламж нь гэр хороололд барьж байгаа удахгүй ашиглалтанд орох “Эрдэнэтэд үйлдвэрлэв” барилга юм. Уг байгууламжийг менежмент ашиглалтын гэрээгээр хувьд шилжүүлэхээр судалж байгаа. Байгууламж объёктыг өдөр тутам ажиллуулж, ажиллах хүчнээр хангах, тоног төхөөрөмжийг ажиллуулж арчлах, цэвэрлэгээ хамгаалалт, техникийн үйлчилгээ, ашиглалтын зардлыг удирдах зэрэг үйл ажиллагааг гэрээгээр хүлээх юм байна.
Орхон аймаг ийнхүү ашиггүй ажиллаад олон жилийн нүүр үзсэн, төсөв дээр дарамт болдог дээрх байгууллагуудаа хувийнханд гэрээгээр өгөх гэж байна. Нэг талаас харахад, орон нутаг “даахгүй нохой булуу хураана” гэгчээр ажиллуулж чадахгүй болсоныхоо дараа хувийнханд шахах гээд байх шиг. Харин нөгөө талаас сайн менежерт энэ байгууллагууд очвол өнгөжин жавхаажиж, ашиг орлого нь нэмэгдэх магадлалтай.
М.Мөнх
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67














Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.