Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.11.04 Бага зэргийн цас Орхон -9° / -2° USD 3623.19▲ EUR 4065.04▲ CNY 541.13▲ RUB 44.50▲ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“ШИЛДЭГ ЗАМ”-ЫГ “ТЭНСЭНТЭЙ БАЙХ”-Д НЬ 2 ТЭРБУМААР ШАГНАЧИХЛАА

“ШИЛДЭГ ЗАМ”-ЫГ “ТЭНСЭНТЭЙ БАЙХ”-Д НЬ 2 ТЭРБУМААР ШАГНАЧИХЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн бодлогыг тодорхойлдог, улсаар бол УИХ нь юм даа, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага. Иргэдийнхээ итгэлийг хүлээж аймгийн ИТХ-ын олонхийг бүрдүүлсэн МАН-ын эрх баригчид сая хуралдсан хуралдаанаар аймгийн захиргааныхаа шүүхдэлцэж байгаа “Шилдэг Зам” ХХК-д дахин ажил өгөөд 2 тэрбум төгрөгөөр бараг шагначихлаа. Олон түмний зүрхэнд шар ус хуруулсан “энэ компанид эрдэнэтийнхэн бид өртэй юм уу” гэж АН-ын төлөөлөгчид гайхаж байна.

Дуусдаггүй үлгэр ингэж эхэлсэн байдаг. Одоогоос гурван жилийн өмнө аймгийн төвийн урд хэсэг буюу 6 дугаар бичил хороолын уулзвараас Их залуу багийн уулзвар хүртэлх А1002 улсын чанартай автозамыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх БЗА-72/24 дугаартай гэрээг Орхон аймгийн ЗДТГ, “Шилдэг Зам” ХХК-тай байгуулсан. Энэ ажил 2024 оны аравдугаар сарын 11-нд дуусгахаар гэрээнд заасан. Өнөөдөр энэ ажлын дуусах хугацаа хэтэрсэний хоёр жилийн ой өнгөрөөд явж байна. Хотын урд хэсгээр хийж байгаа энэ замын ажлын явцад замыг бүрэн хаачихна, багахан газар нутагтай хотынхон төв зам дээрээ түгжирч, бөөн бухимдал байсхийгээд л үүснэ.

Аргаа барсан аймгийн Засаг дарга “Шилдэг Зам “ХХК-ийг шүүхэд өгсөнөөр, шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ажлаа дуусгаагүй бол тус компани Орхон аймгийн татвар төлөгчдийн хөрөнгө 2,7 тэрбум төгрөгийг буцааж өгнө гэж. Эвлэрлийн хугацаа нь энэ оны долдугаар сард дуусч, юун 2,7 тэрбумаа буцааж авахав, өнөөдөр аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шүүхийн захирамжийг биелүүлж өгөөч гээд гуйгаад сууж байна. “Шилдэг Зам” ХХК-ийн захирал Баярсайхан гэж хүн улайх нь байтугай цайрах ч үгүй, их л тайван “ажил явж байна” гээд Орхон аймгийн дарга нарыг тоож ч хардаггүй нөхөр хааяа ирж, дүрээ харуулна.

Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн хөрөнгө гэж бий, тэгвэл татвар төлөгчдийн 2,7 тэрбум төгрөгийн ажлыг дуусгахыг хүсдэггүй энэ компани шүүх дээр Орхон аймагт ялагдсан, муугаар ярьвал “тэнсэнтэй” байгаа. Өмнөх ажлаа яаж  дуусгуулах вэ гэж байтал, энэ тавдугаар сарын 27-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулж, Цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолыг шинэчлэх ажил хийлгэхээр 761 сая 467 мянган төгрөгийн, 6-р хорооллоос Жаст Ойлын уулзвар хүртэлх авто замын дагуу шинээр гэрэлтүүлэг хийх ажилд 1 тэрбум 227 сая төгрөгийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулжээ. Нийтдээ 1 тэрбум 988 сая буюу 2 тэрбумыг дуусдаггүй ажил дээр нь нэмээд шагнал болгоод өгчихлөө. Хариуцлагагүй ийм компаниудыг тендерт дахин оролцуулахгүй, хар жагсаалтанд багтаана гээд байсан аймгийн Засаг даргын “ноён нуруу” “Шилдэг Зам” дээр хугарчихлаа даа.

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр дээрх ажлын гэрээг байгуулахдаа нэмэлт тодотголоор хэлэлцэх хуралдаан хуралдаж, төсвийг батлаагүй байхад буюу 5 сарын өмнө хийсэн нь “аймгийн ИТХ-ын байгууллагынхаа бүрэн эрхэнд халдсан үйлдэл үзүүллээ” гэж АН-ын төлөөллүүд хэлж байна.

“Шилдэг Зам”-ын ард том эрх ашиг, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн Монголын хуулиас дээгүүр “хууль” үйлчилсээр, Эрдэнэтийнхэн зам дээрээ гацаатай, түгжрээтэй гурав дахь жилтэйгээ золгож байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card