Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.76 EUR 4002.72▼ CNY 539.79▲ RUB 44.69▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗААВАЛ ХАРИУЦЛАГА НЭХЭХ ШАЛТГААНУУД

ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗААВАЛ ХАРИУЦЛАГА НЭХЭХ ШАЛТГААНУУД

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймагт аравдугаар сарын 23-ны өдөр 11 настай, зургаадугаар ангийн хоёр хүүхэд осол, гэмтэлд өртөж, нэг нь амиа алдан, нөгөө нь тархиндаа хүнд гэмтэл авч, мэс засалд орсон харамсалтай хэрэг гарлаа. Нэг нь сургуулийнхаа орчимд автомашинд дайруулсан бол нөгөө нь сургуулийн хоёрдугаар давхрын шатнаас унажээ. Эдгээр хоёр хэрэг нь сургуулийн орчны аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын удирдлагын хариуцлагатай холбоотой асуудлыг хөндөж байна. 2026 оны аравдугаар сарын 23-ны 18:10 цагт зургаадугаар ангийн охин хичээлээ тараад, урлагийн үзлэгт давтлага хийж дуусаад харих замдаа зам тээврийн осолд орж, амь насаа алдсан. Тухайн үед сургуулийг хариуцах ёстой захирал хаана байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тус сургуулийн захирлыг С.Эрдэнэтогтохыг эх сурвалжуудын хэлж буйгаар тухайн өдөр төрсөн өдөр нь тохиож, ажлаасаа чөлөө авсан аж. Тэр чөлөөг эхнэр, Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Отгонбаяр өгсөн гэх мэдээлэл байна. Осол болох үед ажилдаа ирээгүй шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гэх мэдээлэл ч бий. Нөгөө талаас, эхнэр нь нөхөртөө ямар шалтгаанаар чөлөө өгсөн бэ. Төрсөн өдрөө тэмдэглэх боломж олгосон уу. Эхнэр, нөхөр хоёр нэг салбарт, нэг нь нөгөөгийнхөө удирдлага дор ажиллах нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Тухайн ослын хариуцлагыг нөхөртөө тохохгүйн тулд урлагийн үзлэг рүү чиглүүлж, албан мэдэгдэл гаргалгүй байсаар, цуцлах тухай мэдэгдэл гаргасан гэж сургуулиудын групп чатад бичсэн үү. С.Эрдэнэтогтох эхнэрээ Боловсролын газрын даргаар томилогдохоос хоёр жилийн өмнө 7-р сургуулийн захирлаар тавигдсан. Харин О.Отгонбаярыг Боловсролын газрын даргаар томилох үед гэр бүлийн ашиг сонирхлыг зохицуулахтай холбоотой Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актууд яагаад хэрэгжээгүй юм бол. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн УИХ-ын сонгуульд О.Отгонбаяр хүчин зүтгэсэн учраас эрх дархтай байна уу.

Орхон аймгийн боловсролын салбарт ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудлыг сайд, дарга нар мэдээгүй байсан бол одоо хариуцлага ярих шаардлагатай биш гэж үү. Тухайн өдрийн 17:15 цагт Их залуу багт байрлах ЕБ-ын 15-р сургуулийн зургаадугаар ангийн эрэгтэй хүүхэд гуравдугаар давхрын шатнаас хоёрдугаар руу унаж, тархиндаа хүнд гэмтэл авч, БОЭТ-ийн сэхээний тасагт амьдрал үхлийн зааг дээр байна. Гуравдугаар эмнэлгийн эмч нар ирж хагалгаа хийсэн гэх мэдээлэл бий. Хүүхэд сургуулийн орчинд, бүс нутагтаа амар тайван, аюулгүй сурч, хөгжих эрхтэй. Гэтэл харамсалтай нь, хариуцлагагүй удирдлагын улмаас хүүхдүүд аюултай орчинд сурч байна. Мөн хүүхэд бэртсэн өдөр 15-р сургуулийн захирал О.Ариунгэрэлт ажил дээрээ байгаагүй. Захирал, сургалтын менежер, жижүүр багш нар хамгийн сүүлийн хүүхдийг сургуулиас гарсны дараа явах учиртай. Гэтэл хүүхдүүдээс өмнө гарч явсан захиралд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Захирлын ажлын цагийг хэн хянадаг вэ. Өөрийгөө хянаад, дураараа ажил тасалж байгаа юм биш биз. Эх сурвалжуудын хэлснээр, Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Отгонбаяр тухайн ослын газарт очиж ажиллахдаа О.Ариунгэрэлтэд “Өөрөө наад асуудлаа зохицуулаарай” гэж хэлсэн гэх. Хариуцлагыг бие бие рүүгээ чихэж, арьсаа хамгаалах нь ямар ёс зүй вэ. Осолдсон хүүхэд үхэл, амьдралын зааг дээр байхад ийм хүмүүс хүүхдийн төлөө ажиллаж байна уу, эсвэл өөрсдийнхөө нэр төрийн төлөө ажиллаж байна уу.

Мөн аравдугаар сарын 21-ний өдөр ЕБ-ын 3-р сургуулийн зургаадугаар ангийн долоон хүүхэд, дөрөвдүгээр ангийн нэг хүүхэд буюу нийт найман сурагч орой нь гэдэс базлах, дотор муухайрах, толгой өвдөх зовиуртай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хандсан. Хүүхдүүд “Сүү” хөтөлбөрийн хүрээнд уусан сүүнээс хойш бие нь эвгүй болсон гэжээ. Мөн сүүтэй соруулын амт таагүй байсан, саванд хөгц үүссэн байсныг анзаарсан гэж хүүхдүүд хэлжээ. Энэ асуудлаар албаныхан хүүхдүүд дэлгүүрээс өөр зүйл авч идсэнээс болсон гэх тайлбар өгч байна. Хүүхдүүд сүүг уух дургүй, ихэнхдээ уудаггүй гэж байхад бурууг хүүхдүүдэд тохсон нь харамсалтай. Ийнхүү аравдугаар сард Орхон аймгийн боловсролын салбарт гурван асуудал гарч, нэг хүүхэд амиа алдан, нэг хүүхэд сэхээний орон дээр хэвтэж, бусад хүүхдүүд “Сүү уучихвал яах бол” гэж эмээж буй эмгэнэлтэй хэрэг явдлууд хөвөрлөө. Цаашид яах вэ. Энэ байдлаараа байгаад хүүхдүүд хохирогч болсоор байх уу Л.Энх-Амгалан сайд аа...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
2
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card