А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна
-А.Мөрөн "Мачва" багтай гэрээгээ цуцалж, дараагийн шалгаруулалтыг хүлээх зуур "Сэлэнгэпресс" клубтээ тоглож байнаа-
18 дугаартай нь А.Мөрөн.
Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ үндэсний дээд лиг-2015” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. 9 баг оролцож буй уг тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог явагдах юм.
Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн “Сэлэнгэпресс” багтайгаа нэгдэж, энэ улирлын эхний тоглолтоо өнгөрөгч долоо хоногт хийлээ. Японы Сасаки Мизүхог эгнээндээ багтаасан “ФС Улаанбаатар” болон “Сэлэнгэпресс” багийн тоглолт тавдугаар сарын 23-д хөлбөмбөгийн цэнгэлдэхэд болсон. Энэхүү тоглолтод 2:1-ээр “Сэлэнгэпресс” өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын 5 дахь минутад Сасаки Мизүхо эхний гоолыг оруулсан бол 37 дахь минутад А.Мөрөн айлын хаалгыг мялаалж тоог тэнцүүлсэн. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Ч.Тогтохбаяр гоолдож, тоглолт 2:1-ээр “Сэлэнгэпресс”-ийн хожлоор өндөрлөв.
А.Мөрөн Сербийн лигт үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон байна. Учир нь түүний тоглож байсан “Мачва” клуб Сербийн гуравдугаар лиг рүү унасан аж. Сербийн гуравдугаар лигт гадны легионер тоглож болдоггүй гэсэн дүрэмтэй аж. Тиймээс А.Мөрөн “Мачва” багтай гэрээгээ цуцласан бөгөөд түүнийг тус улсын нэгдүгээр лигийн багууд болон Куветын “Казма” клуб сонирхож байгаа аж. Ийнхүү тэрээр дараагийн шалгаруулалт хүртэл “Сэлэнгэпресс” клубтээ хүчин зүтгэж байна.
Эх сурвалж: new.mn