Дээхэн үед “24-ийн цэцэрлэг” гэж байлаа. Цаг наргүй ажилладаг эцэг эхчүүдийг хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд санаа амар ажил төрлөө хийх боломжийг олгодог социализмын үеэс үлдсэн зөв тогтолцооны нэг нь “24-ийн цэцэрлэг” юм болов уу. Гэсэн ч бүтэн тав хоног гэрээсээ хол цэцэрлэгт амьдрах нь нялх үрсэд хэцүү. Аливаа зүйлд сайн, муу тал бий гэдэг жишээ цэцэрлэгийн энэ тогтолцоо юм.
Өнөө цагт Орхон аймаг завгүй, ажил ихтэй аав ээжүүдийн хөдөлмөрийг хөнгөлж, хүүхдийг нь цэцэрлэгт илүү цагаар харж өгөх болоод хэдэн жилийн нүүр үзсэн. Орой 19 цаг хүртэл хүүхдийг нь хараад өгчихнө, энэ нь тухайн гэр бүлд дэмжлэг болно. Гэхдээ төсвийн байдлаас шалтгаалж, сүүлийн жил зогсоод байсан.
Харин энэ хичээлийн жилийн багш нарын уулзалтын үеэр аймгийн Засаг дарга цэцэрлэгийн багшийн цалингийн зөрүүг арилгах боломжтой талаар ярьлаа. “Өнгөрсөн жил хоёр ээлжээр ажилладаг цэцэрлэгийн багш нарын цалингийн зөрүүг арилгая гээд тухайн үедээ зөв зүйл хийсэн. Одоо нэг зүйл сөргөөр гарч ирж байгаа нь цалингийн зөрүү үүсчихэж байгаа юм. Энэ асуудлыг Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдтэй нь ярилцаад цалингийн ялгамжтай байдлыг бүр байхгүй болгоё. Яагаад гэвэл, манай аймаг бусад аймгийг бодвол онцлогтой. Эцэг эхчүүд өглөө эрт ажилдаа явдаг, бизнесийнхэн, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүмүүс байна. Тиймээс өглөө эрт хүүхдээ өгөөд орой хүртэл ажиллах боломжоор хангах хэрэгтэй байдаг. Иймээс хоёр ээлжээр ажиллах цэцэрлэгийг тусад нь гаргаад өгчихье, тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагч, багш нарын цалинг орон нутгийн нэмэгдлээр шийдэх боломж байна. Бид багш, эмч нартаа сард 200 мянган төгрөгийг орон нутгийн нэмэгдлээр өгч байгаа. Одоо төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин энэ арваннэгдүгээр сарын 1-нээс 50 хувь нэмэгдэх гэж байна. Дахиад 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс өснө. Тэгэхээр эргээд аймгийн төсөв дээр хүнд байдал үүсэх гээд байдаг, бид хөрөнгө оруулалтын ажлаа хиймээр байдаг. Нөгөө талд нь нийгмийн асуудлаа шийдмээр.
Иймд багш, эмч нарын цалингийн зөрүүг орон нутгийн нэмэгдлээр 20 хувиар өгч байгаатай адил хоёр ээлжээр ажиллаж байгаа багш нарт орон нутгийн нэмэгдлийг 100 түүнээс дээш хувиар олгоё гэж байгаа. Үүнийг даруйхан, болж өгвөл аравдугаар сарын 1-нээс өмнө шийдэх гээд ярьж байна. Төсвийн нэмэлт тодотголоор арав, арван нэг, арванхоёрдугаар сарын цалингийн зөрүүг өгөөд, ирэх жилийн төсөв дээр бүтэн жилээр нь цалингийн зардлыг нь суулгаад явна” гэж ярьлаа.
“Болгоё гэвэл арга нь олдоно” гэж үг байдаг. Илүү цагаар ажиллах багшийн цалинг шийдэх боломж, гарцаа ийнхүү олоод, иргэддээ тус дэм өгсөн ажлаа үргэлжлүүлэх гэж байгаа нь сайшаалтай.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67














Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.