Даваацэрэнгийн үед дарагдаж явна аа ай хө
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар шинэхэн томилогдсон Ц.Даваацэрэн улс төрчдийн ганц хөлждөг арга зам болох “Үйлдвэрт бараа шахдаг тогтолцоог үндсээр нь бүрмөсөн хална” хэмээн амлан байж ажлаа авч байлаа. Энэ эрхэм гаднаас нь харахад, эгэл боргил хөдөөний хээгүй төрхтэй ч Монгол улсын томоохон үйлдвэрийг авч явах зангаргаа мартаж, шахааны наймааны оронд “шахааны хүн” гэсэн ойлголтыг Эрдэнэтэд нутагшуулж, бүр амьдруулж чадсан эгэлгүй “гавьяа”-тай хүн. Орхон аймагт, тэр дундаа Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Шахааны хүн” гэх ойлголт цагаандаа гарч байх шиг. Хамгийн сүүлийн нэгэн бодит жишээ байна. Тус үйлдвэрийн нэгэн томоохон хэлтсийн даргаар Өмнөговь аймгийн уугуул “товаришь” томилогдсон байх юм. Энэ жил 55 нас 2 сартайтэрхүү нууц ноёнтон бол Эрдэнэтийнхэний хувьд огт танихгүй цагаан захтнуудын төлөөлөл болсон өвгөн томоохон хэлтсийн дарга болжээ. Гаргалгаа нь тун энгийн, үйлдвэрийн ерөнхий захирал, аймгийн заан Ц.Даваацэрэн бол Өмнөговь аймгийн уугуул. Нутгийнхаа нэг нөхрийг тодорхой хугацаанд үйлдвэрт хэлтсийн даргаар ажиллуулаад тэтгэвэрт нь өндөр цалин, ахуй хангамжтай гаргах гэж Ц.Даваацэрэн захирал гараа гаргаж байгаа нь тэр бололтой. “Шахааны хүн” гэдэг хэллэгээс үүдсэн үү ямар ч байсан Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд ийм нэгэн зохиомол гунигийн дуу ч хүртэл гараад амжиж.
... Отгонбилэгийн үед Оргилж явлаа
Дорлигжавын үед Доргиж явлаа
Наранхүүгийн үед Наргиж явлаа
Ганзоригийн үед Гайхуулж явлаа
Даваацэрэнгийн үед Дарагдаж явна аа ай хө...
хэмээх энэ зохиомол дуу нэгийг хэлж, хоёрыг ухааруулаад байх шиг. Ц.Даваацэрэн захирал ажлаа авангуутаа үйлдвэрийнхээ ажилчдыг төдийгүй нийт монголчуудыг “Айлгах төлөвлөгөө”-нд хамруулсан. Яагаав дээ, хаанахын ч билээ нэгэн томоохон телевизийн “Айлгах тактик” гэсэн шоу нэвтрүүлэг байдаг. Түүнд гардаг шиг Ерөнхий захирлын зүгээс “Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш маш муу байгаа. Цаашдаа ч хүндэрнэ. Бид бүсээ улам чангална. Цалин хөлс нэмэгдлийн тухайд ярих зүйл байхгүй. Үйлдвэрийн хувьд хэмнэлтийн бодлого баримтална” гэж ирээд л мэдэгдсэн дээ. Сонины шарласан хуудаснаас харвал Д.Дорлигжав захирлын үед зэсийн үнэ хамгийн доод хэмжээнд унасан ч үйлдвэрийн захиргаа ажилчдынхаа идэх хоол руу өнгийж, халаас руу тэмтрэх бодлого явуулж байгаагүй ажээ. Өнөөгийн бодит байдал дээр ерөнхий захирлын хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлого үйлдвэрийн хэмжээнд биш ажилчдад л зориулсан хэмнэлтийн бодлого байсан нь амьдрал дээр батлагдаад байх шиг. Саяхан үйлдвэрийн Баяжуулах фабрикийн даргаар хэсэг хугацаанд уригдан ирж ажилласан Г.Дэлгэр гэх эрхэм гавьяаныхаа амралтанд гарчээ. Үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал С.Даваасамбуугийн санаачлагаар Г.Дэлгэрийг Баяжуулах фабрикийн “Зөвлөх” гэсэн шинэ орон тоо баталж томилсон байна. Г.Дэлгэр ч зөвлөхийхөө дүрд хэт итгээд фабрикийн дарга байхдаа унаж байсан “Патрол” машинаа хүлээлгэн өгөөгүй аж. Фабрикийн шинэ дарга явган таваргалтай биш Ц.Даваацэрэн захирлын цохолттой цоо шинэ “Патрол” өдөртөө л ирж. Шинэ даргын хувьд сохорсон биш завшив гэдгийн үлгэрээр Г.Дэлгэрийн буянаар цоо шинэ машины ард тухалсан тухай яриа Эрдэнэтэд хөвөрч байна. Үүний ард ерөнхий захирлын хэмнэлтийн бодлого жирийн ажилчдын ариун цэврийн цааснаас эхэлсэн гэж ажилчид ам уралддаг нь оргүй хоосон яриа биш гэдгийг хэлээд байх шиг.
Тэгвэл надад ийм нэг эсэргүү ч гэмээр юм уу бодол байна. Ирэх жилийн УИХ-ын сонгуулийн дараа аль нам ялсан ч хамаагүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар Африкийн нэг сармагчинг авчраад суулгачихъя. Түүний араас баахан шампанзе, орунгутангууд үр зулзага болсон моншнуудаа дагуулаад ирэхгүй байлгүй. Тэгээд ч тэд ерөнхий захирал сармагчингийнхаа араас энд ирвэл өвөл нь хөлдөөд үхнэ. Африкийн сармагчинтай төрөл садан, найз нөхөр болчих монгол хүн арай үгүй байлгүй. Тийм биш л юм бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга нарын контор, хашаан дотроос ч бараг хашхирч байгаа “Шахааны хүн” гэх ойлголтыг өөрчлөх цаг болжээ. Яагаад гэвэл 55 нас 2 сартай тэр “Шахааны хүн”-ий оронд томилчих боловсон хүчин Эрдэнэтэд бий юу гэвэл байна. Залуусаа дэмжье, тэдэнд итгэл найдвар, үүрэг хариуцлага хүлээлгэх цаг нь болж. Хэдий болтол үс нь халцарч гэдэс нь цүдийсэн “өвгөний” ард өндөр боловсролтой залуусыг дарж суух вэ. Эрдэнэтийнхэний сайн мэдэх н.Адъяа тэргүүтэй нэлээн хэдэн хүн саяхан жинхэнэ утгаараа гавьяаныхаа амралтанд гарсан сурагтай. Гэтэл тэдний оронд нийслэлээс, Өмнөговиос чемоданаа чирсэн өвгөчүүд “Эрдэнэтийг хөгжүүлнэ, 40 шахам жилийн настай энэ үйлдвэрийн төлөө чөмөгөө дундартал зүтгэнэ” гэж амандаа орсоноо бувтнаад ирсэн бололтой. Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, “Шим технологи” компанийн захирал н.Мөнхбаяр нарыг Ц.Даваацэрэн захирал нэг л өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь чемодантангуудыг урьсан тухай сураг чих дэлсч эхэллээ. Эндээс харвал үйлдвэрийн одоогийн удирдлагад Эрдэнэтийн залуус таалагддагүй юу эсвэл тэд бүгд Өмнөговийн, нийслэлийн харьяалалгүй учраас ад үзэгдэх болоод байна уу гэх хардлага ч төрж байх юм.
Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн мэргэжилтэй боловсон хүчин, инженер техникийн мэргэжлийн ажилчдаа өөрсдөө бэлтгэхэд анхаарч ирсэн. Тэдний эхний ээлжийнхэн өнөөдөр өндөр насныхаа амралтанд сууж дараагийн үе нь үйлдвэрийн ачааг нуруун дээрээ үүрч байгаа. Одоо гуравдугаар үе буюу шинэ цагийнхан дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшээд ирэхлээр Ц:Даваацэрэнгийн нутгийнхан, улстөрчдийн “Шахааны хүмүүс” залуусын өмнө ёстой нэг “шаврын хаалт” болж байна. Ц.Даваацэрэн захирал ч өөрөө нутгийн нүнжигтэй, хаялагатай том ах, нутгийн хүүгийн дүрд тун чадмаг тоглодог эр байх шиг. Өнгөрөгч өвөл аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат “Эрдэнэт үйлдвэр” дээр гурав хоног ажилласан. Төд удалгүй түүний гэргий үйлдвэрт ажилд орсон тухай хүүхнүүдийн үдийн цайны хачир болж баахан шуугисан даа. Ц.Даваацэрэн, Д.Энхбат хоёр Өмнөговийнх, бараг л Овоотын заставт арай л онжавууд байгаагүй гэдэг. Гэтэл Д.Энхбатын эхнэрийн үйлдвэрт орох “тийз”-эн дээр зурагддаг 10 гаруй хүний гарын үсэг өдөртөө зурагдаж түүхэн рекорд тогтоосон гэдэг юм билээ.
Бас нэгэн сонгодог жишээ бий. Баян-Өндөр уулын зүүн суганд “Эрд медикал” хэмээх оношлогоо, эмчилгээний томоохон төв хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байгаа. Тэнд ажиллах мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилчид, үйлчилгээний ажилчдаа авч цалин ахуй хангамжийг нь тооцжээ. Гэтэл инээдтэй нь гадаадад анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан англи, япон хэлний өндөр мэдлэгтэй мэргэжлийн хүний их эмчийг сард 300 мянган төгрөгийн цалин олгох тухай гэрээ байгуулахаар санал болгосон байх юм. Харин эмнэлгийн лифтчин 20 настай эмэгтэй сард 750 мянган төгрөгийн цалинтай, ГОК-ын ажилчин гэсэн үнэмлэхтэй болсон байна. Эмнэлгийн дарга нь жирийн нэг физикч, сарын цалин нь зургаан оронтой тооноос наашгүй дуулдсан. Эд бол бүгд л “Шахааны хүн”. Харин Япон улсад анагаахын чиглэлээр сурч ирсэн тэр залуу татаасгүй учраас сард 300 мянган төгрөгийн цалин авах тухай асуудлыг Хөгжлийн бодлогын хэлтэс нь боловсруулсан байдаг. Улстөрчдийн, Ц.Даваацэрэн захирлын нутаг нэгтнүүд болох Өмнөговийн шахааны нөхдүүд Эрдэнэтэд ирэхдээ зарим ахимаг настай нэг нь ичсэндээ чемодон барьдаг бол, залуус нь өмссөн костюм, барьсан цүнхнээсээ өөр юу ч үгүй ирдэг гэхэд хилсдэхгүй. Тэд долоо хоногийн дотор Эрдэнэтэд 2-3 өрөө байртай болж албан тушаалын сэтэртэй нэг нь машин унаад эхэлнэ. Өнгөрсөн онд хуучнаар “Строй инвест” компанийн барьж ГОК худалдаж авсан зургаадугаар микрийн 16 давхар цагаан байшингийн оршин суугчдын ихэнх нь шахааны хүмүүс амьдардаг.
Энэ бүхэн өнөөдөр Эрдэнэт хот, Орхон аймгийг үнэндээ гутааж байна гэхэд хилсдэхгүй. Саяхан танил маань уулзаад ярьж байна. “Оросод хүүхдээ 6 жил сургах гэж үнэндээ махийсаан, ах нь. Төгсөөд ирэхлээр нь уул уурхайн мэргэжилтэй юм чинь гээд үйлдвэрт оруулах санаатай хөөцөлдтөл миний нас гүйцэмгүй хүнд сурталтай юм байна. Үйлдвэрийн захирлын гаргасан тушаалаар “Үйлдвэрийн ажилтны хүүхдийг л авна” гэдэг ч амьдрал дээр мөнгөтэй, танил талтай нь хүүхдээ үйлдвэрт оруулж байна” хэмээн толгой сэгсэрч билээ. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний өмнөх “Монгол хүн-2020” хөтөлбөрт “Залуусаа дэмжинэ, шинэ ажлын байр бий болгоно, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн Монгол залуусыг эх оронд нь ажиллах аятай тухтай нөхцөл боломжоор хангана” гэж ирээд л хөгшин хүний сэтгэл уярч нулимс нь дустал, залуусыг өндөлзтөл сурталчилсан. Бодит амьдрал дээр үйлдвэрийн захирал хаанахын хэн байхаас хамаарч Эрдэнэтийн залуусын ирээдүй мөхөж, хотоор нь ГОК-д ажилд орохыг мөрөөдсөн ажилгүй ирээдүйн төлөөлөл ганхаж байгааг эргэн харах цаг болжээ. Иймээс бид өнөөдрөөс эхлэн төрийн төлөөллөөрөө дамжуулан үйлдвэрийн удирдлагыг нам дагасан томилгоо биш орон нутаг, үйлдвэрээс нь томилдог шинэ тогтолцооны талаар эргэн харах нь зүйд нийцэх мэт. Магадгүй ийм шинэ тогтолцоог санаачилсан намын мөрийн хөтөлбөрийг Эрдэнэтчүүд тэр чигээрээ дэмжсэн ч яахав.