Клинтоны сонгуулийн сурталчилгааг “Google”-ийн менежер хариуцна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон юм. Хатагтай Клинтон Ерөнхийлөгч Барак Обамагийн тэргүүлдэг Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөх юм. Тэрбээр Нью-Йорк хотын Брүүклинд сонгуулийн сурталчилгааны төв байраа байгуулжээ.
Тэгвэл хатагтай Хиллари Клинтон өөрийн сонгуулийн сурталчилгааны техникийн даргаар “Google” компанийн менежер Степани Хэннонийг ажиллахаар болжээ. Тэрбээр Клинтоны онлайн сурталчилгааг хариуцан ажиллах бөгөөд сонгогчид болон дэмжигчдэд зориулж сонгуулийн шинэ аппликэйшнүүдийг гаргана гэж Вашингтон Пост сонин болон Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Хэннон нь Силикон Валлеид ажиллахын зэрэгцээ “Google” компанийн нийгмийн салбарын бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажилладаг аж.
Эх сурвалж: new.mn