Аймгийн Засаг даргын суудал ашиггүй “мест” гэнэ үү
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны тухай хууль” нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэ хууль хэрэгжсэнээр татвар төлөгч иргэдийн хувьд төлсөн татвар нь юунд зарцуулагдаж байгааг мэдэх, хянах боломжтой. Гэтэл энэ шинэ хуулийг зүхсэн нэгэн эрхэм Эрдэнэтэд байна. Тэрбээр аймгийн Засаг даргын суудалд горилогчдын дунд нэлээн дээгүүр давхиж яваа АН-ын томоохон “кандидат”. “Г.Зоригт дарга ажлаа өгөх гэнэ ээ” хэмээсэн мэдээ гарахтай зэрэгцэн “Би тэгвэл Засаг дарга болно” хэмээн цээжээ дэлдэж, хор найруулах ажиллагаагаа эхлүүлж байсан тэрхүү эрхэм өнөөдөр “Аймгийн Засаг дарга болоод ямар ч ашиггүй юм байна. Тэр Шилэн дансны тухай хууль юу ч хийлгэхгүй нь. Хамаг юмаа нийтэд дэлгээд байвал Засаг даргад ямар хожоо, ашиг байх юм бэ” хэмээн толгой сэгсэрч зогсохтой таарсан юм.
АН-ын нүүр царай болсон зарим нэг нөхөд багийн тоглолт хийж иргэдээс оноо цуглуулах нь улс төрийн намын рингэн дээрх тулааны гол зорилго гэдгийг сайтар ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Тэдний нэг нь дээрх эрхэм. Тиймдээ ч хуулийг хүртэл ад үзээд аймгийн Засаг даргын суудлыг ашиггүй “мест” хэмээн голж байгааг ойлгоход бэрх.