“Их хаадын цуваа” дарга нарыг ёслолын зоогонд урьжээ
Бүтээн байгуулалтын туузыг газар дээр нь хайчилдаг бол сүүлийн үед Чех улсын хөрөнгө оруулалтаар “Их хаадын цуваа” компанийн босгосон хоёр давхар “Евро эко төгөл” хотхоны нээлт гадныханы туршлагыг хэрэгжүүлж нэлээд өвөрмөц байдлаар болох гэнэ. “Их хаадын цуваа” компанийнхан 9 давхар хоёр байрныхаа нээлтийг гадаа биш “Эрдэнэт инн” зочид буудлын “Ийст” ресторанд аймгийн ЗДТГ-ын алба, хэлтсийн дарга нарын хүрээнд тун нууцхан байдалд хийх гэнэ. Өнөөдөр 11.00 цагаас зөвхөн дарга нарт зориулсан барилга хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд “Их хаадын цуваа” компанийн “Евро эко төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч Чех улсын төлөөллүүд оролцож манай аймгийн томоохон албан тушаалтай хоёр даргад тус бүрт нь хоёр өрөө байрны түлхүүр гардуулах гэнэ. Байрны түлхүүр гардуулах ёслол өнөөдөр 11.00 цагт хэвлэл, мэдээллийнхэнээс хаалттай болох юм байна. Хэн хэн гэдэг дарга нар “Их хаадын цуваа” компани, тэдний хамтран ажиллагч чехүүдийн “хаалттай” хүлээн авалтад оролцож ажлын цагаар хундага тулгасныг, ямар эрхмүүд хоёр өрөө байрны түлхүүр гардсаныг мэдээлэх болно.