Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон хөгжил төслийн нэгж Ил уурхайн ойжуулалтын талбайд олон төрлийн мод тарьж, ургуулах, арчлах, хамгаалах зорилгоор “Уул уурхай 100” дурсгалын бичвэр бүхий ойн төгөл (ланд арт) байгуулж байна. Энэхүү төглийн ажилд Ил уурхай, Автотээврийн цехийн Зам тээврийн хэсэг оролцож байгаа бөгөөд “Ан дөл” ХХК-ийн захирал Ж.Баярсайхан зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Дэлхий нийтэд Ланд арт байгуулах нь урлаг болж хөгжсөн. Иймээс уг ланд артыг байгуулахдаа цэцэглэдэг гоёлын модоор тарилт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр, Эрдэнэт хотын ногоон байгууламжид өнгө үзэмж нэмнэ. Мөн Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжид 50 жил хуримтлагдсан лагийг Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтран боловсруулж, шимт хөрс бэлтгэснийг уг ланд артын хөрс бэлтгэлд ашиглаж байгаа нь инновацийн оновчтой шийдэл болжээ.
Эх сурвалж: “Erdenenttoday.mn”
Т.Батчулуун
Сэтгүүлч
Б.БАТТӨГС
Зурагчин