Эрдэнэт үйлдвэрийн тулгамдсан асуудлын нэг нь цагаан тоосны дэгдэлт. Үүнийг бууруулахаар “Ногоон хөгжил” төслийн нэгжийнхэн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд ногоон бүс байгуулж байна. Энэхүү тариалалтын ач холбогдол хийгээд, онцлог, одоогийн байдлын талаар тус төслийн нэгжийн Мод үржүүлэг хариуцсан инженер Э.Очирсүрэнтэй ярилцахаар Хаягдлын аж ахуйг зорилоо.
-Та эхлээд Хаягдлын аж ахуйд ногоон бүс бий болгохын зорилго, ач холбогдлын талаар ярина уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бид салхины хүчийг багасгаж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор Хаягдлын аж ахуй дээр ногоон зурвас байгуулж байна. Зурвас 8 км үргэлжлэх юм. Энд хайлаас модыг үрээр тарьж байгаа. Мөн далангийн урд 33,5 га газарт улиас модыг мөчрөөр ургуулна. Одоогоор өвслөг ургамлыг устгахаар хор цацсан. Хорны үйлчлэл гарсны дараа хөрс боловсруулж, тарилтаа эхэлнэ. Энэхүү тариалалт нь үйлдвэрлэлийн бүсийн доройтсон хэсэгт ногоон бүс бий болгож, нөхөн сэргээх, цагаан тоос шингээх зорилготой юм.
-Үрээр, мөчрөөр тарихын давуу тал юу вэ?
-Хамгийн бага зардлаар уул уурхайн бүсэд ногоон байгууламж бий болгох боломжтойг бид нотлохыг зорьж байна.
Хэрвээ бид суулгац юм уу, тарьц ашиглавал маш их хэмжээний зардал гарна. Нэг улиасны суулгац наснаасаа хамаарч дунджаар гурваас таван мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин бид үр болон мөчир ашигласнаараа энэ зардлыг хэд дахин бууруулах боломжтой.
-Хайлаасны үрийг хэрхэн бэлдэв? Ер нь энэ тарилтын онцлог юу байв?
-Манай ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв анхны үрээ энэ жил түүсэн юм. Ингэхдээ Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дугаар ангийн албан хаагч, хүмүүжигчидтэй хамтран хайлаасны 512 кг үр түүлээ. Тарилтдаа 80 орчим кг-ыг ашигласан бол бусдыг нь ойн генетик нөөцийн үрийн төв дээр хадгалсан. Ингэж анхны үрийн дээжээрээ энд тарилт хийж байгаагаараа ихээхэн онцлогтой. Мөн өнгөрсөн 3, 4 дүгээр саруудад үйлдвэрийн бүсэд ургаж байгаа улиас моднуудад арчилгаа цэвэрлэгээ, таналт хийж 20000 ширхэг мөчрийн тайрдас бэлдэж авсныг энд ургуулах юм. Энэ цэвэрлэгээний ажлын үр дүнд ирэх жил бид илүү их мөчрийн тайрдас бэлтгэх боломжтой болох юм.
Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтран Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжид олон жил хуримтлагдсан лагийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан юм. Энэхүү инноваци шингээсэн 2100 шоо метр бүтээгдэхүүнийг бид бордоо болгон бүх тарилтдаа ашиглаж байгаагаараа бас онцлогтой. Түүнчлэн бид түүсэн үрээ хаана, хэрхэн ургах боломжтой тухай харьцуулсан судалгаа хийнэ. Энэ чиглэлээр Говьсүмбэр аймаг, Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, “Мөнх ногоон тал” компани, Хамрын хийдэд тарилт хийлгэхээр явуулсан.
-Уул уурхайн бүсэд үрээр мод тарьж, нөхөн сэргээлт хийсэн тухай өмнө нь сонсоогүй юм байна. Энэ анхных байх?
-Тиймээ. Уул уурхайн бүсэд доройтсон газрыг нөхөн сэргээх зорилгоор үрээр мод тарьж байгаа анхны тохиолдол юм. Үүн дээр бид давхар судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл бий болгох зорилготой ажиллаж байна. Бид өнөөдрийн цаг агаар, хур тунадасны байдал, усалгаа, тарилтын гүн, үрийг ариутгаж буй арга технологи гээд бүхий л зүйлээ тэмдэглэж, харьцуулж, судалж яваа.
-Тарилт хэзээнээс эхэлсэн бэ? Хэр хурдан явцтай ургаж байна?
-Энэ сарын тавнаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дунджаар 2-3 см өндөр ургаж байна. Стандартаар бол хоёр жилийн дараа 40 см-ээс дээш өндөр, үндэсний хүзүүний диаметр буюу гол иш нь 2 мм-ээс багагүй суулгац ургана.
-Үр суулгаснаас 10 гаруй хоногийн дараа гэхэд хурдан ургажээ. Өнгөрсөн ширүүн борооноор зарим нь урсчхаагүй байгаа?
-Бид санаа зовсоор өглөө их эрт очсон. Аштай юу, урсаагүй байсан.
-Хаягдлын аж ахуйн орчимд нийтдээ хэдэн ширхэг мод тарих зорилттой байна?
-Бид хамгаалалтын зурваст хоёр сая хайлаас, далангийн урд талын талбайд нэг сая улиас ургуулна гэж зорьж явна.
Технологи ажиллагаагаар хайлаас модны үрийг нэг уртааш метрт 6-7 граммаар тарьдаг. Эндээс хэдэн мод ургах нь үрийн амьдрах чадвар, чанараас шалтгаална. Бид нэг уртааш метр талбайгаас 40-50 ширхэг мод ургуулна гэсэн тооцоотой байгаа. Аль болох хорогдол бага гаргаж, ашигтай байлгахаар хичээн ажиллаж байна.
-Усалгаа хэрхэн явагдаж байна?
-Нормын дагуу усалж байгаа.
-Та бүхэнтэй ямар байгууллагууд хамтран ажиллаж байна?
-Шинжлэх ухааны академи, Дарханы ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдээс заавар зөвлөгөө авч ажиллаж байна.
Бидний ажилд ихээхэн дэм болж хамтран ажиллаж буй Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Үйлдвэр техникийн албаны дарга А.Машбаяр, Хаягдлын аж ахуйн дарга Ц.Бямбажав, ахлах мастер Т.Баярбат, ахлах механик Э.Болдбаатар, Цагаан тоос дарах албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, бусад ажилчид, Авто тээврийн цехийн удирдлага, ажилтнууд, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хурандаа М.Ариунболд даргатай дугаар хорих ангийн албан хаагчид, хүмүүжигчдэд бид их баярлаж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ногоон байгууламж бий болгох их үйлс бүтээж буй танай хамт олонд амжилт хүсье.
Эх сурвалж: “Erdenenttoday.mn”
Я.ЭНХТУЯА
Сэтгүүлч
Б.БАТТӨГС
Зурагчин