Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалт үе шаттай үргэлжилж байна. Өөрөө нунтаглах хэсгийн жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 4-р шугамын өргөтгөлийн хүрээнд Нунтаглах корпус, Бутлах корпус, Том бутлалтын хүдрийн гуравдугаар агуулах, Насосын станц болон усны шугамын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа юм. Том бутлалтын хүдрийн агуулахын хавтант тэжээгүүр, конвейерийн угсралт 85-90 хувьтай, Нунтаглах корпусын тоног төхөөрөмжүүдийн угсралт 90-95 хувьтай, RUSSELL7 болон RUSSELL3 манипуляторуудыг байршуулж тохиргоо хийсэн, тээрмүүдийн хуяг угсарлт хийхэд бэлэн болжээ. Харин Бутлах корпусын тоног төхөөрөмжүүдийн угсралт 75-90 хувьтай, насосын станцын ажил 80 хувьтай, эргэлтийн усны хос шугамын бүтээн байгуулалт 20 хувийн гүйцэтгэлтэй явна, гэж Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэх энэхүү төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Жайнги найпу”, туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт” компани ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй уг өргөтгөлийг хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар шамдаж байгаа юм. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээд зогсохгүй зардал болон хүдэр боловсруулах өртгийг бууруулж, таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах боломж бүрдэх юм.