Катодын 99.9999 хувийн цэвэр платинум зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэ багийн 20 дугаар сургуульд 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий химийн танхимыг байгуулж, хүлээлгэн өглөө. Тус компанийн хувьд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад байгуулж буй 3 дахь химийн танхим болж буйгаараа онцлог юм. Өмнө нь “Ачит Ихт”-ийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын сургууль, хувийн хэвшлийн “Эрдмийн сан” сургуульд химийн танхим байгуулж өгсөн билээ.
Химийн танхимыг хүлээлгэн өгөх ёслолд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 20 дугаар сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Ачит Ихт” компанийн орлогч захирал Д.Номин, тус компанийн үйлдвэрийн захирал И.Батболд, ерөнхий инженер Ц.Галсүрэн,захиргааны инженер Н.Бадрах-Эрдэнэ, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцов.
“Ачит Ихт”-ийн уурхайчид тус сургуулийн химийн танхимд бүрэн засвар хийж, сургалтын дэлгэц, хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий нөүтбүүк, хувилагч машин, багшийн сейф, химийн танхимын ширээ сандал, химийн туршилт явуулах техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг бэлэглэсэн байна.
Д.Очирсүрэн захиралтай 20 дугаар сургуулийн хамт олон, багш сурагчдын зүгээс “Ачит ИХТ”-ийн ах, эгч нартаа баярласнаа илэрхийлж, төрийн соёрхолт, ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар, Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг худам монгол бичгээр буулгасан бүтээлээ бэлэглэв. Мөн тус компанийн хамт олныг хамруулсан “Монгол бичгийн өдөрлөг” зохион байгуулахаа илэрхийлэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.