Нако түлшийг энэ долоо хоногийн сүүлээр нийлүүлнэ
Энэ жил 10 мянган тонн нако түлшийг тасралтгүй авахаар Дархан-Уул аймгийн “Нако түлш” ХК-тай аймгийн удирдлага гэрээ хийсэн. Одоогоор тус компанийхан гэрээгээ биелүүлэхгүй, түлшний хангалт зогсоод байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Нако түлш” компанийнхан зуухаа 3-4 хоног галласны дараа горимондоо орж, түлшээ боловсруулдаг. Одоогийн байдлаар тус компани зуухаа галлаж эхэлсэн, энэ долоо хоногийн сүүлээр түлш нийлүүлэх боломжтой талаар ярьсан байна..
Гэр хорооллын айл өрхүүд жилд 20 гаруй мянган тонн нүүрс хэрэглэдэг. Сайжруулсан буюу нако түлшийг дангаар нь хэрэглэвэл түүхий нүүрснээс 50-60 хувийн хэмнэлт гардаг аж. Тиймээс манай аймагт ид хүйтний улиралд хангалттай хүрэлцэх учир энэ жил 10 мянган тонн нако түлш худалдан авах гэрээ хийсэн гэж АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр ярьлаа. Мөн түлш үйлдвэрлэдэг тус компанийн хувьд үйлдвэрлэлийн хүчин чадал нь аравдугаар сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанд тасралтгүй 10 мянган тонн түлш үйлдвэрлэх боломжтой гэж гэрээнд тусгасан. Гэсэн ч гэрээний заалтаа биелүүлэх боломж муутай гэдэг нь харагдаж байна. Цаашид тасралтгүй нийлүүлэх өөр гарц хайхыг аймгийн Засаг дарга Д.Батлут холбогдох хүмүүст шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг өгчээ.