"Эрдэнэт"-ийн асуудлаарх Засгийн газрын нууц хуралдааны "НЭЭЛТТЭЙ" ПРОТОКОЛ
"Монгол ТВ" телевиз өнгөрсөн Ням гарагт "Эрдэнэт Үйлдвэр" ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг танилцуулсан юм.
Тус хурлын тэмдэглэлийг та дор хүргэж буй текстээс хүлээн авна уу.
2016.06.13
"Эрдэнэт Үйлдвэр" ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Хуралдаанд ирсэн:
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
Шадар сайд Ц.Оюунбаатар,
Монгол Улсын сайд М.Энхсайхан,
Сангийн сайд Б.Болор,
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон,
Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр,
Уул уурхайн сайд Р.Жигжид,
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа,
Эрчим хүчний сайд Д.Зоригт,
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа.
Хуралдаанд оролцсон:
Ш.Солонго - Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга,
Д.Мөнх-эрдэнэ - мөн газрын хууль эрх зүйн газрын дарга,
Д.Ганхуяг - Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Н.Буяндэлгэр - Засгийн газрын ахлах референт,
Б.Болор-Эрдэнэ – Засгийн газрын референт,
О.Орхон - Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал,
М.Мөнхбаатар - Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх,
Ц.Пүрэвтүвшин - Худалдаа Хөгжлийн Банкны хуульч.
М.ЭНХСАЙХАН:
Ерөнхий сайд , Засгийн газрын Эрхэм гишүүдээ Монгол Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын 2003 оны оны 7-р дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын 2007 оны 4-р дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус заасны дагуу монгол улс нь “Эрдэнэт үйлдвэр” “Монголросцветмет” компаниудад тус бүр 51 хувийн энгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд эдгээр компани нь олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсын төсвийн орлогын томоохон орлогыг бүрдүүлдэг аж ахуй нэгжүүд юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын хувьцааг эзэмшигч өдөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпораци Оросын холбооны улсын засгийн газрын шийдвэрээр дээр дурдсан компаниудын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаа, Монгол улсад бүртгэлтэй дотоодын хөрөнгө оруулалттай “ Монголиан коппер корпорэйшн” ХХК-д санал ... хэлэлцээрүүд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн зургаа, “Монголросцветмет” ХХК-ийн дүрмийн зургаа, наймд тус тус заасны дагуу ... дугаар сарын 1-ний өдрийн РТ7-5790 тоот албан бичгээр Монгол улсын засгийн газарт ирүүлсэн байна.
Дээрх компаниудын энгийн хувьцааны олонх буюу 51 хувийг .... одоо нэгэнт эзэмшиж байгаа хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” нэгдэлд эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол Улсын хуулийн этгээд Монголиан коппер корпорэйшн ХХК-д худалдах тухай Оросн Холбооны Улсын “Ростех” улсын корпорацийн 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн РТ-5790 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байна.
Оросын холбооны улсын засгийн газар болон “Ростех” корпорацийн саналын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК, “Монголросцветмент” ХХК-ийн Оросын талын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг Монгол улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авах нь дээр дурьдсан компаниудын үр ашиг Монгол улсад үлдэх, цаашид илүү олон Монгол иргэдийг ажлын байраар хангах давуу тал үүсгэнэ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет нэгдлийн Оросын талын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг Монгол улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авсанаар Монгол оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрийн 17-р зүйл, Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 18-р дугаар зүйлд тусгасны дагуу хэлэлцээр хүчингүй болох юм.
Шийдвэр гаргаж өгнө үү.
Ч.САЙХАНБИЛЭГ:
Энхсайхан сайдад баярлалаа. Энэ урд талын хурал дээр асуусан асуултуудад эргээд хариулт авах ёстой байх. Шадар сайд асуух гэж байна уу. За шадар сайд асууя.
Ц.ОЮУНБААТАР:
Сая авсан ойлголтоор бол ер нь оросын тал 100 хувь өөрийнхөө өмчлөлөөс татгалзаж байна гэж ойлгож байна. Монголын тал ямар коппорэйшн гэнэ ээ, тэнд худалдья гэж байгаа юм байна.
Ч.САЙХАНБИЛЭГ:
100 хувь биш, 49 хувиа.
ц.оюунбаатар:
49 хувиа, оросын тал 49 эзэмшиж байгаа. Оросын тал бол 100 хувиа Монголд худалдья гэж байгаа юм байна. Ийм асуудал дээр бол яах ёстой. Нэгдүгээрт, Монгол талынх нь худалдан авах гэж байгаа компани нь юмаа хэр зэрэг сайн судалсан юм. Хоёрдугаарт нь Монрос ерөөсөө 100 хувь хувьд гаргачихвал яасан юм, бүр дампуураад. Эрдэнэт бол 100 хувь Монголын талд орж ирвэл их сайхан асуудал гэж би ойлгож байна. Энэ тал дээр тодруулга хийх боломж байна уу.
ч.сайханбилэг:
За ажлын хэсэг хариулья. Орхон хариулья.
о.орхон:
Өмнө нь яригдсаны дагуу холбогдох материалуудыг хүргүүлсэн байгаа.
ч.сайханбилэг:
Шадар сайдын асуултанд хариулалдаа
о.орхон:
Монголросцветметийн хувьд үндсэндээ худалдаж байгаа асуудал нь бол яг шадар сайдын хэлснээр маш хүнд байдалтай байна. РОСТЕХ компаниас шууд 5 сая долларын зээл авсан байгаа.
ч.сайханбилэг:
Монголросцветметийн 49 бас адилхан шилжиж байгаа юм уу.
о.орхон:
Адилхан шилжиж байгаа Монрос дээр Асгат гэх стратегийн ордны асуудал байгаа учраас энийг бол дараа нь тусгайлан шийдвэрлэсэн нь зүйтэй байх гэж үзэж байна.
ч.сайханбилэг:
Гэхдээ Монголынхоо талд тиймүү?
о.орхон:
Тийм
ч.сайханбилэг:
Тэрнээс биш дахиж Монголросцветмент, Асгаттай Оросын тал бол ямар нэгэн хувь, хувьцаагаар холбогдсон юм бүрмөсөн байхгүй болно гэж ойлгож байгаа шүү. Би зөв тодруулж уу
о.орхон:
Зөв
ч.сайханбилэг:
За дахиад шадар сайд асууя
ц.оюунбатар:
Протоколд орох учраас ер нь бүх өртэй нь худалдан авч байгаа гэж ойлгож байгаа, тэр зөв үү. Лиценз бол тухайн компанийн мэдэлд байгаа болохоос биш лиценз бол хамт хувьчлагдахгүй биз дээ. Ийм асуудлыг тодруулья.
ч.сайханбилэг:
За тодруулья
о.орхон:
Компанийн 49 хувийг Оросын талын өрийн хамт худалдаж авч байгаа. Монголын аж ахуйн нэгжүүд тэр дотроо ХХБ гэх мэтчилэн дотоодын арилжааны банкууд бас зээлтэй байгаа. Энэ зээлүүд болон таны асуусан лиценз бусад бүх өмч хөрөнгө компанидаа үлдэнэ. Тэгэхээр зэрэг монголын төр 51 хувь, Монголын хувийн компани 49 хувь болж эзэмшинэ гэсэн үг.
ц.оюунбаатар:
За за
ч.сайханбилэг:
За өөр асуудалтай сайд нар, Энхсайхан сайд, дараа нь Жигжид сайд
м.энхсайхан:
Энэ гэрээ хүчингүй болохгүй бол энд яригдаж байгаа ажлууд хийгдэхгүй гэж ингэж харагдаж байгаа. Тийм учраас улсын их хуралд танилцуулахаар байдаг юм уу, эсвэл улсын их хуралд оруулж гэрээгээ хүчингүй болгох асуудлыг оруулахгүй бол боломжгүй. Тэгэхдээ энийг оросын холбооны улсын засгийн газартай нэгэн зэрэг тохиролцож, засгийн газрын түвшинд тохиролцож гэрээгээ хүчингүй болгох асуудлыг шийдэхгүйгээр компани хоорондоо хоёр улсын засгийн газар хоорондын асуудлыг шийдчихэж болохгүй гэж бодож байна. Тэрийг анхааралдаа аваач гэж, нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал, энэ асуудал нууцаар яваад байх нь зохимжтой биш байна. Тэгээд яахав их хуралд танилцуулна гэдэг чинь Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдах байх. Ер нь бол ар талаасаа асар их хардлага дагуулах аюул байгаа. Тэгэхээр тэр хардлагыг, угаасаа ч ингэж хардаж орчин дотор юм хийж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг нээлттэй яваачээ, нууц хуралдааны горимоос гаргачихаад, асуудлаа шийдчихээд, тэгээд их хуралд оруулаад, тэгээд нээлттэй байхгүй бол дараа нь буруу байдал үүсэх байх ингэж бодож байна.
Тодруулаад асуучих асуудал бол санаа зовж байгаа учраас, компани нь Пүрэвтүвшин гэж хүний нэр дээр, нийт эзэмшилийн хувьцаа нь 112 тэрбум төгрөг юм байна шүү дээ, тиймээ. Тэгээд яахав энэ чинь гурван зуун хэдэн сая долларын деллийг энэ компани хийх хаанаасаа эх үүсвэртэй юм бэ. Ний нуугүй хэлэхэд хятадын мөнгөөр, дараа нь энэ чинь өөрийгөө худалдчих бололцоо бас байгаа ш дээ. Тэрэн дээр тов тодорхой хариултыг Засгийн газрын хуралдааны протоколд тэмдэглүүлмээр байна.
ч.сайханбилэг:
За хоёр асуултан дээр ажлын хэсэг байр сууриа илэрхийлье.
о.орхон:
За энэ асуудлыг бэлтгэх явцад бол Оросын Холбооны Улсын Засгийн хуралдаан болсон байгаа. Хууль зүйн яамны дүгнэлт бас гарж байгаа, Оросын Холбооны Улсын. Олон улсын нэр хүнд бүхий хуулийн компаниас болон монголын "Жи Ти эс Содвакаци" гэж хуулийн компаниудаас хуулийн дүгнэлт гаргуулсан байгаа. "РОСТЕХ" компанийн асуудлыг шийддэг дээд байгууллага болох хяналтын зөвлөл дотор оросын холбооны улсын Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайд, Үндэсний аюулгүй байдлын орлогч дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх гээд бүрэлдэхүүнтэй байдаг.
Эдгээр асуудлууд бүгдээрээ хэлэлцэгдээд хоёр орны засгийн газар хоорондын байгуулсан гэрээ нь өөр өөрийгөө хүчингүй болгох ийм заалттай учраас улсын их хурлаар орох шаардлагагүй юм байна гэсэн дотоод, гадаадын дүгнэлтүүд гарсан байгаа. Аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах эрхтэй. Энэ тохиолдолд нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй. Хэрвээ энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд худалдагдаж, энэ засгийн газар хоорондын гэрээ автоматаар хүчингүй болно гэсэн ийм заалттай байгаа учир бид бол Улсын их хурлаар оруулах, батлуулах шаардлагагүй гэж үзсэний улмаас энэ гэрээ, хэлэлцээрүүд ингэж явагдсан байгаа. Оросын тал өнгөрсөн 4 дэх өдөр хурал хийх үед "РОСТЕХ" компанид хүргүүлсэн байна, засгийн газрын, Медведевийн гарын үсэгтэй шийдвэр гарсан байгааг танилцуулъя.
ч.сайханбилэг:
Юу гэсэн шийдвэр гарсан юм?
о.орхон:
"РОСТЕХ"-ийн санал болгож байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмет"-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрөх гэсэн ийм шийдвэр гарсан байгаа. Хоёр дахь асуудалд бол би түрүүчийн хурал дээр танилцуулж байсан. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, "Ти Ди Би Капитал" компани байгаа.
Гэхдээ та бүгд мэдэж байгаа бол "РОСТЕХ" компани нь өөрөө олон улсын санкцид орчихсон компани. Манай Монгол Улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түдгэлзэж, Пүрэвтүвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр байгаа. Хэрвээ Худалдаа Хөгжлийн Банк, Ти Ди Би групп болон тэрнээс, Ти Ди Би группээс бусдад худалдах юм бол дахиад нэмэлт 100 сая долларын торгууль төлнө гэсэн ийм заалттай. Энэ заалт нь өөрөө 18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа.
м.энхсайхан:
Хэнд торгууль төлөх юм?
о.орхон:
"РОСТЕХ"-д, худалдаж байгаа талд.
м.энхсайхан:
Хэрвээ гуравдагч этгээдэд худалдах юм бол 100 тэрбумыг оросод дахиад өгөх юм уу. 100 сая долларыг нэмж өгөх юм уу? Дөрвөн зуун хэдэн сая болох юм байна.
о.орхон:
Тийм 100 сая долларыг 18 сарын дотор. Ийм санкцтай байгаад байгаа. Одоогоор бол Монростой нийлээд 400 сая доллар байгаа.
ч.сайханбилэг:
Дээрээс нь та нар хэн нэгэн өөр, хятад ч юм уу, Энхсайхан сайдын асуугаад байгаа шиг ийм этгээдүүдээс мөнгө авч төлбөр хийхгүй гэдэг баталгаа байгаа биз дээ.
о.орхон:
Ийм төлбөрийн баталгаа бол бид нар Оросын талд өгсөн байгаа. Дээрээс бүх хөрөнгийг яг дотоодын гүйлгээгээр шууд Худалдаа Хөгжлийн Банк шилжүүлэх замаар аливаа нэгэн оффшор данс, оффшор компани дамжихгүйгээр яг цэвэр монгол, оросын хоорондын арилжаа маягаар явуулахаар байгаа.
ц.оюунбаатар:
Ер нь гэрээгээ бариад үзвэл Их хурлаар танилцуулах ёстой юм байна. Хэлэлцэх ёстой. Ер нь монгол хүн энэ 49 хувийн хувьцааг авч байгаа бол бид нарын хэн ч эсэргүүцэхгүй байгаа. Тэр тусмаа Худалдаа Хөгжлийн Банк байгаа гэдэг нь ойлгогдож байгаа юм. Тэгэхдээ хоёр тал тохирохоос гадна. Засгийн газартай дараа нь энэ худалдан авах тал гэрээ, хэлэлцээр хийх ёстой.
ч.сайханбилэг:
Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийх гэж байгаа юм байна шүү дээ, тийм үү.
ц.оюунбаатар:
Тийм, хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийгээд дахиад өөр газар худалдах ч юм уу, өөр эзэнтэй байх ч юм уу, тэр асуудлуудыг бас нилээн тодорхой тусгаж өгөх ийм шаардлага бий. Энийг бол оросын тал засгийн газартай нь анх хуучин гэрээтэй, энэ хуулиар улсын их хурлын соёрхон батлагдсан, хууль эрх зүйн хувьд өндөр хүчин чадалтай байж байгаа ийм гэрээ хэлэлцээрийг бид цуцлаад, монголын талд, тодорхой компанид гэрээ, өмч шилжиж байгаа нөхцөлд бол нилээн тийм тодорхой зохицуулалт байх ёстой.
Лицензийн асуудлуудаар, бусад асуудлаар зохицуулалт байхгүй бол лицензтэй хамт худалдаж байгаа гэвэл зарим талаар хямдхан ч юм уу гэж харагдаж байна. Тэр нь дараагийн асуудал, үнийн асуудал бол, тэр нь ч зөв байж магадгүй. Хямд талдаа бид аваад зохицуулалт хийх нь зөв байж магадгүй. Гэхдээ засгийн газартай дараа нь мөнгөний талтай, тодорхой тохиролцооны хэлцлийг албан ёсоор хөрөнгө оруулагчийнхаа хувьд тохирч асуудлаа шийдэх ёстой. Одоо түрүүчийн хаалтууд байхгүй болчих гээд байна шүү дээ.
ч.сайханбилэг:
Би тэгэхээр шадар сайдын санааг ойлгож байна. Би тодруулаад шадар сайдын асуултыг асууя. Та нар энэ асуудал бүгд амжилттай болоод дууслаа гэж бодоход засгийн газартай ийм хөрөнгө оруулалтын гэрээ шадар сайд шиг байгуулах төлөвлөгөөтэй байна уу, эсвэл Монгол Улсын, одоо энэ чинь олон улсын гэрээгээр зохицуулагдсан хуулийн этгээд биш, Монгол Улсын 100 хувийн ийм компани болж байгаа учраас компанийн тухай хуулийнхаа ерөнхий зүйл, заалтуудаар явчихъя гэдэг дээр очих уу. Тэр дээр байр сууриа нэг тодорхой хэлчих.
о.орхон:
Ер нь бол дотоодын аж ахуйн нэгж рүү шилжсэнээр энэ компани бол, одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй. Бүх зүйлийг совет дээр шийддэг ийм гэрээний дагуу явж байгаа. Энэ гэрээ автоматаар хүчингүй болсноор Монголын Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Тэрэн дээр бол 51 хувийн эзэмшигчийн давуу тал бүх эрх, үүргүүд компанийн тухай хуулиар зохицуулагдана.
ч.сайханбилэг:
Хөрөнгө оруулагчдын гэрээ заавал хийх шаардлагагүй гэж байгаа юм уу.
о.орхон:
Ер нь бол одоо хоёр стратегийн ач холбогдолтой орд, дээрээс нь ингээд төр 51 хувьтай ийм тохиолдолд бол хөрөнгө оруулалтын гэрээ цаашдаа байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
ч.сайханбилэг:
За Жигжид сайд, дараа нь Баярсайхан сайд.
р.жигжид:
Энэ асуудлыг ер нь дэмжиж байгаа. Яагаад гэхээр Монголын талд 100 хувь энэ аж ахуйн нэгжийн хувьцаа шилжиж ирж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. Ер нь том сургаар тэгж бодож байна. Гэхдээ энийг бол маш сайн, хууль, эрх зүйн хувьд дараа нь элдэв үр дагавар гарахгүйгээр хийх ёстой гэж бодож байна. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр болж байгаа монголын хууль тогтоомжууд, дээр нь хоёр улсын тохирсон гэрээ, хэлэлцээрүүдийг сайтар хангаж, энийг шийдэх ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр хуучин бол засгийн газар хоорондын хэлэлцээр байсан.
Гэтэл оросын тал тэр засгийн газрыг төлөөлж байсан төлөөллөө солиод "РОСТЕХ" гээд аж ахуйн нэгжид шилжүүлсэн. Энийг шилжүүлэх явцдаа бол тэр гэрээнд өөрчлөлт оруулаад, монголын талаас засгийн газар, нөгөө талаас аж ахуйн нэгж гэдгээр энийг байгуулчихсан. Одоо энэ хүчин төгөлдөр явж байгаа. Энэ дээр өөрөөр хэлбэл, уул уурхайн сайд хамгийн сүүлд өөрчилж, гарын үсэг зурсан байдаг. Хамгийн сүүлийн өөрчлөлт нь.
Тэгэхээр энэ нэгэнт өөрчлөлт оруулж байгаа оросын тал албан ёсоор дипломат шугамаар гадаад хэргийн яаманд нот бичгээр ингэлээ шүү гэдгээ мэдэгдэх нь зүйтэй байх. Яагаад гэхээр орост шийдвэр гараад байгаа юм байна. Засаг дээрээ хуралдаад сайд нар нь ороод шийдээд байна. Тэрийгээ ядахдаа манайд албан ёсоор нотоор мэдэгдчих юм бол хэрэгтэй байгаа. Эхлээд Орос, Монголын харилцааг нэг тийш нь албан ёсоор салгаж авчихаад, дараа нь өөрсдийнхөө дотоодынхоо асуудлыг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Ер нь зүгээр Монголын талд ирж байгаа нь зарчмын хувьд маш зөв гэж бодож байна.
ч.сайханбилэг :
За
р.жигжид:
Тэгээд тэр цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шиг байна. Ер нь ирчихсэн тохиолдолд цагаан суварга шиг тийм схем гарах болов уу гэж бодож байна. Засгийн газар, аж ахуйн нэгж хоёрын хооронд. Цагаан суваргын хувьд засаг тэг хувийн хувьцаа эзэмшиж байгаа. За энэний хувьд бол хувийг нь засаг эзэмшинэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм бол хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл байдал, элдэв тогтворжуулалтын гэрээ гараад ирнэ. Тийм ээ. Янз бүрийн татвараас хөнгөлөлт эдлэх энэ тэр гээд юмнууд гарна. Дээр нь стратегийн ордын хувьд орд ашиглах гэрээ гэдэг юм байгуулах шаардлагатай болох байх. Орд ашиглах гэрээ, орон нутагтай хамт ажиллах гэрээ гээд ийм зүйлүүд цаашид хийх шаардлагатай болов уу гэж бодож байна.
ч.сайханбилэг :
За Орхон дарга байр сууриа илэрхийлье.
о.орхон:
Монросийн хувьд бол 5 сая долларыг шууд "РОСТЕХ" компани хоорондын зээлийг өгсөн байгаа.
ч.сайханбилэг:
Тэр Оросын талын эхний, энэ талын шийдвэр албан ёсоор ирэх юм уу?
о.орхон:
Би дахин хэлмээр байна. Засгийн газрын шийдвэрүүд байгаа, худалдаж авах гуравдагч этгээдэд худалдсанаар хүчингүй болох .. тодорхой заалттай гэрээ байгаа. УИХ-аар, хуулиар баталсан.
Хуулиар бол энэ гэрээг баталсан, энэ гэрээ нь өөрөө өөрийгөө хүчингүй болох заалттай учраас дахиж энийг оруулах, соёрхон батлуулах шаардлагагүй гэж бид үзэж дүгнэлтээ гаргаж байгаа.
Оросын тал ч гэсэн ингэж үзсэн. Ер нь нэмж хэлэхэд, энэ асуудлыг ингээд монголын хуулийн дагуу ийм байна гээд дүгнэлтүүдийг нь хоёр талаасаа үзээд, батлаад, оросын хамгийн дээд түвшиндээ хүртэл бүх шийдвэрээ гаргачихсан байгаа энэ нөхцөлд бид нар тодорхойгүй шийдвэр гаргах юм бол, энэ асуудал маань зогсоно. Энэ бол олон жилийн турш олдож богино боломж.
Тэгээд хурал нэгэнт нууцаар явж байгаа учраас анхнаасаа энэ асуудал яагаад гарсан бэ гэхээр зэрэг оросын томоохон төрийн корпорациуд өөрийн эзэмшиж байгаа активуудыг хувьчилж эхэлсэнтэй холбоотой. Оросын болон бас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ 49 хувийг худалдаж авах талаар оросын засгийн газартай аль хэдийн гэрээ хэлэлцээрүүд нь эхэлчихсэн байхад нь бид дундуур нь орж энийг таслан зогсоон наашаагаа эргүүлж, ингэж явсан. Одоо энэ дээр эргэж буцах, цаг алдах, хугацаа алдах боломж байхгүй.
Хэрвээ ийм тохиолдол гарах юм бол энэ яриа хэлэлцээрүүд маань шууд зогсоно. Яагаад гэхээр зэрэг миний түрүүний хэлснээр Оросны Холбооны Улс энэ шийдвэрийг, бас манай нууцаар гарах шийдвэрийг хүлээж байгаа. Гарангуут веб сайтаараа бас ил тод тавих ёстой ийм зарчимтай.
ч.сайханбилэг:
За Зоригт сайд, дараа нь Болор сайд
д.зоригт:
За энэ бол монголчуудын хувьд ёстой түүхэн боломж байгаа. Энэ боломжийг бид нар цаг хугацаа алдаж, дээш нь доош нь шидэж, алдаж болохгүй. За ингээд оросын тал нь зөвшөөрөөд, 49 хувиа худалдаад монголынх болсон нөхцөлд энэ гэрээ, өөрөө л гэрээнд нь заачихсан байгаа.
Ингээд 49 хувийн нөхцөл ингээд автоматаар хүчингүй болно. Бид Монгол Улсынхаа төрийн өмчийн мэдлийн, засгийн газрын мэдлийн 51 хувь маань үлдэж байгаа. Тэр нь төрийн мэдэлд байгаа. Энэ стратегийн орд, стратегийн үйлдвэр дээр засгийн газар төрийн контрол бол байгаа, хэрвээ 51 хувиа хэн нэгэнд зарах гэж байгаа, 51 хувийг хувьчлах гэж байгаа бол зайлшгүй УИХ-д мэдүүлэх хуультай. Энэ деллийг цаг алдалгүй хийгээд, харин энэ тухайгаа их хуралдаа дараа нь... нэг мэдэгдэх ёстой. Бид ингээд шийдсэн. Энэ деллд бас саад болж болохгүй гэж ийм асуудал байна.
ч.сайханбилэг:
За Болор сайд, дараа нь Энхсайхан сайд.
Болор
За ерөнхийд нь сая Зоригт сайд ч бас хэлчихлээ. Энд шийдвэр гаргаад явах нь зөв байх. Сая зоригт сайд ч хэллээ. 51 хувийг үлддэгээрээ үлдэж байгаа, байж л байгаа.
м.энхсайхан:
Бид том гүрнүүдийн хайчинд унчихдаг жижигхэн орон шүү дээ. Тийм учраас хайчлуулахгүй байх тухай бодоод байгаа болохоос биш.
ч.сайханбилэг:
Энхсайхан сайдын байр суурин дээр та нарын хариулт.
о.орхон:
Энхсайхан сайдаа, мэдээж энэ асуудлыг бид нухацтай авч үзэлгүй яахав. Оросын төртэй делл хийж байна. Монголын Засгийн газар шийдсэн тохиолдолд бид нар зөвшөөрч байна гэж байгаа.
ч.сайханбилэг:
Оросын талаас хэн зурж байгаа бэ?
о.орхон:
Оросын талаас Гулизов гэж гүйцэтгэх захирал зурна. ТУЗ-ийн дарга Чемизов бол зурахгүй.
ч.сайханбилэг:
За Ламбаа сайд
с.ламбаа:
Энэ их боломж гарч ирээд байх шиг байна. Тийм учраас энэ болмжоо алдах хэрэггүй. Гэхдээ хууль, эрх зүйн хувьд бол, би хоёр юман дээр, засгийн газрын гишүүд янз бүрийн юм бодоод байх шиг байна. Нэгдүгээрт нь хүний нэр дээр гэдэг дээр. Хоёрдугаарт нь энэ Орхон дарга, энэ засаг шийдвэрээ гаргасан тохиолдолд УИХ-д оруулахгүйгээр гэрээн нь хүчингүй болдог тэр заалтыг нь танилцуулгадаа хийчихмээр байгаа юм л даа. Тэр дээр эргэлзээд байгаа юм. Тэгэх юм бол, энэ нь хүмүүст тодорхой байх юм бол хэн ч эргэлзээгүй асуудал байна шүү дээ. Тийм учраас би бол дэмжиж байна.
о.орхон:
2003 оны засгийн газар хоорондын гэрээний "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой нь 17 дугаар заалт, Монростой нь холбоотой нь 18 дугаар заалт, хоёр тусдаа гэрээ байгаа. Энд юу гэж байгаа гэхээр, энэ гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хийж болно. Энэ дотор нь юу гэж байх ёстой гэхээр зэрэг өөрийн талын хувьцаа эзэмшлийг гуравдагч этгээдэд хувьчлах буюу, бүхлээр нь буюу, хэсэгчлэн худалдах болсон талаар мэдэгдэнэ. Энэ тохиолдолд нөгөө талд нь худалдаж авах давуу эрх хадгалагдана. Тэгээд маш тодорхой нэг өгүүлбэр байгаа. Энэхүү гэрээ нь аль нэг тал нь хэсэгчлэн буюу бүхлээр нь өөрийнхөө хувийг хувьчилсан тохиолдолд хүчин төгөлдөр бус болно гээд заачихсан байгаа.
с.ламбаа:
Ийм тодорхой байгаа юм бол тэгээд болох юм байна.
ч.сайханбилэг:
Өөрөө гэрээ нь хүчингүй болчихож байгаа юмуу, тиймээ.
ц.пүрэвтүвшин:
Дахиад нэг юм тодруулаад хэлэхэд яг энэтэй холбоотойгоор Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хууль гэж байгаа. Өнгөрсөн хурал дээр Ерөнхий сайд дурьдаж байсан. Энэ Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж байгаа.
Тэгээд 22 дугаар зүйл дээр Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатай гэсэн үндэслэл яригдаж байгаа. Монгол Улсын Олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн 1969 оны конвенци байдаг.
Олон улсын тухай хуулин дээр энэ дээр маш тодорхой заасан соёрхон баталсан болохоор улсын их хуралд соёрхон заавал батлах шаардлагатай. Тэгэхээр дуусгавар болж байгаа гэрээг улсын их хуралд танилцуулах шаардлагатай гэсэн хууль эрх зүйн зохицуулалт олон улсын гэрээний тухай болон бусад олон улсын эрх зүйн эх сурвалжид байхгүй байгаа юм.
ч.сайханбилэг:
За яахав тэрийгээ бид нар мэдье. Оросын Холбооны Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийг нөгөө тал өөрөө нотоор албан ёсоор мэдэгдэхгүй бол яаж олж авах боломжтой байдаг юм. Манайхтай холбоотой шийдвэр дээр. Манайх хүсэлт тавьдаг юм уу. Эсвэл, танай дипломат хэлэнд ямар аргууд байдаг юм.
д.ганхуяг:
Хоёр орны харилцаатай холбоотой ямар нэгэн засгийн газрын шийдвэр, их хурлын шийдвэр гарсан тохиолдолд бол бидэнд нотоор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
ч.сайханбилэг:
Үүрэгтэй юм уу.
д.ганхуяг:
Тийм.
ч.сайханбилэг:
Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байгаад байвал яадаг юм.
д.ганхуяг:
Хэрвээ нөгөө асуудал нь нууцын зэрэглэлтэй юм уу. Дотоодын хууль журмыг зохицуулах тийм заалт байгаа бол бидэнд мэдэгдэхгүй байж болно.
ч.сайханбилэг:
Хүлээх ёстой.
д.ганхуяг:
Тийм. Тийм л заалт байгаа.
ч.сайханбилэг:
За ойлголоо.
о.орхон:
Таны саяны асуултанд тодруулга хийж болох уу. Хууль ёсны хувь эзэмшигч "РОСТЕХ" компаниас бол энэхүү бүх бичиг баримтыг одоохондоо бид нарт хүргүүлээд байгаа. Манай засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд энэ оросын холбооны улсын засгийн газрын шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болоод, тэгээд гадаад хэргийн яамаар дамжуулж буюу Оросын Холбооны Улсын Монгол дахь элчин сайдын яамаар дамжуулж албан ёсоор хүргэгдэх болно.
ч.сайханбилэг:
За, бүх сайд нар байр сууриа илэрхийллээ. Би илэрхийлэх шаардлагатай ийм асуудал гэж байгаа болов уу гэж байгаа учраас санал тавья, санал гаргая гэж байгаа бүх сайд нарыг сонслоо. Би энэ ажлын хэсэгтэй уулзаж тодруулсан. Надад нэг зүйлд хэрэгтэй байгаа.
Юу гэхээр зэрэг, та нарын тайлбар дээрээс юм сонсогдож байгаа, манай хэрэг эрхлэх газрын хуулин дээр ч асуудал бол байгаа юм. Тэгээд энийгээ зөв шийдэх ёстой юм. Энийгээ зөв шийдэхийн тулд өнөөдрийн тогтоол ч гэсэн тийм заалттай гарах болов уу гэж бодож байна.
Юу гэхээр зэрэг яг одоо энэ явж байгаа делл, та нар одоо олон хувийн хэвшил, орос дотроо хийх гэж байсан юмыг бид нар дундуур орж зогсоолоо гээд тэгж байна шүү дээ.
Урд талын хуралдаан дээр та нар Монголын Засгийн газар дангаараа 51 хувиа 100 хувь болгоод авчих юм бол энэ делл бас явахгүй ийм бололцоотой байсан. Явахгүй байх байсан гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Одоо ямар нэг байдлаар энэ Засгийн газрын тогтоол гарсны дараа та нар очиж хэлэлцээр хийнэ гэж би ойлгосон.
Тэр хэлэлцээр дээрээ яг Оросын засгийн газрын байр суурийг нь баталсан ямар нэгэн хурлын протокол, шийдвэр, аль нэг зүйлийг бид нарт үзүүлэх ёстой. Тэр нь юу гэхээр одоо та нартай ярьж байгаа энэ нөхцөлөөс ямарваа нэг өөр нөхцөлөөр хийгдэх тохиолдолд энэ делл болохгүй ээ.
Оросын засгийн газрын дэмжихгүй гэдэг энэ зүйлийг нь баталсан юм аа бид нарт авчирч үзүүл. Би яагаад энийг нэхээд байгаа гэхээр зэрэг энэ нь бид нарын засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзсан гол нөхцөл болох юм. Энэ байгаа тохиолдолд одоо их хурал долоодугаар сард цуглах нь уу, сонгуулийн дараа, эсвэл намар хуралдах эхний үед нь засгийн газраас бид нар орж танилцуулна.
Хэлэлцүүлэх биш танилцуулна.
Яагаад гэхээр зэрэг их хурал нэгдүгээрт сонгуультай байсан. Хуралдах боломжгүй. Ташкентийн уулзалтын гурван улсын тэргүүний өмнө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. Цаг хугацааны фактор байсан. Гуравдугаарт энэнээс өөрөөр хийх делл хийж болохгүй байсан учраас Засгийн газар бид нар шийдвэр гаргаж энэ деллийг Монгол Улсад 100 хувь Эрдэнэтийг авч ирлээ гэдэг энэ гурав бол манай үндсэн үндэслэл. Энэ гурав хангагдах ёстой. Тэгж байгаа тохиолдолд бид нар, одоо би та нар хэрэггүй гээд байна шүү дээ.
Их хурлаар орж шийдвэрлүүлэхгүй гэж байна. Тэнд нэгэнт олон улсын гэрээг үндэслэсэн Монгол Улсын хуультай учраас гээд. Тийм учраас бид нар Их хуралд орж танилцуулгаа хийнэ. Ийм делл хийчихсэн. Монгол руу бүтэн шилжлээ. Одоо энийг шийдсэн учраас бид нар харин олон улсын гэрээн дээр үндэслэсэн Монгол Улсын хуулиа хүчингүй болгох хуулиа Засгийн газар өөрөө санаачлан оруулчихна.
Тэгээд их хурал тэрийг хүчингүй болгоно. За энэ ингэж процедурийг Ерөнхий сайдын хувьд харж байгаа юм. Энэ биелэх юм бол энэ Засгийн газрын өнөөдрийн нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй.
Тийм учраас одоо орж ирж байгаа материалын тэр гуравдугаар үндэслэлийг би эд нарыг хий гэж байгаад хийлгэсэн байхгүй юу. Хэрвээ эхний ээлжинд давуу эрхээсээ татгалзсан гэдэг энэ юмыг нөхцөлөө өөрчилсөн тохиолдолд бид дахиад энэнээс татгалзана шүү гэдгээ гурваараа хийгээд өгчихсөн. Энэ хэлэлцээрийн багийг оросын тал аваад бид бид нартай ингээд албан ёсоор хийх нөхцөлөөс өөрөөр бид нар хийгдэхгүй гэдгээ бид нарт баталсан ямар нэгэн үзүүлэх юм бол энэ хоёрдугаар заалтынхаа дагуу бид нар албан ёсоор давуу эрхээсээ засгийн газар татгалзаад явчихна гэсэн үг.
Оросын талдаа хэл, өнөөдрийн шийдвэр гарснаар ил зарлах болоогүй. Саяны миний хэлсэн зүйлийг өгсөн тохиолдолд хоёр засгийн газар ил болгоно.
Би Энхсайхан сайдын асуултанд хэлж байгаа нь энэ асуудлыг хаалттайгаар хэлэлцээд байна гэхээр энэ нөхцөлүүд хоёр талдаа ойлголцож баталгаажаагүй байгаа тохиолдолд ил гарах юм бол энэ делл өөрөө нураад уначихна. Тийм учраас процессоо дуусга, саяны миний хэлсэн гурван нөхцөлөө ханга. Энэ гурван нөхцөл ингээд хангагдсан байгаа тохиолдолд хоёр талд зэрэг хэлээд, Төрийн нарийн Ганхуяг энэ дээр ажиллах хэрэгтэй. Зэрэг, нэг цаг хугацаанд зарлана. Ийм байдлаар юмнуудаа зохицуул. Тэгээд тэр гуван улсын тэргүүнээрээ, тэр Путин Ерөнхийлөгч, Элбэгдорж Ерөнхийлөгчийг зогсоож байгаал та нар наадахдаа гарын үсэг зур. Тэр Ташкентийн уулзалтаар. Ингэж юмнуудаа явуулбал зөв болно.
Тэгээд ерөнхийлөгч нарын зурсан ийм гэрээтэй, оролцож байгаа та нарын зурчихсан гэрээтэй зүйлийг засгийн газар их хуралд орж танилцуулна. Бид нар Монголдоо Эрдэнэтийг буцааж авч ирлээ. 100 хувь боллоо. Гэхдээ ингэж хийхээс өөр арга байгаагүй. Одоо их хурал нэгэнт ийм болсон учраас энэ Монгол Улсынхаа хуулийг хүчингүй болгож өг. Олон улсын гэрээ нь аль хэдийн хүчингүй боллоо. Зөв үү.
о.орхон:
Зөв.
ч.сайханбилэг:
Одоо яг энэ дээр яг ингэж явна шүү. Манай сайд нар бүгд ингэж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсэг яг ингэж ойлго. За ингэж явья.
Хуралдаан 11:41-12:24 цаг хүртэл нийт 33 минут үргэлжлэв.
Эх сурвалж: ikon.mn
[sgmb id="1"]