Хазсан нохойг шинжлүүлж, мал эмнэлгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай
Орхон аймаг төдийгүй улс орон даяар галзуугийн эсрэг вакцин тасарсан. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ сарын эхээр галзуугийн эсрэг вакцин ирэх төлөвтэй байна. Тухайн хүн нохойд хазуулсан тохиолдолд тухайн нохойгоо шинжлүүлэх , мал эмнэлгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Учир нь хазсан нохойг галзуу өвчинтэй байгаа эсэхийг шалгах юм байна. Галзуу өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шархны анхны цэгцэлтийг зөв хийх зөвлөмжийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байна. Харин галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн бол Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү мэдээлж зориулалтын тариаг авч хийлгэнэ. Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй өвчний нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин аж. Галзуу өвчин үүсгэгч вирус агуулдаг амьтны нэг нь нохой юм .
Нохойд хазуулсан тохиолдолд 24 цагийн дотор харьяа өрх, дүүргийн эмнэлэгт очиж галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх ёстой. Вакцин хийлгээгүй буюу дутуу тариулсан, эмнэлгийн тусламж оройтсон үед тухайн хүний амь насанд аюул учирч болзошгүйг эмч нар хэлдэг. Вакцин маш чухал гэдэг нь үүнээс харагдаж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар аймгийн хэмжээнд 294 хүн нохойд хазуулсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 121 тохиолодол нь 0-15 насныхан, 173 нь насанд хүрэгчид байна. Харин өнгөрсөн онд 449 хүн хазуулсанаас 218 нь насанд хүрэгчид байжээ.
[sgmb id="1"]