Сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Монголчууд өнөөдөр төрийн эрх барих эрхээ эдэлж байна. Өглөөний ургахын улаан нартай зэрэгцэн эхэлсэн УИХ-ын найм дахь удаагийн, аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь УИХ-ын сонгууль жижиг мажоритар системээр явагдаж байгаа бөгөөд 76 тойргоос нэг нэг хүн сонгогдоно. УИХ-ын сонгуульд нийтдээ 497 хүн өрсөлдөж байгаагаас 129 нь эмэгтэй нэр дэвшигч. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288 хүн нийтдээ 2786 нэр дэвшигч сонгууль өрсөлдөж буй юм.
Манай аймгийн хувьд УИХ-ын сонгуулийн 46, 47, 48 дугаар тойрогт 21 хүн өрсөлдөж байгаагийн зургаа нь эмэгтэй байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ өдрийг бүх нийтийн амралтыг өдөр болгон зарласан. Иймээс сонгогчид иргэний үнэмлэхтэйгээ ирж саналаа өгөх ба Санал өгөхөд иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт шаардахгүй гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн. УИХ-ын 2016 оны сонгуульд 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Харин манай аймгийн хувьд 68245 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Сая 12.30 цагт аймгийн Сонгуулийн хорооноос хийсэн мэдээллээс харвал аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 25.1 хувь нь саналаа өгчээ. Биднийг 47 дугаар тойргийн 1, 2 дугаар санал авах байран дээр очиход Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай саналаа өгч байсан юм. Тэрбээр Баян-Өндөр сумын Булаг багт 2015 оны намар шилжиж ирсэн учраас хаягийн дагуу саналаа өгч байна. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Эрдэнэтийн залуус та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.