Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн ажиллав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын тайланг танилцуулах, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” ажлын удирдамжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн Орхон аймагт ажилласан байна. Уг ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Хэлтсийн дарга Б.Энхболд, Референт А.Өсөхбаяр, Шинжээч Э.Бат-Ирээдүй нар багтжээ.
Ажлын хэсгийнхэн энэ сарын 7-8-ны өдрүүдэд Орхон аймаг дахь Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн тамгын газарт ажилтай танилцлаа. Энэхүү ажлын хүрээнд шүүхийн тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний стандарт, хууль тогтоомжийн биелэлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явц, шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажил зэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, хяналт шинжилгээ-үнэлгээ хийн, арга зүйн зөвөлгөө өгсөн байна.