Б.Мягмарсүрэн: Манжуурын төлөөлөгчид аймгийн Засаг даргын урилгаар ирсэн
Манжуур хотын төлөөлөгчид манай аймагт саяхан айлчилсан. Төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт “Сэлэнгэ” амралтын баазад болж энэ үеэр зарим нэг хүн зодоон хийсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Манжуурын төлөөлөгчид хэний урилгаар ирсэн, ямар учраас “Сэлэнгэ” амралтын баазад хүлээн авалт зохион байгуулсан талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэнгээс тодруулж ярилцлаа.
-Манжуурын төлөөлөгчид хэний урилгаар манай аймагт айлчлал хийсэн бэ. Бидэнд олдсон мэдээллээр бол аймгийн ИТХ-ын даргын урилгаар ирсэн сураг байсан. Эндээс яриагаа эхлэх үү?
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын даргын орлогч Бай Шиаожиуан тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажлын айлчлал хийсэн. Манжуурын төлөөлөгчид аймгийн Засаг даргын урилгаар манай хотод ажлын айлчлал хийсэн. Түүнээс биш зарим хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг аймгийн ИТХ-ын даргын урилгаар ирээгүй. Тэр бол ташаа мэдээлэл байсан.
-Аймгийн ЗДТГ-ын “Erdenet.mn”, аймгийн ИТХ-ын“ith-orkhon.mn” сайтууд дээр “Манжуур хотын төлөөлөгчид айлчиллаа” гэсэн үг үсгийн ямар ч зөрөөгүй нэг мэдээллийг “Copy”-доод л тавьсан байсан. Тэнд Манжуурын төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын урилгаар ирсэн, ИТХ-ын даргын урилгаар ирсэн гэсэн нэг ч үг, өгүүлбэргүй, албаны мэдээлэл байсан. Энэ оны дөрөвдүгээр сард аймаг, орон нутгийн удирдлагууд Манжуур хотод айлчилсан. Тэр үед ИТХ-ынхан ч явсан. Эндээс харвал энэ удаагийн Манжуурын төлөөлөгчдийн айлчлалыг аймгийн ИТХ-ын даргын урилгаар хийгджээ гэж хэвлэлийнхэн ойлгосон. Энэ айлчлалын талаар танай зүгээс болон аймгийн ЗДТГ-ын зүгээс иргэдэд зөв мэдээлэл өгөөгүй гэж харах гээд байна. Манжуурын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын онцлог нь юу вэ?
-Манжуур хотын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал бол хариу айлчлал гэж ойлгож болно. Аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд энэ оны дөрөвдүгээр сард Манжуур хотод айлчилсан. Засаг дарга ажилтай байсан учраас орлогч дарга Д.Энхбатаар ахлуулсан айлчлал хийсэн. Тэр үеэр аймгийн Засаг даргын зүгээс Манжуурын талд Эрдэнэт хотод айлчлахыг урьсан. Нөгөө тал урьсан гээд шууд хүрээд ирдэггүй юм билээ. Манай талаас Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаад хэлэлцэх асуудлаа албан ёсоор танилцуулж зөвшөөрөл авсаны үндсэн дээр хийгддэг ажил. Гадаад харилцааны яамнаас зөвшөөрсөний дагуу Манжуурын төлөөлөгчид Эрдэнэт хотод хариу айлчлал хийхээр болсон. Айлчлалын хөтөлбөрөө яаманд танилцуулдаг. Харин Манжуур хотын төлөөлөгчдийн Монгол улс, Орхон аймагт хийх айлчлалын хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга хоёулаа баталсан. Хөтөлбөр нь энэ байна. Мөн Манжуур хотын төлөөлөгчдийг Орхон аймагт айлчлахтай холбогдуулан хийх ажлын төлөвлөгөөг гаргаж аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга нар баталсан. Манжуурын төлөөлөгчидтэй дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон. Нэгдүгээрт, талуудын албан ёсны төлөөлөгчдийг тогтмол солилцох, нутгийн удирдлага захиргааны байгууллагуудын харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх. Хоёрдугаарт, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих. Гуравдугаарт, талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр хот байгуулалт, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн талаар хамтарч ажиллах. Дөрөвдүгээрт, хоёр хотын хооронд соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг тогтоох үүднээс байгууллага, иргэдийн хооронд хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд туссан. Хариу айлчлал байсан учраас санамж бичигт гарын үсэг зураагүй. Ийм л онцлогтой айлчлал байсан.
-Төлөөлөгчдийг үдэн гаргах, хүндэтгэл үзүүлэх ажиллагааг яагаад заавал “Сэлэнгэ” амралтын баазад хийх болсон юм бол. Аймгийн ИТХ-аас энэ ажилд ямар үүрэгтэй оролцсон юм бэ. Хөрөнгө мөнгийг нь аймаг гаргасан гэдэг ч өнөөдрийн байдлаар тэдэн төгрөгийн зардал гаргах тухай аймгийн Засаг даргын захирамж гараагүй. Санхүү төрийн сангийнхан мөнгө хөрөнгө гараагүй гэж байна. Хэний мөнгөөр хүндэтгэлийн зоог барьсан юм бэ?
-Аймгийн ИТХ болон түүний даргын зүгээс төлөөлөгчдийг үдэн гаргах ажиллагааг санаачлаагүй, нүднээс далд “Сэлэнгэ” амралтын баазад хийх шийдвэрийг би гаргаагүй. “Сэлэнгэ” амралтын баазад хүндэтгэлийн зоог барих тэр бүх ажил аймгийн ЗДТГ-аас гаргасан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хийгдсэн байх. Үнэхээр хотын төвд хийх боломж байсан байх. Аймгийн ИТХ-аас Манжуурын төлөөлөгчидтэй хийх уулзалтад байлцах хүмүүсийн нэрийг ч гаргасан. ЗДТГ-аас ч нэрийг нь гаргасан. Хүндэтгэлийн хүлээн авалтын зардлыг аймгаас гаргана. “Сэлэнгэ” амралтын баазад захиалга өгсөн дараа нь нийт гарсан зардал нь нэхэмжлэхийнхээ хамт ирвэл зохих журмын дагуу гарах байх. Өнөөдрийн байдлаар тэдэн төгрөг гарсан мэдээлэл байхгүй нь үнэн. Аймгийн ИТХ-ын хувьд Манжуурынхантай хийх уулзалтад оролцуулах хүмүүсээ сонгосон. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батлут, Ж.Ганчимэг, Д.Доржпүрэв, төлөөлөгч Т.Оюунцэцэг болон миний бие багтсан. Аймгийн ИТХ бол АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөлтэй. Тиймээс гадны айлчлал хийгдэж байхад намуудын төлөөллөө бүрэн хамруулахаар зорьсон. Түүнээс биш хэн нэгнийг ялгаад онцолсон шийдвэр гаргасан зүйл байхгүй. Дөрөвдүгээр сард Манжуурт хийсэн айлчлалд явсан зарим нэг хүнийг энэ удаад оролцуулсан. Р.Рагчаагийн хувьд Хот тохижуулах газрын дарга, Манжуурын талтай хот тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр санал солилцохоор төлөвлөгөөнд туссан учраас оролцох ёстой. Цагдаагийн газрын дарга байсан гэдгийн хувьд ажлын төлөвлөгөөн дээр Б.Даваазул хурандаа төлөөлөгчдийг Орхон аймагт байх хугацааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй оролцсон.
-Баасан гарагт мод тарьчихаад бямбад амралтын бааз руу явсан талаар ямар хариулт өгөх вэ?
-Баасан гарагийн үдээс хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Гурван замын уулзварын урд талд мод тарьсан. Энд арав гаруй хүн оролцсон. Бямба гарагт манай аймагт Германы “Геотех роштофф” компани Орхон аймгийн хооронд хог боловсруулах үйлдвэр байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол, тус компанитай хамтран хэрэгжүүлэх Баян-Өндөр уулыг ойжуулах, нөхөн сэргээх “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хэлэлцүүлэг зэрэг олон ажил төлөвлөгдсөн. Тэгээд баасан гарагт мод тарьсан. Түүнээс биш бүх нийтээр мод тарих тухай Ерөнхийлөгчийн зарлигийг санаатай зөрчөөгүй.
-“Сэлэнгэ” амралтын бааз дээр болсон хүндэтгэлийн хүлээн авалтад зарим нэг хүнийг заавал оролцуулах тухай үүрэг, чиглэл өгсөн гэгдээд байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Манжуурын төлөөлөгчидтэй аймгийн удирдлагууд уулзалт хийхэд байлцах албан тушаалтнуудын дотор аймгийн ИТХ-аас оролцсон хүмүүсийг би дээр нэрлэсэн. Бямба гарагийн өглөө дээрх нэр бүхий хүмүүс манай өрөөнд ирсэн. Тэгэхэд Д.Батлут ч байсан, уулзалтад оролцсон. Энэ үеэр орой “Сэлэнгэ” амралтын баазад болох хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох хүмүүст дуулгасан. Д.Батлут “Миний хувьд ажилтай байгаа. Амжвал оролцоно, амжихгүй бол өөрийнхөө оронд намынхаа хэн нэгэн тэргүүлэгчийг явуулж болох уу” гэж асуусан. “Болно оо” гэж хэлсэн. Ийм л яриа болсон. Ш.Ганбат, Д.Дэлгэрбаяр гээд МАН-ын тэргүүлэгч болоод өөрийн намын зарим нэг хүнд хэлээгүй гээд байгаа. Хүлээн авалтад бүгдийг нь оролцуулах хөрөнгө мөнгөний боломж байхгүй. Гурван намын төлөөллөөс, албаны цөөн хүн оролцуулахаар ЗДТГ-аас төлөвлөсөн байсан. Энд нэг албан бичиг байна. Манжуурын төлөөлөгчдийг хүлээн авах хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох зочдын нэрс. Аймгийн ИТХ-аас миний бие, Р.Рагчаа, Д.Батлут, Ж.Ганчимэг, Т.Оюунцэцэг нар. Аймгийн ЗДТГ-аас Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сандуйжав, Б.Даваазул, аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан Ц.Ганбаяр гээд нэр нь байна. Ийм л хүмүүс оролцсон.
-Хүндэтгэлийн арга хэмжээн дээр гадны, гэнэтийн зочид “ШАК” фракцын төлөөлөл болох хүмүүс хаанаас хэний урилгаар ирсэн бэ гэдэг асуудал байна?
-Өмчийн харилцааны газрын дарга Д.Хүрэл-Эрдэнэ “Би тэнд байгаагүй” гээд танайд ярилцлага өгснийг харсан. Үнэхээр тэр хүн байгаагүй. Ж.Сандуйжавын хувьд аймгийн Засаг даргаас Хүндэтгэлийн арга хэмжээг хөтлөх даалгавар авсан юм билээ. “ШАК” фракцын залуус гэж байгаагүй. Тэгээд ч тийм албан ёсны фракц байхгүй, төрийн бус байгууллага. Д.Даваазул даргын хувьд албан үүргийнхээ дагуу байсан. Удалгүй явсан. “Сэлэнгэ” амралтын баазад намайг очиход С.Сувдаа захирал амарч байхтай таарсан. Бид уулзсан. Манжуурын төлөөлөгчид ирсэн, хүндэтгэлийн зоог барих гэж байгаа, та оролцоорой гээд ярьж байтал хохирогч Э машинаас бууж ирсэн. Тэр бид хоёр жирийн найз нөхөд. Уулзсан. Ийм ажилтай яваа гэдгээ хэлсэн. Тэрбээр энд амрах гэж ирлээ гэж байсан. Тэгээд л салсан. Дахиж уулзалдаагүй. Би тэр хүнийг тэнд уриагүй. Санамсаргүй л тэнд таарсан. Түүнээс биш “ШАК”-ын залуус байсан гэдэг бол худал мэдээлэл.
-Хүндэтгэлийн арга хэмжээ хэрхэн болсон юм бэ. Д.Даваасамбуу захирал хаанаас гараад ирэв. Зодоон болох үед та хаана байсан бэ?
-Хүндэтгэлийн арга хэмжээг албан ёсоор би эхлүүлсэн. Энэ үед хажуугийн өрөөнөөс Д.Даваасамбуу захирал орж ирсэн. Захирлыг хятадын төлөөлөгчидтэй танилцуулсан. Тэгээд зэрэгцээд суусан. Энэ арга хэмжээ тийм удаан, шөнө дөл болтол үргэлжлээгүй. Хүндэтгэлийн арга хэмжээний хаалтыг би хийсэн. Манжуурын төлөөлөгчдийн ахлагч нь эмэгтэй хүн. Нөгөө талынхан ч маргааш буцах байсан учраас удаан суух шаардлага байгаагүй. Төлөөлөгчдийг тэндээс гаргаж өгөөд өглөө хэдэн цагт цай унд уух, хэдийд явах зэрэгт нь анхаарал хандуулаарай гэдгийг Ц.Ганбаяр болон ажлын албаны хүндээ хэлээд жолоочийнхоо хамт өрөөндөө орсон. Бүтэн сайнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн нээлтэн дээр би үг хэлэх ёстой байсан. Хэлэх үгээ нэг харчихаад унтахаар хэвтсэн. Жолооч маань “би жолооч нар дээр очлоо” гээд гарсан. Шөнө унтаж байтал хаалга хүчтэй нүдэх чимээнээр сэрсэн. Нөхдүүд жаахан сууж дээ гэж бодоод чимээгүй хэсэг хэвтсэн. Улам хүчтэй нүдээд “дарга аа” гэсэн манай жолоочийн дуу гараад байхаар аргагүй эрхэнд босоод хаалга нээтэл “Ийм юм болчихлоо” гэж хэлсэн. Хувцсаа өмсөөд очтол эмнэлэг, цагдаа ирээд явсан байсан. Эхлээд манай аймгийн цагдаа нар ирсэн байсан. Дараа нь харьяаллын дагуу Булганы цагдаа нар ирсэн.
- Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөмж ч билүү бас Засгийн газрын тогтоол байдаг. Төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үед архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Төрийн мөнгөөр архи худалдан авахыг хориглосон заалт ч байдаг байх. Яагаад заавал архитай тэмдэглэсэн юм бэ. Архигүй тэмдэглэж болоогүй юм уу.
-Тийм тогтоол шийдвэр, заалт байдгийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд ч энэ хүндэтгэлийн хүлээн авалтыг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан. Ямар хоол ундаа байх, архи дарс байхыг бид мэдээгүй. Бид гадныханд хүндэтгэл үзүүлэх үүрэгтэй оролцсон. Сүүлд сонсоход манай зарим нэг хүмүүс албан ёсны арга хэмжээ дууссаны дараа бага зэрэг суусан юм билээ. Ер нь тэгээд аливаа арга хэмжээнд оролцсон хүмүүсийн хувьд архийг соёлтой хэрэглэх, тааруулах тал дээр өөрсдөө анхаарах ёстой. Тэгээд ч хэн нэг хүн ам руу нь хүчээр архи цутгахгүй шүү дээ. Өөрөө л зохицуулах байх. Албан ёсны арга хэмжээ дууссан бол сайхан амарч болно. Энэ бүхэн хувь хүнээс л шалтгаалдаг. Би зодоон болох үед дэргэд нь байгаагүй болохоор юунаас болж тийм зүйл болсон талаар мэлдээлэл байхгүй. Харамсалтай яьдал болсон байна лээ. Эцэст нь албан ёсоор тэмдэглэж хэлэхэд, энэхүү арга хэмжээг аймгийн ИТХ, түүний дарга санаачилж, санаатайгаар зодоон зохион байгуулсан зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зөв байх.