Нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсчээ
2015-2016 оны хичээлийн жилийн мөнгөн хонхны дуу цангинан эрдмийн их өргөөний хаалгыг анх удаагаа татаж байгаа мянга мянган багачуул, ангийн нөхдөө санасан сэтгэлээр энэ мөчийг инээд дүүрэн хүлээсэн сурагч, оюутан залуус дөрвөн зүг найман зовхисоос сургуулийнхаа зүг алхаж байна.
Манай аймгийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 21, хувийн хэвшлийн 6 сургуульд нийтдээ 17100 гаруй сурагч суралцана. Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 25, хувийн хэвшлийн 12 цэцэрлэгт 7400 гаруй хүүхэд багачууд хүмүүжих юм байна. Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 2100 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Ерөнхий боловсролын 27 сургуульд 950 гаруй, сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллагад 260 шахам багш сурган хүмүүжүүлэгчид ажиллана.
Улсын хэмжээнд энэ жил Ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянга 818 сурагч суралцана. Үүнээс 64 мянга нь анх сургуульд орж буй зургаан настнууд аж. Бага ангийн хүүхдүүдийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангах бол ахлах, дунд ангийнхан зах зээлийн дундаж ханш болох 2600 төгрөгөөр худалдаж авна. Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорхой сэдвээр хүүхдүүдэд хичээл заадаг. Энэ удаад “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр теле хичээл заалаа. Өнгөрсөн жил төрийн тэргүүн “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр хичээл заасан юм.