Худалдан авалтын сонгон шалгаруулалтын зөрчлүүдээс
Орхон аймгийн Аудитын газраас улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд аймгийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажилд хяналт шалгат хийсэн байна. Энэхүү аудитын нэгдсэн дүнгээс харахад өнгөрсөн онд Орхон аймагт авто зам засвар, орон сууцны байр хоорондох замын шинэчлэл, байрны дээврийн засвар, инженерийн шугам сүлжээний ажил зэрэгт нийтдээ 390 хөрөнгө оруулалтын ажилд 28 тэрбум 836,9 сая төгрөг зарцуулжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оноос орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 13 тэрбум 542,5 сая төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 4 тэр бум 456,9 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Жил бүр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, тэр хэрээр Эрдэнэт хотод бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайшаалтай ч дээрх их мөнгөн дүнгийн цаана чанаргүй ажил олноор үлдэж, хохирогч нь энгийн иргэд болдог. Эдгээр орон нутгийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг зохион байгуулсан Орхон аймгийн ЗДТГ-ын Л.Оюунгэрэл даргатай Худалдан авах ажиллагааны алба хэрхэн ажилласныг аудитын дүнгээс танилцуулж байна.
Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны байгуулсан “Хөрөнгө оруулалтын 5 ажлын үнэлгээний хороо” нь тендерийг үнэлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа дараахь алдааг гаргасан. Үүнд:
-Дорноговь аймагт 2013 онд 960 хүүхдийн барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч ажлаа дуусгаагүй, машин, техник хэрэгсэл ашиглах гэрээ байгуулаагүй компанид эрх олгосон.
-Машин техник ашиглах гэрээгүй, ажилтны нийгмийн даатгалын бүртгэл тодорхойгүй, ШШГА-ны тодорхойлолтгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, ажиллах хүчний мэдээлэл дутмаг гүйцэтгэгчийг сонгосон.
-Санхүүгийн чадавхийг нь тодорхойлох боломжгүй 2013 оны татвар, нийгмийн даатгалын мэдээ, аудитлагдсан тайлан нь байхгүй ААН-ийг сонгосон.
-Үндсэн гурван тоног төхөөрөмжтэй компани шалгаруулах байтал нэг ширхэг тоног төхөөрөмжтэй компани шалгаруулсан.
-Ажилчдын нийгмийн даатгалын тодорхойлолт байхгүй гүйцэтгэгчийг сонгосон.
-Ижил цаг хугацаанд гүйцэтгэх 2-оос дээш ажил дээр нэг гүйцэтгэгчийг шалгаруулахдаа нөхцөл бололцоог бодитоор үнэлээгүй байна.
Төрийн хяналт шалгалт хийх явцад 2014 онд Худалдан авах ажиллагааны алба 193 ажлын тендерийн үйл ажиллагааг зохион байгуулж, 17 тэрбум 544,4 сая төгрөгийн гүйцэтгэгчийг сонгож ажилласан. Үүнээс 156 ажлын 16 тэрбум 023,9 сая төгрөгийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тухай мэдээ тайландаа тусгасан байна. Харин 37 ажлын 15 сая 30,5 мянган төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн талаар худалдан авалтын мэдээнд тусгаагүй байна. Энэ нь Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үйл ажиллагаагаар дамжилгүй хэн нэгэн албан тушаалтны эрх мэдлээр хэрэгжүүлсэн хууль бус хөрөнгө зарцуулсан ажиллагаа байх магадлалтай.
Л.Оюунгэрэл даргын удирддаг аймгийн Худладан авах ажиллагааны алба мэдээ тайланд тусгагдсан гурван ажлаас аймгийн ИТХ-ын батлагдсан дүнгээс 163,4 сая төгрөг илүү тусгаж, хөрөнгийн эх үүсвэргүй ажилд тендер зарласан. Хуулинд зааснаар 20 хувь хэлбэрээр цахимаар явуулах тухай заасан байхад, 7 хувьтай зохион байгуулсан байна.
Төрийн байгууллагын хэрэгцээнд худалдан авах автомашины өртөгийг зах зээлийн үнээс 100.1 сая төгрөгийн өндөр үнээр худалдан авалт хийсэн зэрэг зөрчил гаргажээ. “Эрдэм” ахлах сургуулийн дээврийн их засварын 100 сая төгрөгийг хоёр хувааж, ТБОНӨХБАҮХАТ хуулийн заалтыг зөрчсөн.
Худалдан авах ажиллагаанд хэрэглэсэн харьцуулалтын арга дээр 3 болон түүнээс дээш этгээдэд санал хүргүүлэх ажлыг орхигдуулж, богино хугацаанд зар мэдээ тавьж, гүйцэтгэгч ирээгүй гэсэн шалтгаанаар шууд гэрээ байгуулсан нь худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулжээ.
Бэлтгэсэн М.Мөнх