Манай аймаг 7.2 тэрбумын үнэтэй машин, техниктэй болжээ
Нийгмийн хөгжлийн хурдыг гүйцэх гэж дарга нар татвар төлөгчдийн төлсөн мөнгийг захиран зарцуулахдаа төдийлөн сэтгэл эмзэглэдэггүй бололтой. Манай аймгийн хувьд л гэхэд өнгөрсөн онд тэрбум тэрбум төгрөгийг машин техник худалдан авахад зарцуулжээ. 2014 оны намар хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр аймгийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газраас оруулж ирсэн “Орон нутгийн өмч хөрөнгийн талаарх мэдээлэл”-д 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар манай аймагт 5,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 236 нэр төрлийн автомашин байдаг тухай мэдээлсэн.
Тэгвэл эрх баригчид өнгөрсөн онд унадаг автомашиныхаа нэр төрлийг төдийлөн нэмээгүй ч бага зэрэг чанаржуулж татвар төлөгчдийн халааснаас тэрбум тэрбум төгрөгийг гарган машин техник худалдан авсан байх юм.
Ингэснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар манай аймаг 7 тэрбум 22 сая 829 мянга 672 төгрөгийн үнэ бүхий 212 машин техник тоологдсон байна.
Тамгын дарга хоёр жилийн дотор 2 шинэ машин унажээ
Эндээс харвал манай аймагт Засгийн газрын 147, 349 тоот тогтоолууд төдийлөн хэрэгждэггүй, дарга нар дуртай унаагаа авч унадаг жишиг тогтжээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх Нутгийн удирдлагын ордонд 2 жил даргын сэнтийд суухдаа хоёр шинэ машин авч унаж тухалсан байдаг. Тэрбээр эхлээд “Соната-7” автомашиныг 45 сая төгрөгөөр авсан бол жилийн дараа голж “Хьюндай Азера”-г 49 сая төгрөгөөр авч унасан байна. Энд нэг сонирхол татсан зүйл явдаг. В.Сумъяасүх дарга “Аймгийн ЗДТГ-ын автомашины парк шинэчлэлтийг “Хьюндай” брэндийн автомашинаар шинэчилнэ. Эхнийх нь болгож гурван машиныг тус бүрийг нь 45 сая төгрөгөөр худалдан авлаа” хэмээн тухайн үедээ сүр дуулиантай мэдэгдэж байсан удаатай. Дээрх гурван машины нэгийг нь өөрөө авч унасан. Түүнийгээ голоод аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Л.Оюунгэрэлд шахсан. 2013 онд шинээр авсан машин нэг жилийн дараа өөр даргын нэр дээр очихдоо өнөөх машины үнэ 29 сая төгрөг болтлоо үнэлгээ нь буурсан байх юм. БНСолонгос улсад 2012 онд үйлдвэрлэсэн, 2013 оны өвөл Монголд орж ирсэн шинэ машинд ганцхан жилийн дотор 16 сая төгрөгөөр элэгдэл хорогдол тооцогджээ. Магадгүй 2016 оны хавар гэхэд дээрх 29 сая төгрөгийн үнэлгээ 10 сая болтлоо навс унаж хэн нэгэн дарга хувьдаа аваад гарахыг үгүйсгэхгүй болж байна. Эсвэл манай аймагт машины элэгдэл хорогдлыг тооцохдоо өөр жишиг үзүүлэлтээр тооцдог болсон уу. Гэтэл аймгийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй машины цуваадсанаас харвал 1980-аад оны машин 7-9 сая төгрөгөөр үнэлэгдсэн байгааг юу гэж ойлгох вэ. Хэтэрхий ханасан үнэ гэж үүнийг хэлэх байх.
Аймгийн өмчид Улаанбаатарын данстай “хөрөнгө” ч бий
Аймгийн Өмчийн харилцааны газраас гаргасан мэдээллээс харвал орон нутгийн өмчид бүртгэлтэй 7 тэрбум төгрөгийн өртөгтэй 212 нэр төрлийн машин техникээс харвал өмчийн маргаан дагуулж мэдэх хэд хэдэн төмөр хүлэг байна. Тухайлбал, аймгийн Цагдаагийн газарт гэхэд 30-62 УНҮ улсын дугаартай “Старекс”, 50-36 УНП, 40-12 УБҮ улсын дугаартай “Соната-4” машинууд байх аж. Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар өнгөрсөн жил “Х-трайл” машин худалдаж авсан. Энэ машин ч УНП улсын дугаартайгаа өнөө болтол байгаа. Мөн “Эрдэнэт–Ус ДТС” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт гадны тэр дундаа Улаанбаатарын дугаартай 5 машин техник байна. Бүр инээдтэй 48-99 ЭТ улсын дугаартай МТЗ-82 трактор байх юм. Автомашины ЭТ сери үгүй болоод 20 жил болсон.
Тэгэхлээр одоо энэ трактор манай аймгийн өмчийн бүртгэлтэй эд үү, аль эсвэл хэн нэгний тавиул хөрөнгө үү. Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт 18-57 УНУ улсын дугаартай “УАЗ-469” машин байдаг бол Хот тохижуулах газрын 2014 онд 110 сая 785 мянга 247 төгрөгөөр худалдан авсан Униварсаль экскватор УНУ дугаартайгаа бүртгэлд данслагдсан байх. Эндээс харвал Улаанбаатарын дугаартай автомашин техник нь бичиг баримтын зөрчилтэйгээр барахгүй хэн нэгний үндсэн хөрөнгөнөөс хасагдаагүй атлаа манай аймгийн Өмчийн харилцааны бүртгэлд өөрсдөө ирээд бүртгүүлчихсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Х.Машбат, Б.Батжаргал нар жийп авч унажээ
Өнгөрөгч 2014 онд аймгийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй машин техник хэрэгсэлийн тоо 33-аар өсч мөнгөн дүн нь 2 тэрбум 87 сая 513 мянга 361 төгрөгөөр нэмэгдсэн тоо гарч байна. Зарим нэг машин техникийн хувьд харьяа яам, агентлагаас данснаас дансанд шилжүүлэх аргаар ирсэн хөрөнгө ч буй ажээ. 2014 онд аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Машбат “Манай байгууллагад туулах чадвар сайтай машин хэрэгтэй. Би хөдөө гадаа их явдаг хүч чадал сайтай машин өгчих” гэж нэхсээр байгаад 2004 онд үйлдвэрлэсэн “Лексус-470” авч унасан” гэж ярьдаг. Өнөөх хүчин чадал сайтай машин нь Х.Машбат даргын өдөр тутмын унаа болж хувирсанаас биш үндсэн зорилгоо биелүүлж байнга хөдөө яваад байдаггүй, байгууллагын удирдлагын албаны унаа гэх тодотголтой ч аминаа унаа болсон гэхэд нэг их хол зөрөхгүй. Х.Машбат дарга “Лексус-470” буюу өөрийн хүсээд байсан туулах чадвар сайтай жийпээ Эрдэнэтийн төвд унах гэж авсан бололтой.
Аймгийн Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал өнгөрсөн жил 2001 онд үйлдвэрлэсэн “Лексус-470” машиныг 47 сая 600 мянган төгрөгөөр дуулиантайхан шиг худалдан авч эрх мэдэл сүр хүчний гайхамшгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд мэдрүүлсэн.
Аймгийн ИТХ-ын хуралдаан дээр МАН-ын бүлгийн зарим нэг төлөөлөгч “Хотын захирагчийн албаны даргад 40 сая төгрөгөөр машин худалдан авахаар төсөвт суулгахаар Санхүү, төрийн сангийн хэлтсээс санал оруулж ирсэн. Гэтэл үүнээс илүү үнээр, төсөв батлагдахаас өмнө Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэгэн ажилтнаас мөнгийг нь гаргуулж өгнө гэж хэлээд сарын өмнө Лексус-470 авч уналаа” хэмээн асуулга болж байлаа. Тухайн үеийн удирдлага “Батлагдсан мөнгөндөө л машин авна” гэж хариулж байсан удаатай. Дарга нар татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийхдээ юу ч боддоггүй тэр бүү хэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг хууран мэхлэх замаар тансаг зэрэглэлийн 100 км-т 25 литр бензин зарцуулдаг том оврын жийп машин авч унадаг энэ хоёр даргыг манай аймагт захирдаг хүн байдаггүй харин хүслийг нь биелүүлдэг угшил нэгтэй дарга нар бий гэдэг нь харагддаг.
Гэтэл аймгийн удирдлага өнгөрсөн онд 1998 онд үйлдвэрлэсэн “Rino” маркын машиныг 1.8 сая төгрөгөөр худалдан авчээ.
Насжилт хэвийсэн үнэ нь унасан энэ машин тусгай зориулалтынх л биш бол Бүсийн оношлогоо эмчилгээний төвд тийм их хэрэгтэй эд үү гэж асуумаар ч юм шиг. Мөн аймгийн Цагдаагийн газарт 2010 онд үйлдвэрлэсэн “Старекс” машиныг 40 сая төгрөгөөр худалдан авчээ. “Хөгшин” машинуудыг өндөр үнээр төрд шахсан шахаа гэхээс өөр юу гэх билээ.
Оны сүүлчийн өдөр ч машин худалдаж авдаг
Юмны эзэн сумны занги болсон Өмчийн харилцааны газрынхан 2009 онд үйлдвэрлэсэн “Старекс” машиныг 45 сая төгрөгөөр үнэ цохин авсан баримт ч байна. Баримтаас харвал Өмчийн харилцааны газрынхан 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны мягмар гарагт 45 сая төгрөгөөр дээрх “Старекс” болон “Гранд марк-2” машиныг 15 сая төгрөгөөр худалдан авч бүртгэлд бүртгэсэн байна. Мөн арванхоёрдугаар сарын 31-нд хэдэн онд үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй “Ланд круйзер-105” машиныг 20 сая төгрөгөөр худалдан авсан байх юм. Өмчийн харилцааны газарт хоёрын зэрэг “Ланд-105”, “УАЗ-469”, “Тоёота кроун”, “Гранд марк-2”, “Марк-2” машин байсаар атал өнгөрсөн онд үнэ цохин 45 сая төгрөгөөр дахин “Старекс” авчээ.
1.1 тэрбумаар машин техник авч өгчээ
Хот тохижуулах газарт өнгөрсөн онд 11 нэр төрлийн машин техник худалдан авахад 1 тэрбум 129 сая 535 мянга 284 төгрөгийг төсвөөс гаргасан байна. Засаг даргын зөвлөлийн хурал дээр Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа “Манайд “Камаз” машин хэрэгтэй байна” гэсний дагуу 242 сая төгрөгөөр дээрх машиныг худалдан авчээ. Нэг бүр нь 139 сая 687 мянга 7 төгрөг 4 мөнгөний үнэтэй 5 ширхэг өөрөө буулгагч машин авчээ. Хамгийн үнэтэй машин техник эднийд байдаг, 365 сая төгрөгийн үнэтэй “Бульдозер” байх аж. Хот тохижуулах газарт бараг л хаант засгийн үеийн гэж хэлж болохоор тэртээ 1970-аад оны машин техник ч их байна.
Жишээ нь, 1975, 1979 оны өөрөө буулгагч машин 6-9 сая төгрөгийн, 1988 оны өөрөө буулгагчууд 5-7 сая төгрөгийн, 1989 оны өөрөө буулгагч 14.2 сая төгрөгийн үнэтэй гээд нэрлээд байвал сонирхолтой зүйл ч эднийд их байна. Манай аймгийн удирдлагуудын унадаг машины талаарх мэдээлийг хүргэе. Засаг даргын унаа болох ОРА 00-01 “Лексус-570” машин 2008 онд үйлдвэрлэсэн 2010 онд аймагт “шахаанд” буюу данснаас дансанд шилжиж ирсэн. Одоогийн үнэлгээ нь 165 сая төгрөг. Аймгийн ИТХ-ын даргын ОРА 00-02 “Ланд круйзер-105” машин 2005 онд үйлдвэрлэсэн 2006 онд Д.Оюунбат хурлын дарга байхдаа худалдаж авчээ. Одоогийн үнэлгээ нь 69 сая 888 мянга 200 төгрөг. Засаг даргын орлогч Д.Энхбат 2013 онд 40 сая төгрөгийн үнэтэй “Хьюндай туксон” авч унасан. Татан буугдаад багагүй хугацаа өнгөрсөн Тээвэр, авто замын газар тус бүр нь 7.5 сая төгрөгийн үнэтэй “Соната-5” авсан байна.
Хамгийн олон жийптэй нь Р.Гантулга дарга
“Эрдэнэт-Ус ДТС” орон нутгийн өмчит хувьцаат компанид 36 нэр төрлийн нэг тэрбум 511 сая 957 мянга 387 төгрөгийн машин техниктэй ажээ. Байгууллагын машин техникийн бүртгэлээс харвал Р.Гантулга дарга хамгийн олон жийп машинтай бололтой. Эднийд 30 сая төгрөгийн үнэтэй “Ланд ровер”, 16 сая төгрөгийн үнэтэй “Ланд-80”, 44.5 сая төгрөгийн үнэтэй “Лексус-470”, 31.2 сая төгрөгийн үнэ бүхий ”Сузуки гранд витара” зэрэг бензиний мангас болсон төмөр хүлгүүдийг Р.Гантулга дарга ээлжлэн унадаг бололтой. Хаа очиж эднийх өнгөрсөн онд шинээр авто машин худалдаж аваагүй аж.
Энэ бүхнээс харвал манай аймгийн дарга гэсэн цол гуншинтай эрхмүүд жийпний ард тухлах, ямбалахыг л илүүд бодохоос иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл нь хурдан хүлгийнх нь тоосонд булагдаад үлддэг болсон нь дээрхээс харагдаж байна. Харин саяхан хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр С.Дангаасүрэн дарга “Одоо манай аймагт дахин шинэ машин авах шаардлагагүй. Машин авах саналыг би хүлээж авахгүй. Жаргалантын Засаг даргын унаа эвдэрсэн гэж байна. Танайд өөр машин бий. Түүнийгээ уна. Бодит нөхцөл байдал шаардлагын үүднээс аймгийн Цагдаагийн газарт машин авахад нь зориулж хэдэн төгрөг гаргая.
Үүнээс өөр тохиолдолд ямар ч машин авахгүй. Хэлтэс, албадын дарга нар дахин машин авах тухай саналыг надад тавихгүй шүү” хэмээн түс тас мэдэгдсэн нь зарим нэг дарга нарын жийптэй болох мөрөөдөлд цэг тавьсан юм. С.Дангаасүрэн даргын хувьд ийнхүү шийдвэр гаргаж асуудалд цэг тавиагүй бол манай аймагт машин унадаг дарга нарын тоо жилээс жилд нэмэгдэж улмаар тун удахгүй 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх “аймгийн автопарк”-тай болж дээд амжилт эвдэх дээрээ тулаад байсан билээ.