Эрх баригчдын дотоод руу өнгийхөд.......
АН-ын дарга З.Энхболд “Манай намд одооноос эхлэн фракцын зарчим үйлчлэхгүй. Бид фракцгүй нам боллоо” хэмээн мэдэгдсэн нь чанга хатуу имиждээ үнэнч даргын улс төрийн шинэ гаргалгаа эхэлснийг илтгэнэ. Гэвч сайн нэрийг хүсэвч үл олдоно, муу нэрийг хусавч үл арилмой гэдэгчлэн АН-ын хувьд фракцгүй болно гэж мянгантаа ориловч сонгогчид дээр бууж байгаа төрх нь өнөөх л хуучин хэвээрээ. Манай аймгийн АН-ын хувьд ч эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхол, өнгө мөнгөний төлөө тэмцэлдсэн бүлэг, фракциудын зөрчил одоохондоо далд ч гэсэн нэг их удахгүй тэсрэх бөмбөг мэт дэлбэрэхэд тун ойрхон болоод байгаа аж.
Аймгийн ЗДТГ-ын даргын сэнтийний төлөөх тулаан өрнөж эхэлжээ
“В.Сумъяасүх дарга гавьяаныхаа амралтанд гарна” гэх яриа Засаг дарга С.Дангаасүрэнг тамгаа гардсан тэр цагаас л эхлэн хөвөрсөн. Уг нь В.Сумъяасүх дарга аль эрт 60 насны босго давсан ахмад настан гэнэ. БОЭТ-ийн амбулатори талаас ороход ханан дээр нь “55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эмэгтэйг ахмад настан гэнэ” хэмээн тодоос тод бичээстэй бий. “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль”-д эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас хэмээн заасан. Энэ талаас нь харвал түүний хувьд яах аргагүй ахмад настан аж. Харин ганц нэг хуулийн цоорхойгоор харвал тэрбээр 65 нас хүртлээ ажиллах боломжтой гаргалгаа ч бий. Гэхдээ л энэ цагт эрх мэдэл бүхий албан тушаал дээр нэг хүн 65 нас хүртлээ зүтгэнэ гээд дайраад байвал арай л биш харагдана. Ямар ч байсан В.Сумъяасүх даргын хувьд нөхцөл байдалтайгаа эвлэрээд хууль ёсны амралтаа эдэлсэнийхээ дараа залуустаа тахимаа өгөхийг зөвшөөрсөн тухай яриа бий.Тэгээд ч аймгийн ЗДТГ-ын дарга бол нарийн яривал Засаг даргаас илүү өргөн эрх мэдэлтэй. Өнөөдөр манай аймагт өрнөж буй тендэрийг ганц зохицуулдаг субъект нь яах аргагүй ЗДТГ-ын дарга. Тендэрийн хуульд заасны дагуу томоохон гэлтгүй бусад ажилд ч шууд гэрээ байгуулах эрх бүхий ганц албан тушаалтан нь тамгын даргын албан тушаал аж. Тиймээс энэ мэт эрх мэдэл нь аймгийн АН-ын фракциудын арааны шүлсийг асгаруулж байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй. В.Сумъяасүх даргыг 65 нас хүртлээ ажлаа өгөхгүй гээд гэдийвэл түүнд барих бэлэг буюу зарим нэг хэл ам дагуулсан, анхаарал татсан тендэрүүдийн талаарх сонирхолтой, ноцтой байж болохоор баримтуудыг цүнхэлчихсэн нөхдүүд энэ хавраас хойш Ардчиллын ордон хавиар эргэлдсэн.
Аймгийн ЗДТГ-ын дараагийн дарга хэн байж болох вэ. “ШАК” фракцынханы хувьд аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга, аймгийн Ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Доржпүрэвийг зүтгүүлэхээр мөрөөдсөн ч бүтэлгүйтээд байгаа. Учир нь Д.Доржпүрэвийн хувьд төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн зарим шаардлагыг үнэндээ хангахгүй. Төрд ажилласан жил энэ тэр гээд яривал бүтэхгүй. Түүнээс гадна ЗДТГ-ын дарга бол төрийн албан тушаалтан учраас Д.Доржпүрэв намаасаа, залуучуудаасаа, ИТХ-ын тэргүүлэгчээсээ татгалзах учиртай. Тиймээс энэ бол дараагийн сонгууль айсуй үед улстөрчийн хувьд ашиггүй хувилбар гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Дараагийн нэг кандидат болох Чангаагийн Бямбаагийн нэр нэлээн дээгүүр явж байгаа. 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр аймгийн АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж, аймгийн намын хороог ялалтад хүргэхэд хувь нэмэр оруулсан гэгддэг. Тухайн үед зарим нэг фракциас түүнийг аймгийн Засаг дарга болох хамгийн боломжтой хүн хэмээн тооцоолсон ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөр хүн дэвшүүлэхийг АН-ын ИТХ дахь төлөөлөгчдөд тулгасан гэдэг. Тэгэхлээр Ч.Бямбаа Тамгын газрын даргын суудалд суух эрэмбэ байх хувилбартай.
МоАХ фракцын зүгээс аймгийн АН-ын дэд дарга Р.Гантулгыг зүтгүүлнэ гэсэн таамаг байгаа ч энэ бол хамгийн боломжгүй хувилбар.
Аймгийн Засаг даргын төлөөх “сунгаанд” С.Дангаасүрэн, Р.Гантулга нар нэр дэвшин өрсөлдсөн. Ялагч нь С.Дангаасүрэн. Түүний хувьд өрсөлдөгчөө дээш нь гаргахгүй л болов уу. Тэгээд ч Р.Гантулгын хувьд “Би ЗДТГ-ын дарга л болмоор байна” гээд бусдыг хормойдоод явах эр мөн үү. Энэ бүхнээс харвал Р.Гантулга гэсэн хувилбар арай л биш. Зарим нэг нөлөө бүхий хүмүүсийн зүгээс ЗДТГ-ын даргын суудалд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нацагдорж шаанстай хэмээн зүтгүүлэхээр зэхсэн бололтой. ЗДТГ-ын хэлтсийн дарга нар дотроос хайвал хамгийн боломжит хувилбар нь яах аргагүй Б.Нацагдорж мөн. Төрийн хууль, Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг хангах талаас нь харвал нэг их асуудал бололгүйгээр, тэмцэл өрнөлгүйгээр шийдэгдэх магадлалтай. Өнгөрсөн жилийн дундуур Б.Нацагдоржийг хэлтсийн даргын ажлаа өгөөд ГОК-д Монгол Германы хамтарсан төслийн даргаар ажиллаж еврогоор цалинжина гэсэн явган яриа гарсан. Ямар ч байсан өнөөдөртөө Б.Нацагдорж ажлаа хийгээд явж байгаагаас харвал ЗДТГ-аас түүнийг явуулах сонирхолтой фракциуд байгаа нь мэдрэгддэг. Нэг талаасаа аймгийн Засаг даргын гал тогоог удирдаад явах хүнээ С.Дангаасүрэн дарга шийдэх бүрэн эрхтэй ч түүнд нөлөөлөх гадны нөлөө тун их байгаа болов уу
М.Батчимэг даргын тааллаас бүх зүйл шийдэгдэх үү
Нөгөө талаасаа аймгийн ЗДТГ-ын дарга хэн байх вэ гэдгийг шийдэх хүн нь яах аргагүй аймгийн АН-ын дарга М.Батчимэг хатагтай. Дээрх нэр дэвшигч, горилогчдыг зөвшөөрөх эсэх нь түүний шийдлээс бүрэн хамаарна. М.Батчимэг дарга нэгэнтээ “Би төрийн ажилд оролцохгүй намынхаа ажлыг хариуцна” гэж байсан ч өнөөдөр энэ үг амьдрал дээр үнэн үү, үгүй юү гэдгийг цаг хугацаа харуулсаар байгаа. Аймгийн ЗДТГ-ын даргаар М.Батчимэг даргын ангийн хүүхэд, Өвөрхангай нутгийн хүн болж гэнэ ээ гэвэл нэг их гайхаад байх асуудал биш. Саяхан Орхон аймгийн Монголбанкны захирлаар Өвөрхангайн уугуул, М.Батчимэг гишүүний 10 жилийн сургуулийн “танил охин” нь болох Долгорсүрэн гэдэг эмэгтэй томилогдсон. Эрдэнэтийн банкирууд энэ томилгоог гайхдаг. Монголбанкны ерөнхийлөгч Д.Золжаргалыг нам болгож дээ хэмээн толгой сэгсэрч байхыг нь харж суулаа. М.Батчимэг даргын хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулахын тулд Эрдэнэтийн 60 гаруй мянган сонгогчийг амлаж аваад байгаа. “Зүүний магнай” болох М.Батчимэг ирэх сонгуульд аймгийн ЗДТГ-ыг тэр чигээр нь түүний төлөө хөдөлгөж, ажиллуулж чадах өөрийн итгэлтэй хүнээ энэ суудалд сойх болов уу. Ядаж л сонгуулийн үеэр аймгийн ЗДТГ-ын алба хэлтсийн дарга нарын автомашин хүртэл хэрэг болдог. Орон нутагт өрнөж байгаа дүр зургаас харвал өнөөдрийн АН-ын гишүүн, дэмжигчид “хадны завсар хавчуулсан халиуны зулзага” шиг л байгаа аж. Нэг хэсэг нь өөрийн итгэл үнэмшлээрээ, үнэт зүйлийнхээ төлөө АН-ын гишүүн, дэмжигч гэгдэж байгаа бол нөгөө хэсэг нь М.Батчимэг гэдэг хүнийг УИХ-ын гишүүн болгохын тулд шар нар бор хоногийг өнгөрөөж байгаа дүр зураг харагдана.
Сүүлийн үед өрнөж байгаа зарим нэг үйл явдлаас харвал М.Батчимэг гишүүн “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдгийн үлгэрээр зарим асуудалд хэт түрэмгийлж зарим нэгийг нь үл тоож байх шиг. Нөгөө эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн зарчмаар зарим нэг асуудлыг шийдээд байх шиг. Тухайлбал, намын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбоо жилд нэгээс доошгүй удаа хуралдах дүрэмтэй. Гэтэл Д.Доржпүрэв дарга холбооны тэргүүнээр багагүй хугацаанд ажилласан ч нэг ч удаа хурлаа хуралдуулаагүй аж. Холбооны зарим нэг гишүүд бидний нас хэтэрлээ, хурлаа хуралдуулж асуудлаа шийдүүлье гэхлээр Д.Доржпүрэв тэргүүний хувьд толгой сэгсэрдэг аж. Нарийн яривал Д.Доржпүрэвийн хувьд ч “залуучуудын лиг” буюу Ардчилсан социалист залуучуудын холбооны дүрмэнд зааснаар 36 нас хэтэрсэн ч хурлаа хийхгүй тамгаа цүнхлээд алхаж байгаа. Энэ тухай холбооны залуус намын дарга М.Батчимэгтээ танилцуулахад “Та нар хоорондоо зохицоод явчих. Эв зүйгээр асуудлаа шийдвэл яасан юм бэ” гэсэн хоёрдмол утгатай хариулт өгдөг байна. Тиймдээ ч өнөөдөр М.Батчимэг дарга УИХ-ын эрхэм гишүүнийхээ хувиар орон нутагт ажиллавал түүний бараа бологчоор Д.Доржпүрэв дагалддаг. Тэгэхлээр энэ хоёр хүний ашиг сонирхол нэг цэг дээр төвлөрөөд байх шиг. Энэ холбооны гишүүдийн цөмийг өнөөдрийн байдлаар дөрөө даах насандаа хүрсэн 40 хол гарсан эрхмүүд бүрдүүлсээр. Гэтэл албан тушаалд дуртай зарим нэгний үйл хэргээс болж залуу насандаа, залуучуудын холбоондоо өтөлчихсөн нөхдүүд яахаа мэдэхгүй суугаа бололтой. Хамгийн сүүлд нэгэн таагүй мэдээлэл хөвөрч байна. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодох хэдий ч хэрвээ гэдэг үг санаа зовоож байна. Аймгийн АН-ын дарга М.Батчимэг үгэнд ордоггүй, үг сөрдөг толгой томтой зарим нэг нөхдийнхөө талаар намын даргадаа үг дайж байгаа бололтой. Бүр зарим нэгийг нь сэхээтний хэлмэгдүүлэлт шиг дэвшүүлэн зайлуулж, нутаг заалгахаар болсон тухай шивэр авир яриа гарч эхэллээ. Аймгийн АН-ын даргын хувьд өөрийн үндсэн зорилго болох УИХ-ын гишүүн болохын тулд одооноос эхлэн замдаа тээгэлдсэн зарим нэг “болдоггүй бор өвгөн”-үүдийг ниргүүлэхээр ийнхүү АН-ын даргад хандсан бололтой. Бүр 1-2 хүний нэр ус ч гарсан байж болох гэнэ. Энэ бүхнээс харвал аймгийн АН-д өрнөөд байгаа дажин тун удахгүй дайн болон өргөжихөд бэлэн болжээ. “Улс төрд мунхагууд жаргана гэж ороод зовдог. Мэргэдүүд бусдад туслах гэж ороод мөхдөг” гэдэг үг үнэний ортой ч юм шиг.
Н.ТӨР