Ирланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрлөө
Ирланд бүх нийтийн санал асуулгаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн анхны улс боллоо. Баасан гарагийн санал асуулгаар иргэдийн 62 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч 38 хувь нь эсэргүүцсэн байна. Сонгуулийн албан ёсны хариуг бямба гарагт Дублин Шилтгээнд танилцуулсан байна. Бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 1,201,607 нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн бол 734,300 нь эсрэг санал өгсөн гэж сонгуулийн зохион байгуулагч Риона Ни Флангэйл мэдэгджээ.
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудал дэлхийн бусад улсуудтай ижил Ирландад хурц маргаан дэгдээсэн юм. Санал хураалтын үр дүн Ирландчуудыг өгөөмөр, энэрэнгүй, зоригтой, баяр баясгалантай хүмүүс болохыг харууллаа гэж Ерөнхий сайд Энда Кенни мэдэгджээ.
Улс төрийн Шинн Фейн намын удирдагч Жерри Адамс бямба гарагийг "эрх тэгш байдлыг хангасан агуу өдөр” гэж нэрлэсэн байна. Ийнхүү Ирланд улсын үндсэн хуулинд “Гэрлэлтийг хүйс үл харгалзан хуулиар батална” гэж нэмэлт өөрчлөлт хийгдэхээр болжээ. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрсөн боловч хуримын ёслолыг сүмд хийхийг зөвшөөрөхгүй гэж дотоодын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.
Ийнхүү дэлхий дээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн улс нэгээр нэмэгдэж, 20-оор тоологдох боллоо. Ирландын улс төрийн намууд уг шийдвэрийг дэмжсэн бөгөөд санал хураалтын үр дүнг зарласны дараа ижил хүйстнүүд гудамж талбайд баярын үйл ажиллагаа зохион байгуулсан гэнэ.
Эх сурвалж: new.mn