Б.Мягмарсүрэн “Тоёота ланд круйзер 100”-тай бол С.Дангаасүрэн “Тоёота ланд круйзер 105” машинтай
Монгол улсын нэрийн өмнөөс төрийн тамга атгаж, төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх эдэлж байгаа “төрийн томоохон албан хаагч” гэсэн тодотголтой эрхмүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас албан ёсоор гаргаад байгаа билээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор дээрх эрмүүд өмнөх оныхоо ХОМ-ийг үнэн зөвөөр мэдүүлэх хуультай. Түүнийг нь Авлигтай тэмцэх газраас хянаж үзээд дөрөвдүгээр сарын 15-ны дотор нийтэд мэдээлдэг. Манай аймгаас ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Засаг дарга С.Дангаасүрэн нарын ХОМ олон нийтэд ил болдог бол төрийн бусад албан хаагчид Ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигтай тэмцэх газарт мэдүүлдэг. Ингээд уншигч та бүхэндээ ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Засаг дарга С.Дангаасүрэн нарын ХОМ-ийг танилцуулъя.
Б.Мягмарсүрэн даргын өөрийн орлого нь өнгөрсөн онд 14 сая 418 мянга, 34 төгрөг байсан бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого нь 7 сая 320 төгрөг ажээ. Нэг орон сууцтай, 2 байгууламжтай түүнийгээ 300 сая төгрөгөөр үнэлсэн байна. Б.Мягмарсүрэн дарга албан хэрэгцээндээ жийп унадаг. Харин хувьдаа “Тоёота ланд круйзер 100” автомашинтай. Үнэ нь 70 сая төгрөг. Тэрбээр тус бүр нь 10 сая төгрөгийн үнэтэй 3 адуутай юм байна. Эзэмших 1 га, эзэмших 400 мкв, өмчлөх 800 мкв газартай эдгээрийн зах зээлийн үнэ 32 сая төгрөг гэж үнэлжээ. Мөн 35 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, түүхийн ховор олдвортой гэнэ. Харин хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл байхгүй гэжээ. Бусдаас авах авлага байхгүй, бусдад төлөх өр зээл байхгүй.
Б.Мягмарсүрэн дарга 1 сая төгрөгийн дүрмийн сантай “Нью жем” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, ямар нэгэн эрх, патент, тусгай зөвшөөрөл түүний нэр дээр байдаггүй аж.
Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн хувьд 2014 онд өөрийн олсон орлого нь 579 сая 419 мянга, 55 төгрөг байна. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 6 сая 240 мянган төгрөг аж. С.Дангаасүрэн дарга 1 орон сууцтай, 1 үйлдвэрлэл үйлчилгээтэй, 1 байгууламжтай үүнийгээ 790 сая төгрөгөөр үнэлжээ. Тээврийн хэрэгслийн хувьд 90 сая төгрөгөөр үнэлсэн “Тоёота ланд круйзер 105” жийптэй. Тэрбээр 26 адуу, 85 үхэртэй түүнийгээ 128 сая төгрөгөөр үнэлсэн байна. Эзэмших 1400 га, эзэмших 160 га, эзэмших 197 га, өмчлөх 23 мкв газартай, зах зээлийн үнэ нь 444 сая 100 мянган төгрөг. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл байхгүй, 52 сая 558 мянга 43 төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй гэнэ. Иргэн н.Тулга, н.Минжээ нараас 100 сая төгрөгийн авлагатай бол ямар нэг зээл байхгүй байна. С.Дангаасүрэн дарга 55 сая 915 мянгөн төгрөгийн үнэ бүхий 55915 ширхэг хувьцаатай, “Алтан тошлой” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, ямар нэг эрх, патент, тусгай зөвшөөрөл байхгүй хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн байна.
Төрийн гурван өндөрлөг, төрийн түшээд, сайд дарга нарын ХОМ гарсан цагт сонгогчдын хувьд сонгосон гишүүдийнхээ хөрөнгө, орлогыг илүүтэй сонирхдог. Манай аймгийн хувьд албан ёсны хоёр /УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Содбилэг/ гишүүнтэй, М.Батчимэг гэдэг сайн дурын “уран сайханчтай”. Тэрбээр аймгийн АН-ын даргын албан тушаалтай учраас дээрх гурван эрхмийн ХОМ-ийг сонирхуулъя.
О.Содбилэг 50 мянган метр кв эдлэн газартай
УИХ-ын гишүүнээр дахин сонгогдохын тулд Орхон аймаг дахь Завхан аймгийн Нутгийн зөвлөл, “Завханы хүүхдүүд” ТББ-ыг тэр чигээр нь босгож мэдэхээр байгаа О.Содбилэг түшээгийн хувьд өнгөрсөн онд өөрөө 28 сая 557 мянга 74 төгрөгийн орлого олжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 100 сая төгрөг байна. Эрхэм гишүүний хувьд 198 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай бол үйлдвэрлэл үйлчилгээ, байгууламж үгүй ажээ. Тэрбээр “Мерседэс бенз”-ийн үнэнч хэрэглэгч. “Мерседэс бенз”-1, “Мерседэс бенз G-500”-1, нийтдээ 414 сая 202 мянга 47 төгрөгийн 2 автомашинтай. Адуу 100, ямаа 70, үхэр 30, хонь 100 толгой малтай үнэ нь 136 сая төгрөг. Эзэмших 1219 мкв-1, эзэмших 50 мянган мкв-1, эзэмших 700 мкв-2 нийтдээ 4 газар эдлэнтэй, үүнийгээ одоогоор үнэлээгүй байна. Тэрбээр 750 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй. Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл нь 48 сая 148 мянга 01 төгрөг. Авлага, зээл байхгүй. О.Содбилэг гишүүний хувьд “Петро матад лимитэд” ХХК, “Эл Эс Өү” ХХК, “Ажигана” ХХК, “Ажигана монгол медиа” ХХК, “Ажигана групп” ХХК, “Ажигана мах импекс” ХХК, “Ажигана майнинг” ХХК, “Висдом пикчерс” ХХК, “Лапис прожект” ХХК, “Новодин” ХХК, “Дижиком” ХХК зэрэг 11 компанийн 3 сая 903 мянга 700 ширхэг хувьцааг эзэмшдэг. Компаниудын дүрмийн сангийн хэмжээ 4 тэрбум 297 сая 436 мянга 10 төгрөг ажээ. Түүнд одоогоор ямар нэгэн эрх, патент, тусгай зөвшөөрөл байхгүй гэж өөрийн ХОМ-тээ дурдсан байна.
М.Батчимэг гишүүн 500 сая төгрөгийн үнэ бүхий газартай гэнэ
Аймгийн АН-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүн М.Батчимэг Эрдэнэтэд ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшихээ албан бусаар зарлачихаад байгаа. УИХ-ын гишүүн болохын тулд аймгийн АН-ын даргын суудалд тухлахын зэрэгцээ авч болдог бол аймгийн Засаг даргын тамгыг ч атгахад бэлэн байгаа түүний ХОМ-ийг сонирхлоо. Эрхэм гишүүн өнгөрсөн онд 23 сая 517 мянга 74 төгрөгийн орлого олжээ. Түүний гэр бүлийн гишүүд харин 109 сая төгрөгийн орлого олсон байна. Тэрбээр 1 орон сууцтай, 1 байгууламжтай үүнийгээ 469 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. М.Батчимэг гишүүн 50 ямаатай, 100 хоньтой үнэлгээ нь 14 сая төгрөг. Эзэмших 2975 мкв нэг газартай үнэ нь 500 сая төгрөг гэнэ. Мөн 500 сая төгрөгийн үнэ бүхий урлаг, түүхийн үнэт эдлэлтэй аж. Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл нь 7.5 сая төгрөг, бусдаас авах авлага байхгүй. Харин “Капитрон” банкинд 74 сая 940 мянган төгрөгийн зээлтэй юм байна. М.Батчимэг гишүүн “Шарын гол” ХК-ийн 563 ширхэг, “Могойн гол” ХК-ийн 286 ширхэг,”Арвис консалтинг” ХХК-ийн 27 мянган ширхэг, “Ану корал” ХХК-ийн 455 мянга 600 ширхэг, “Амина интернэшнл” ХХК-ийн 2 сая 768 мянга 500 ширхэг, хувьцаатай. Мөн түүний нэр дээр “Онлайн нэйм карт” ХХК бүртгэлтэй. Дээрх хувьцаануудын үнэ нь 595 сая 730 мянган төгрөг. Тэрбээр “Арвис консалтинг” ХХК-ийн 20 хувь, “Ану корал” ХХК-ийн 100 хувь, “Амина интернэшнл” ХХК-ийн 49 хувь, “Онлайн нэйм карт” ХХК-ийн 70 хувийг тус тус эзэмшдаг байна. Ингээд уншигч та бүхэндээ төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын зарим гишүүн, Засгийн газрын гишүүн, зарим яамдын дэд сайд нарын ХОМ-ийн сонирхолтой тоо баримтуудыг хүргэж байна.
Л.Цог хоёр машинтай
Ам ангайвал л бараг “надад мөнгө байхгүй” гэдэг үг унагадаг Л.Цог гишүүн өнгөрсөн жил 21 сая 343 мянга 96 төгрөгийн орлого олжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 32 сая 600 мянган төгрөг. Л.Цог гишүүн 2 орон сууцтай, 2 байгууламжтай түүнийгээ 310 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. “Тоёота FJ круйзер”-1, “Тоёота марк 2”-1, нийтдээ 76 сая 640 мянган төгрөгийн өртөг бүхий 2 автомашинтай гэнэ. Л.Цог гишүүнд мал, газар, үнэт эдлэл цуглуулга байхгүй, бусдаас авах авлага, бусдад өгөх өр зээл байхгүй. Мөн компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт болон эрх, патент, тусгай зөвшөөрөл байхгүй ажээ.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хувьдаа машингүй бол Ерөнхий сайд 3 машинтай
Авлигтай тэмцэх газраас гаргасан ХОМ-ээс харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар хувьдаа ямар ч машингүй бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Лексус-570”-1, “Ланд ровер”-1, “Ланд ровер V-1” 1 гэсэн 3 ч машинтай ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 3 үхэр, 20 хонь, 15 ямаа, 25 адуутай үүнийгээ 26.9 сая төгрөгөөр үнэлсэн байна. З.Энхболд дарга 12 сая төгрөгийн үнэ бүхий 2 адуу, 50 хоньтой аж. Харин ерөнхий сайдад өнчин ишиг ч байхгүй гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 121 сая төгрөгийн, УИХ-ын дарга З.Энхболд 22 сая 852 мянган төгрөгийн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 25 сая 395 мянга 59 төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй гэжээ.
УИХ-ын дарга З.Энхболд 2 сая төгрөгийн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 625 сая төгрөгийн үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тийм зүйл огт байдаггүй ажээ. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань аминдаа нэг метр газар ч үгүй бол УИХ-ын дарга 1783 мкв нэг газартай түүний үнэ нь 500 мянган төгрөг гэнэ.
Б.Бат-Эрдэнэ аварга 3910 толгой малтай
УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 3 мянган хоньтой, 430 адуутай, 400 ямаатай, 60 үхэртэй, хурдан удмын 20 адуутай нийтдээ 3910 толгой малтай, үнэлгээ нь 618 сая төгрөг аж.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл 5 тэмээтэй
Д.Дэмбэрэл гишүүн 4 адуутай, 5 тэмээтэй, 15 хоньтой үнэлгээ нь 4.6 сая төгрөг аж.
С.Оюун гишүүн хурдан удмын адуутай
УИХ-ын гишүүн С.Оюун 2 сая төгрөгийн үнэ бүхий нэг хурдан удмын адуутай юм байна.
Ш.Түвдэндорж гишүүн 427 гахайтай
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж 4 адуу, хурдан удмын 2 адуу, 427 гахайтай. Үүнийгээ 242 сая 746 мянган төгрөгөөр үнэлжээ.
Г.Батхүү гишүүн газраа үнэлээгүй
УИХ-ын гишүүн Г.Батхүү манайдаа хамгийн баян эрхмүүдийн нэг. Тэрбээр 1 тэрбум 302 сая 645 мянга 84 төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 15 сая 600 мянган төгрөгийн орлого олжээ, өнгөрсөн онд. Нэг тэрбум 516 сая 579 мянга төгрөгийн үнэ бүхий орон сууц, үйлдвэрлэл, байгууламжтай аж. Эзэмших эрхтэй 35 мянган метр кв газартай, одоогоор түүнийгээ үнэлээгүй. 72 тэрбум 562 сая 572 төгрөг 50 мөнгөний үнэ бүхий хувьцаатай, 7 патент эзэмшдэг байна.
Сү.Батболд “Скайтел”-ийн хувьцаа эзэмшигч
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү. Батболд “Скайтел” компанийн 800 мянган ширхэг, “Алтай холдинг” ХХК-ийн 12 сая 239 мянга 240 ширхэг хувьцааг эзэмшдэг. Эдгээрийн үнэлгээ нь 15 тэрбум 842 сая 360 мянган төгрөг гэнэ.
Б.Наранхүү гишүүн дөрвөн “Роллс ройс” машинтай
УИХ-ын эрхэм гишүүн Б.Наранхүү 1 тэрбум 585 сая төгрөгийн үнэ бүхий 6 машинтай. Үүний 4 нь алдарт “Роллс ройс”. Тэрбээр 7 тэрбум 850 сая төгрөгийн хадгаламжтай, “Дүнжингарав”, “Инвэнс” ХХК-иудаас 33 тэрбум 681 сая төгрөгийн авлагатай. 51454 ширхэг хувьцаа бүхий 66 сая 185 мянган төгрөгийн дүрмийн сантай 27 аж ахуйн нэгжтэй.
Лу.Болд гишүүн машингүй, явган алхдаг гэнэ
Монголын хамгийн баян хүнээр тодроод байгаа Лу.Болд гишүүн 2 тэрбум 632 сая төгрөгийн өртөг бүхий 3 орон сууц, 1 үйлдвэр, 1 байгууламжтай. Хадгаламжиндаа 19 тэрбум 576 сая 955 төгрөг 76 мөнгөтэй, 21 тэрбум 502 сая 543 мянган төгрөгийн дүрмийн сантай 5 компанитай.
С.Ганбаатар 3.5 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй
Цагтаа “Фэнг шү” хэмээх урсгалыг, Монгол нэвтрүүлж байсан С.Ганбаатар гишүүн 3.5 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй аж. Харин тэрбээр “Ариг”, “Хас” банкнуудаас 101 сая 720 мянган төгрөгийн зээл авчээ.
С.Одонтуяа гишүүн 28.8 сая төгрөгийн зээлтэй
УИХ-ын гишүүн С.Одонтуяа 948 сая төгрөгийн үнэ бүхий 5 орон сууц, 1 үйлдвэр, 1 байгууламжтай. 28.8 сая төгрөгийн зээлтэй. Гурван компанийн 1608 ширхэг 2 тэрбум 576 сая төгрөгийн үнэтэй хувьцаа эзэмшдэг.
Э.Баянсэлэнгэ гишүүн бусдаас 12.5 саяын авлагатай
УИХ-ын гишүүн Э.Баянсэлэнгэ 1 орон сууц, 2 байгууламжтай үнэ нь 240 сая төгрөг. “Тоёота приус”-1, “Тоёота хайгенландер”-1 гэсэн хоёр машинтай. Знэ нь 50 сая төгрөг. Бусдаас 12.5 сая төгрөгийн авлагатай. ХХБ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 108 сая 500 мянган төгрөгийн зээлтэй. Түүний жилийн орлого нь 58 сая 417 мянга 74 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая 730 мянган төгрөг аж.
Н.Номтойбаяр 120 саяын үнэтэй 1 га газартай
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 951 сая 471 мянга 40 төгрөгийн үнэ бүхий 7 машинтай. 120 сая төгрөгийн үнэтэй ашиглах 1 га газартай ажээ.
Д.Зоригт сайд 10 тэрбумын авлагатай
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт 1 тэрбум 396 сая 977 мянга 07 мөнгөний орлогтой, гэр бүлийн гишүүд нь 313 сая 225 мянган төгрөг олжээ. Тэрбээр бусдаас 10 тэрбум 367 сая 648 мянга 82 мөнгөний авлагатай бол ХХБ-нд 4.2 тэрбум төгрөгийн зээлтэй гэнэ. Мөн 54 тэрбум 770 сая 938 мянга 42 төгрөгийн дүрмийн сантай 15 компанид хувь эзэмшдэг байна.
Д.Сумъяабазар гишүүн 221 тооны адуутай
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 1 тэрбум 929 сая 325 мянга 86 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцтай. 138 хонь, 221 адуутай үнэ нь 138 сая төгрөг. Нийтдээ 859 сая 113 мянга 56 төгрөгийн зээлтэй. 10 компанийн 16 тэрбум 477 сая 92 төгрөг 79 мөнгөний үнийн дүнтэй хувьцаа эзэмшдэг.