В.Путин: Дайны жилүүдэд Монгол Улс ч тусалж, дэмжиж ирсэн
Агуу их Ялалтын 70 жилийн ойг ОХУ өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Тус баярт 16 мянга гаруй цэргийн албан хаагч оролцож ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Ялалтын баярт оролцохоор БНХАУ-ын дарга Си Зинпинь, Куба улсын төрийн тэргүүн Рауль Кастро, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Улаан талбайд очсон юм. Монгол,Энэтхэг, Хятад, Туркмен, Казахстан, Армен, Серб, Киргиз, Белорусь, Азербайжан зэрэг арваад орны бүрэлдэхүүнтэй нийт 730 орчим цэрэг, дайчидтай парад анх удаагаа Улаан талбайд жагслаа. Ингээд тус баярын онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд 85 мянган цэргийн албан хаагч оролцлоо
Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд 85 мянган цэргийн албан хаагч оролцсон гэж тэд мэдээлэв. Ялалтын баярын арга хэмжээнд хуурай замын цэргийн 194 техник, 150 орчим онгоц, нисдэг тэрэг оролцуулж байна. ОХУ техник хэрэгслээ Улаан талбайд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, дайнаас хойших бүх он жилүүдийн 194 нэгж техник талбайд гарч ирэв. Жагсаалыг эх орны дайны домогт зэвсэг болох Т-34-85 дунд танк, өөрөө явагч их буу СУ-100 зэргийн техникүүд толгойлов. Эдгээр машиныг түүхийн клубуудын идэвхтнүүд засаж сэргээсэн байна. Тус улсын зэвсэгт хүчин агаарын байлдааны онгоцнуудаа баярын сүрт жагсаалын дээгүүр нисгэж өнгөрлөө. Улаан талбай дээгүүр 200 метрийн өндөрт онгоц, нисдэг тэрэг, стратегийн бөмбөгдөгч онгоц, тээрийн онгоцнууд, агаарт шатахуунаар цэнэглэгч зэргийн зэвсэглэлд байгаа 21 төрлийн онгоц, нисдэг тэрэг нисэн өнгөрлөө.
Ялалтын 70 жилийн ойн парад нэг цаг 19 минут үргэлжлэв
Улаан талбайн парадад 16 мянган цэргийн албан хаагч, 194 цэргийн техникийн хэрэгсэл, 143 онгоц, нисдэг тэрэг оролцлоо. Оросын 26 хотод цэргийн парад болов.Түүнчлэн ялалтын баярын жагсаалд гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчид парадад хөл тавьсан ба Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 75 цэрэг дайчид мөр зэрэгцэн алхсан юм. Манай бие бүрэлдэхүүн Улаан талбайд 260 орчим секундэд 360 орчим алхаа хийжээ. Парадын хөгжмийн дагуулыг Москвагийн гарнизоны оркестр гүйцэтгэн 50 орчим марш аяыг тогложээ. Ийнхүү ялалтын 70 жилийн ойн парад нэг цаг 19 минут үргэлжлэв.
Ялалтын баярын 70 жилийн ойд гадаад орнуудын 68 төрийн тэргүүн, лидерүүдийг урьсан ч барууны гитлерийн эсрэг эвслийн холбоотон орнуудын тэргүүн нар Украины хямралаас болоод арга хэмжээнд оролцохоос татгалзжээ. Зөвлөлтийн холбооны орнуудаас гадна долоон орон буюу Гитлерийн Германтай байлдаж байсан Монгол, АНУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Серб зэргээс дөрвөн орон цэргийн албан хаагчдаа Улаан армитай хамтран жагсаахаар ирүүлсэн байв. Улаан талбайд эхэлсэн ялалтын баярын 70 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч В.Путин үг хэлсэн ба тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр фашизмын эсрэг ялалт байгуулсны баярыг тэмдэглэж байна. Дэлхийн хүн амын 80 хувь энэ дайнд оролцсон гэсэн тоо баримт бий. Дэлхийн II дайнд бид цэг тавьж, дэлхийн бусад улсуудын ард иргэдэд эрх чөлөөг авчирсан. Аугаа эх орны дайны ялалт манай улсын хамгийн том ялалт хэвээр үлдэнэ. Фашистуудын эсрэг тэмцэж байсан бусад улсуудад талархал илэрхийлье. Энэхүү үйл явдал бол улс орнууд энхтайван, эрх чөлөөний төлөө хамтдаа байж чадсан том илэрхийлэл гэж үзэж байна. Дайны жилүүдэд Монгол Улс ч гэсэн дэмжиж ирсэн. Энэхүү парадад дайнд оролцож байсан цэргүүдийн аз зээ нар ч оролцож байна. Манай өвөг дээдэс амиа үл хайрлан байлдах эх оронч үзлийн тод жишээг бидэнд үзүүлсэн” гээд нэг хором чимээгүй зогсож Дэлхийн II дайнд амь үрэгдсэн бүх хүмүүст хүндэтгэл үзүүлсэн юм.
Эх сурвалж: new.mn