Дэлхийн 31 орны төрийн тэргүүний хувийн мэдээллийг задруулжээ
Австралийн хил хамгаалах, цагаачлалын албаны ажилтны буруутай үйлдлээс үүдэн “Их 20”-ийн лидерүүдийн паспортын дугаар, визийн мэдээлэл, төрсний гэрчилгээний дугаарыг задруулсан хэрэг гарсан байна. Брисбен хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Их 20” орны төр, засгийн тэргүүнүүдийн чуулга уулзалт болсон юм. Тус албаныхан Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдад тэмцээн үзэх зочдын нэрсийг явуулахдаа андууран эдгээр мэдээллийг явуулсан байжээ.
Дээрх алга болсон мэдээлэлд 31 орны удирдлагууд болох АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин, Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг дэлхийн тэргүүлэгч гүрний удирдагчдын мэдээлэл багтсан аж.
Австралийн цагаачлалын алба тэрхүү е-мэйлийг задруулсныхаа дараа 10 минутын дотор илгээгч, хүлээн авагчийн сүлжээнээс устгасан аж. Энэ ч үүднээсээ тус алба дээрх мэдээллийг цааш түгээгээгүй хэмээн мэдээлсэн ба тийм ч ноцтой алдаа биш учраас “Их 20”-ын зочдыг сандаргахыг шаардлагагүй хэмээн үзэж энэ хэргийг нуун дарагдуулсан гэнэ.
Дашрамд дуулгахад паспортын дугаар, визийн мэдээлэл, төрсний гэрчилгээний дугаар зэргийг ашиглан тухайн хүний өвчний түүх, бусад хувийн мэдээллийг олж авах боломжтой юм байна.
Эх сурвалж: new.mn