“Ард түмнээ хайрлая” нам Эрдэнэтээс мэндлэх нь ээ
“Иргэн Гүндалай” өнөөдөр эрдэнэтчүүдтэй уулзаж шинэ нам байгуулах болсноо албан ёсоор зарлалаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Амарын талбай, Барилгачдын талбай, Үйлчилгээний төвийн өмнөх газруудад явуулын “оффис” байгуулан иргэдээс гарын үсэг цуглуулах гэнэ. Эрдэнэтийн иргэд “ард Гүндалай”-г дэмжиж 801 хүн гарын үсгээ өгвөл тэрбээр “Ард түмнээ хайрлая” нам байгуулан 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Ирэх жилийн сонгуулийн марафон аль эртнээс Эрдэнэт хотноо өнгөтөөр өрнөсөн энэ цагт Эрдэнэтийн улс төрийн амьдралд, улс төрийн уур амьсгалд ийнхүү улстөрч Л.Гүндалай бас нэгэн цучил нэмлээ. Тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Ард түмнээ хайрлая” намынхаа нэрийг шүүлгэж, энэхүү сонголтон дээрээ тогтсон бөгөөд одоо Эрдэнэтийн иргэдээс хуульд заасан дүрэм журмын дагуу 801 хүний гарын үсэг цуглуулбал шинэ намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх юм байна. Л.Гүндалай 2000-2004, 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдохын зэрэгцээ Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Л.Гүндалай 2002 онд Ард түмний нам байгуулан намаа төлөөлөн М.Энхболдын Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гишүүнээр хүртэл ажилласан ажээ. “Ард түмнээ хайрлая” намын үүсгэн байгуулагч Л.Гүндалай одоогоос 4 хоногийн өмнө АН-ын гишүүний үнэмлэхээ албан ёсоор буцааж өгчээ. Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлсэний дараагаас л эхлэн тэрбээр намын анхан шатны нэгжүүдээ улс орон даяар байгуулж улмаар ирэх жил болох УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвших тул сонгуулийн ажилдаа ханцуй шамлан орох гэнэ.