Япончууд 2015 оны мисс Ариана Миямотог хүлээн зөвшөөрсөнгүй
Японы 2015 оны мисс болох өдгөө 20 настай Ариана Миямотог Япон гэхэд та итгэх үү. Яагаад гэвэл түүнийг харахад өнгөт арьстай гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Учир нь түүний ээж цэвэр япон ч аав нь Африк гаралтай америк ажээ.
Гэхдээ л тэр Японы үндэсний гоо бүсгүйгээр шалгарч улмаар “Ертөнцийн гоо бүсгүй”-н уралдаанд Японыг төлөөлөн оролцох эрхийг авчээ. Гэхдээ япончууд гоо бүсгүйдээ тун дурамжхан хандаж, гоочилж эхэлсэн гэнэ. Ихэнх япончууд Миямотог түрүүлсэнд дургүй байгаа илэрхийлж интернет ертөнцөөр дамжуулан “Тэр бол япон биш”, “Гадаад царайтай юм”, “Шүүгч нар ямар шалгуураар түүнийг сонгосон юм бэ ?” гэх шүүмжлэл ар, араасаа хөвөрчээ.
Харин Ариана шүүмжлэлийг тайвнаар хүлээн авч “Намайг гадаад төрхөөр нь бус, сэтгэлдээ жинхэнэ япон гэдгээр нь хүлээн аваасай” гэжээ.
Эх сурвалж: new.mn