Гамшгийн дохио орон даяар дуугарлаа
Монголчууд гамшигт бэлэн үү. Муу ёрлож байгаа юм биш л дээ, байгалийн гамшиг хэлж биш хийсч ирдэг. Гэхдээ ямар ч улс орны хувьд гамшиг болоход ямагт бэлэн, бэлтгэлтэй байх ёстой. Энэ утгаараа гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улсын хэмжээнд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд гамшигийн дуут дохиог орон даяар дуугаргав. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм. Хэдийгээр байгалийн гамшиг үзэгдэл Монголд цөөхөн тохиодог ч өнгөрсөн зуны Архангай аймгийн Хашаатад болсон хар салхины улмаас дөрвөн гэр, нэг модон байшин, гурван автомашин болон 200 гаруй бог мал салхинд хийссэн явдал гарсан. Энэ хуй салхинд 12 хүн өртөж, нэг хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.
Эх сурвалж: news.mn