Хоёр монгол бүсгүй Виржиниад хүчирхийлэлд өртжээ
“Nbcwashington.com” сайт дээр хоёр монгол бүсгүй хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл гарлаа. Дээрх вэб сайтад мэдээлснээр, хоёр монгол бүсгүй “Ажилд оруулж өгнө” гэх зарын дагуу очоод улмаар хүчирхийлэлд өртсөн байна. Хохирогч болсон хоёр бүсгүй дээрх хэргийн талаар Виржиниа мужийн Фэрфаксын цагдаагийн газарт мэдэгджээ.Уг хүчирхийлэлд өртсөн хоёр эмэгтэй хэдхэн сарын өмнө АНУ-д суралцахаар Монголоос ирсэн бөгөөд энэ сарын 8-нд Арлингтон дахь Балстон Коммон худалдааны төвд ажил хайхаар очсон гэнэ. Улмаар нэгэн монгол эмэгтэйтэй танилцсан байна. Уг үл таних эмэгтэй тэдэнд өөрийгөө дуудлагаар гэр цэвэрлэх бизнес эрхэлдэг хэмээн хэлж цэвэрлэгээний ажилтан хэрэгтэй байгаа тухай хэлсэн ажээ. Харин үүний дараа дээрх бүсгүйтэй хамт ажилладаг байсан гэх нэгэн эр тэднийг Бёрк дахь гэртээ аваачаад хундага дарс уухыг санал болгожээ. Ингээд бүсгүйчүүд саналыг зөвшөөрч гэрт нь очиж дарс ууцгаасан байна. Харин тэд дарс ууснаасаа хойшхи үйл явдлыг огт санахгүй байсан ажээ. Дээрх үйл явдлын дараа тэд гэртээ очсон ба хүчиндүүлсэн байж болзошгүй ул мөрийг олж харсан байна. Ингээд тэд Инова Фэрфаксын эмнэлэгт очиж үзүүлснийхээ дараа цагдаагийн газар болон Монгол Улсын Элчин сайдын яаманд хандсан гэнэ.Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаа нар сэжигтнүүдийн хэн болохыг тогтоож, хэргийн газраас хохирогчдын цус болон бусад холбогдох эд мөрийн баримтыг цуглуулж байгаа ажээ.
Эх сурвалж: new.mn