Архины тусгай зөвшөөрлийг хэлэлцлээ
УИХ-ын энэ намрын чуулганаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль шинэчлэгдэх гэж байгаатай холбогдуулан Орхон аймгийн хэмжээнд Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг цөөрүүлэх бодлого барихыг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг Засаг даргын зөвлөлийн хурал дээр онцолсон. Учир нь Орхон аймагт долоо хоног бүрийн мягмар гариг, сар бүрийн 15,30-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Энэ ажлын үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан. “Гэтэл архины тусгай зөвшөөрлийг нэмж олгоод байвал, гэмт хэрэг бууруулахаар аймгийн төсвөөс хөрөнгө зардаг явдал өсч, нийгэмд сөрөг үр дагавар үүснэ” гэж үзэж байна. Өнөөдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гурван аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг сунгах, зургаан аж ахуйн нэгжид шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг Хөгжлийн бодлогын хэлтсээс оруулсан. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж, шинээр зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдээс гуравт нь зөвшөөрөл олгохыг дэмжлээ. Үүнд, Зэст баг дахь “Дээдэс” төв, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын байрны урд талд баригдсан “Түш тэн” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор боллоо. Уг газрууд нь 3-4 давхар барилга барьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, 20-иос дээш ажлын байр бий болгосон зэргийг нь харгалзан үзжээ. Харин архи худалдахгүй өдрийн журмыг зөрчиж, худалдаа хийсэн нэг аж ахуй нэгжийн хураагдсан зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэв.