МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Зууны манлай бүтээн байгуулалтын эзэд
Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд ээ
БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1974 оны 304 дүгээр тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийг барих ажилд МХЗЭ-ийн илгээлтээр залуучууд элсүүлэх үндсэн нөхцөлийг баталж, залуучуудыг ажилчнаар элсүүлж, илгээлтээр ажиллуулах асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдаг билээ.
Тууврын зам дайран өнгөрдөг байсан онгон зэлүүд энэ нутагт илгээлт өвөртөлсөн анхны залуус хүрэлцэн ирж “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын суурийг тавьснаар 20 дугаар зууны Манлай бүтээн байгуулалт эхэлсэн түүхтэй.
Өнөөгийн Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулахад оролцсон анхдагч, илгээлтийн эзэд та бүхний шингээсэн хөлс, хүч, итгэл сэтгэлийн ачаар өнөөгийн Эрдэнэт хот сүндэрлэн боссон юм.
Орхон аймгийн ИТХ-ын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Анхдагч, илгээлтийн эздийн өдөр” болгон орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Эх орны өнцөг, булан бүрээс илгээлт өвөртлөн цуглаж Зууны манлай хотыг байгуулсан тэртээх он цагууд түүхийн хуудаснаа тод томруунаар бичигдэн үлдэж, ирээдүй хойч үе маань та бүхнээр бахархсаар байх болно.
“Эрдэнэт” үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн эрэг шураг, Эрдэнэт хотын барилга, байгууламжуудын тоосго бүхэнд та бүхний халуун залуу нас шингэсэн билээ.
Та бүхний залуу нас, эрдэм чадал, зүрх сэтгэл, хөлс хүчээ шингээж босгосон Эрдэнэт хотын иргэн бүр анхдагч та бүхний тэртээх он жилүүдийг үргэлж бахархан хүндэтгэж явдаг.
Та бүхэн урт насалж, удаан жаргаж, юу санасан есөн хүсэл тань үргэлж биелэж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, мэндчилье.
Эрдэнэт хот маань үеийн үед өргөжин тэлэх болтугай.
[sgmb id="1"]Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Дамбын Батлут