“Азар, Базар, Тазар” гуравт өгөх Ардын намын хариулт
Цахим орчинд аймгийн Засаг даргаар Б.Жигдэнгомбо, А.Түвшинжаргал, Д.Дэлгэрбаяр нарын аль нэг болно. “Засаг дарга Д.Батлутад Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаанаар хариуцлага тооцож байгаа” хэмээсэн мэдээлэл түгж, зарим идэвхтэй жиргээчид түгээж байна. Цахим орчны дээрх мэдээлэлд итгэсэн гэхээсээ илүүтэй эргэлзсэн хүн олон байна. Иймээс энэ асуудлаар нэр нь гараад байгаа эрхмүүд болох Д.Дэлгэрбаяр, Б.Жигдэнгомбо, А.Түвшинжаргал болон аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Цолмон нараас тодруулга авсан юм.
Д.Дэлгэрбаяр: Бид 2020 онд сонгогчдоороо дүнгээ тавиулна. Түүнээс наана ямар ч асуудал байхгүй
-Аймгийн МАН-ын дарга, Засаг даргад хариуцлага тооцно гэсэн жиргээ цахим орчинд явж байна. Бүр зарим тохиолдолд сөрөг хүчин болох АН-ын гишүүд идэвхтэй түгээж, сэтгэгдлээ илэрхийлж бараг л МАН-ын гишүүн мэт аашилж байна. Дараагийн Засаг даргад яригдаж байгаа гурван хүний нэгийг таныг гэж тодорхойлчихож. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Үнэхээр гайхаж байна. Өчигдөр аргаа бараад Д.Батлуттай ярилцсан. Засаг даргын хувьд “Харин тийм ээ, нэг хаягнаас ийм мэдээлэл тараагаад байна” гэсэн. Би ч өөрөө үзлээ. Бас ч үгүй хэдэн дагагчтай юм байна. Хаанаас хэн хийгээд байгаа бол гэхээсээ илүүтэй өрсөлдөгч нарын маань хийж байгаа ажил гэж ойлгосон. Манай намыг, биднийг дотроо эв түнжингүй болгох, хэрүүл тэмцэлтэй байлгах улмаар муу муухай байгаа шүү гэж ард түмэнд иргэдэд харуулах зорилгоор хийж байгаа ажил болов уу.
-Зарим тохиолдолд таныг дараагийн Засаг дарга болох хүн гээд л?
-Хувь хүнийхээ хувьд ч тэр, намын хорооны тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн хувьд ч өнөөдөр надад Засаг дарга болох амбиц, сонирхол байхгүй. Манай намын 2016 оны сонгуулийн дараа аймгийн удирдлагаа сонгосон. Энэ сонголтондоо одоо ч үнэнч. Нам, аймгийг удирдаж байгаа манай багийнхан ажиллаж байгаа. Сайн, муугаар хэлж байгаа ч ямар ч байсан сонгогчидтойгоо энэ багаараа нүүр тулж уулзаж дүнгээ тавиулна. Дүн тавих эрх нь сонгогчдод бий Аймгийг удирдаж байгаа энэ багийнхан 2020 он хүртэл ажиллах ёстой. Сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлээд хэлэх үгтэй хийсэн ажилтай эргээд сонгогчидтойгоо уулзахыг би илүүд үздэг хүн. Бидний өмнө ийм л зорилго байгаа. Түүнээс биш энэ нөхдийн хүсээд байгаа шиг тийм зүйл хэзээ ч болохгүй.
-Нэг үгээр хэлбэл аймгийн МАН-ын хорооны хувьд бусдын хүсээд байгаа шиг асуудалд хандах гэсэн бодлого, байр суурь байхгүй гэсэн үг үү?
-Тийм, өчигдөр гэхэд аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн хурал болсон. Бид өөр асуудлаар хийх ажлын төлөвлөгөө, хийсэн ажлын хэрэгжилтийн талаар ярилцсан. Тэр хурал дээр манай тэргүүлэгчдийн зүгээс болон гишүүдээс ямар нэгэн хариуцлага тооцно гэсэн асуудал яриагүй. Ер нь бид урагшаа харж ажиллах, амьдрах ёстой. Түүнээс биш цахим орчинд гараад байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг уншаад байвал юу болох вэ. Хувь хүнийхээ хувьд цахим орчны талаар сэтгэл зовж байна. Нөгөө талдаа би ажилтай, зав зай багатай хүн. Үйлдвэрийн нийгмийн асуудлыг хариуцсан хүний хувьд энэ ажлаа хийсэн шиг хийе гэж бодож байна. Түүнээс биш дарга болох, албан тушаалд санаархах ямар ч бодол, сонирхол алга.
Б.Жигдэнгомбо: Ерөнхий сайд хэн байхаас шалтгаалж , Засаг дарга өөрчлөгддөг асуудал гэж байдаггүй
-Сошиал ертөнцөд сүүлийн үед Засгийн газар огцорсонтой аймгийн удирдлагуудын талаар солигдох ёстой, өөрчлөгдөх нь гэх зэргээр янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Тухайлбал, Ерөнхий сайд, МАН-ын даргаар У.Хүрэлсүх болох гэнэ. Тэгэхлээр манай аймагт эрх баригч намын дарга, аймгийн Засаг даргаар Б.Жигдэнгомбын нэрийг ярьж байна гэсэн мэдээлэл хөврөх болсон. Сошиал ертөнцөд гарч байгаа тэр бүхэн бол албан ёсны мэдээлэл биш гэдэг нь тодорхой. Хэдхэн хоногийн өмнө таны болон, аймгийн орлогч А.Түвшинжаргал, ГОК-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр та хэдийн зургийг зэрэгцүүлээд “Энэ гурван хүний нэг нь Засаг дарга болох нь ээ” хэмээн шуугисан. Би энэ удаад гурван “нэр дэвшигч”-ээс албан ёсоор тодруулга авч байгаа юм. Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхий сайд болвол та Орхон аймгийн Засаг дарга болох юм уу. Таны байр суурийг сонирхож байна?
- Тийм асуудал ерөөсөө байхгүй. Төр засаг маань эмхрээд ажил төрөл нь урагшаа, шуурхай явж байвал түүн шиг сайн юм алга. Миний хувьд хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгээд, ажлаа хийгээд явж байна. Түүнээс биш ямар нэг улс төрийн холбогдолтой, улс төрийн шинж чанартай асуудалд оролцсон, тэр талаар дуугарсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Ерөнхий сайд хэн байхаас шалтгаалаад аймгийн Засаг дарга өөрчлөгддөг, хэн байх тухай яригддаг асуудал хуулиараа байхгүй. Хувь хүний зүгээс хэлэхэд, ямар нэг байдлаар улс төрд оролцож аймгийн Засаг дарга болно гэсэн зүйл байхгүй. Би төрийн тангараг өргөсөн албан хаагч. Ажлаа хийгээд л явж байна. Төрийн албан хаагчид ажлын хажуугаар улс төрийн ажил хийх тухай ойлголт хуулиараа байхгүй.
-Нам доторх бүлэг, фракцын зүгээс улс төрийн уур амьсгалыг шинжээд, улс төрд дүгнэлт хийсний үндсэн дээр таныг аймгийн Засаг дарга болооч гэсэн санал тавьсан явдал бий юү?
-Тийм юм байхгүй. Над дээр энэ асуудлаар ярьж ирсэн хүн ч байхгүй. Би хүлээж авах ч үгүй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нам, улс төрийн байгууллагаас зохион байгуулж буй ажилд оролцох нь хуулиар хориотой. Үнэндээ тийм асуудал болоогүй, болох ч үгүй.
А.Түвшинжаргал: Бидний нэр хүндэд халдах, гутаах гэсэн
ядруухан оролдлого
-Та бол Засаг дарга Д.Батлутын багийн хүн. Энэ мэдээлэлд таны хувийн байр суурийг сонирхож байна. Аймгийн МАН-ын хорооны зүгээс хариуцлага тооцох тухай яригдсан уу. Эсвэл дээрээс тийм шийдвэр ирсэн үү. Юу болоод байгаа юм бэ?
-Аймгийн Засаг даргын орлогч бол улс төрийн албан тушаал. Аймгийн намын хороо болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар томилогддог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бид ялагдсан нь үнэн. Олон нийтийн зүгээс үүнд нь хариуцлага тооцох ёстой гэсэн санал, санаачлага явж байгаа. Манай намын дүрмийн хүрээнд Удирдах зөвлөл дээр яригдаж буй асуудал бол бий. Аймгийн намын хорооны хувьд энэ талаар яригдсан зүйл огт байхгүй. Бид нэг баг болоод ажиллаж байгаа. Улс төрийн нам, сөрөг хүчний зүгээс аймгийн Засаг даргын багийн үйл ажиллагааг харлуулах гэсэн, хагалган бутаргах зорилгоор ийм зүйл хийж байгаа. Зурганд орсон, нэр нь гарсан миний хувьд бол аймгийн Засаг даргын багт ажиллаж байгаа. Багийнхаа үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, хамгаалж явдаг хүний хувьд ийм үйлдэл огт хийхгүй. Тийм юм ч байхгүй. Иргэдийн таамаг тэр бүхнийг би уншсан. Нууц аккаунттай юм билээ. Хайхаар олддоггүй. “Азар, Базар, Тазар гурав” нэртэй аккаунт. Бид үүнийг шалгуулах болно. Сошиал гэдэг энэ орчныг иргэн бүхэн өөр өөрийн хүслээр ашиглаж байна. Түүнд нь манай иргэд төөрөгдөж асуудалд ханддаг ийм муухай жишиг Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тогтчихлоо. Бүр сүүлдээ зарим хүмүүс “Муу явж нэгнийгээ баярлуулахаас даа” гэж ярьдаг болж. Манай аймгийн намын хорооны зүгээс, удирдлагын зүгээс ийм асуудлын талаар яриагүй. МАН-ын Удирдах зөвлөлийн зүгээс аймгуудад “Намын хорооны дарга нарт хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр ирсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхлээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх субъект нь аймгийн намын хорооны хурал биш. Намын Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулдаг учраас хариуцлага хүлээх тухай ойлголт байж таарахгүй. Миний зүгээс энэ талаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл гаргасан зүйл алга.
-Та гурвыг одоо горилогч гэх нь ч хаашаа ч юм нэр дэвшигч гэх үү. Б.Жигдэнгомбыг У.Хүрэлсүхийн хүн, таны ард УИХ-ын гишүүн О.Содбилэг байгаа. Д.Дэлгэрбаярын ард бас нэг фракц бий. Энэ гурав бол бүлэглэлийн төлөөлөл гэж байна. Нам дотор ийм бүлэглэл, фракцын зөрчилдөөнтэй асуудал байгаа юм уу. Жирийн гишүүд дэмжигчдийн хувьд орон нутагт тогтвортой байдлыг илүүтэй хүсч байгаа болов уу?
-Миний хувьд тэр хүний хүн, тэрний тал гэдгийг сайн мэдэхгүй байна. Мэдээж УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хувьд МАН-ын Бага хуралд Орхон аймгаас сонгогдсон төлөөлөл. Анх 2016 оны сонгуулийн дараа ялалтаа байгуулчихаад аймгаас сонгогдсон Бага хурлын гишүүдийн хувьд аймгийн Засаг даргаар Д.Батлут байх нь зүйтэй. Орлогчоор Түвшинжаргал байх нь зөв гэсэн шийдвэр гараад л явсан. Жил гаруй хугацааны өмнө гарсан шийдвэр одоо өөрчлөгдөхгүй. Тэр дундаа бидний гаргасан тэр шийдвэр Ерөнхий сайд солигдох бүрт өөрчлөгдөнө гэж би харахгүй байгаа. Тийм учраас аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг даргад хариуцлага тооцно гэсэн асуудал байх боломжгүй. Тэр сошиал ертөнцөд ийм байх ёстой гээд таамаглаж байгаа хүмүүс нь ил гарч тайлбар өгөх байлгүй дээ. Ямар ч байсан Орхон аймгийн удирдлагын багийн хувьд өөрчлөлт орохгүй. Тэр дундаа бид дотроосоо аймгийн Засаг даргаа өөрчлөх асуудал гаргахгүй. Тэгээд ч манай намын хороо, аймгийн ИТХ дахь манай намын бүлэг, манай багийнхан бие биенээ сонсдог. Асуудлаа хамтаараа ярьж шийдвэрээ гаргадаг. Тийм учраас бид 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Иргэд, сонгогчдынхоо өмнө амлалтаа биелүүлээд сонгуульд дүнгээ тавиулна. Түүнээс биш өнөөдөр Дорж дарга бол, маргааш Дондог чиний ээлж гэж ярьдаггүй. Сонгогчдын өмнө 2016 онд юу ярьж байсан, түүнийгээ ингэж хийлээ гэж хийсэн бүтээсэн зүйлтэй уулзах зорилго тавьсан эрхэм зорилготой баг шүү гэдгийг хэлэх байна.
Б.Цолмон: “Хариуцлага тооцохгүй” гэсэн Удирдах зөвлөлийн шийдвэр ирсэн
-“Намын дарга, аймгийн Засаг даргадаа энэ намынхан хариуцлага тооцно” гэсэн жиргээ газар авлаа. Аймгийн МАН-ын хорооны дэд даргын хувьд цахим орчинд түгсэн энэ асуудлын талаар ямар байр суурьтай байна вэ?
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцаас хойш МАН-ын Удирдах зөвлөл дээр нэлээдгүй асуудлууд гарч байгаа нь үнэн. 65-ын бүлэг Засгийн газраа огцруулсантай холбоотой ийм асуудлуудаас болж Орхон аймгийн МАН-ын хороо, намын дэргэдэх байгууллагуудаас Орхон аймгийн удирдлага, намын удирдлагад хариуцлага тооцно гэсэн мэдээлэл, санал санаачлага гараагүй. Сүүлийн үед цахим орчноор “хариуцлага тооцох нь зүйтэй, хоёр ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон” гэх мэтээр иргэдэд буруу ойлголт төрүүлэхээр мэдээлэл гарах болсон. Энэ бол бидний үйл хэргийг харлуулах, ард түмний дунд муу муухай харагдуулах гэсэн явуургүй Пи-Ар явж байна. Ямар ч байсан МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид, намын хорооны гишүүд, тэргүүлэгчдээс хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн ямар ч хүсэлт, шаардлага ирээгүй.
-Өчигдөр намын хорооны тэргүүлэгчдийн хурал болсон. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Өчигдөр намын хорооны тэргүүлэгчдийн хурал болсон. Цаг үеийн асуудлаар хуралдсан. 2017 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын явцтай тэргүүлэгчид танилцсан. Энэ хурал дээр зарим нэг иргэн, улс төрийн хүчний хүсээд байгаа шиг хариуцлага тооцох тухай асуудал яригдаагүй. Манай нам дотор ч тийм яриа гараагүй гэдгийг хэлэх нь зөв байх. Харин гаднаас, хэн нэгний захиалгаар хийж байгаа ажил болов уу гэж бид харж байна. Тэгээд ч 2017 оны наймдугаар сарын 16-нд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор аймгийн намын хорооны дарга нарт “Хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр гарсан. Тиймээс цахим ертөнцөд гарааад байгаа тийм мэдээлэл нь худал хуурмаг зүйл шүү. Цахим орчны хэрэглэгчид маань бодитой, үнэн зөв мэдээлэлд илүү ач холбогдол өгч хандаж байгаасай гэж хүсч байна.