1000 өрхөд жимс, жимсгэний мод үнэгүй олгоно
Баян-Өндөр сумаас санаачлан ногоон байгууламж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 1000 өрхөд жимсний мод өгөхөөр болжээ. Гэр хорооллын нэг багаас 50 өрх, орон сууцны хорооллын нэг багаас 20 өрхөд үхрийн нүд, чацарганы модыг олгох юм. Хувиараа жимс, жимсгэнэ тариалдаг 160 өрхийг хамруулсан байна. Нийт 40 сая төгрөгийн өртгөөр 4000 ширхэг жимс, жимсгэний үрсэлгээ өгөхөөр тооцжээ.
Жимсний мод тарих газартай, усалгаа арчилгаа хийх боломжтой иргэдийг тавдугаар сарын 18 хүртэл харьяа баг дээр бүртгэнэ. Нэг өрхөд дөрвөн ширхэг мод олгох юм. Гүйцэт боловсорсон нэг модноос 4-5 кг жимс авдаг гэж үзвэл нэг өрх 20 гаруй кг жимс хураан авах боломжтой ажээ.
Гэр хороололд хөрсний бохирдол их байдаг. Хөрсийг нөхөн сэргээх, агаарыг цэвэршүүлэх зорилгоор айл өрхүүдэд жимсний мод суулгах ажлыг эхлүүлж байна. Жимс жимсгэнэ тариалдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах юм. Жимсний модоо сайн ургуулсан иргэдэд нэмж мод олгох урамшуулалтай. Харин модны ургац муутай байсан иргэдэд хариуцлага тооцож, эргэн төлүүлэх хариуцлагын гэрээ байгуулах юм. Ирэх амралтын өдрүүдэд айл өрхүүдэд жимсний мод олгох ажлыг хийхээр болжээ.
Б. Чимэдлхам