МЭНДЧИЛГЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.МЯГМАРСҮРЭН
Орхон аймаг, Эрдэнэт хотын халуун ам бүл болсон нийт иргэд та бүхэн айл хотол, ахан дүүсээрээ сайхан шинэлж, тавтай сайхан хаваржиж байна уу.
Нарны илч наашилж, жаврын үзүүр зөөлөрсөн энэ сайхан өдөр Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд та бүхний түмэн амгаланг айлтгаж, угтан ирж буй XVII жарны Гал Бичин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Гараг эрхэс, тэнгэр хангайгаа ажиглаж цагийн аясыг мэддэг, байгаль дэлхийгээ шүтэж амгалан аж төрдөг Монгол түмэн маань он цагийн хүрдэнд хонь жилээ үдэж бичин жилээ угтаж байна.Өнө эртний уламжлалтай, элбэг баян ёс төртэй Цагаан сар бол Монголчууд бид бүхний хувьд ахмад буурлуудаа хүндэтгэж амар мэндийг нь мэдэх эрхэм ёс, ураг төрөл, ахан дүүсээрээ цуглаж сайн сайхныг бэлгэддэг уламжлалт заншлын дээд болсонэрхэм сайхан баяр билээ.
Улиран одож буй хонь жил бид бүхний хувьд ажил хөдөлмөр, амжилт ололтоор дүүрэн, түмэн олны маань амьдрал ахуйд буян хишгээ үлдээсэн, хангай дэлхий үр шимээ харамгүй хайрласан сайхан жил байлаа. Угтан ирж буй бичин жилд бид бүхэн аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө илүү ихийг бүтээж, төрөлх Эрдэнэт хотынхоо түүхт 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Өнгөжин дэвжиж буй Орхон аймаг, Эрдэнэт хотын маань олон мянган иргэдийн аж амьдрал, ажил хөдөлмөр улам бүр дэвжин дээшилж, шинэ ололт амжилтыг дагуулна гэдэгт итгэлтэй байна.
Угтан ирж буй Гал Бичин жилд Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл биелж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.