Б.Тогтохбаяр түрүүлж, Г.Соронзонболд үзүүрлэв
Завхан аймгийн Нутгийн зөвлөл, “Завханы хүүхдүүд” ТББ, Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан “Засагт ханы хүчитнүүд” үндэсний бөхийн барилдааныг өнгөрөгч ням гарагт зохион байгууллаа. “Засагт ханы хүчитнүүд” үндэсний бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Монгол улсын гарьд Н.Ганбаатар, Монгол улсын заан Г.Соронзонболд, Булган аймгийн Могод сумын уугуул, улсын начин Э.Энхбат, Б.Тогтохбаяр нарын хүчит 96 бөх зодоглов. Бөхийн барилдааны их шөвөгт улсын заан Г.Соронзонболд, улсын начин Э.Энхбат, Б.Тогтохбаяр нар үлдсэнээс цол эрэмбийн дагуу заан Г.Соронзонболд гоц мөргөв. Хоёр начны барилдаанд Б.Тогтохбаяр давснаар үзүүр түрүүнд шалгарчээ. Үзүүр түрүүний барилдаанд улсын начин Б.Тогтохбаяр улсын заан Г.Соронзонболдыг илүүрхсэнээр түрүүлж нэг сая төгрөгийн мөнгөн шагнал гардсан юм. “Засагт ханы хүчитнүүд” бөхийн барилдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр “Хан жаргалант жавхлан” ХХК, “Мажаа” ХХК, “Зуун айл” худалдааны төв, “Болор аграмба” ХХК, “Роялблүүд” ХХК хамтран ажиллаж байгаа юм. 1921 оны ардын хувьсгалаас өмнөх засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар Завхан, Говь-Алтай аймгууд Халхын дөрвөн аймгийн нэг Засагт хан аймагт харьяалагдаж байжээ.