Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
“Засагт ханы хүчитнүүд” бөхийн барилдаан болно

“Засагт ханы хүчитнүүд” бөхийн барилдаан болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Эрдэнэт хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл, “Завханы хүүхдүүд” төрийн бус байгууллага, Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс энэ сарын 24-нд “Засагт ханы хүчитнүүд” үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний сар шинийн барилдааны өмнө зохиож буй эл барилдаан ихээхэн сонирхолтой болох юм байна. Орон нутагт анх удаагаа дээрх хоёр аймгийн Нутгийн зөвлөлүүдээс зохион байгуулж буй бөхийн барилдаан нээлттэй болох гэнэ. Нөгөө талаар цагаан сарын шинийн нэгэнд зориулсан хүчит бөхийн барилдааны өмнө нутаг нутгийн бөхчүүд энд тэнд бэлтгэлдээ гарчээ. Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангарьд” спорт хорооны бөхчүүд Эрдэнэт хотноо сар шинийн барилдааны бэлтгэлдээ гараад байгаа аж. Энэ үеэр Завхан, Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан эл барилдааныг зохион байгуулахаар болсон юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Д.Гончигдамба, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн цолтой 70 гаруй бөх “Засагт ханы хүчитнүүд” бөхийн барилдаанд зодоглохоор бэлтгэлдээ гараад байна. “Засагт ханы хүчитнүүд” бөхийн барилдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр “Хан жаргалант жавхлан” ХХК, “Мажаа” ХХК, “Зуун айл” худалдааны төв, “Болор аграмба” ХХК, “Роялблүүд” ХХК хамтран ажиллаж байгаа юм. 1921 оны ардын хувьсгалаас өмнөх засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар Завхан, Говь-Алтай аймгууд Халхын дөрвөн аймгийн нэг Засагт хан аймагт харьяалагдаж байжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card